Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын ахлах прокурор Ц.Бямбадорж

Шүүгдэгч С.Базаррагчаа /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/

Хохирогч Э.Туяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн С.Базаррагчаад холбогдох 201716010013 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1961 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа нүүрсний машин барьдаг, ам бүл 2, хамтран амьдрагч Э.Туяагийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сандуйжавын Базаррагчаа /РД:ТЖ61090212/.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч С.Базаррагчаа нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой архидан согтуурсан үедээ тус аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад гэх газар өөрийн хамтран амьдрагч Энэбиш овогтой Туяаг хувийн таарамжгүй маргаанаас болж толгой болон баруун шанаа руу нь гараараа 4-5 удаа, нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Базаррагчаа мэдүүлэхдээ: “2017 оны 01 сарын 22-ны өдөр Цагаан хаданд ачаагаа ачуулсан бөгөөд тухайн өдөр очер ихтэй байсан учир гэртээ ирээд эхнэр болон охинтойгоо хамт хоол хийж идсэн. Хоол идэж дуусаад би охиноо гал дээр ус тавиад аягаа угаа гэж хэлсэн. Манай охин аяга угаахаар бостол Туяа би угаана гээд аваад угаасан. Би миний хөгшин охиноороо хийлгэхгүй юу даа гэж хэлсэн боловч Туяа би өөрөө хийнэ гэж хэлсэн. Тухайн үед би манай хөгшин яагаад байгаа юм болдоо, эхнэртэйгээ хоёулаа тухтай ярилцаядаа гэж бодож байсан. Би гэрээс гарч дэлгүүрээс 0.75 литрийн ерөөл архи авч гэртээ ирж ганцаараа ууж дууссан. Өдөр болсон явдлын талаар эхнэртэйгээ ярилцана гэж бодож байсан бөгөөд муухай ааш гаргаж эхнэрийнхээ биед нь хөнгөн гэмтэл учруулсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Туяа мэдүүлэхдээ: “2017 оны 01 сарын 22-ны өдөр бид гурвуулаа хоол хийж идсэн. Хоол идэж дууссаны дараа манай охин усанд орохоор болсон. Бид 2 орон дээр хэвтэж байгаад би айл руу явсан. Намайг эргээд ирэхэд Базаррагчаа байгаагүй бөгөөд аав чинь яасан юм бэ? гэж охиноос асуухад гараад явсан гэж хэлсэн. Тухайн үед би машинаа эргэж яваа юм бол уу? гэж бодоод хоол бэлдчихээд Базаррагчаа руу залгахад хөгшин чинь машиндаа байна гэж хэлсэн. Удалгүй Базаррагчаа ирээд нэг шил архи авчраад тэрийгээ уусан. Намайг юу хийж байгаа талаар асуусан бөгөөд би хоол хийж байгаа талаараа хэлэхэд охиноороо хийлгэхгүй яасан юм бэ? гэж хэлсэн. Тухайн үед их хоол хийж байсан учир хөгшин чинь өөрөө хийнэ гэж хэлсэн. Тэгтэл Базаррагчаа уурлаж намайг загнаад байхаар нь чи архи уухаараа яагаад сонин ааш гаргаж байдаг юм бэ? гэж хэлсэн. Базаррагчаа намайг гар гэж үүд рүү түлхсэн учир би гарахгүй гэж хэлээд баруун орон дээр суусан. Базаррагчаа зүүн орон дээр сууж байгаад хадгалуулсан 1000 юань өг би мөнгөө авна гэж хэлсэн учир би уур хүрээд мөнгөө ав гэж хэлээд өгсөн. Мөнгийг нь гаргаж өгөхдөө 100 юань дутуу авсан байсан тул 100 юань дутуу байна гэж Базаррагчаа хэлсэн. Үлдсэн 100 юанийг би аймаг руу замын зардал хийгээд явна гэж хэлэхэд чи яагаад мөнгө өгдөггүй юм гэж хэлээд намайг цохиод авсан бөгөөд намайг өндийхөд дахиад цохиж авсан. Би цүнхээ аваад гэрээс гартал нэг зүйлд бүдрэх шиг болоход миний нүд унжаад ирэх шиг болсон. Би нүдээ сохорчихлоо гэж бодоод шороон дээр баахан уйлж сууж байгаад Цэцэг рүү яриад эгчийгээ ирээд ав миний нүд сохорчихлоо гэж хэлсэн. Удалгүй Цэцэг ирж бид 2 Цэцгийн гэрт очсон. Нүдээ усаар дардаг юм тэгвэл бүлтэрдэггүй юм гэж Цэцэг хэлсэн бөгөөд би зүгээр гэж хэлээд эгч рүүгээ ярьсан. Манай эгч ирж цагдаа дуудсан. Цагдаа нар 2 цагын дараа ирж манай гэрт очиж Базаррагчааг авч явах гэсэн боловч өнөөдөртөө охинтой нь хамт байлгаж байгаад маргааш аваад яваарай гэж хэлчхээд өөрөө хүргэн ахынхаа хүүхэдтэй Цогтцэций рүү явсан” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Э.Туяагийн өгсөн: “...2017 оны 01 сарын 22-ны өдөр би хамтран амьдрагч Базаррагчаа, бага охин Биндэръяа нартай хамт гэртээ байж байхад охин нь угаалга хийнэ гэхээр нь би хөгшөөн чи гэртээ унтаж бай би гараад айлд байж байгаад хүрээд ирье гээд явсан. Тэгээд би таньдаг хүүхэн Өнөрийнд байж байгаад гэртээ буцаад ирэхэд Базаррагчаа гэртээ байхгүй байсан. Би охиноос аав нь хайчсан юм гэхэд түрүүн гараад явлаа гэсэн. Тэгээд би хоол хийж байхдаа утастахад Базаррагчаа хөгшин нь машиндаа сууж байна гэсэн. Тэгээд удалгүй Базаррагчаа орж ирээд зүүн талын орон дээр суугаад намайг юу хийж байгаа юм бэ гэсэн. Би хоол хийж байгаагаа хэлтэл Базаррагчаа хүүхдээр хийлгэхгүй яасан юм бэ гэхээр нь би за яахав гэхэд чи муу хийх ёстой юм чинь хийхгүй яах юм бэ гэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ гэхэд чи зайл гээд намайг гэрийн үүд рүү түлхээд байсан. Биндэръяа аав болиоч дээ гэж байсан. Би гарахгүй гээд гараараа чагталж зогсоод гаралгүй өөрийг нь түлхчхээд баруун талын орон дээр очоод сууж байхад Базаррагчаа чи муу мөнгө өгөөдөх пизда минь би чамд юу ч өгөхгүй гэхээр нь цүнхээ аваад түрийвчнээсээ 1000 юань хадгалуулсан байснаас нь мөнгө татаж гаргаад өгөхөд Базаррагчаа пизда минь 100 юань дутуу байна гэхээр нь би яахав дээ хө би 100 юанаар нь маргааш зардал хийгээд аймаг орчихъё гэхэд уурлаж босч ирээд миний баруун гар, шанаа, толгой руу гараа зангидаад цохиод байхаар нь би нүүрээ дараад хэвтчихсэн. Тэгээд би нүүрээ дарсан гараа аваад өндийтөл миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд миний нүд өвдөөд эхлэхээр нь би гэрээс гарч гүйгээд гэрийн хойно байдаг овоолсон шороон дээр бүдэртэл баруун нүд бүлтгэс гээд эвгүй болчхоор нь би таньдаг хүүхэн Цэцэг рүү утсаар яриад эгчийгээ хүрч ирээд аваач эгчийнх нь нүд сохорчихлоо гэсэн. Тэгээд би нүдээ дараад явж байтал Цэцэг тосоод ирсэн. Цэцэгийнд очоод байж байхад Цэцэг гараа аваадах харъя гээд усаар дардаг гэсэн гэхээр нь гараараа ус хутгаад дарсан. Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Т.Эрдэнэцэцэгийн өгсөн: “....2017 оны 01 сарын 22-ны орой намайг Цагаанхаданд гэртээ байж байхад Туяа эгч над руу утсаар яриад эгчийг нь Базар ах нь зодчихлоо эгч нь танай хажууд байна гэхээр нь би гэрээсээ гараад гар чийдэн тусгаад хартал манай гэрийн баруун урд талаас Туяа эгч над руу чиглээд ирж байсан. Тэгээд би Туяа эгчийн өөдөөс тосоод очтол баруун нүдээ дарчихсан байсан. Тэгээд би гэртээ дагуулж ороод орон дээр хэвтүүлээд цай уух уу гэхэд үгүй гээд орон дээр хэвтэж байгаад Цогтцэцийд байдаг эгч рүүгээ утсаар ярьж байсан. Тэгээд удалгүй манайд цагдаа нар ирээд Туяа эгч цагдаагийн машинд суугаад хувцсаа авах гээд гэр лүүгээ явсан. Би араас нь явган очиход Туяа эгчийн дүү ирчихсэн Базаррагчаа ах миний хөгшин сайн яваад ирээрээ гээд Туяа эгчид 200-300 юань өгч байсан. Тэгээд Туяа эгч дүүтэйгээ хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Биндэръяагийн өгсөн: “...2017 оны 01 сарын 22-ны өдөр манай аав ажлаа хийлгүй гэртээ өнжсөн. Туяа эгч аав бид гурав өдөр хоол идчихээд намайг аяга тавгаа угаах гээд ус гал дээр тавьчихсан байх үед манай эгч Солонгосоос над руу утсаар ярьсан. Тэгээд би утсаар ярьж дуусчхаад аяга угаах усаа авах гэтэл Туяа эгч миний өмнүүр ороод ус авчихсан. Тэгээд Туяа эгч өөрөө аягаа угаагаад би арчаад далд хийсэн. Тэр үед аав Туяа эгчид миний хөгшин охиноор хийлгэчихгүй яасан юм бэ гэхэд Туяа эгч би өөрөө ямаа хийнэ гэсэн. Тэгээд аав дэлгүүр ороод ирье гээд гарсан хойно нь би утсаа цэнэглэх гээд аккумляторт залгатал Туяа эгч ингэж цэнэглэдэггүй юм гээд миний цэнэглэгчийг аваад шидчихсэн. Тэгээд 30 минутын дараа аав гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд аав хаанаас авч ирснийг нь мэдэхгүй нэг шил архи гаргаад ганцаараа задалж уухад нь Туяа эгч амарч байгаа өдрөө архи уугаад яах юм бэ нэг өдөр сайхан амар гэсэн. Тэгээд аав тэр архиа ганцаараа ууж дуусах үед нь Туяа эгч цуйван хийх гэж байхаар нь би гурил элдье гэхэд Туяа эгч яах юм бэ би өөрөө хийнэ гэсэн. Тэгээд аав царай нь сонин болчхоор нь би хүн ганцаараа байсаар байгаад зожиг болчихдог юм байна лээ надад хүний хийсэн юм таалагддаггүй өөрөө хийсээр байгаад сурчихдаг юм байна лээ гэхэд аав Туяа эгчид миний хөгшин яах гэж тэгж байдаг юм бэ дээ охинд зааж өгөөд хийлгэчихнэ биз гэхэд Туяа эгч яах юм бэ гэсэн. Тэгээд аав чи миний алгын чинээ охиныг яагаад ад үзээд байгаа юм бэ гэхэд Туяа эгч би чиний охиныг яаж ад үзсэн юм бэ байгаагаараа л байна гэсэн. Туяа эгч тэгээд би яах ёстой юм бэ чи намайг яалгамаар байгаа юм бэ гээд тэр хоёр нэг нэг лүүгээ орилоод байхаар нь миний зүрх дэлсээд би гэрээс гараад явчихсан. Тэгээд би гадаа зогсож байгаад 30-40 минутын дараа гэрт ороход Туяа эгч уначихсан унь барьчихсан аав тэр унинаас нь татчихсан зогсож байхаар нь би хэрүүл нь дуусаагүй байна гээд буцаад гарсан. Тэгээд 10 орчим минутын дараа намайг гэрт ороход Туяа эгч гадуур хувцсаа өмсөөгүй цамцан дээрээ цүнхээ үүрчихсэн би явлаа миний дансанд байгаа 500 юаныг чамтай амьдарсныхаа хохирлыг барагдуулж авлаа гэж хэлээд нүүрээ угаачхаад гараад явсан. Тэрнээс хойш 2-3 цагийн дараа Туяа эгч цагдаатай хамт орж ирээд гадуур хувцаснуудаа аваад ааваас 200-300 юань аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №100 дугаартай:”...Э.Туяагийн биед тархины доргилт, баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн №181 дугаартай шүүгдэгч С.Базаррагчаагийн оршин суугаа нутаг дэвсгэрийн тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Базаррагчаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Базаррагчаагийн арилжааны банкуудад эзэмшдэг дансны лавлагаа /хх-ийн 34-38 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Базаррагчаагийн хохирол төлбөрт 550.000 төгрөг төлж барагдуулсан баримт /хх-ийн 45-47 дугаар хуудас/

Хохирогч Э.Туяагийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 51-56 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлийн шатанд шүүгдэгч С.Базаррагчаа, хохирогч Э.Туяа нарын хохирол төлбөргүй, гомдол саналгүй тухай эвлэрлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.Базаррагчаа нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой архидан согтуурсан үедээ тус аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад гэх газар өөрийн хамтран амьдрагч Энэбиш овогтой Туяаг хувийн таарамжгүй маргаанаас болж толгой болон баруун шанаа руу нь гараараа 4-5 удаа, нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хэргийн талаар өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд гэрч нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч Э.Туяа нь шүүгдэгч С.Базаррагчаад холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөрт 550,000 төгрөг авсан, цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, гэх /хх-ийн 58 дугаар хуудас/ тухай баримт авагдсан тул С.Базаррагчаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар С.Базаррагчаа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул түүнд ял халдаах нь зүйтэй.

Түүнд ял оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, үнэн зөв хүлээн мэдүүлсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан С.Базаррагчааг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Сандуйжавын Базаррагчааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Базаррагчааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Базаррагчаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Базаррагчаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА