| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/124 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/124
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох 2426001300097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн ашиглалт, технологи мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ******* сумын 4-р багийн 29-09 тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Боржигон овогт ******* *******, /регистийн дугаар *******./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр 2242 ХӨН улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ******* амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед машины тоормос ажиллахаа болиод тийм зүйл болсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг өнгөрч байхад талийгаач охин маань над руу утсаар залгаад нөхөртэйгээ хамт Өвөрхангай аймаг руу гарч байна гэж хэлсэн. Би ажлаа яасан юм бэ гэж асуухад чөлөө авсан гэж байсан. Уул нь надад 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ирнэ гэж байсан. Тэгээд үдээс хойш явж байна ээж, та хоол хийж байгаарай гээд байсан. Тэгээд би буцааж залгаад цагаан хаалга руу орж ирээд хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд над руу ярихгүй байсан. Тухайн үед манай нөхөр Мөнхжаргал эмнэлэгт хэвтэж байсан болохоор эмнэлгийн цай хоол хийж өгөөд харих гээд явж байсан чинь ******* манай том охин руу залгаад болсон асуудлын талаар яриад эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Би эмнэлэгт дээр буцаад ирсэн чинь ямар нэгэн ухаангүй байсан. Талийгаач урд өмнө нь эмнэлгээр үзүүлж харуулж байгаагүй. Талийгаач охин маань нөхөр *******, найз Нинж гээд гурвуулаа Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явж байсан. Намайг ирэх үед баруун шанаа хэсгээрээ бага зэрэг зулгарсан байх гэмээр байдалтай байсан. Толгойг нь бэнт марлаар ороосон байсан. Ам хамар нь нил шороотой байсан. Зүүн гарын долоовор хуруу нь зүсэгдсэн байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Талийгаач Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэл хэвтэж эмчилгээ хийлгэсэн ба ухаангүй байсаар байгаад нас барсан. Нөхөр ******* хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотод хамт амьдардаг байсан. 4-5 настай хоёр хүүтэйгээ хамт амьдардаг байсан. Тухайн үед хоёр хүү нь манай гэрт байсан. Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын чиглэлд найз *******, Янжинлхам нарын хамт гарсан. Өвөрхангай аймгийн ******* сум руу орох гээд хуучин цагаан хаалга өнгөрөөд явж байсан ба би тухайн жолоочийн арын суудал дээр сууж явсан. Машины хөгжимд утсаа холбоод хөгжим тавиад явж байгаад урагшаа хартал замын урд талын хөвөө хэсэг дээрээс нэг цэнхэр өнгийн портер маркийн автомашин бүтэн эргэх үйлдэл хийж байсан. Машин жолоодож явсан Чулуунбаатар “руль”-ээ баруун гар тийш нь дараад замын хөвөө рүү ороод буцаад зам руугаа ороод зогсох нь дээ гэж бодож байтал замын урд тал руу ороод хэд хэд бөмбөрөөд уначихсан. Тэгсэн чинь ******* хаалгаа онгойлгоод гарч ирээд эхнэр Янжинлхамын сууж явсан хаалган дээр очсон чинь хаалга онгойхгүй байна гээд байсан. Би жолоочийн эсрэг талын хаалгаар гарч ирсэн. *******ын хамт Янжинлхамын сууж явсан сандлыг хойшлуулаад татаж гаргаж ирсэн. Бид нар гарч ирээд удаагүй байж байтал нэг машинтай цагдаа ирээд Янжинлхам бид хоёрыг аваад нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Осол болох үед тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. Би зорчих хэсгийн арын суудал дээр сууж явсан. Бид нар бүгд хамгаалах бүс зүүсэн байсан. Би арын суудал дээр сууж явсан, мөн утас харж явсан болохоор ямар хурдтай явсныг хараагүй. Би урдуур машин орж ирснээс болж жолооч тэнцвэрээ алдаж унасан гэж бодож байна. Цэнхэр өнгийн ачаа ачсан дээрээ эрээн өнгийн зүйл ачаад тэвш дээгүүр нь ачаа нь харагдаж байсан. Портер загварын машин байсан. Улсын дугаарыг нь хараагүй. Миний зүүн гарын тохой шалбарсан, бас нуруу, толгой өвдөж байна. Зүүн нүдний дээд, доод талд юм мөргөсөн байх улайгаад хавдсан байдалтай байна. Одоогоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р багийн нутаг дэвсгэр хуучин цагаан хаалга орчимд зам тээврийн осол болсон талаар харсан үзсэн зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн ******* сумаас 17 цагийн үед Өвөрхангай аймаг дайран өнгөрөх авто замаар баруунаас зүүн чиглэлд буюу Онгийн голын пост чиглэлд портер маркын цэнхэр өнгийн 0883 ӨВА улсын дугаартай автомашин унаад Онгийн голын пост орсон. Намайг онгийн голын пост очиход нартай байсан. Нар бараг жаргах гэж байсан. 18 цаг болж байсан байх. ... Автомашинтай зөрсөн талаар анзаараагүй. Зөндөө машин зөрсөн. Миний унаж явсан портер 40 км/ц дээш хурд авдаггүй, ус нь халаад байдаг машин байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн “... Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр хуучин цагаан хаалганы ертөнцийн зүгээр баруун талд байх бөгөөд улсын чанартай А0301 автозамын ертөнцийн зүгээр урд талд 22-42 ХӨН улсын дугаартай тоёота приус загварын хар өнгийн автомашин дөрвөн дугуй нь дээш харсан байдалтай, жолоочийн эсрэг талын хаалга онгорхой, хойд талын хаалга онгорхой, бүх цонх хагарсан байдалтай байв. ... Уг автомашины ойр орчинд машины эд анги хагарч бутарсан байдалтай, эмх замбараагүй байв. Машины хойд хаалгаар дотогш харахад тааз хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байв. ..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар хуудас/,
Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Боловсрол шинжлэх ухааны яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн авто механикийн багш, мэргэшсэн инженер, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай
“...1. Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байна.
2. 2242 ХӨН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд:
2.1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөний осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
2.2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Хурдыг тодорхойлох боломжгүй.
4. 2242 ХӨН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авч чадаагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн “....Уг цогцос нь 164 см урт, толгойд 0,7 см хар өнгийн үстэй, биеийн хөгжил зөв, булчин зөөлөн эдийн хөгжил дунд зэрэг, 25 настай гэх эмэгтэй хүний цогцос байв. ... Духны баруун хэсгээс зулайн орой хүртэл 12,5 см урт мэс заслын оёдлын шархтай. Хүзүүний баруун дээд хэсэгт 3*1,5 см, зүүн гарын сарвууны ар ядам хурууны ард 8*7 см талбайд хаталт үүссэн хар хүрэн өнгийн шарх, зүүн хацар 7 см, 4 см, 3,5 см зураас хэлбэрийн эрүүний дор 3*2 см хүрэн улаан өнгийн хаталт үүссэн зулгаралт, Баруун бугалган дээд хэсэг 4*4 см, баруун шилбэний дээд хэсэгт 3*1,5 см бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн бугалганы урд дунд хэсэгт 4*3 см улаан хүрэн өнгийн цус хуралт, баруун тохойн хонхор, бугуй, сарвууны ар, цавь зүүн тохойн хонхор, шууны дотор хэсэг, шагайн дотор хэсэгт зүүний хатгалтын ормуудтай, Биед өөр ил харагдах гэмтэл үгүй” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-43 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дугаартай “...Талийгаач ******* цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны баруун чамархайн цөмөрсөн хугарал, зулай, суурь ясны шугаман хугарал, баруун зүүн чамархай, суу хатуу хальсан хэсэгт дээрх, зүүн чамархай, дагз, суурь хэсэгт дээрх болон доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, суурь, дагзны хэсэгт, бага тархины суурь хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эдийн няцрал, өнчин тархины цус харвалт, сээрний Th3 нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн талын эгэм, дал ясны зөрүүтэй хугарал, баруун хацар ясны хугарал, хуйхны дотор гадаргуйд дух, баруун чамархай, зулай хамарсан цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, дух зулайд шарх, хүзүү, зүүн гарын сарвууны ар ядам хуруунд шарх, баруун зүүн бугалга, шилбэнд цус хуралт, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийг өөрийн биед учруулсан байх боломжгүй. Нас барсан хугацааг цогцосны гадна үзлэг хийсэн анхны хугацаагаар тогтооно. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл болон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаачийн цус нь О 1-р бүлгийн харьяалалтай байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-53 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 219 дугаартай “... *******ын баруун эгмэнд цус хуралт шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 141-142 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 218 дугаартай “... биед зүүн тохойд шарх, толгойн оройн хуйх, зүүн шанаа, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 151-153 дугаар хуудас/,
“... нас барсныг 0061 дугаарт бүртгэв. ..” гэсэн гэрчилгээний хуулбар /хх-ийн 166 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү Ч.Баторших, Ч.Бат-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 157, 159, 162, 164, 165 хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр 22-42 ХӨН улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан 3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ******* амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг, осол хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, техникийн шинжээчийн 12 дугаартай дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 219 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 218 дугаартай шинжээчийн дүгнэлт, нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өөрийн гэм буруугийн талаар “...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр 2242 ХӨН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ******* амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...2024 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг өнгөрч байхад талийгаач охин маань над руу утсаар залгаад нөхөртэйгөө хамт Өвөрхангай аймаг руу гарч байна гэж хэлсэн. ..Тэгээд үдээс хойш явж байна, ээж, та хоол хийж байгаарай гээд байсан. Тэгээд би буцааж залгаад цагаан хаалга руу орж ирээд хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд над руу ярихгүй байсан. Тухайн үед манай нөхөр Мөнхжаргал эмнэлэгт хэвтэж байсан болохоор эмнэлгийн цай хоол хийж өгөөд харих гээд явж байсан чинь ******* манай том охин луу руу залгаад болсон асуудлын талаар яриад эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Би эмнэлэгт дээр буцаад ирсэн чинь ямар нэгэн ухаангүй байсан. ...Намайг ирэх үед баруун шанаа хэсгээрээ бага зэрэг зулгарсан байх гэмээр байдалтай байсан. Толгойг нь бэнт марлаар ороосон байсан. Ам хамар нь нил шороотой байсан. Зүүн гарын долоовор хуруу нь зүсэгдсэн байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Талийгаач Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэл хэвтэж эмчилгээ хийлгэсэн ба ухаангүй байсаар байгаад нас барсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч “...2024 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын чиглэлд найз *******, Янжинлхам нарын хамт гарсан. Өвөрхангай аймгийн ******* сум руу орох гээд хуучин цагаан хаалга өнгөрөөд явж байсан ба би тухайн жолоочийн арын суудал дээр сууж явсан. Машины хөгжимд утсаа холбоод хөгжим тавиад явж байгаад урагшаа хартал урд замын урд талын хөвөө хэсэг дээрээс нэг цэнхэр өнгийн портер маркийн автомашин бүтэн эргэх үйлдэл хийж байсан. Машин жолоодож явсан Чулуунбаатар рүүлээ баруун гар тийш нь дараад замын хөвөө рүү ороод буцаад зам руугаа ороод зогсох нь дээ гэж бодож байтал замын урд тал руу ороод хэд хэд бөмбөрөөд уначихсан. ******* хаалгаа онгойлгоод гарч ирээд эхнэр Янжинлхамын сууж явсан хаалган дээр очсон чинь хаалга онгойхгүй байна гээд байсан. Би жолоочийн эсрэг талын хаалгаар гарч ирсэн. *******ын хамт Янжинлхамын сууж явсан сандлыг хойшлуулаад татаж гаргаж ирсэн. Бид нар гарч ирээд удаагүй байж байтал нэг машинтай цагдаа ирээд Янжинлхам бид хоёрыг аваад нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Осол болох үед тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. Би зорчих хэсгийн арын суудал дээр сууж явсан. Бид нар бүгд хамгаалах бүс зүүсэн байсан. Би арын суудал дээр сууж явсан, мөн утас харж явсан болохоор ямар хурдтай явсныг хараагүй. Би урдуур машин орж ирснээс болж жолооч тэнцвэрээ алдаж унасан гэж бодож байна. Цэнхэр өнгийн ачаа ачсан дээрээ эрээн өнгийн зүйл ачаад тэвш дээгүүр нь ачаа нь харагдаж байсан. Портер загварын машин байсан. Улсын дугаарыг нь хараагүй. Миний зүүн гарын тохой шалбарсан, бас нуруу, толгой өвдөж байна. Зүүн нүдний дээд, доод талд юм мөргөсөн байх улайгаад хавдсан байдалтай байна. Одоогоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч “...Би Өвөрхангай аймгийн ******* сумаас 17 цагийн үед Өвөрхангай аймаг дайран өнгөрөх авто замаар баруунаас зүүн чиглэлд буюу Онгийн голын пост чиглэлд портер маркийн цэнхэр өнгийн 0883 ӨВА улсын дугаартай автомашин унаад Онгийн голын пост орсон. ...Автомашинтай зөрсөн талаар анзаараагүй. Зөндөө машин зөрсөн. Миний унаж явсан портер 40 км/ц дээш хурд авдаггүй, ус нь халаад байдаг машин байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэгийн “... Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р багийн нутаг дэвсгэр хуучин цагаан хаалганы ертөнцийн зүгээр баруун талд байх бөгөөд улсын чанартай А0301 автозамын ертөнцийн зүгээр урд талд 22-42 ХӨН улсын дугаартай тоёота приус загварын хар өнгийн автомашин дөрвөн дугуй нь дээш харсан байдалтай, жолоочийн эсрэг талын хаалга онгорхой, хойд талын хаалга онгорхой, бүх цонх хагарсан байдалтай байв. ... Уг автомашины ойр орчинд машины эд анги хагарч бутарсан байдалтай, эмх замбараагүй байв. Машины хойд хаалгаар дотогш харахад тааз хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байв. ..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар хуудас/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Техникийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай “...2242 ХӨН улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-43 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дугаартай “...Талийгаач ******* цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны баруун чамархайн цөмөрсөн хугарал, зулай, суурь ясны шугаман хугарал, баруун зүүн чамархай, суу хатуу хальсан хэсэгт дээрх, зүүн чамархай, дагз, суурь хэсэгт дээрх болон доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, суурь, дагзны хэсэгт, бага тархины суурь хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эдийн няцрал, өнчин тархины цус харвалт, сээрний Th3 нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн талын эгэм, дал ясны зөрүүтэй хугарал, баруун хацар ясны хугарал, хуйхны дотор гадаргуйд дух, баруун чамархай, зулай хамарсан цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, дух зулайд шарх, хүзүү, зүүн гарын сарвууны ар ядам хуруунд шарх, баруун зүүн бугалга, шилбэнд цус хуралт, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийг өөрийн биед учруулсан байх боломжгүй. Нас барсан хугацааг цогцосны гадна үзлэг хийсэн анхны хугацаагаар тогтооно. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-52 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 219 дугаартай “... *******ын баруун эгмэнд цус хуралт шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 141-142 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 218 дугаартай “... биед зүүн тохойд шарх, толгойн оройн хуйх, зүүн шанаа, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 151-153 дугаар хуудас/, “... нас барсныг 0061 дугаарт бүртгэв...” гэсэн гэрчилгээний хуулбар /хх-ийн 166 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч ******* амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч ******* Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ял хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн, шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал болох 4, 5 насны 2 хүүхэдтэй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хариуцлагын талаараа “...Эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдал, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР