Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 24

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                            Прокурор В.Дэлгэрмаа /цахим сүлжээгээр/

                                                         Хохирогч Э.Уранчимэг /цахим сүлжээгээр/

                                                         Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр /цахим сүлжээгээр/

                                                         Яллагдагч Г.Г /цахим сүлжээгээр/

                                                         Яллагдагчийн өмгөөлөгч Б.Бурмаа /цахим сүлжээгээр/

                                                       Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/322 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Г.Г-д холбогдох эрүүгийн 1914000000298 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Г.Г

 

Г.Г нь иргэн О.Х-г зодож амь насыг нь хохироосон, иргэн Л.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1.3-т тус тус зааснаар яллагдагч Г.Г-д холбогдох эрүүгийн 1914000000298 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаан, хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD, шүдний рентген зураг 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож, 1 хос оймс, Fuzetea гэсэн бичигтэй хуванцар сав 1 ширхэг, Алтан түрүү гэсэн бичигтэй архины шил, ногоон өнгийн фудболк, саарал өнгийн өмд, 1 хос гутал, шар өнгийн бүс, саарал өнгийн монгол дээл, мааралд шингээж авсан цусны дээж 4 ширхэг, хэргийн газраас хураан авсан шорооны дээж, цагаан өнгийн салфетка 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц, хар өнгөтэй түрүүтэй хос гутал зэргийг хэргийн хамт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаа гаргасан эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 469 дугаартай тоот шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Г.Г-н биед хөнгөн хохирол учирч 1-р хавтаст хэргийн 163-166 дугаар хуудсанд яллагдагч Г.Г-г хохирогчоор тогтоож, хохирогчоор мэдүүлэг авсан байх бөгөөд яллагдагч Г.Г нь өөрт учирсан хөнгөн хохирлыг талийгаач О.Х нь учруулсан талаар мэдүүлжээ. Яллагдагч Г.Г-н биед талийгаач О.Х нь хөнгөн хохирол учруулсан байх боловч О.Х нь нас барсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1-т заасан шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан, яллагдагч Г.Г-д холбогдох эрүүгийн 1914000000298 хэрэгт өөрийг нь хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан атлаа тухайн хэргийг хэрхсэн эсэх талаарх холбогдох албан тушаалтны шийдвэр хэрэгт авагдаагүй, мөн яллагдагч Г.Г-н өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Б.Бурмаа нарын урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтэд дурдагдсан Баянхонгор аймгийн ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх Н.Амарсанаагийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Ерөнхий прокурорт хандан гомдол гаргасан боловч гомдол шийдвэрлэгдээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн, яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч талаас баримт гаргаж өгөөгүй байхад хохирогчид хохирлын мөнгө төлөгдөөгүй тухай дурдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана гэж, Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зуйлийн 5-д “Яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана” 23.10 дугаар зүйлийн 5.3-т “хохирол, хор уршгийн талаар талаарх мэдээлэл” гэж тус тус хуульчилсан байх тул яллагдагч Г.Гын өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Б.Бурмаа нарын хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт яллагдагч Г.Г нь Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан гомдол гаргасан боловч гаргасан гомдлыг хэрхэн  шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох материалыг хавтас хэрэгт хавсаргаагүй, хэрэгт хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримт огт авагдаагүй байхад яллагдагч нь хохирол төлж барагдуулаагүй гэж яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нь хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь мөрдөн байцаалтын явцад яллагдагч Г.Г-н биед талийгаач О.Х нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон боловч Г.Г-д холбогдох эрүүгийн 1914000000298 дугаартай мөрдөн байцаалтын хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар мөн хуулийн 30.14 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гаргах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Яллагдагч, шүүгдэгч нас барсан” гэж заасан бөгөөд талийгаач О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэг зүйл хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй бөгөөд талийгаач О.Х нь хууль зүйн үүднээс яллагдагч, шүүгдэгч биш юм.

Хэрэв талийгаач О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэг зүйл хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-д заасан “Яллагдагч, шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр буюу “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тогтоолоор шийдвэрлэх нь хууль ёсны асуудал юм.

Мөн анх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхгүйгээр шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Г.Г-н биед талийгаач О.Х нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн байна. Өөрөөр хэлбэл дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй, харин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол прокурор өөрийн санаачлагаар, эсхүл мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргаж, энэ тухай хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан нь зөвхөн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргах асуудал бөгөөд мөрдөн байцаалтын хэргийн хувьд хууль зүйн боломжгүй юм.

Прокурорын шатанд яллагдагч Г.Г-н хууль ёсны өмгөөлөгч нараас хяналтын прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг дээд шатны прокуророос хэргийг хянаад 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Г.Г-д гардуулан өгч улмаар мөн өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт болон өмгөөлөгч нараас Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан гэх баримт байхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” /Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн/ гэж зааснаар Улсын Ерөнхий прокурорын газраас гомдлыг шүүхэд шилжүүлээгүй байгаа нь өмгөөлөгч нараас гомдол гаргаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн өмгөөлөгч нараас хэрэв гомдолтой байгаа бол шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.

Хохирогч Э.У “Талийгаачийн оршуулгын зардалд 11000000 төгрөг зарцуулсан үүнийг нэхэмжилж байна, мөн манай 6, 13 настай хүүхдүүдийг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна, би гомдолтой байна. Хэргийн холбогдогчийн зүгээс одоог хүртэл манайд нэг ч төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулаагүй байгаа. Оршуулгын зардалд 11000000 төгрөг зарцуулсан баримтууд нь байгаа, би баримтыг нь гаргаж өгнө... гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 154-157 дугаар талд авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд “Иргэний нэхэмжлэгч” гэдгийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж хуульчилсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгт оршуулгын зардалд зарцуулсан хохирлыг нэхэмжлэх талаар мэдүүлсэн мөн нэхэмжлэгч нь аль ч үед нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэлээс татгалзсан гэх баримт хэрэгт авагдаагүй, баримтыг аль ч шатанд гаргаж өгөх эрхтэй байхад хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ яллагдагч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэх байтал яллагдагч Г.Г-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Яллагдагч Г.Г-д мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд дээрх захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар авч үзвэл яллагдагч Г.Гыг шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар цагдан хорьсон гэх нөхцөл байдал үүсэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг хуульчилж мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг анхаарч үзээгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2020/ШЗ/322 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор В.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна... шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, захирамжинд дурьдсан ажиллагаа нь хэргийг прокурорт буцаах шаардлагагүй ажиллагаанууд байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Хохирогч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргээ хурдан шийдүүлмээр байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирлын баримтыг шүүхийн шатанд гаргаж өгнө гэдэг асуудлыг хохирогч ярьсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарт удаа дараа хохирлын баримтыг үзүүлж хохирлоо төлөөч гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн үзүүлж байсан байдаг. Аль ч шатанд гаргаж өгөх боломжтой зүйлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаана гэдэг үндэслэлгүй. Г.Г-д сэтгэцийн дүгнэлт гаргуулах асуудал мөн ярьдаг. Хавтас хэрэгт авагдсан баримт, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаас харахад Г.Г-н сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан зүйл байдаггүй. Баянхонгор аймаг дахь нарийн мэргэжлийн эмч нар дүгнэлтээ гаргасан. Зодоон дууссаны дараа Г.Г гэнэт босч ирээд өшиглөсөн байдаг. Хэргийн үйл баримтаас харахад сэтгэцийн дүгнэлт гаргуулах, дахин сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд яллагдагчийг үзүүлэх шаардлага байхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Яллагдагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нараар сэтгэцээ тодорхойлуулахаар үзүүлсэн. Тухайн үед намайг Цэцэгмаа, Батаа эмч үзсэн. Шинжээчийн дүгнэлт дээр Цэцэгмаа, Батаа, Дуламсүрэн гэсэн гурван эмч үзсэн гэж гарын үсэг зурсан байдаг. Намайг хоёр эмч үзсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр дахин сэтгэцийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт хоёр ажиллагааг заавал явуулж байж үнэн зөв, шударгаар хэргийг шийдвэрлэнэ гэж үзэж байна.

Г-г үзсэн Баянхонгор аймаг дахь нарийн мэргэжлийн эмч нарын сэтгэцийн дүгнэлтийг гурван эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан гэдэг боловч Дуламсүрэн эмч үзээгүй, нөгөө хоёр эмч үзсэн. Ганболд мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлттэй танилцаад намайг хоёр эмч үзсэн. Батаа эмчийн мэдүүлэг дээр дурдсан шиг үзлэг явагдаагүй гэх зүйлийг ярьдаг. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад прокурор болон дээд шатны прокурорт сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү дахин сэтгэцийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргадаг. Гэмт хэргээс учирсан хохирлыг шүүх хуралдаанаас өмнө төлөх хүсэлтэй байгаа тул хохирлын баримтаа гаргаж өгөөч гэдэг... Прокурор яллах дүгнэлтдээ хэдэн төгрөг нэхэмжлээд байгааг тодорхойлоогүй учраас үүнийг тодорхой болгож өгөөч гэсэн хүсэлт гаргасан... Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс Г.Г-д холбогдох хэрэгт өөрийг нь хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан атлаа тухайн хэргийг хэрхсэн эсэх талаарх холбогдох албан тушаалтны шийдвэр хэрэгт авагдаагүй, талийгаач О.Х нь яллагдагчид хөнгөн хохирол учруулсан боловч нас барсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4-т заасан шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан мөн прокурор Н.Амарсанаагийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Ерөнхий прокурорт хандан яллагдагчийн өмгөөлөгч нараас гомдол гаргасан буюу түүнийг шийдвэрлэгдээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн, хохирогч талаас баримт гаргаж өгөөгүй байхад хохирлын мөнгө төлөгдөөгүй тухай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан гэж үзэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагч Г.Г-н биед талийгаач О.Х нь хөнгөн хохирол учруулсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэг зүйл хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3, 30.14 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гаргах боломжгүй, мөн хэргийг шүүхэд шилжүүлэх үед өмгөөлөгч нараас Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан гэх баримт хэрэгт байхгүй.

 

Хэрэгт хохирлын баримт авагдаагүй хэдий ч хохирогч Э.У-с хохирол нэхэмжлэх талаар мэдүүлсэн байхад яллах дүгнэлтийн хавсралтанд яллагдагч Г.Г-г хохирол төлөөгүй талаар дурьдсан нь түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны болж чадаагүй байна.

 

Харин Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/322 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэсэн байх боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/386 дугаартай Шүүхийн шийдвэрт залруулга хийх тухай захирамжаар Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах гэснийг цагдан хорих гэж залруулсан байх тул шүүхийн шийдвэргүйгээр яллагдагчийг цагдан хорьсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/322 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/322 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Г-д холбогдох эрүүгийн 1914000000298 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.