Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: И.Сонинболд, Г.Энх-Амгалан /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайхангомбо овогт Ишигийн Сонинболд, Моёо овогт Ганболдын Энх-Амгалан нарт холбогдох 201716010002 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Сайхангомбо овгийн Ишигийн Сонинболд, 1974 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, энэ жил 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ тус сумын Соёлын төвд музейн ажилтнаар ажиллаж байсан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цаг уурын 1-6 тоотод оршин суух, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, урьд шийтгүүлж байгаагүй гэх. /Регистрийн дугаар: КЙ74100471/

Моёо овгийн Ганболдын Энх-Амгалан, 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, энэ жил 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ тус сумын 22 дугаар цэцэрлэгт сантехникчээр ажиллаж байсан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн Шар довын 10-9 тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд шийтгүүлж байгаагүй гэх. /Регистрийн дугаар: КЙ84051774/

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/:

Шүүгдэгч И.Сонинболд, Г.Энх-Амгалан нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахай зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Мобиком корпораци” ХХК-ийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Дах Уул” сайтаас 10 ширхэг нарны толийг Toyota Nadia маркийн 64-11 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тусгайлан бэлтгэсэн багаж болох бахь, түлхүүр зэргийг хэрэглэж хулгайлан, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн буюу “бага бус” хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Сонинболд мэдүүлэхдээ:”Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Энх-Амгалан мэдүүлэхдээ:”Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч:”...Шүүгдэгч И.Сонинболд, Г.Энх-Амгалан нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахай зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Мобиком корпораци” ХХК-ийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Дах Уул” сайтаас 10 ширхэг нарны толийг Toyota Nadia маркийн 64-11 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тусгайлан бэлтгэсэн багаж болох бахь, түлхүүр зэргийг хэрэглэж хулгайлан, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 3.500.000 төгрөгийн буюу “бага бус” хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай шинжлэн судалсан. Гэмт хэрэг гарах шалтгаан нь шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилго нь нөлөөлсөн. Мөн шүүгдэгч нарын амин хувиа хичээсэн хувийн байдал нөлөөлсөн. Иймд И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарт тус бүр 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, тус бүр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхтэй хэрэглэсэн 64-11 ӨМӨ улсын дугаартай Toyota Nadia маркийн тээврийн хэрэгсэл, бахь 1 ширхэг, 2 ширхэг түлхүүрийг улсын орлого болгох, Нэг хос гутлын эзэмшигч Сонинболдод, нөгөө хос гутлыг эзэмшигч Энх-Амгаланд буцаан олгох, тээврийн 00369504 дугаартай хэрэгслийн гэрчилгээг, тогтоол хүчин төгөлдөр болмогц замын цагдаагийн байгууллагад шилжүүлэх, шийтгэх тогтоолд давж заалдах хугацаа дуусах хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих нь зүйтэй гэсэн саналыг шүүхэд оруулж байна” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-21 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн төлөөлөгч Б.Бадамдашийн өгсөн: “....2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 15 цаг 19 минутад “Дах уул” сайтыг хариуцагч Батжаргал утсаар ярьж, 8 ширхэг нарны толь алдагдсан байна гэж анхны мэдээллийг өгсөн. ....Тэгээд би Цогтцэций сумын хэсгийн төлөөлөгч Дөлгөөн гэх ажилтны хамт хэргийн газар дээр тухайн өдрийнхөө 19 цагийн орчимд очоод үзэхэд нарны тусгалаар цэнэг хуримтлуулаад батарейг цэнэглэх үүрэгтэй, тэнд суурилуулсан нийт 30 толины 10 ширхэг нь алдагдсан байсан. ...Торон хашааны хаалганы цоож хэвийн байсан. Хашааны зүүн урд талын газрын хэвгий талд байх зайгаар орж хулгайлсан байдал анзаарагдаж байсан. Уул руу нарийн дугуйтай жижиг машины мөр гараад эргээд буучихсан байсан. Мөрийг мөрдөж үзэхэд ойролцоох засмал зам руу ороод хаашаа явсан нь мэдэгдэхгүй байсан. ....Суурилуулах зардлын дүн 2276.000 /хоёр сая хоёр зуун далан зургаан мянга/ төгрөг болсон. Нэмж нэг бүр 165 вт-ийн хүчин чадалтай 12 ширхэг толь нөхөн суурилуулсан. ....”Дах уул”-ын Сайт 2013 оны 12-р сард анх ашиглалтад ороход шинээр суурилуулсан нэг бүр нь 395.905 төгрөгийн үнэтэй, 190 вт-ийн хүчин чадалтай, ажиллагааны хувьд ямар нэгэн асуудал доголдолгүй, хэвийн ажиллагаатай толь байсан. ....Нэг бүр нь 395905 төгрөгийн үнэтэй, 10 ширхэг нарны толины үнэ болох 3959050 төгрөг, Даланзадгадаас “Дах уул” сайт хүртэл хоёр удаа явсан тээврийн болон ажиллагсдын зардал 648942, туслан гүйцэтгэгч компанийн толь авчирч суурилуулсан зардал 2276000 төгрөг. Нийт 6883992 төгрөгийн хохирол учирсан. ....Хэргийн холбогдогч нар нийтдээ 3321000 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг Голомт банкин дахь Мобиком Корпорацийн 1102018877 тоот дансанд тушааж, үлдэгдэл хохирлыг бүрэн барагдуулсан байна. Тиймээс Мобиком Корпораци ХХК-д учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Манай компанийн зүгээс энэ хэрэгтэй холбогдуулж дахин нэхэмжлэх зүйл, гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгончулууны өгсөн: “....Сонинболд буюу Жан өнгөрсөн хавар банкны зээл төлөх гэсэн юм гээд надаас 150 мянган төгрөг зээлж авчхаад өгөлгүй яваад байсан. Сая оны өмнө би мөнгө төгрөгөө авах гээд түүнтэй уулзахад “бэлэн өгчих мөнгө алга байна, чи мөнгөнийхөө оронд нарны толь авчих” гээд том хэмжээтэй толь үзүүлэхээр нь би аваад сумын төв дээр гэртээ тавьчхаад хөдөө явчихсан юм. Тэгтэл нэг өдөр Жан над руу утсаар яриад нөгөө толио буцааж авмаар байна, асуудалд орчихлоо гэж хэлэхээр нь би түүнийгээ буцаагаад ав суман дээр байгаа гэж хэлсэн. Жан ч тэгсгээд толийг өөрөө очиж авсан байна лээ. ....Сонинболд надаас зээлсэн 150.000 төгрөгийг боломжтой үедээ надад эргүүлэн өгнө гэсэн, тиймээс өөр хэн нэгнээс нэхэмжлэх зүйл надад байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Үйтүмэнгийн өгсөн: “....Энх-Амгалан /бид түүнийг Боролзой гэж дууддаг/-тай тааралдсан. “Надад нарны толь байгаа“ гэж Боролзой хэлсэн. Би тэрийгээ зарах юм уу гэхэд “300.0 мянган төгрөгөөр зарна” гэж Боролзой хэлсэн. Би хавар ноос ноолуур гарахаар мөнгийг нь өгье гэж Боролзойтой тохироод түүний гэрт нь дагаж очоод нэг ширхэг том толийг авсан. Би авсан толио хөдөө гэртээ аваачаад хэрэглэж байтал нөгөө Боролзой над руу утсаар холбогдоод нөгөө толио буцааж авъя, чамд зарж болохгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс толийг Боролзой руу өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дэлгэрбатын өгсөн: “...Тухайн үед хөдөө хэрэглэдэг манай нарны толь хагарчхаад аккумлятороо муу цэнэглэдэг болчихсон тул том толь байгаа гэхээр нь үнэ тохирвол авъя гэсэн. Жан толио 200.0 мянган төгрөгт зарна гэсэн. Тэгээд хоёулаа наймаа хийхээр болоод би бэлнээр 160.0 төгрөг дээр нэг ширхэг ямааны гулууз мах өгөөд Жангаас нэг ширхэг нарны хуучин толь авсан. Би ямар учиртай толь болохыг асуухад Жан “би өөрөө хэрэглэж байсан толь” гэж надад хэлсэн. Тэгээд би хөдөө гэрлүүгээ толийг аваачаад хэрэглээд байж байтал Жан над руу утастаад “хулгайн толь байсан баригдчихлаа” гэж хэлсэн. Дараа нь өөрөө хөдөө манайд ирээд нөгөө толио аваад явсан. ....Хулгайн толь гэж Жан надад хэлээгүй. Жан толио эргүүлж аваад надаас авсан мөнгө төгрөгийг надад буцаан өгсөн. Одоо бидний дунд ямар нэгэн тооцоо байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гүррагчаагийн өгсөн: “....Сонинболдыг толь хулгайлсан асуудлаар цагдаад шалгагдаж байгааг нь сонссон. Өөрөөр тэр хэргийн талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй байна. Түүнийг би хулгайн хэрэгт холбогдохыг анх удаа сонсож байна. Түүнийг өмнө нь хулгайн хэрэгт холбогдож, хулгай хийж байсныг би мэдэж, сонсож байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батжаргалын өгсөн:“...2016 оны 12-р сарын 19-ний өдөр 14 цагийн үед “Дах уул” сайт дээр очиж эргэхэд урагшаа харуулаад төмөр раман дээр боолтоор боочихсон байдаг олон ширхэг нарны толинуудын зүүн гар талынхаас 10 ширхэг толийг тайлж аваад явчихсан байсан. Тэр толины гадуур дээгүүрээ өргөстэй тор татсан торон хашаа байдаг, тийшээ ордог жижиг хаалганы цоож нь эвдэгдээгүй хэвэндээ байсан. Торон хашаа нь өмнө хэсгээрээ газраас жаахан хөндий бөгөөд тэрүүгээр мөлхөөд ороод толийг хулгай хийж гэж бодсон. Тэр орчмоор хүний гэхээр мөр байгаагүй, жижиг машины бүдэг мөр уул руу баруун өмнөөс нь гараад буцаж тэр замаараа бууж засмал зам руу ороод хаашаа явсан нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би Өмнөговь аймагт байдаг биднийг хариуцдаг Бадамдаш инженер лүү болсон явдлыг утсаар хэлсэн. Шөнөдөө Бадамдаш цагдаа дагуулаад ирсэн. Цагдаа нар үзэж шалгаад зураг энэ тэр аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Насантогтохын өгсөн:“....Манай хүү их төлөв томоотой хүний үгэнд их оромтгой, хүнд тусархаг, буруу зөрүү зангүй, надаас юм хум нуугаад байдаггүй хүн байгаа юм. Сая энэ хэрэгт орсон талаараа ээжээсээ нуугаагүй. Банкны өр зээл ихтэй байж байгаад хүний үгэнд ороод ийм юманд холбогдчихлоо гэж өөрөө хэлж байна. ....Хүүг Энх-Амгалан гэхээс илүү Боролзой гэж дууддаг юм. Багаас нь тэгж дуудаад хэвшчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Ашигбаярын өгсөн:“....2016 оны 12-р сарын сүүлээр /би одоо тухайн өдрийг нь санахгүй байна/ Энх-Амгалан буюу Боролзой над руу утсаар залгаад танай амбаар зайтай юу гэж асуусан. Би зайгүй гэж хэлсэн. Би тэгэхэд өөр айлд явсан юм. Тэр үед Боролзой манай хашаанд очоод зун халуун усанд ордог бүхээг дотор хулгай хийсэн нарны толио авчирч хийчхээд цагдаад баригдаад буцаагаад аваад явсан юм билээ. Тэр үед манай гэр эзэнгүй манай хүүхэд төрөх гээд эхнэр аймаг явчихсан, би өөр айлд ажилтай явж байсан болохоор толь авчирч хийсэн, буцааж аваад явахыг хараагүй. Тэнд байгаагүй, сүүлд л тийм явдал болсон гэж Боролзойгоос мэдсэн. ....Би түүний амбаарыг төмөрлөж өгөөд анх танилцсан юм. Биенээ зүс мэдэж танихаас цаашгүй харилцаатай....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ганболдын өгсөн: “....Манай хүү архи бараг уудаггүй, харин тамхи татдаг, аав ээжийгээ ямар нэг асуудалд оруулж зовоож барьж байгаагүй, хүнд тусархуу зан чанартай хүн байгаа юм. Банкны нэлээд зээлтэй тэрийгээ төлөх гээд явдаг, амьдрал ахуй нь хүрэлцэхгүй болоод хэрэгт холбогдсон /хүүгээ зөв юм хийсэн гэж өмөөрөхгүй байгаа/ юм болов уу гэж л бодож байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 36/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Энх-Амгалангын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн:”...Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Сонинболд над руу 88899637 дугаараас залгаад мөнгөний хэрэг байна мөнгө байвал зээлээч гэж сурахаар надад мөнгө алга мөнгөн хэрэгцээ байна дэлгүүрийн өр шир нэхэгдээд байна гэж хэлээд салгасан. Би завгүй байсан учраас тэгээд цэцэрлэгийн хүүхэд тарах үеэр Сонинболд залгаад маш яаралтай мөнгөний хэрэг байна. Баян-Овоо сумын 90 км гуанз замын хойно сүлжээний нарны толь байдаг тэрийг авчирч зарж мөнгө болгоё гэж хэлэхээр нь би харин яаядаа гэж байснаа за тэгье авчраад зарагдах болов уу ямар үнэ хангаар зарах вэ ? гэж асуусан чинь хөдөөний малтай айл авах байлгүй дээ гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд тэр оройдоо 19 цаг өнгөрөөгөөд 20 цаг дөхүүлээд Сонинболд хоёулаа уулзаад за явж ер нь үзье камертай юм уу гүй юу гээд Ханбогд сумаас миний эзэмшлийн 64-11 ӨМӨ улсын дугаартай тоёото надиа /Toyota nadia/ маркийн автомашинтай Сонинболд хоёулаа гарч яваад 90 км зогсоолын цаана байдаг антены урд доор бэлд нь машинаа орхиод явган гарч камер байна уу, үгүй юу гээд тойрч үзээд урд талын торон доогуур нь ороод дээшээ харахад орой дээр камертай юм шиг харагдсан болохоор Сонинболд шатаар дээшээ гараад үзэхэд камер байхгүй байсан. Тэгээд бууж ирээд толь гагнаатай байдаг юм уу гээд үзсэн чинь толь дандаа боолттой байсан чинь Сонинболд авч болох юм байна. 4 боолттой юм байна машинаа аваад ир гэхээр би доошоо буухдаа овоог бүтэн тойроод машинаа байрлуулах газар харсан чинь баруун урд тал руу шинэ зам гарсан байхаар нь явган буугаад машин дээрээ очоод машинаа аваад замаар яваад орой дээр нь гараад машинаа байрлуулсан. Тэгээд торных нь доогуур ороод 2лаа эвсээд боолтыг нь тайлж салгаж 10 ширхэг нарны толь салгачхаад Сонинболд хашааны дотроос зөөгөөд би гаднаас нь зөөгөөд машиндаа ачиж дуусгаад овоогоо нар буруу тойроод зүүн хойгуур яваад засмал замтай нийлээд нэг зогсож нарын толийг эмхэлж янзлаад засмал замаар Ханбогд сум руу явсан. Тэгээд явж байхад толинууд хоорондоо дуугараад хавираад харжигнаад байхаар нь зогсож янзалж яваа байгаад сум руу ороход заг яг хэд болж байсныг хараагүй Оюутолгойн ажилчид ажилдаа явж байсан болохоор 05 цагаас 06 цаг болж байсан байх. Ханбогд сум руу ороод Сонинболдын гадаа очоод буулгах гэсэн чинь буулгах газар олдохгүй байхаар нь хоёулаа тав таван ширхгээр нь хувааж авъя гээд Сонинболдын гадаа 5 ширхэг нарын толь буулгаад би 5 ширхэг нарны толь ачаад ажилтай байсан болохоор шууд ажил руугаа очсон. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/

Шүүгдэгч И.Сонинболдын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”:...Би 2016 оны 12 сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байгаад Энх-Амгалангын 88838794 утсаар залгаж холбогдоод мөнгөний хэрэг байна мөнгө байна уу гэж сурсан чинь надад мөнгө алга мөнгөний хэрэгцээ байна гэхээр нь би 2-лаа яаж мөнгө олох уу гэж хэлээд утсаа тасдаад байж байгаад удалгүй дахиад залгаад Баян-Овоо сумын 90 км гуанз замын хойно сүлжээний нарны толь харагдсан. Тэрийг авчирч зарж мөнгө болгоё гэж хэлсэн чинь харин яаядаа гэж байснаа за тэгье авчраад зарагдах болов уу ямар үнэ ханшаар зарах вэ ? гэхээр нь хэрвээ авчирвал айлуудад хэрэгцээ байлгүй дээ өөрөөр мөнгө зээлэх хүн олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо 19-20 цагийн хооронд Ханбогд сумаас Энх-Амгалангийн эзэмшлийн 64-11 ӨМӨ улсын дугаартай тоёото надиа /toyoto nadia/ маркийн авто машинтай 2-лаа гарч яваад 90 км зогсоолын цаана байдаг антен дээр очоод наад доор нь машинаа зогсоод 2 лаа машинаасаа буугаад машинаа орхиод толь авч болох нь уу гээд камер байна уу үгүй юу, гагнаатай байдаг юм уу яаж тогтоосон бол гээд эхлээд явган гарч үзэхэд камергүй юм шиг боолтоор тогтоосон байхаар нь Энх-Амгалан доошоо буугаад автомашинаа унаад гарч ирсэн. Тэгээд торных нь доогуур ороод 2-лаа эвсээд боолтыг нь тайлж салгаж 10 ширхэг нарны толь аваад машиндаа ачаад доошоо буугаад зам гараад цаг харахад 00 цаг өнгөрч байсан. Тэгээд замдаа явж байхад нөгөө тольнууд хоорондоо харшилдаад байхаар нь зогсож янзлаад яваа байгаад сум руу ороход 05-06 цаг болж байсан. Тэгээд би гэрийнхээ гадаа буухдаа 5 ширхэг нарын толь авч үлдсэн. Үлдсэн 5 ширхэг нарны толийг Энх-Амгалан авч явсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 12 сарын 18-ний өдөр Багахүү гэдэг хүнд 160.000 төгрөг, нэг ямааны гулууз махаар өгсөн. Мөн 2016 оны 12 сарын 24-ний өдөр Отгончулуун гэх залууд 150.000 төгрөгөөр бодож өрөнд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/

И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ үгүйсгээгүй өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 65-69, 70-71, 74-77, 79-80 дугаар хуудаст/,

Шүүгдэгч И.Сонинболдын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-82 дугаар хуудас/

Шүүгдэгч И.Сонинболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/

Шүүгдэгч И.Сонинболдын ажил байдлын талаар гаргасан ажил олгогчийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 84 дүгээр хуудас/

 Шүүгдэгч Г.Энх-Амгалангийн иргэний үнэмлэх болон жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 91 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.Энх-Амгалангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Энх-Амгалангийн ажил байдлын талаар гаргасан ажил олгогчийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 95-97 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн Б-3/05 дугаартай албан бичиг /хх-ийн 98 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 1/45 дугаар албан бичиг /хх-ийн 99 дүгээр хуудас/

Шүүгдэгч нарын арилжааны банкинд эзэмших дансны мэдээлэл /хх-ийн 101-119 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 03 дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 121-122 дугаар хуудас/

Хохирогч “Мобиком корпораци” ХХК-ийн гаргасан гэмтэл саатлын акт, хөлсөөр ажиллах гэрээ, сайт хариуцагчийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /123-141 дүгээр хуудас/

Хохирогч “Мобиком корпораци” ХХК-ийн хууль эрх зүй, бодлого зохицуулалтын газрын захирал Ц.Энхбатын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 12/1142 дугаартай хохирол төлбөр барагдсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй тухай албан бичиг /хх-ийн 144 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

И.Сонинболд, Г.Энх-Амгалан нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахай зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Мобиком корпораци” ХХК-ийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Дах Уул” сайтаас 10 ширхэг нарны толийг Toyota Nadia маркийн 64-11 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тусгайлан бэлтгэсэн багаж болох бахь, түлхүүр зэргийг хэрэглэж хулгайлан, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн буюу “бага бус” хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэн нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Г.Энх-Амгалангын эзэмшлийн 64-11 ӨМӨ улсын дугаартай, 1998 онд Япон улсад үйлдвэрлэсэн, хар өнгийн Тоёото Надиа /Toyoto Nadia/ маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулж, №00369504 дугаартай уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан нарны хагархай толь 1 ширхэг, 1 ширхэг бахь, 2 ширхэг түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 хос гутлыг И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарт буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сайхангомбо овогт Ишигийн Сониноболд, Моёо овогт Ганболдын Энх-Амгалан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарыг тус бүр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан И.Сонинболд, Г.Энх-Амгалан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар 64-11 ӨМӨ улсын дугаартай, 1998 онд Япон улсад үйлдвэрлэсэн, Тоёото Надиа /Toyoto Nadia/ маркийн тээврийн хэрэгсэл, №00369504 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг улсын орлогод оруулж, мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг нарны хагархай толь, 1 ширхэг бахь, 2 ширхэг түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 хос гутлыг ялтан И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарт хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтнуудад сануулсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Сонинболд, Г.Энх-Амгалан нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтнуудад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БАТТУЛГА