Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 110

 

“Э-И” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00827/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалж шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 929 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Э-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Н-д холбогдох

“3.956.250 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй, “2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Туяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “Э-И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э-И” ХХК нь Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хариуцагч Г.Н-д холбогдуулан ДАУ1115 дугаартай зээлийн гэрээ болон федуцын гэрээ байгуулж үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү 137.500 төгрөг, алданги 1.318.750 төгрөг нийт 3.956.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл нь Дархан-Уул аймгийн Ялалт ломбардад 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ДАУ 1115 дугаартай зээлийн болон федуцын гэрээ байгуулж гэрээгээр дараах зүйлийг харилцан тохиролцсон байна. Зээл 2.500.000 төгрөг, хугацаа 8 сар зээлийн хүү нэг сарын 5,5 хувь, алданги хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувь тооцохоор гэрээг тохиролцож байгуулсан. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч хугацаандаа зээлээ төлөөгүй бол зээлийн гэрээний 7.2 зүйлийн дагуу зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн хугацааг 14 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн 7.6-д хуурамч бичиг баримт ашиглаж баримт бичгийн хуурамчаар үйлдэж зээл авсан нь илэрсэн бол зээлийн гэрээг цуцална гэсэн заалтын дагуу Г.Н-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалсан байгаа. Мөн зээлийн гэрээний 7.8-д зааснаар зээлдүүлэгч нь дээрх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнөх цуцлах тохиолдолд барьцаалсан хөрөнгө болон зээлдэгчийн барьцаанаас өөр бусад эд хөрөнгөөр төлбөрийг үл маргах журмаар гаргуулна гэснийг үндэслэн зээлдэгч Г.Н-аас иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг үндэслэн хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах үндэслэлгүй гэсэн байдаг. Г.Н-тай байгуулсан гэрээ нь дээрх хуулийн шаардлага хангасан гэрээг юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзын алданги гэнэ гэснийг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү 137.500 төгрөгийн нийлбэрээр алданги тооцон 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх алдангийн нэхэмжилж байна. Тухайн үед зээлийн гэрээ байгуулах үед өөрийн биеэр ирж гэрээ байгуулан өөрийн дансанд зээлийн мөнгийг хүлээн авсан байдаг. Мөнгө буюу эд зүйлийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсан байх тул 3.956.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Б.М- над руу утсаар залгаж миний машины бичиг баримтыг авто ломбардад өөрийн нэр дээр барьцаанд тавьж 2.500.000 төгрөгийн зээл авч өгөөч гэж надаас хэд хэдэн удаа гуйсны эцэст би зөвшөөрсөн. Б.М- өөрийнхөө нэр дээр зээлтэй учраас барьцаанд машинаа тавьж зээл авч болохгүй байна гэж хэлж байсан. Б.М- би чамайг хохироохгүй сар бүр зээлээ би төлнө гэсэн болохоор нь итгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Б.М- микро районы автобусны буудлын хажууд байдаг дэлгүүрийн АТМ-ээс миний дансанд байсан 2.485.200 төгрөгийг авч өөрийнхөө данс руу өдөрт нь шилжүүлж авсан. Би нэг ч төгрөг аваагүй. Хаан банкны төв дээр очиж лавлахад бичлэг нь байгаа гэж хэлсэн болохоор би хадгалуулсан, хуулийн байгууллагад өгнө гэсэн. Б.М- 10 хоногийн өмнө над руу утсаар зээлээ төлж байгаа Б.Б-, О.Д- нар мөнгийг нь дундаас нь авсан гэж ярьсан. Тухайн үед Б.Б-, О.Д- нар Ялалт авто ломбардад ажилладаг байсан бүх бичиг баримтыг энэ 2 хүн хөөцөлдөж бүрдүүлсэн. Би хуурамч бичиг баримт ашиглаж эсхүл баримт бичгийг хуурамчаар үйлдэж зээл аваагүй. Зээлийн барьцаанд тавигдсан машиныг огт мэдэхгүй, үзэж хараагүй. Зээлийн барьцаанд тавьсан Ниссан Хтриал маркийн 5988 дах улсын дугаартай автомашиныг нуун дарагдуулаагүй, миний машин биш, Б.М-ын машин учраас хаана байгааг нь мэдэж байгаа. Одоо Б.М-, Б.Б-, О.Д- нар нийлж Ялалт ломбардад байхгүй машиныг байгаа мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн залилах гэмт хэрэгт холбогдон цагдаагийн газар шалгагдаж байгаа. Б.М- намайг хуурч гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээ нь залилах гэмт хэргийн арга хэрэгсэл болж ашиглагдсан тул би мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Г.Н-, өмгөөлөгч Ж.Туяа нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Г.Н- О.Д-, Б.Б-, Б.М- нарт залилуулж, хуурч мэхлэх замаар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан учир хуурч мэхлэх замаар хийгдсэн гэрээ учир хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хууран мэхлэх асуудал яригдаж байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл дээр “2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Б.М- над руу утсаар яриад миний машины бичиг баримтыг авто ломбардад өөрийн нэр дээр барьцаанд тавьж 2.500.000 төгрөгийн зээл авч өгөөч гэж надаас хэд хэдэн удаа гуйсны эцэст би зөвшөөрсөн. Б.М- өөрийнхөө нэр дээр зээлтэй учраас барьцаанд машинаа тавьж зээл авч болохгүй байна гэж хэлж байсан. Б.М- би чамайг хохироохгүй сар бүр зээлээ би төлнө гэсэн болохоор нь итгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Б.М- микро районы автобусны буудлын хажууд байдаг дэлгүүрийн АТМ-ээс миний дансанд байсан 2.485.200 төгрөгийг авч өөрийнхөө данс руу өдөрт нь шилжүүлж авсан. Би нэг ч төгрөг аваагүй. Хаан банкны төв дээр очиж лавлахад бичлэг нь байгаа гэж хэлсэн болохоор би хадгалуулсан, хуулийн байгууллагад өгнө гэсэн. Б.М- 10 хоногийн өмнө над руу утсаар зээлээ төлж байгаа Б.Б-, О.Д- нар мөнгийг нь дундаас нь авсан гэж ярьсан. Тухайн үед Б.Б-, О.Д- нар Ялалт авто ломбардад ажилладаг байсан бүх бичиг баримтыг энэ 2 хүн хөөцөлдөж бүрдүүлсэн. Би хуурамч бичиг баримт ашиглаж эсхүл баримт бичгийг хуурамчаар үйлдэж зээл аваагүй. Зээлийн барьцаанд тавигдсан машиныг огт мэдэхгүй, үзэж хараагүй. Зээлийн барьцаанд тавьсан Ниссан Хтриал маркийн 5988 дах улсын дугаартай автомашиныг нуун дарагдуулаагүй, миний машин биш, Б.М-ын машин учраас хаана байгааг нь мэдэж байгаа. Одоо Б.М-, Б.Б-, О.Д- нар нийлж Ялалт ломбардад байхгүй машиныг байгаа мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн залилах гэмт хэрэгт холбогдон цагдаагийн газар шалгагдаж байгаа. Б.М- намайг хуурч гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээ нь залилах гэмт хэргийн арга хэрэгсэл болж ашиглагдсан тул би мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 929 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Н-аас 3.956.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э-И” ХХК-д олгож, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-аас 78.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Туяа давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “Э- И” ХХК-ийн Дархан-Уул аймгийн “Ялалт” ломбард хуурамч зээл гаргаж мөнгө завшсан Б.Б-, О.Д-, Б.М- нарын талаар Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт гомдол гаргасан. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181800291 дугаартай мөрдөгчийн тогтоолоор “Э-И” ХХК-ийн Дархан-Уул аймгийн “Ялалт” ломбардын ажилтан нар хуурамч зээл гаргаж мөнгө завшсан талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад иргэний хэргийн шүүх Г.Н-аас үндсэн зээл 2.500.000 төгрөг, нэхэмжилсэн нэг сарын хүү 137.500 төгрөг нийт 2.637.500 төгрөгийн үндсэн үүрэгт алданги тооцож 1.318.750 төгрөг нийт 3.956.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э-И” ХХК-д олгох нь зүйтэй гэж тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх этгээдүүд Г.Н-ыг хууран мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийн баримтуудаар зохигчдын дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогджээ.

            Хэргийн 5 дугаар талд авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр  “Э-И” ХХК  нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхийг авсан нь нотлогдож байна.

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Э-И” ХХК-ийн Ялалт авто ломбард нь Г.Н-тай барьцаалдан зээлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний агуулга нь  Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасантай нийцэж байна.

            Иймд хүчин төгөлдөр гэрээнээс үүдэлтэй шаардах эрх нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу “Э-И” ХХК-д Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар үүсэхээр байх тул анхан шатны шүүх  зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Б.Батчулуу, О.Д-, Б.М- нарт мөрдөгчийн тогтоолоор хуурамч зээл гаргаж мөнгө завшсан талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулж байхад иргэний журмаар Г.Н-д зээлийг хариуцуулж шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй.

Дээрх этгээдүүд Г.Н-ыг хууран мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээл зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хүү, алданги нэхэмжилж,  харин хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж  үндэслэлдээ “...Б.М- над руу утсаар залгаж миний машины бичиг баримтыг авто ломбардад өөрийнхөө нэр дээр барьцаанд тавьж 2.500.000 төгрөгийн зээл аваад өгөөч  гэж хэд хэд гуйхад нь би зөвшөөрсөн. Б.М- өөрийнхөө нэр дээр зээл авсан учир болохгүй байна би чамайг хохироохгүй зээлээ сар бүр төлнө гэхээр нь би итгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж уг үйл баримтыг нотолж зээлийн мөнгийг Б.М-ад өгсөн талаар тайлбарласныг Б.М- маргаагүй байна.

            Иймд  дээрх үйл баримтаас Г.Н- нь өөрийн нэр дээр гэрээ байгуулж бусдад зээл авч өгсөн болон зээлийн гэрээний үүргийг өөрөө хүлээж харин зээлийн мөнгийг түүний нэрийн өмнөөс өөр этгээд төлөх эрсдэлийг ойлгож уг гэрээг байгуулсан  байдал тогтоогджээ.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй  гэсэн нь тухайн тохиолдолд нийцэхгүй байна.

Хэргийн үйл баримтаас зээлийн гэрээг Ялалт ломбардтай Г.Н- байгуулсан бөгөөд эдгээр нь хэлцлийн талууд болох юм.

Харин Г.Н-ы намайг хууран мэхэлсэн гэж үзэж маргаж байгаа этгээд нь Б.М- бөгөөд тэр хоёрын дунд иргэний эрх зүйн үүрэг бий болгосон хэлцэл байгуулагдаагүй.

            Тодруулбал зээлийн гэрээний үүрэг бий болоогүй байна. Иймд Г.Н-д Б.М-ад залилуулсан гэдэг үндэслэлээр ломбардтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрх байхгүй байна.

Хуулийг хууран мэхэлж хэлцэл хийсэн гэдэгт хэлцлийн нэг тал нөгөө талаа хуурч төөрөгдүүлэх замаар хэлцэл хийснийг ойлгох үндсэн зарчим нь тухайн тохиолдолтой нийцэхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн зээлийн гэрээг байгуулсан ломбардын ажилтан болон Б.М- нарыг эрүүгийн журмаар шалгаж байгаа байдал нь тухайн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг иргэний журмаар шийдвэрлэхэд саад болохгүй юм.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 929 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Н-аас 3.956.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э-И” ХХК-д олгож, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг

“Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.1, 286 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Н-аас 3.956.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э-И” ХХК-д олгож, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.200 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                             

   

                                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ