| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2020/00023/э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 23
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор У.Анхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/234 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр П.С-д холбогдох эрүүгийн 2026000550053 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялыг шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээр дурдсан хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн хянан харгалзагдаж байсан, Үхэр овгийн П.С
П.С нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 цагийн орчимд хохирогч Э.М-н нүүрэн тус газар нь мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг удирдлага болгон хохирогч Э.М-н нүүр рүү П.С толгойгоороо мөргөхөөс өмнө түүний шүд хөдөлсөн, хөдөлгөөнтэй байсан эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах шаардлагатай, эрүүгийн гэмт хэрэг хаана гарсныг нарийвчлан тогтоох зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзэж П.С-д холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, П.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан захирамжилсан байна.
Прокурор У.Анхжаргал 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 05 дугаар эсэргүүцэлдээ:
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 2020/ШЗ/234 дүгээр шүүгчийн захирамжаар П.С-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцэл бичиж байна.
Шүүгчийн захирамжид “...Шүүгдэгч П.С-д холбогдох эрүүгийн хэрэгт “хохирогч Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаарх дараах зөрүүтэй баримтууд авагджээ. Үүнд:
Гэрч Б.Э “тухайн гэмт хэрэг нь манай гэрт үйлдэгдсэн”, гэрч О.Б “тухайн гэмт хэрэг нь манай гэрт үйлдэгдсэн” гэж, шүүгдэгч П.С яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт газар оршин суух Б.Э-н гэрт үйлдэгдсэн” гэж тус тус мэдүүлсэн,
Мөрдөгчийн “Шинжээч томилох тухай”, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолуудад “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл авах тухай”, “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” саналуудад Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2026000550053 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай”, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 187, 188 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын тогтоолуудад гэх газар гэж, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай яллах дүгнэлтэд гэх газар гэж тус тус зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хаана үйлдсэн”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлоно” гэж хуульчилжээ.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Сгийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учуулсан гэх хэрэг нь гэх газруудын алинд нь үйлдэгдсэн буюу гэмт хэрэг хаана үйлдсэнийг бүрэн гүйцэт тогтоох шаардлагатай байна.
Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт “...П.С-д мөргүүлсний улмаас унасан гэх шүд тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс 20-иод хоногийн өмнө хөдөлж ганхсан байсан, энэ талаар байцаагчид хэлж байсан. Миний шүд хөдөлсөн байсан талаар шинжээч эмчид хэлээгүй, баривчлах байранд ороход надаас асуугаагүй учраас энэ талаар хэлээгүй. Шүд хөдөлсөн байсан талаар манай гэрийнхэн мэдэж байгаа.” гэж мэдүүлсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нь шүүх хуралдаанд “...Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт миний шүд өмнө нь хөдөлсөн, хөдөлгөөнтэй байсан. Миний шүд хөдөлсөн байсныг манай гэрийхэн, ээж мэдэж байгаа гэж хэлсэн. Анх мэдүүлэг өгөхдөө энэ тухайгаа байцаагчид хэлсэн гэдэг. ...Иймд хохирогч Э.М-н шүд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө хөдөлсөн, хөдөлгөөнтэй байсан эсэхийг шалгуулах шаардлагатай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд дүгнэлтэнд дурдагдсан асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах шаардлагатай байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч П.С-г Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн бөгөөд тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5-т заасан эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэж үзэж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-д “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хаана үйлдсэн” гэх нөхцөл байдал нотлогдсон гэж үзэж байна. Үүнд:
Хохирогч Э.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн“...Бид 2 гэх газар Э гэх айлд 2.5 литрийн 2 пиво уусан...” гэх мэдүүлэг болон багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай тодорхойлолтоор дээрх гэмт хэрэг нь “Нурамт” гэх газар үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдсон.
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би П.С-д хандаж машинаа засаад явах талаар хэлсэн чинь явахгүй хононо гээд миний хамрын доод хэсэгт 1 удаа мөргөсөн. Тэгээд ар нуруун дээр 2 удаа тохойлдсноос өөр надад гар хүрээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6х/
Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...П.П.С босож ирээд Э.Мөнхдалайн нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн. Тухайн үед Э.М шүд хугарчихлаа гэж хэлж байсан. ...Э.М манайд орж ирэхэд үүдэн шүд нь бүрэн байсан. П.С-д мөргүүлсний дараа үүдэн шүд нь унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/
Шинжээч эмч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Э.Мөнхдалайн шүд нь унасан байсан болохоор өмнө хөдөлж, ганхаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. ...Эмнэлгийн дагалдах нотлох баримт байгаагүй. Ерөнхийдөө шүд бүрэн мултарсан гэсэн учраас рентген зургийг шаардаагүй. 18 хоногийн дараа үзүүлсэн болохоор шүд суларсан байсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №94 дугаартай шинжээчийн
“1.Үзүүлэгч Э.Мөнхдалайн биед дээд эрүүнд баруун 1 /нэг/ дүгээр шүдний бүрэн мултрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар П.П.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн бөгөөд тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдаагүй гэж шүүх дүгнэсэн байна.
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тогтоох хэсгийн 1 дэх заалтаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэснийг хасч бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудсанд магадлалын талаар дурдагдаагүй байсан ба хавтаст хэрэгт хавсаргах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн байдаг.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад магадлалын талаар тогтоогдсон байх тул гаргаж өгөх нөхцөл байдал үүсээгүй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн хөнгөн гэмтлийг дэлгэрэнгүй тайлбарласан мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгаруулаж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Тухайлбал: гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр “...Тухайн үед Э.М шүд хугарчихлаа гэж хэлж байсан. ...Э.Мөнхдалай манайд орж ирэхэд үүдэн шүд нь бүрэн байсан” гэснээс үзэхэд П.С-д мөргүүлсний дараа үүдэн шүд нь унасан болох нь тогтоогддог ба хохирогч Мөнхдалай нь мөрдөн байцаалтын явцад урьд өмнө шүд хөдөлсөн байсан талаар огт мэдүүлж байгаагүй мөн энэ талаар ямар нэгэн хүсэлтийг мөрдөгч болон прокурорт гаргаж шалгуулаагүй бөгөөд П.С нь “хохирогч Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байх тул П.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимыг алдагдуулж байна.
Иймд яллагдагч П.С-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/234 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...гэжээ .
ТОДОРХОЙЛОХ нь:
П.П.С нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нурамт” гэх газар хохирогч Э.Мөнхдалайн нүүрэн тус газар нь мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Хохирогч Э.Мөнхдалайгийн нүүр рүү П.С толгойгоороо мөргөхөөс өмнө түүний шүд хөдөлсөн, хөдөлгөөнтэй байсан эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах шаардлагатай, эрүүгийн гэмт хэрэг хаана гарсныг нарийвчлан тогтоох зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзэж П.С-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан гэрч Б.Э-н 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлэгт “...Мөнхдалай манайд орж ирэхэд үүдэн шүд нь бүрэн байсан. П.С-д мөргүүлсний дараа үүдэн шүд нь унасан байсан. Дараа нь П.С-тэй ярилцаж байхыг нь сонсоход урьд нь хөдөлчихсөн байсан шүд байгаа юм гэж ярьж байсан..” гэх мэдүүлэг/хх-ийн 23х/, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр хохирогч Э.М-н өгсөн мэдүүлэг зэргээс харахад Э.М-н үүдэн шүд суурин дээрээ хөдөлсөн байжээ гэж үзэхээр байна.
Иймд 2020 оны 01 дүгээр сарын 18-нд Э.М-н нүүр рүү П.С толгойгоороо мөргөхөөс өмнө түүний шүд хөдөлсөн, хөдөлгөөнтэй байсан эсэхийг тогтоох нь П.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимыг шүүхээс хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.
Мөн П.С-ийн үйлдсэн гэх гэмт хэрэг гарсан газрыг зөв, эргэлзээгүй тодорхойлох, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тус давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай магадлалын албан ёсны хуулбарыг хэрэгт хавсарган ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан шаардлагад нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/234 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.