Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 24

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******нд холбогдох,

Гуравдагч этгээд: “*******” ХХК,

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, т холбогдох “аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-ээр ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулах эрх олгосон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч О.*******, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ******* тендер шалгаруулалтын дугаартай “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх” гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон. Уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу өндөр үнийн саналтай байх гэсэн үндэслэлээр татгалзсан захиалагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2-1487 тоот албан мэдэгдлийг хүлээн авч, захиалагчийн энэхүү шийдвэрийн үндэслэлтэй маргахгүй боловч тендерт шалгарсан “Хүннү Говь” ХХК-ийн нийтэд мэдээлэгдсэн тендерийн материалтай танилцаад захиалагч нь тендер шалгаруулалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу зөв үнэлээгүй гэж үзэж захиалагчийн шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яам “Химон Констракшн” ХХК-аас гаргасан гомдлыг хянаж 2020 оны 06 дугаар сарын 15 -ны өдрийн 6-1/4136 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн 2020 оны 2-1486 дугаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дах заалтыг үндэслэн мэдэгдэж, үүрэг болгосон боловч захиалагч нь тендерийн үнэлгээг дахин хийж 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1675 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дах хэсэгт зааснаар “Химон Констракшн” ХХК нь өндөр үнийн саналтай байх тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй гэж үзэж мэдэгдэл ирүүлсэн.

Захиалагчийн тус шийдвэрийг манай компани эс зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам 2020 оны 07 дугаар сарын 17 -ны өдрийн 6-1/4799 тоот “Гомдол буцаах тухай” албан бичгээр буцаасан тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Захиалагч нь оролцогчдоос ирүүлсэн тендерүүдийг хянаж хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу тендерт үнэлгээг хийдэг хуулийн зохицуулалттай.

Уг тендерийн захиалагч нь хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын зөрчиж, өөрөөр хэлбэр тендерт шалгарсан “Хүннү Говь” ХХК-иас ирүүлсэн тендерийн материал нь хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байхад хангасан гэж үзэн “Хүннү Говь” ХХК-д давуу байдлыг олгож, хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ хийж “Химон Констракшн” ХХК-ийн эд хөрөнгө шударгаар олж авах субьектив эрхийг ноцтой зөрчсөн.

“Хүннү Говь” ХХК-ийн нийтэд мэдээлэгдсэн тендерийн материалтай танилцахад тендерийн баримт бичигт тусгагдсан шаардлагыг хангаагүй, тендерийн баримт бичигт тусгагдсан төсөвт өртгийн талаарх дээрх шаардлагуудыг “Хүннү Говь” ХХК нь зөрчиж тендерийн материал үрүүлснээс үүдэж компаниудын хороонд үнийн илт зөрүү үүссэн, хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан оролцогчдоос манай компани нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан хамгийн бага үнийн санал гаргасан оролцогч юм.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-ээр ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулах эрх олгосон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрийн хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгаж өгнө үү.

Мөн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажлын гэрээ”-г, тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний дүгнэлт буюу хурлын тэмдэглэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендерт оролцсон компаниудыг захиалагч болон Үнэлгээний хороо хянан үзэхдээ 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна гэж үзээд 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар тендерийн үнэлгээг хийсэн. Бидний зүгээс тендерээс татгалзсаны дараа “*******” ХХК-ийн нийтэд мэдээлэгдсэн тендерийн материалтай танилцаад тус компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Тэгэхээр 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан үнэлэгдэх шатанд хүрэхгүйгээр 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу хасагдах ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. “*******” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогч нарт өгөх зааварчилгааны 4.4, 5.2.d, 5.3.а, 5.3, 5.3.г, 5.2.в, 14.1-д тус тус заасан шаардлагыг хангаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болно.

Мөн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд явж байгаа бас нэг маргааны хэсэг бол “*******” ХХК бол барилгын ажлын зургийн ТХ-11-т заасан 28 тоног төхөөрөмжийн үнийг ажлын төсөвт тусгаагүй байсан. Үүнийг тусгах ёстой гэж заасан байтал тусгаагүй. Ирүүлсэн байгууллага байгаа. Мөн нийт 6-аас 1-3 хэсэгт задарч байгаа 9 төрлийн тоног төхөөрөмжийн үнийг төсөвт хийх өртгөөр ирүүлсэн. Нэг ёсондоо барилгын ажлын зурагт заагдсан бүх тоног төхөөрөмжөө худалдаж авч байгаа тохиолдолд бүгдийг хэдэн төгрөгөөр авах юм бэ гэдгийг зааж заавал ирүүлэх ёстой. Үнэлгээний хороо 75 хувиас дээш ирцтэйгээр хурал хийсэн тохиолдолд Үнэлгээний хорооны хурал хүчин төгөлдөрт тооцогддог.

Гэтэл тухайн хуралд мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д Үнэлгээний хорооны гишүүд хурлын тэмдэглэлд бүгд гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл тухайн маргааны зүйл болоод байгаа 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд 4 хүн гарын үсэг зурсан. 7 хүнээс 4 хүн гарын үсэг зурсан нь бид 4 хүн хуралд оролцсон гэж үзэж байгаа. Энэ өөрөө журамд заасан 75 хувьд хүрэхгүй байгаа. Ийм ийм үндэслэлүүд байгаа учраас Үнэлгээний хорооны болон захиалагчийн гаргасан шийдвэрүүд нь хууль зөрчиж гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны А/125 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь Өмнөговь аймгийн “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажил”-ын тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зарлаж, 05 дугаар сарын 13-ны өдөрт тендерийн нээлтийг хийсэн. Үнэлгээний хороо нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр оролцогчдын ирүүлсэн тендерийг үнэлж “*******” ХХК-тай гэрээ байгуулж ажиллах зөвлөмж ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2-1486 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрхийг “*******” ХХК-д, 2-1487 дугаар албан бичгээр “*******” ХХК-д тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн. Захиалагчийн дээрх шийдвэрийг “*******” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд хандан гомдол гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянаад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/4136 дугаар албан бичгээр “сургуулийн барилгын ажлын зураг (зургийн дугаар ТХ-11)-т заасан 28 төрлийн тоног төхөөрөмжийн үнийг ажлын төсөвт тусгаж ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 30.3 дахь заалтад нийцээгүй байна.

Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/4136 дугаар албан бичигт дурдсан “сургуулийн барилгын ажлын зураг (зургийн дугаар ТХ-11)-т заасан 28 төрлийн тоног төхөөрөмжийн үнийг хяналтын төсөвт тооцсон эсэх талаар захиалагч болон барилгын зураг төсөв зохиогч “Эм Эс Эл” ХХК-иас тодруулахад “экспертээр батлагдсан нийт төсөвт тусгагдаагүй”, “барилгын хяналтын төсөв дээрх хүснэгтэд орсон барилга доторх тавилга /тоног төхөөрөмж/-ийн өртөг тооцогддоггүй бөгөөд манай байгууллагын хүлээлгэн өгсөн барилга угсралтын ажлын төсөвт тоног төхөөрөмжийн өртөг тусгагдаагүй болно” гэсэн хариу авсны үндсэн дээр 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дахин үнэлгээ үнэлгээ хийж “*******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674 дугаар албан бичгээр “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.

Улмаар Өмнөговь аймгийн ******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажил”-ын гэрээг “*******” ХХК-тай байгуулан барилга угсралтын ажил явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зураг төсөл зохиогч экспертээр батлагдсан нийт төсөвт тусгагдаагүй барилгын хяналтын төсөв дээр хүснэгтэд орсон барилга доторх барилга, тоног төхөөрөмжийн өртөг тооцогддоггүй бөгөөд манай байгууллагын хүлээлгэн өгсөн барилга угсралтын ажлын төсөвт тоног төхөөрөмжийн хувьд тусгагдаагүй болно гэж ирсэн.

Тендерт оролцогч нь тухайн 28 төрлийн тоног төхөөрөмжийг тендерт тусгахгүй ирүүлж болно гэсэн агуулгатай албан бичгийг ирүүлсний үндсэн дээр Үнэлгээний хороо нь дахин үнэлгээ хийж 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “*******” ХХК-д гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн тухайн зөвлөмжтэй зэрэгцээд маргаан бүхий бас нэг акт 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2-1675 дугаартай албан бичгээр “Химон контракшн” ХХК-д хүргүүлсэн байгаа. Захиалагчийн хувьд Үнэлгээний хорооноос захиалагчид үнэлгээ хийж ирүүлсэн зөвлөмж /хурлын тэмдэглэл/-ийг үндэслэж захиалагчидтай гэрээ байгуулах шийдвэр, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр мөн гэрээ байгуулахаас татгалзсан албан бичгүүдийг үндэслэж оролцогч нарт хүргүүлсэн байгаа. Хамгийн сүүлийн маргаан бүхий актыг гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлснээс хойш ажлын 6 өдрийн дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй учир гэрээ байгуулах эрх нь ажлын 6 өдөр өнгөрснөөр үүсээд тэгээд ажил гүйцэтгэх гэрээг “*******” ХХК-тай гэрээ байгуулсан байгаа.

Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 10, түүнээс илүү хувьд хүрсэн гэж сонсогдсон учир нэгэнтээ одоо санхүүжилт олгоод ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад ажлыг үргэлжлүүлээд явж байгаа учир захиалагчийн хувьд одоо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа. Энэ Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлүүд өгсөн байгаа. Тиймээс Үнэлгээний хорооны зөвлөмжийн хүрээнээс бусад зөвлөмжийн ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй, гүйцэтгэх гэрээг хүчингүй болгосноор дээрх төслийн 2020 оны санхүүжилт болоод цаашид бусад санхүүжилтийг шийдвэрлэх боломжгүй болох, “*******” ХХК-иас төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаар хохирох, төлөвлөсөн хугацаанд барилга ашиглалтад орохгүй байх зэрэг олон сөрөг үр дагавар бий болгох тул нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зевшөөрөх боломжгүй, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд болон Сангийн яаманд өмнө нь гомдол гаргаж байгаагүй, нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдаагүй асуудлуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргаж ярьж байгааг зөвшөөрөхгүй, одоо яриад байгаа энэ асуудлаа Сангийн яаманд гомдол гаргаж шийдүүлэх боломжтой байсан...” гэв.

Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Э.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үнэлгээний хороо нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр оролцогчдын ирүүлсэн тендерийг үнэлж “*******” ХХК-тай гэрээ байгуулж ажиллах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2-1486 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрхийг “*******” ХХК-д, 2-1487 дугаар албан бичгээр “*******" ХХК-д тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн.

Захиалагчийн дээрх шийдвэрийг “*******” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд хандан гомдол гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянаад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/4136 дугаар албан бичгээр “сургуулийн барилгын ажлын зураг (зургийн дугаар ТХ-11)-т заасан 28 төрлийн тоног төхөөрөмжийн үнийг ажлын төсөвт тусгаж ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 30.3 дахь заалтад нийцээгүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх”-ийг мэдэгдсэн.

Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/4136 дугаар албан бичигт дурдсан “сургуулийн барилгын ажлын зураг (зургийн дугаар ТХ-11)-т заасан 28 төрлийн тоног төхөөрөмжийн үнийг хяналтын төсөвт тооцсон эсэх талаар захиалагч болон барилгын зураг төсөв зохиогч “Эм Эс Эл” ХХК- иас тодруулахад экспиртээр батлагдсан нийт төсөвт тусгагдаагүй”, “барилгын хяналтын төсөв дээрх хүснэгтэд орсон барилга доторх тавилга /тоног төхөөрөмж/-ийн өртөг тооцогддоггүй бөгөөд манай байгууллагын хүлээлгэн өгсөн барилга угсралтын ажлын төсөвт тоног төхөөрөмжийн өртөг тусгагдаагүй болно” гэсэн хариу авсны үндсэн дээр 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дахин үнэлгээ үнэлгээ хийж “*******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тендерт “Үндэсний бүтээн байгуулалт корпораци” ХХК, “*******” ХХК, “Химон Констракшн” ХХК гэсэн 3 компани оролцсон байгаа. Тендер шалгаруулалтын нийт 7 гишүүдээс 6 хүн нь тендер шалгаруулалтад оролцсон байгаа. Нэг хүн нь ажлын шаардлагаар ирэх боломжгүй гэсэн учир 6 хүний бүрэлдэхүүнтэй тендер шалгаруулалтыг хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу бүх оролцсон компаниуд бол техникийн нөхцөл, даалгаврууд бүгд хангагдсан учир тус хуулийн 28 дугаар зүйлд зааснаар тендерийг үнэлэхэд хамгийн бага үнэтэй нь хамгийн сайн тендер гэсэн хуулийн заалтын дагуу хамгийн бага үнийн саналтай “*******” ХХК-д тендер шалгаруулалтын зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

Сангийн яамнаас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гомдол нь хянагдаад Үнэлгээний хороонд, захиалагчид ирсэн.  Захиалагч, Үнэлгээний хороо тухайн гомдлыг хянасныг авч үзээд Сангийн яамны гомдолд барилгын зураг төсөв “*******” ХХК-ийн гомдолд ганц алдаатай дутагдалтай юу байна. “*******” ХХК төсөв дээр заагдсан 28 төрлийн зураг төсөв дутуу байна гэж. Үүгээрээ “*******” ХХК шаардлага хангахгүй байна гэсэн Сангийн яамнаас түдгэлзүүлэх бичиг ирсэн байгаа. Үнэлгээний хороо хуралдаад 28 төрлийн бараа бүтээгдэхүүн энэ төсөв дээр дутуу суугдсан юм уу, Үнэлгээний хороо дутуу зарласан юм уу гэж Үнэлгээний хороо хуралдаж үзээд үүнийг захиалагчаас зураг төсөв зохиогчоос энэ 28 төрлийн бараа бүтээгдэхүүн төсөв дээр суугдах ёстой байсан уу, энэ төсөв дээр дутуу суугдсан уу гэдгийг албан бичгээр харилцаж хариу авсан байгаа. Тамгын газраас, захиалагчаас бол энэ бол экспертэд дээр суугдаагүй. Энэ бол зураг төсвийн үнэлгээнд орохгүй юм.  Компанийн төсөвт орохгүй гэсэн албан бичиг ирсэн учир “*******” ХХК-ийг алдаатай гэж үзэхгүй юм. Яагаад гэвэл Үнэлгээний хороон дээр анх зарлахдаа 28 төрлийн барааг тусгана, энэ бараануудыг тусгаж орж ирүүлнэ зарлагдаагүй тул “*******” ХХК нь тусгаж ирүүлэхгүй байж болох юм. Захиалагчаас зураг төсөв дээр тийм шаардлага байхгүй гэж үзээд “*******” ХХК-ийн хувьд дахиад хамгийн бага үнийн саналтай гэсэн байдлаар шалгаруулсан юм” гэв.

Гуравдагч этгээд “*******” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Манай компани нь Өмнөговь аймгийн “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажил”-ын тендер шалгаруулалтад оролцож ялагч болсноор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2-1486 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрхийг олгосон. Захиалагчийн дээрх шийдвэрийг “*******” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд хандан гомдол гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянаад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/4136 дугаар албан бичгээр тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалгасны дагуу Захиалагчийн байгуулсан Үнэлгээний хороо нь холбогдох ажиллагааг явуулан дахин үнэлгээ хийж зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674 дугаар албан бичгээр мөн манай компанид гэрээ байгуулах эрх олгосон.

Улмаар Өмнөговь аймгийн “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажил”-ын гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газартай 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бөгөөд одоогийн байдлаар газар шорооны ажил, A, B, C, D блокын суурийн ажил бүрэн дуусаж нийт ажлын 15 хувийг хийж гүйцэтгээд байна. Бид уг тендерт оролцоход ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, захиалагчийн шаардлагад нийцүүлэн тендерийн баримт бичгээ хүргүүлж оролцсон тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд анх т холбогдуулан “аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-ээр ирүүлсэн шийдвэр, тендерт “*******” ХХК-ийг шалгаруулсан мөн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр /мэдэгдэл/-ийг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад т холбогдуулан “аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-үүдийг болон 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “*******” ХХК-тай байгуулсан “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”, *******нд холбогдуулан “Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийг хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж,[1] тодруулсан.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/ болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-үүдийг тус тус хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу мөн аймгийн Орон нутгийн өмчийн газраас “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлан, хариуцагч  аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/125 дугаар тушаалаар[2] байгуулагдсан “Үнэлгээний хороо” уг барилгыг барих ажлыг эхлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ирүүлсэн нэр бүхий компаниудын тендерийг хэлэлцэж шалгаруулжээ.

Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар энэ тендерт оролцсон “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-иудаас ирүүлсэн тендерийн баримт бичгийг нягтлан хэлэлцэж “*******” ХХК-иас ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-т заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй гэж үнэлж дүгнэн хуулийн 29.1, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, захиалагчаас нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан, гуравдагч этгээдэд гэрээ байгуулахыг зөвшөөрсөн мэдэгдлүүдийг хүргүүлжээ.[3]

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гаргасан гомдлыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гаргасныг холбогдох байгууллага хүлээн авч хянаад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/4136 дугаар албан бичгээр “...захиалагчийн 2020 оны 2-1486 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг, мөн тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрөл олгон шийдвэрлэж” хариу хүргүүлсэн байна.[4]

Үнэлгээний хороо 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, тендерийн баримт бичгийг дахин хянаж үнэлгээ хийж, “*******” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид “тендерт шалгараагүй тухай” 2-1675 тоот, гуравдагч этгээдэд “гэрээ байгуулах эрх олгох тухай” 2-1674 тоот албан бичиг /мэдэгдэл/-үүдийг хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргасан байх боловч Сангийн яам 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4799 дүгээр албан бичгээр “...өмнө нь хариу өгч шийдвэрлэсэн тул гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг хүргүүлжээ[5].

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах эрхтэй ба дээрх Сангийн яамны 2020 оны 6-1/4799 дүгээр шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй, улмаар тус аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/783 дугаар “Гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай” захирамжийн дагуу мөн өдөр болон “*******” ХХК-иудын хооронд ******* дугаартай “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх” ажлын гэрээ[6] байгуулагдсан байна.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд /бичгийн болон CD/, шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар зэргээр тогтоогдсон.    

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Тендерийн үнийн санал, баталгаа нь маягтын дагуу биш, туслан гүйцэтгэгчийн ажлын хөлс 20 хувь болсон, тодруулгыг баталгаажуулаагүй, борлуулалтын орлого шаардлагад нийцээгүй, ажпын төсөвт өртөгт тоног төхөөрөмжийн үнийг тооцоогүй зэрэг зөрчилтэй байхад захиалагч шаардлага хангаагүй компанийг шалгаруулж, эрх олгохоор  шийдвэрлэж гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн ба хуулиар олгогдсон эд хөрөнгө шударгаар олж авах бидний субъектив эрх зөрчигдсөн...”,

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас “...Захиалагчийн зүгээс Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн шийдвэрлэж мэдэгдэлүүдийг хүргүүлж, тендтерт шалгарсан компанитай гэрээ байгуулсан нь холбогдох хууль зөрчөөгүй, өмнө нь маргаж Сангийн яаманд гомдол гаргаж байгаагүй асуудлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс одоо маргаж байгаа нь үндэслэлгүй...”,

Хариуцагч Үнэлгээний хорооноос “...тендерт оролцогчдод тэгш өрсөлдөх боломжийг хангасан, цахимд тендерийн тодруулгыг оруулсан, Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу сургуулийн барилгын ажлын зурагт заасан 28 төрлийн тоног төхөөрмжийн үнийг ажлын төсөвт тооцож ирүүлсэн эсэх талаарх тодруулж дахин үнэлгээ хийж олонхоороо шийдвэрлэсэн нь  хуульд зөрчөөгүй”,

Гуравдагч этгээдээс “...Бид уг тендерт оролцоход ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, захиалагчийн шаардлагад нийцүүлэн тендерийн баримт бичгээ хүргүүлж оролцсон тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.13-т “Тендерт оролцогчоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална”, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3 (а)-д “...борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна” гэж заасан байх бөгөөд Үнэлгээний хорооноос уг заалтын 30 хувиас багагүй байна гэснийг 25 хувиас багагүй байна гэсэн тодруулгыг хийж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16:19 цагт цахим системд байршуулсан байх тул түншлэлийн борлуулалтын орлого (2,682,706,222.3 төгрөг) нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3(а)-д заасан тендерт санал болгож буй үнийн дүнгийн 25 хувь (2,552,846,756.0 төгрөг)-аас багагүй байх гэсэн шаардлагыг хангаж байхын зэрэгцээ гуравдагч этгээдээс уг системд илгээсэн тендерийн маягт, тендерийн баталгаа нь тендерийн баримт бичигт нийцсэн байна. Энэ www.tender.gov.mn цахим хаягт байршуулсан тайлбар, мэдээлэл болон талуудын тайлбар, хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байна.[7]

Мөн Сангийн яамны 2020 оны 6-1/4136 дугаар албан бичигт “...Түүнчлэн сургуулийн барилгын ажлын зураг (зургийн дугаар ТХ-11)-т заасан 28 төрлийн тоног төхөөрөмжийн үнийг ажлын төсөвт тооцож ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 30.3 дахь заалтад нийцээгүй байна” гэж дүгнэсэн байх ба энэ шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хороо захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас ******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлын зурагт заасан 28 төрлийн тоног төхөөрөмжийн үнийг захиалагчийн хяналтын төсөвт тооцсон эсэхийг тодруулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж тэмдэглэл үйлдэж зөвлөмж хүргүүлсэн Үнэлгээний хорооны үйлдлийг буруутгах үндэслэлгүй.

Тодруулбал, ******* суманд баригдах 1200 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын зураг төсвийг “Эм Си Эл” ХХК хийж гүйцэтгэсэн, барилга архитектур хэсэгт багтсан ТХ-11-р хуудсанд заасан 28 төрлийн тоног төхөөрөмжийн үнэ нь экспертэд батлагдсан нийт төсөвт тусгагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож[8] байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс өмнө нь /нэхэмжлэгчээс/ Сангийн яаманд гомдол гаргаж байгаагүй үндэслэлүүдээр шүүх хуралдаанд тайлбарлан маргаж Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтийг хууль бус гарсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Мөн нэхэмжлэгчээс “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-үүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-д “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан бөгөөд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын захиргааны хууль бус акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхээр байна.

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичгүүдийн агуулгаас үзэхэд зөвхөн тухайн тендерын шалгаруулалтын үр дүнг албан ёсоор албан хэргийн стандартын дагуу мэдээлэн хүргүүлж буй мэдээллийн шинжтэй байх бөгөөд түүнд захиргааны актад тооцогдох захирамжилсан үйлдэл хэрэгжүүлдэг, эрх зүйн шууд үр дагавар бий болгодог бодит шинж агуулагдаагүй, уг албан бичгүүдийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, субьектив эрх хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байх тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

“Тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагч Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсноос үзэхэд Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл огт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгахыг ойлгохоор байна.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж зааснаас үзвэл хариуцагч Үнэлгээний хороо нь эс үйлдэхүй гаргаж, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байдал тогтоогдохгүй байх тул дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “*******” ХХК-тай байгуулсан “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажлын гэрээ”-г хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс “...Үнэлгээний хорооны хууль бус дүгнэлтийг үндэслэж гарсан гэрээг хүчингүй болгуулах...” гэх агуулгаар уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгт дурьдсан үндэслэлүүдээр Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хянаад Үнэлгээний хорооноос гуравдагч этгээд “*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж дүгнэн гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зөрчөөгүй болохыг шүүх тогтоосон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд[9], гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнар[10] нарт мэдэгдсэн[11] боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7 дахь хэсэгт заасныг баримлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн т холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2-1674, 2-1675 дугаартай албан бичиг /мэдэгдэл/-үүд, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “*******” ХХК-тай байгуулсан “******* суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлыг эхлүүлэх ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”, мөн *******нд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийг хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ОТГОНЦЭЦЭГ


[1] Хэргийн I хавтасны 236-237 дахь талд

[2] Хэргийн I хавтасны 50 дахь талд

[3] Хэргийн I хавтасны 12, 61-63 дахь талд

[4] Хэргийн I хавтасны 13-16 дахь талд

[5] Хэргийн I хавтасны 17-19, 21, 72-76 дахь талд

[6] Хэргийн I хавтасны 124-129 дэх талд

[7] Хэргийн I хавтасны 53, 154-225 дахь тал болон www.tender.gov.mn хаягт байрших баримт, мэдээлэл

[8] Хэргийн I хавтасны 68-73 дахь тал

[9] Хэргийн II хавтасны 2 дахь тал

[10] Хэргийн I хавтасны 86 дахь тал

[11] Хэргийн I хавтасны 248 дахь тал