| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0187/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/195 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* том овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2439002070218 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.******* нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багт байхдаа хохирогч Ж.*******ийн Хаан банкны интернэт банкаар эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж, хохирогчийн Хаан банкны ******* тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 450.000 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 490.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч хулгайлсан,
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчийн Хаан банкны ******* тоот дансанд байсан тэтгэврийн зөрүү мөнгө болох 105.000 төгрөгийг, хохирогчийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд байсан 83.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 1,628,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* том овогт ******* ******* нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.*******ийн Хаан банкны интернэт банкаар эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж, хохирогчийн Хаан банкны ******* тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийн, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 450,000 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 490,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч, мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчийн Хаан банкны ******* тоот дансанд байсан тэтгэврийн зөрүү мөнгө болох 105,000 төгрөгийг, мөн хохирогчийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд байсан 83,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 1,628,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.*******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт байхдаа хохирогч Ж.*******ийн Хаан банкны интернэт банкаар эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж, хохирогчийн Хаан банкны ******* тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 23-н өдөр 500.000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 450.000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 490.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг нь хулгайлан авсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчийн Хаан банкны ******* тоот дансанд байсан тэтгэврийн зөрүү мөнгө болох 105.000 төгрөг, мөн хохирогчийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд байсан 83.000 төгрөгийг бас хулгайлан авсан асуудал гаргасан. Ингээд би нийтдээ хохирогчийн данснаас нь 1.628.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хулгайлан авсан. ... би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-54),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ж.*******ийн: “...2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэр нэмэгдсэн гээд тэтгэврийн зээлийн зөрүү мөнгөө авах гээд бэр *******д хэлж интернэт банкаараа нэвтрүүлэхэд хаан банкны ******* тоот дансанд байх тэтгэвэр нэмэгдсэний зөрүү мөнгө байхгүй байсан. Тэгээд тэрнээс хоёр хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хувьцааны мөнгө хаан банкны ******* тоот дансанд орсон эсэхийг шалгуулах гээд бэр *******д дахин хэлж интернэт банкаараа нэвтрүүлэхэд хувьцааны мөнгө ороогүй болохоор нь бэрдээ “Миний тэтгэврийн зээлийн зөрүү мөнгө байх ёстой доо” гээд тэтгэврийн зээлийн хүсэлтийн түүх рүү оруулахад тэтгэврийн зээл дээр маань нэмээд 1,440,000 төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд тэтгэвэр нэмэгдээд дансанд байсан үлдсэн 106,000 төгрөгийн 105,000 төгрөг нь байхгүй мөн хаан банкны ******* тоот дансанд байсан 83,000 төгрөг байхгүй болсон байсан. Хоёр данснаас маань нийт 1,628,000 төгрөг өөр данс руу гүйлгээ хийж авсан байсан. Уг нь өмнө нь миний 80560721 дугаарын утас руу гүйлгээ хийхэд мессеж ирдэг байсан одоог хүртэл дансны орлого, зарлагын мэдээлэл ирэхээ байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-26),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.*******гийн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус сумын “Цагаан далан” гэх газарт байх хадам аав Мажигсүрэнгийнд нөхөр Тогтохбаярын хамтаар очиход хадам ээж ******* надад хандан тэтгэвэр нэмэгдсэн гээд тэтгэврийн зээлийн зөрүү мөнгөө авч бензин хийе гэхээр нь интернэт банкаар нэвтэрч хадам ээж Ж.*******ийн хаан банкны ******* тоот дансны үлдэгдлийг шалгахад тэтгэвэр нэмэгдсэний зөрүү мөнгө нь байхгүй байсан. Тэгээд тэрнээс хойш хоёр хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хадам аав Мажигсүрэнгийнд нөхөр Тогтохбаярын хамтаар очиход хадам ээж ******* надад хандан “Миний охин хувьцааны мөнгө маань хаан банкны ******* тоот дансанд орсон байх ёстой доо. Ойр зуурын юмаа авмаар байна” гэхээр нь интернэт банкаар нэвтрэхэд хувьцааны мөнгө нь ороогүй болохоор гайхаад тэтгэврийн зээлийн хүсэлтийн түүх рүү нь ороход тэтгэврийн зээл дээр нь нэмээд 1,440,000 төгрөгийн зээл авсан байсан. Мөн тэтгэвэр нэмэгдээд дансанд нь үлдсэн 106,000 төгрөгийн 105,000 төгрөг байхгүй. Өөр данс руу шилжүүлээд хаан банкны ******* тоот дансанд байсан 83,000 төгрөг байхгүй болсон байсан. Манай хадам тэтгэврийн зээлийн данс нөгөөх нь хэрэглээний мөнгөний гүйлгээний хоёр хаан банкны данстай юм аа. Би хоёр дансных нь гүйлгээний түүхийг шүүж үзсэн. Манай хадам ээж Ж.*******ийн хаан банкны ******* тоот данснаас 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “М” гэсэн гүйлгээний утга бүхий 30,000 төгрөгийг хаан банкны 5014383832 тоот данс руу шилжүүлсэн байсан. Мөн тухайн өдөр хаан банкны ******* тоот данснаас 20,000 төгрөгийг хоёр удаа “m” гэсэн гүйлгээний утга бүхий хаан банкны 5890228810 тоот данс руу шилжүүлсэн байсан. Мөн 13,000 төгрөгийг “6” гэсэн гүйлгээний утга бүхий хаан банкны 5422686991 тоот данс руу шилжүүлсэн байсан. Хадам ээж Ж.*******ийн тэтгэврийн зээлийн хаан банкны ******* тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч тухайн өдрөө хаан банкны 5057505512 тоот данс руу “а” гэсэн гүйлгээний утга бүхий 200,000 төгрөгийн гүйлгээ хоёр удаа шилжүүлсэн байсан. Мөн тухайн өдөр хаан банкны 5675390416 тоот данс руу “56” гэсэн гүйлгээний утга бүхий 100,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Түүнээс хойших хугацаагаар хадам ээж Ж.*******ийн ******* тоот дансыг нь шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тэтгэврийн зээл 450,000 төгрөг авч тухайн өдрөө хаан банкны 5400455505 тоот данс руу “М” гэсэн гүйлгээний утга бүхий 120,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн өдрөө хаан банкны ******* тоот данс руу “к” гэсэн гүйлгээний утга бүхий 30,000 төгрөг, хаан банкны 5016216586 тоот данс руу “m6” гэсэн гүйлгээний утга бүхий 90,000 төгрөг, хаан банкны 5400045505 тоот данс руу “mnj4dd” гэсэн гүйлгээний утга бүхий 120,000 төгрөг, 5057505512 тоот данс руу “m6” гэсэн гүйлгээний утга бүхий 90,000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөн түүнээс хойш буюу тэтгэврийн зөрүү 105,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хаан банкны 5014383832 тоот данс руу “24d” гэсэн гүйлгээний утга бүхий 90,000 төгрөг, хаан банкны 5014383832 тоот данс руу м гэсэн гүйлгээний утга бүхий 15,000 төгрөг шилжүүлсэн байсан. Маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 490,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч тухайн өдрөө хаан банкны 5014383832 тоот данс руу “м” гэсэн гүйлгээний утга бүхий 90,000 төгрөг, банкны 5014383832 тоот данс руу “m” гэсэн гүйлгээний утга бүхий 300,000 төгрөг, хаан банкны 5016514752 тоот данс руу “5566” гүйлгээний утга бүхий 65,000 төгрөг, хаан банкны 5016216586 тоот данс руу “м” гэсэн гүйлгээний утга бүхий 30,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хаан банкны 5014383832 тоот данс руу “m” гэсэн гүйлгээний утга бүхий 5,000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-30),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.н: “...манай online live худалдаа болон сугалааны сувагт орж ирдэг нэг хүнтэй нэр нь адилхан байна данс эзэмшигч болон фейсбүүк нэр нь Нэргүй ******* гэж гарч ирдэг. Манай online live худалдаа болон сугалааны суваг гэдэг нэг удаагийн сугалаанд 6 хүн орох бөгөөд нэг хүн 30,000 төгрөгөөр орж ёндоорсон хүн нь 100,000 төгрөг эсвэл банны давс, бөмбөлөг, лаа буюу мөнгө, бараа хоёрын өөрт хэрэгтэйг сонгодог. Харин хоёрт орсон сугалааны оролцогч 40,000 төгрөг буюу мөн адил барааг сонгож болно. Гуравт орсон оролцогч 30,000 төгрөг эсвэл барааг сонгож болно ийм шатлалаар сугалаа маань явагддаг. Зарим сугалаанд орж байгаа оролцогч нар нь сугалаанд ёндоорсон мөнгө эсвэл бараагаа дараагийн сугалаанд нэг сугалааны өртгөөр нь оролцоод боломжит мөнгөн дүн хүртэл нь сугалаанд оролцож байгаад мөнгөө татаж болдог. Харин Нэргүй овогтой ******* гэх хүний дансаар сугалаанд ёндоорсон мөнгөө төрийн банкны дансаар авдаг байсан ба 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хаан банкны ******* тоот данснаас “М” гэсэн гүйлгээний утга бүхий 30,000 төгрөгийн цэнэглэлт хийж байсан. Тэрнээс хойш 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хаан банкны ******* тоот данснаас гүйлгээний утга “М” 90,000, гүйлгээний утга “m” 300,000 төгрөгөөр цэнэглэлт хийчхээд live comment дор “Нэг тэг андуураад хийчихжээ. Байлгаж байгаад дараа нь авъя” гэж хэлээд хэсэг хугацааны дараа төрийн банкны данс руу авч байсан. Одоо тухайн таталт хийж байсан дансыг нь мэдэхгүй байна. Уг нь бараа авдаг хүмүүс байдаг хэдий ч зарим нь “барааны оронд бэлэн мөнгөө авъя” гэж хэлэхээр нь шилжүүлчихдэг юм аа. Манай сугалааны оролцогч нар гүйлгээний утга дээрээ нэрийнхээ эхний үсгийг бичиж явуулах эсвэл бүтэн нэрээ бичиж явуулдгаараа онцлог юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-35),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.н: “...би цахимаар бараа зарангаа мөнгө эсвэл бараа гэх маягаар сугалаа явуулдаг юм. Тухайн үед хуучин фейсбүүк найз Нэргүй ******* гэх хүн тухайн үед төрийн банкны тоот дансаар сугалаанд оролцож байгаад дундуур нь хаан банкны дээрх дансаар сугалаа авахаар нь “хэний данс вэ?” гэхэд “би цэцэглэлт хийсэн шүү” гэж байсан. Тэрнээс өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10), хохирогч Ж.*******ийн Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 14-17), фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 18-19), хохирогч Ж.*******ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан “...Н.******* нь уучлалт гуйж, надад 1,680,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэх хүсэлт (хх-ийн 121), шүүгдэгч Н.*******гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 128) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.*******гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1,628,000 (нэг сая зургаан зуун хорин найман мянга) төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Н.******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******ийн эд хөрөнгөд 1,628,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.******* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаараа Хэнтий аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.*******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******г 8 сарын хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Н.*******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* том овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******г 8 (найм) сарын хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Н.*******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР