Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2021/00431

 

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: М-ийн Б,

     Хариуцагч: Ч-ын Т нарт холбогдох,

    М.Б, Ч.Т нарт олгосон 364 м.кв талбайтай махны үйлдвэр комбинатын, мөн 108 м.кв, 24*9 м.кв талбайтай хөргөгч камер, бэлтгэлийн өрөө зэрэг сендвичэн түр барилгуудыг татан буулгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Ө.Б /цахимаар/, хариуцагч М.Б /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Х ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг. Х ХХК-ийн барилгын материалын үйлдвэрийн барилга 1987 онд баригдсан. Иргэн М.Б-ийн махны хөргөгч камер, бэлтгэлийн өрөө, мах боловсруулах үйлдвэрийн комбинатын байгууламж, цайны газар, конторыг 2012-2014 онуудад барьсан. Махны хөргөгч камерын сендвичэн барилгын дээврийн усны урсгал нь манай барилгын хана руу чиглэсэнээр ханын шавардлага унасан, ус нэвчсэн, ус зайлуулах хоолой, суваг гаргаагүй учир үндсэн барилгын суурь суусан, хана цуурсан зэрэг нь манай үйлдвэрийн барилгын насжилтад маш муугаар нөлөөлж байна. Үүнээс гадна галын аюулгүйн үед дээвэр рүү гардаг шатыг эвдэж барилга барьсан, уг сендвичэн барилга зураг төсөв болон улсын комисс хүлээн авсан акт байхгүй зэрэг нь холбогдох норм стандарт, дүрэм, журмыг зөрчиж байна. Энэ барилгыг манай барилгатай 80 см орчим ойрхон барьсан бөгөөд үйлдвэрийн барилгын 3 цонхоор тусах байгалийн гэрэл, нарны тусгалыг хааж барилга барьсан нь манай компаний засвар үйлчилгээ хийх үйл ажиллагаанд ихээхэн хохирол учруулж байна. 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт гарч барилгын норм дүрэм болон байшин хоорондын зай, галын тэсвэрлэлт болон галын аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа тул М.Б болон эхнэр Ч.Т-ийн түр сендвичэн барилгыг татан буулгуулж өгнө үү. Би хөршийн эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан... гэжээ.

     Хариуцагч М.Б, Ч.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна. 2009, 2013, 2018, 2020 онуудад тус компанитай захиргаа болон иргэний хэргийн шүүхээр маргаж эцсийн шийдвэр гарсан. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 704 дүгээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 2020 оны хавар Х ХХК-ийн дээврийн усны хаялгыг 4 тийш харуулж, хөршөө хүндлэхгүй барьсан тул миний бие иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаад явж байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн шүүхээр миний мэдэхээр 3 удаа явж байна. Х ХХК нь 2008 онд анх Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгээд иргэн Т, н, Ц, Б ХХК гэсэн нэрээр гаргасан бөгөөөд иргэн Н нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухайн үеийн шүүх хуралдааны тогтоол нь байгаа. Үүний дараа миний барилгын ажил эхэлсэн. Ингээд 2008 оноос эхлэн суурийн ажил эхлээд үндсэндээ 2009 онд баригдаж дуусаад 2010 онд гэрчилгээг нь авсан. Иргэн Ц, Б ХХК-д холбогдох хэсэгтээ нэхэмжлэлээсээ татгалзаад явсан байдаг. 2015 онд Захиргааны хэргийн шүүхээр газрын маргаантай холбоотой асуудлууд гарч, мөн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн газар нь тэр үеийн аймгийн Засаг дарга Ц-ийн захирамжтай байсан бөгөөд энэ захирамж нь үндэслэлгүй учраас хүчингүй болсон. 2018-2019 онд энэ шүүх хуралдаан үргэлжлээд нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоогүй, энэ асуудлууд нь иргэний хэргийн шүүхээр шийдэгдсэн байдаг. 2020 онд энэ газрын барилга буулгахтай холбоотой маргаан яваад дууссан. Барилгын хийцийн хувьд энэ нь социализмын үеийн хамт баригдсан барилга бөгөөд 180 мкв барилга нь хамтдаа баригдсан. Махны үйлдвэр нь 2001 онд үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Өргөтгөлийн ажил 2008 оноос эхэлж 2009 онд баригдан дуусаж ашиглалтад орж, 2010 онд гэрчилгээгээ авсан. Шүүхийн олон нотлох баримтуудаар энэ нь батлагдаж байдаг. Миний барилга нь Х ХХК-ийн байр луу ус гоожуулсан зүйл байхгүй. Миний бие энэ барилгад иргэн хүнийхээ хувьд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулаад, барьж байгуулаад 12 дахь жил рүүгээ орж байна. Үнэхээр тийм байсан бол тухайн үедээ гомдлоо гаргаад явахгүй яасан юм. Миний хувьд тухайн барилгаа дур зоргоороо барьсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр, тогтоолуудаар батлагдсан учраас барилгаа барьсан. Миний хувьд энэ барилгыг нураалгамааргүй байна. Бусдад халдсан зүйл байхгүй. И гэх компанийг олон хэсэг болгож зарсан. Миний мэдэхийн энэ барилга нь 20 гаруй жил болж байгаа, энэ хугацаанд эзэнгүй байсан. Холбогдох зөвшөөрлийг өгсөн төрийн байгууллагууд нь хариуцлагаа хүлээх ёстой. Махны үйдлдвэрээс хэдэн метр зайд барих ёстой гэх стандартыг мэдэж олгоогүй, газрыг эзэмших, олгох зөвшөөрлийг дураараа олгодог асуудлууд нь эргээд хүндрүүлж байгаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М.Б, Ч.Т нарт холбогдуулан 364 м.кв талбайтай махны үйлдвэр комбинатын, мөн 108 м.кв, 24*9 м.кв талбайтай хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний сендвичэн барилгуудыг татан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Хариуцагч нар нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

      Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот Шалгалт хийсэн тухай дүгнэлтийн дүгнэлт олгох нь хэсэгт Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө БНбД 30-02-07-ын 3.32-д заасны дагуу барилга байгууламжийн хоорондох зайг, тэдгээрийн гал тэсвэрлэлт, үйлдвэрийн ангилалаас хамааруулан 1 дүгээр хүснэгтэд заасны дагуу тогтоох шаардлагатай гэж дүгнэлээ гэжээ, мөн Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 20-07-030/17 тоот Барилгын чанарын тухай гэх дүгнэлтийн дүгнэх нь хэсэгт 1. Улаангом сумын 12 дугаар багт байрлах Х ХХК-ийн арматур, бетон эдлэлийн цехийн барилга болон Г ХХК-ийн захирал М.Б-ийн сендвичин хийцтэй махны үйлдвэрийн барилгуудын дээврийн борооны ус хаягч хоолой /зайлуулах/, хийц элементүүд байхгүйгээс барилгын дээврээс буух ус нь Х ХХК-ийн арматур, бетон эдлэлийн цехийн барилгын хойд талын гадна ханын хормойн хэсэг болон барилгын суурийн хийц бүтээцийн ашиглалтын хугацааг бууруулж байна.

    2. Х ХХК-ийн арматур, бетон эдлэлийн цехийн барилга, Г ХХК-ийн захирал М.Б-ийн сендвичин хийцтэй махны үйлдвэрийн барилга хоорондын зайн хэмжээг Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө БНбД 30-02-07-ын 3.25-д заасны дагуу барилгын цонхоор гэрэлтүүлж байгаа үед барилга байгууламжийн хоорондын зай нь эсрэг талын хамгийн том барилгын өндрөөс багагүй байх, барилга байгууламжийн гал тэсвэрлэлтийн зэргээс хамааруулан уг нормын 1 дүгээр хүснэгтээр тус тус тогтооно гэж дүгнэжээ.

     Хариуцагч талаас Т овогтой М-ийн Б, Ч-ын Т нар нь Увс аймгийн Улаангом сумын 3-р баг Барилгын биржийн урд талд байршилтай, Махны үйлдвэр комбинат зохиулалттай 364 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн х дугаарт бүртгэж гэрчилгээ олгов, 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн Т овогтой М-ийн Б, Ч-ын Т нар нь Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Барилгын биржийн урд талд хийцийн хойд талд байршилтай, хөргөгч камер, бэлтгэлийн өрөө 180 м.кв талбайтай, 24*9 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн х дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх, 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

     Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 108 м.кв, 24*9 м.кв талбайтай хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний сендвичэн барилга гэж бичсэн ба хэрэгт авагдсан баримт буюу Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд 180 м.кв талбайтай, 24*9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болох нь нотлогдож байна.

    Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт энэхүү барилгуудыг 2012-2014 онд барьсан гэж маргаж байгаа боловч дээр дурдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.

     Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М.Б, Ч.Т нарыг барилга, байгууламж барьж байгааг 2010 оноос хойш мэдэж байсан боловч энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгож, зөрчлийг арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч Х ХХК нь 2010, 2011 онуудад хариуцагч М.Б, Ч.Т нар нь нь барилга байгууламж барьж байх үед түүнийг зогсоох талаар гомдол гаргаагүй байх тул 10-11 жилийн хугацаанд ашиглагдаж буй 364 м.кв талбайтай махны үйлдвэр комбинатын болон 180 м.кв, 24*9 м.кв талбайтай хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний сендвичэн барилгуудыг албадан буулгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзлээ.

     Иймд Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч М.Б, Ч.Т нарт холбогдох 364 м.кв талбайтай махны үйлдвэр комбинатын болон 180 м.кв, 24*9 м.кв талбайтай хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний сендвичэн барилгуудыг албадан буулгуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцохоос татгалзсан ба нэхэмжлэгч Ө.Б өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой, шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр, хариуцагч Ч.Т-т шүүх хуралдааны товыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээх хэргийг шийдэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч М.Б, Ч.Т нарт холбогдох 364 м.кв талбайтай махны үйлдвэр комбинатын болон 180 м.кв, 24*9 м.кв талбайтай хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний сендвичэн барилгуудыг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР