| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/199 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэчин овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2439002290217 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сум 4 дүгээр баг ******* 406-17 тоот хашааны гадна хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.*******-Эрдэнийг “цагдаад дуудлага өгсөн” гэсэн шалтгаанаар, хохирогчийн толгой хэсэг, зүүн нүд хэсэг рүү 1-2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Дэчин овогт *******ийн ******* нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 406-17 тоот хашааны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.*******-*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар толгой, зүүн нүд хэсэг рүү 1-2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр *******-Эрдэнийг зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Тухайн үед манай эхнэр бид хоёр гэрийнхээ хашааны гадна талд маргалдсан юм. Тэгээд эхнэр цагдаад дуудлага өгчихсөн байсан. Би дахиж ийм үйлдэл хийхгүй гэдгээ хэлмээр байна. Мөн торгуулийн ялаар шийтгэж, хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 35),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч.*******-Эрдэнийн “...2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр өглөө боссоноосоо хойш гэртээ ганцаараа архи уугаад байсан. Тэгээд уучихаад амарчихгүй, гарч орно гээд хэрүүл хийх гээд байхаар нь би тэр үедээ түрээсийн байранд амьдардаг учраас хажуу айлын хүн амьтан сонсчихно гээд эхлээд гуйж аргадаад байж байтал улам агсраад байхаар нь цагдаагийн байгууллага руу “манай нөхөр унтаж амрахгүй байна” гэсэн утгатай дуудлага өгчихсөн юм. Тэгтэл нөхөр “чи яасан их цагдаа дууддаг юм бэ” гээд намайг гудамжид гаргаад миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би эргэж хашаа руугаа гүйгээд орж байтал араас ирээд миний зүүн нүд хэсэг рүү мөн 1 удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 309 дугаартай “...1.2. Ч.*******-Эрдэнийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.4. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт (хх-ийн 25-26), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 4), хохирогч Ч.*******-Эрдэнийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 76), шүүгдэгч Д.*******ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 82) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Д.*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдлийн улмаас хохирогч Ч.*******-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Д.******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...өөрийн нөхөр ******* овогтой *******д гомдолгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.*******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дэчин овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.*******-******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР