| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0193/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/201 |
| Огноо | 2024-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/201
2024 07 30 2024/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох 2439002670248 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хэнтий аймгийн ******* сумын ******* 3 дугаар хөдөө хэсэг “*******” гэх газарт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам ээж Д.*******ийн зүүн гарын шууны орчим хогийн хутгуураар нэг удаа, нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд “нүүрэнд цус хуралт, зулгаралт, зүүн шуу сарвуунд шарх, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хадам эх Д.*******тай маргалдаж, улмаар зүүн гарын шууны орчим хогийн хутгуураар нэг удаа, нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “нүүрэнд цус хуралт, зулгаралт, зүүн шуу сарвуунд шарх, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Г.*******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ойролцоогоор 18 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн хөдөө хэсэг “*******” гэх газарт байх өөрийн гэртээ хадам ээж *******ийг зодож, цохиж, биед нь гэмтэл шарх учруулсан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-55),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.*******ийн: “...2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ойролцоогоор 18 цагийн үед л байсан байх гэж бодоод байна. Яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хэнтий аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх газарт байх гэртээ байж байхад манай хүргэн болох ******* нь гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд согтуурхаад гэрт байсан хогийн хутгуураар миний зүүн гарын шууны орчимд нэг удаа цохисон. Тэгээд мөн миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, биед маань гэмтэл шарх учруулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-37),
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрч Б.*******ын “...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ээж *******ийг авч аймгийн төвд бариачид бариулахаар ирээд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ээжийн хамт хөдөө гэртээ очсон. Би очихдоо нөхөр *******од 0,5 литрийн савалгаатай “Хараа” гэх архи нэг шилийг аваачиж өгсөн. Манай нөхөр ганцаараа уусан. Манай нөхөр нилээн согтож байх шиг байсан. Би тэнгэр муудаж бороо орох шинжтэй болохоор нь аргал хүрзэнгээ бүтээхээр гарсан. Манай нөхөр ******* нь араас гарч ирээд “дахиад архи байна уу?” гээд байсан. Би “архи байхгүй” гэж хэлсэн чинь “Тэгвэл машины түлхүүр өг. Аймаг явж архи ууна” гэхээр нь чи согтуу машин барьж болохгүй гэж хэлсэн чинь гэрт орсон. Хэсэг хугацааны дараа би аргалаа бүтээчихээд гэрт орсон чинь ээжийн зүүн талын хацар, зүүн гарын ар тал шалбарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16),
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрч О.ын “...Би 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим тугалаа хашиж байхад манайд ******* ирээд “Би хадам ээжийг алгадчихлаа” гэсэн. Тэгээд би нөхөртэйгөө гэр рүү нь очиж хадам ээжийг авч гэртээ авчирсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 300 дугаартай “...1. Д.*******ийн биед нүүрэнд цус хуралт, зулгаралт, зүүн шуу сарвуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт (хх-ийн 45-46), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 11), хохирогч Д.*******ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 68), шүүгдэгч Г.*******ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 72) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Г.*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Г.******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Г.*******од гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Г.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.*******од прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******од 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР