| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2020/0018/З |
| Дугаар | 26 |
| Огноо | 2020-10-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 26
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.Сэддорж, Н.Энхбат, Л.Батчулуун нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргад холбогдох,
“Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 83, 84, 85, 86, 87, 88, 89 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, дахин хуралдуулахыг Хурлын дарга Х.Сугирт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Сэддорж, Н.Энхбат, Л.Батчулуун нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "...Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт хуралдсан бөгөөд Хурлын Тэргүүлэгч Р.Сэддорж, Н.Энхбат, Л.Батчулуун бид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдаанд оролцох боломжгүйгээ тогтсон ёсоор мэдэгдэж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан. Мөн Өмнөговь аймгийн Монгол ардын намаас сонгогдсон нэр бүхий гурван гишүүн мөн хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдэн хуралдаа ирээгүй.
Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Р.Сэддоржийг тус хуралдаанд оролцоогүй байхад хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, түүнийг хуралд оролцсоноор Хурлын ирцэд тэмдэглэн, хууль бус ирцтэй хуралдаан зохион байгуулсан байсан. Хууль бус ирцтэй хуралдаанаас 83, 84, 85, 86, 87, 88, 89 дүгээр тогтоолуудыг гарган Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 83, 84, 85, 86, 87, 88, 89 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, дахин хуралдуулахыг Хурлын дарга Х.Сугирт даалгаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтуяа, өмгөөлөгч Н.Гарьдхүү нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааныг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар болон Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын дэгийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн шийдвэр гаргаж чадавхгүй хуралдаан зохион байгуулсан байдаг. Хурлын дарга нь шийдвэр гаргах чадавхыг хурлын бүхий л явцад байнга хянаж байх үүрэгтэй бөгөөд хуульд заасан ирц хүрээгүй шийдвэр гаргах чадавхгүй байвал хурлын үйл ажиллагааг шууд зогсоон хойшлуулах ёстой байсан. Энэ хууль бус үйлдэл буюу шийдвэр гаргах чадавхгүй хуралдаан удаа дараа буюу 2 удаа болж байгаа бөгөөд цаашид дахин хуулийг ийнхүү ноцтой зөрчүүлэхгүйн үүднээс нэхэмжлэл гаргасан.
Мөн тус хууль бус ирцтэй хуралдаанаас 83, 84, 85, 86, 87, 88, 89 дүгээр тогтоолууд гарсан бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7-д заасныг зөрчсөн. Тэргүүлэгчид болон төлөөлөгчдийн зарчмаар хууль ёсны эрхээ эдэлж үг хэлэх, санал өгөх эрх чөлөөг олонх биш Тэргүүлэгчдийн Хурлаар хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Цаашид олонх биш хурлаар аймгийн нийгэм, эдийн засгийн аливаа асуудлыг шийдвэрлээд явах магадлалтай болж байгаа тул хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох шаардлага үүслээ. Нутгийн өөрөө удирдах ёсны дагуу төлөөлүүлэн хэрэгжүүлж буй орон нутгийн нийт иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг шийдвэр гаргах чадавхгүй буюу хүчин төгөлдөр бус ирцтэй, хууль бус хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан хуралдааны дэг аль алинд нь ямар тохиолдолд хуралдаан хуралдах боломжтой юм бэ гэхээр нийт Тэргүүлэгчдийн олонх ирсэн тохиолдолд тухайн хурлыг хуралдуулах боломжтой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар олонх нь ирсэн бол хурлыг хүчинтэйд тооцно. Энэ хуралдаан бол мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-г хэрэглээд ирээгүй хүнийг ирсэнд тооцоод олонх ирсэн байдлаар хуралдааныг хуралдуулаад байгаа юм. Гэтэл мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх заалтыг буруу хэрэглэсэн, хуралдаанд зориудаар ирээгүй буюу хуралдаанд огт оролцоогүй эсвэл хурлыг орхиод гарсан тохиолдолд энэ хуулийн заалтыг хэрэглэж болохуйц байсан. Уг хуралдаанд 11 Тэргүүлэгчдийн олонхи нь ирж оролцоогүй, нэр бүхий тэргүүлэгчид чөлөө хүссэн байхад шийдээгүй хурал хойшлуулаагүй байж нэхэмжлэгч Р.Сэддоржийг ирсэнд тооцож хуралдааныг явуулж эсрэг санал өгсөнд тооцсон нь хууль бус юм. Тэргүүлэгчдийн хуралдааныг хойшлуулах саналтай буюу хувийн шалтгаанаар болон хүндэтгэн үзэх шалтгаанаар Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох боломжгүй талаараа 11 Тэргүүлэгчийн facebook групп chat-нд бичиж байсан. Тэгсээр байтал 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл дээрээ зөвхөн Р.Сэддорж Тэргүүлэгчтэй холбогдуулж Тэргүүлэгчдийн хуралдаанд ирээгүй, ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш байна гээд, бусад нэр бүхий 5 Тэргүүлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай ирсэн, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй эсэх талаар ямар нэгэн тодруулсан ажиллагаа хийгдээгүй байж зөвхөн Р.Сэддорж Тэргүүлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдэг нь ойлгомжгүй.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт хурлын хуралдаан гэж байгаа боловч Тэргүүлэгчдийн хуралдааны тусгайлан заасан нөхцөл байхгүй учраас 23 дугаар зүйлийн 23.7-г төсөөтэй авч хэрэглэнэ гэж үзэж байна. Мөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны журам тогтоосон журмын 4.5-д Хурлын хуралдаан Тэргүүлэгчдийн олонх нь ирснээр хүчин төгөлдөр болно гэж байгаа. Олонх нь гэдэг нь 11 Тэргүүлэгчийн 54.5 хувь буюу 6 хүн нь ирснээр тухайн хурлын хуралдаанд олонх нь ирлээ, хүчин төгөлдөр боллоо гэж үзнэ. Гэтэл тухайн тэмдэглэлд дурдсанаар Т.Алтансүх, Б.Баярбилэг, Д.Батзориг, О.Баттогтох, Х.Сугир, Р.Сэддорж нарын 6 Тэргүүлэгч ирж гээд байгаа. Таван Тэргүүлэгч ирж оролцсон ирц хүрэхгүй учраас энэ хурлын хуралдаан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон журмын 4.5-д заасан шаардлагатай нийцсэнгүй. Хурлын дарга бол хурлын өдөр тутмын үйл ажиллагаа, хурлын хуралдааныг зохион байгуулах үүрэгтэй. Хэрвээ хуралдаан нь хууль бус ирцтэй, ирц хүрээгүй тохиолдолд хойшлуулах арга хэмжээ авах үүрэгтэй. Хурлын даргын нийтлэг бүрэн эрх. Дахин хуралдуулахыг Хурлын дарга Х.Сугирт даалгах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /цаашид “хууль” гэх/-д заасан эрхийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар хуралдааны товыг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагт байхаар тогтоож, тогтсон ёсоор ажлын албаны дарга Б.Галхүү Хурлын Тэргүүлэгчдийн фейсбүүк групп-д хуралдаан хэзээ болох талаарх товыг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16.21 цагт мэдэгдсэн.
Хурлын Тэргүүлэгч нар нь товыг хүлээн аваад тус хуралдаанд оролцохоо илэрхийлж байсан ч 03 дугаар сарын 19-ний өдрийн 11.11 цагаас эхлэн В.Мөнхбат, Б.Эрдэнэ-Очир, Р.Сэддорж нар нь хуралдааныг хойшлуулах саналыг ирүүлсэн тул Хурлын дарга миний бие “Хурал хойшлуулах боломжгүй бөгөөд товлогдсон хуралд ирж оролцох” талаар Хурлын Тэргүүлэгчдэд мэдэгдсэн боловч товлогдсон цагтаа эхэлсэн Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар хуралдаанд Т.Алтансүх, Б.Баярбилэг, Д.Батзориг, О.Баттогтох, Сугир нараас бусад Тэргүүлэгч нар ирээгүй болно.
Р.Сэддорж Тэргүүлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч 04 дүгээр сарын 20-ны өдөр Цогтцэций суманд ажиллах тул оролцох боломжгүй” гэж мэдэгдсэн ч энэхүү байдлыг тодруулахад тус өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цогтцэций суманд ажиллахгүй болох нь тогтоогдож, улмаар Ерөнхийлөгчийн нэрийг барьж хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй буюу зориудаар оролцоогүй гэж үзэх үндэслэл бий болсон.
Иймд хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д заасан “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэсний дагуу Р.Сэддоржийг хуралдаанд оролцсоноор тооцож 54.5 хувийн ирцтэйгээр хуралдааны үйл ажиллагааг зохион байгуулсан нь хуралдаан даргалагчийн хуульд нийцсэн үйл ажиллагаа юм.
Нэхэмжлэл гаргасан нэр бүхий Хурлын Тэргүүлэгчид нь удаа дараа аймгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргээ зөрчиж, өөрсдийн ашиг сонирхолд нийцээгүй асуудал хэлэлцэх хурлыг хойшлуулах, хуралдаанд зориудаар ирэхгүй байх, улмаар ирцийг хүргэхгүй байх талаар зохион байгуулалтад орж байдаг нь “тухайн хуралдааны товыг журмын дагуу мэдэгдсээр байтал хүндэтгэн үзэх шалтгаангүй, зориудаар хуралдаанд ирэхгүй байгаа үйл баримт’’-аас харагдах юм.
Мөн “2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаан, түүнээс гарсан захиргааны актууд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн” талаар тодорхойлоогүй, түүнчлэн нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой байхад хэрэглэлгүй нэхэмжлэл гаргасан зэргийг харгалзаж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Сэддорж, Н.Энхбат, Л.Батчулуун нар нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 83, 84, 85, 86, 87, 88, 89 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, дахин хуралдуулахыг Хурлын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
“Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 83, 84, 85, 86, 87, 88, 89 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч талаас “ирц бүрдээгүй байхад хуралдах боломжгүй, хурлыг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн тэргүүлэгчийг ирсэнд тооцон хуралдаан хийсэн нь хууль зөрчсөн, хуралдаанаас гарсан тогтоолууд нь хууль бус” гэж, хариуцагч талаас “Тэргүүлэгчдийн хуралдааны товыг facebooк group чатаар мэдэгдсэн, Сэддорж тэргүүлэгчийн хувьд “МУ-ын Ерөнхийлөгч Цогтцэций суманд ажиллах тул оролцох боломжгүй” гэж мэдэгдсэн хэдий ч энэ байдлыг тодруулахад тус өдөр Ерөнхийлөгч тус суманд ажиллахгүй болох нь тогтоогдсон тул Сэддоржийг хуралд оролцсоноор тооцсон, хууль зөрчөөгүй” гэж маргасан ба энэ хурлын товыг мэдэгдсэн эсэх асуудлын талаар талууд маргаагүй. Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас “уг хуралдаанаас гарсан хэдий ч нэгэнт биелэгдсэн тогтоолуудын үндэслэлийн талаар маргахгүй” гэж тайлбарласан.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийн талаар заасан бөгөөд 22.1.1-т “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 22.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 22.1.3-т “Тэргүүлэгчид, хороо, түр хороо, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах”, 22.1.7-д “Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэж заасны дагуу Хурлын дарга нь тухайн хурлыг товлох, даргалах, хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах зэрэг бүрэн эрхтэй.
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /Тэргүүлэгчдийн/ дарга хуульд заасан дээрх эрхийн дагуу мөн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар товыг “Өмнөговь аймгийн ИТХ-н тэргүүлэгчид” гэх facebooк group чат мессенжерээр мэдэгдэж, уг өдрийн хуралдаанд ирвэл зохих 11 Тэргүүлэгчдээс 5 Тэргүүлэгч ирж оролцон, 45.5 хувийн ирцтэй хуралдаж, уг хуралдаанаас “Чиглэл өгөх тухай” 83 дугаар, “Хүндэт жуухаар шагнах тухай” 84 дүгээр, “Төрийн дээд одон медальд тодорхойлох тухай 85 дугаар, “Нэрсийн жагсаалт батлах тухай” 86 дугаар, "Санал хүргүүлэх тухай” 87 дугаар, “Хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө батлах тухай” 88 дугаар, “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” 89 дүгээр тогтоолуудыг батлан гаргасан болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[1]
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална”, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор баталсан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын дэг, үйл ажиллагааны журам”-ын[2] 3.2-т “...хурлын зарыг гурваас доошгүй хоногийн өмнө Тэргүүлэгчдэд мэдэгдэх, зар өгсөн тэмдэглэл үйлдэж баталгаажуулах, холбогдох материалыг хоёроос доошгүй хоногийн өмнө, онцгой тохиолдолд яаралтай Тэргүүлэгчдэд хүргэж танилцуулах”, 4.3-т “Тэргүүлэгчдийн хурлыг Тэргүүлэгчдийн олонхи ирсэнээр хүчин төгөлдөрт тооцно”, 5.2-т “Тэргүүлэгчид орон нутгаас гадагш өөр аймаг, улсад ажил, амралтаар явах нөхцөлд хурлын даргад өөрөө урьдчилан мэдэгдэнэ” гэж тус тус заасан бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд нийт Тэргүүлэгчдийн олонхи нь оролцоогүй байхад хурлын Тэргүүлэгч Р.Сэддоржид хурлын зар өгсөн тэмдэглэл үйлдэж баталгаажуулаагүй, холбогдох материалыг хүргүүлж танилцуулаагүй атлаа түүнийг “хуралдаанд зориудаар оролцоогүй” гэж үзэн ирцэд оруулан тооцож хуралдсан нь дээрх хууль болон журамд нийцээгүй, тэргүүлэгчийн хувьд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал өгөх, таслах эрхтэй оролцох эрхийг нь зөрчсөн байна гэж үзлээ.
Тодруулбал, дээрх хууль, журамд зааснаар хурлын Тэргүүлэгч Р.Сэддорж нь хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд зориудаар оролцоогүй буюу хуралдааныг орхиж гарсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, хариуцагчаас энэ талаар нотлох баримтыг ирүүлээгүй тул мөн 23.7-д заасны дагуу уг хуралдааныг хүчинтэйд тооцох боломжгүй юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар хариуцагч нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон уг хуульд заасны дагуу өөрийн баталсан дүрэм, журам, дэгийг мөрдөж, биелүүлэх үүрэгтэй.
Хэдийгээр нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй хэдий ч мөн Хурлын Тэргүүлэгчдийн “хуралдаан” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулахгүй, зөвхөн шийдвэр гаргах ажиллагааны процесс буюу хуралдаан нь дангаараа нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин уг хуралдаанаас гарсан тогтоолууд нь эрх зүйн үр дагавар үүсгэх захиргааны акт болох бөгөөд хууль бус хуралдаанаас гарсан тогтоолууд хууль бус байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас гарсан 83, 84, 85, 86, 87, 88, 89 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан[3] татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаан хууль бус болох нь тогтоогдож байх тул уг хуралдаанаас гарсан 83, 84, 85, 86, 87, 88, 89 дүгээр тогтоолуудыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн хуралдааныг дахин хуралдуулахыг Хурлын даргад даалгах” шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нь “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн хуралдааныг дахин хуралдуулахыг Хурлын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй бөгөөд энэ зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүйг дурдав.
Шүүхээс энэ өдөр хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг утсаар болон шүүхийн мэдэгдэх хуудсаар[4] хариуцагчийн төлөөлөгч Х.Сугир, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бөхбат, өмгөөлөгч Н.Буянжаргал нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нараас хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 22.1.7, 23 дугаар зүйлийн 23.1, 23.7, 23.14, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Сэддорж, Н.Энхбат, Л.Батчулуун нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан 83, 84, 85, 86, 87, 88, 89 дүгээр тогтоолуудыг хууль бус байсан болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн хуралдааныг дахин хуралдуулахыг Хурлын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ