Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2021/02314

 

2021 09 23 184/ШШ2021/02314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум,  баг, Алаг толгой  тоот хаягт байрлах Алтайн буйлааст ХХК /РД:4061489/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Тахилт гудамж, 79 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Сурмаахоролын Батдэмбэрэл /РД:ЙЛ76071917/

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 110 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, хариуцагч С.Батдэмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир, Ц.Баяртогтох, Б.Даваажанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтайн буйлааст ХХК нь Монгол улсын Засгийн газартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл-ийг хэрэгжүүлэх Концессын гэрээ байгуулсан Рич голден буллс эдукэшн ХХК-ийн туслан гүйцэтгэгч Тоёо ХХК-ийн захирал С.Батдэмбэрэл гэгчтэй уулзаж уг компанийн барих байсан Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2 200 000 000 төгрөгөөр барихаар 2017 оны 05 сарын 31-ний өдөр 72 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Гэрээгээр барилгын ажлыг манай компани туслан гүйцэтгэх, шаардлагатай санхүүжилтийг гүйцэтгэгч Тоёо ХХК, захиалагч Рич голден булсс эдукэшн ХХК хариуцан гаргахаар тохиролцсон. Гэрээ байгуулах үед Тоёо ХХК-ийн захирал С.Батдэмбэрэл тендерийн баталгаанд нийт төсвийн 5 хувь буюу 110 000 000 төгрөг байршуулах шаардлага тавьсан. Бид гэрээ байгуулсан өдрөө бусдаас зээл авч С.Батдэмбэрэлийн өгсөн Хаан банкны данс руу 110 000 000 төгрөгийг Алтайн буйлааст ХХК-ийн инженер Ё.Очирчуулганы дансаар шилжүүлсэн бөгөөд шилжүүлэх үед С.Батдэмбэрэлийн өгсөн Хаан банкны данс нь түүний хувийн данс гэдгийг мэдээд түүнээс тодруулж асуухад тэрээр асуудал байхгүй гэсний дагуу гэрээ байгуулахын тулд аргагүйн эрхэнд шилжүүлсэн. Ажлаа эхлэхэд дээрх компаниуд хөрөнгөө өөрсдөө гаргаад барилгын ажлаа эхлүүлж бай, хөрөнгө оруулалтыг нөхөж олгоно гэсний дагуу манай компани өөрийн нөөц боломж, банк, банк бусын зээлээр 1 056 000 000 төгрөгийн хөрөнгө гаргаж барилгын ажлыг 30 хувийн гүйцэтгэлтэй болгоод ажил зогсоод байна. Хөрөнгө оруулалт хийх үүргээ зөрчсөн учир манай компани тендерийн баталгаанд тавьсан 110 000 000 төгрөг өгөхийг Тоёо ХХК-аас шаардахад манай тендерийн баталгаанд шилжүүлсэн мөнгийг уг компанийн захирал С.Батдэмбэрэл хувьдаа завшиж, үрэгдүүлсэн байсан. Энэ асуудлыг бид цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж, араас нь 1 жил 6 сар хөөцөлдсөн боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул иргэний шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхэд хүрлээ. Анх "Алтайн буйлааст" ХХК нь С.Батдэмбэрэлд холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хариуцагч С.Батдэмбэрэлээс 110 000 000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн.

"Алтайн буйлааст" ХХК 2017 онд С.Батдэмбэрэлтэй уулзахад тэрээр Концессын гэрээ үзүүлсэн ба бид концесс эзэмшигчийн хөрөнгөөр барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн ойлголтоор уг ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн үед концесс эзэмшигч нь "Рич голден буллс эдукэшн" ХХК байсан. Манай компани энэ ажлыг анх авахдаа захиалагч нь "Рич голден буллс эдукэйшн" ХХК, туслан гүйцэтгэгч нь "Тоёо" ХХК гэж ойлгосон. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т хөрөнгийг үе шаттайгаар буюу 30, 30, 20, 15 хувиар санхүүжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 2 200 000 000 төгрөгийг "Рич голден буллс эдукэшн" ХХК-аар дамжуулан "Тоёо" ХХК нь "Алтайн буйлааст" ХХК-д олгож, тус хөрөнгөөр "Алтайн буйлааст" ХХК барилга барьж, барилгыг "Тоёо" ХХК-д хүлээлгэх, "Тоёо" ХХК цааш нь "Рич голден буллс эдукэшн" ХХК-д хүлээлгэж, тооцоогоо хийх юм байна гэсэн ойлголтоор гэрээ байгуулсан. Гэрээний дагуу "Тоёо" ХХК-аас хөрөнгө оруулалтыг шаардаж эхлэхэд манай компанид хамааралгүй, концесс эзэмшигч нь "Рич голден буллс эдукэшн" ХХК гэдэг асуудал яригдаж, судлаад үзтэл "Рич голден буллс эдукэшн" ХХК нь туслан гүйцэтгэгч "Тоёо" ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй байсан. Өөрөөр хэлбэл "Тоёо" ХХК нь "Рич голден буллс эдукэшн" ХХК-ийн өмнөөс "Алтайн буйлааст" ХХК-тай харилцах ямар нэгэн эрхгүй байсан. "Тоёо" ХХК нь концесс эзэмшигч бус тул "Алтайн буйлааст" ХХК-д хөрөнгө оруулах, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхгүй байсан. Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т концесс эзэмшигч туслан гүйцэтгэгч шалгаруулж болно, 32 дугаар зүйлийн 32.1-т концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэж зааснаар концесс эзэмшигч нь "Рич голден буллс эдукэшн" ХХК, эрх бүхий этгээд нь Үндэсний хөрөнгө оруулалтын газар бөгөөд "Рич голден буллс эдукэшн" ХХК, Засгийн газартай зөвшилцөж, барилга барих эрхийг шилжүүлсэн талаар ямар ч гэрээ байхгүй, Концессын тухай хуульд заасан харилцаа бий болоогүй учир "Тоёо" ХХК буюу С.Батдэмбэрэл нь "Алтайн буйлааст" ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй. 2019 оны 06 сарын 19-ний өдөр Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор Концессын гэрээ цуцлагдсан. Ингээд "Алтайн буйлааст" ХХК нь өөрийнхөө хөрөнгөөр 40, 50 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьсан атал "Тоёо" ХХК нь өөрт хамааралгүй, "Рич голден буллс эдукэшн" ХХК-ийн концессын гэрээ нь хүчингүй болж, дунд нь манай компани хохирлоо. Би "Рич голден буллс эдукэшн" ХХК-ийн захирал С.Үүрцайхыг эрүүгийн хэрэгт өмгөөлж байсны хувьд сайн мэднэ, түүний буруутай, хууль бус ажиллагаанаас болж ийм асуудал үүссэн. С.Батдэмбэрэлийн зуучлалын гэрээ байгуулж дундаас нь зуучилсны хөлсөө авсан гэх тайлбар Концессын тухай хуульд нийцсэн байх ёстой. Хариуцагч нь өөрийн хувийн дансаар 110 000 000 төгрөгийг хүлээж авсантайгаа маргахгүй, "Тоёо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Өлзийбаярт 72 000 000 төгрөг өгсөн гэдгээ тайлбарлаж байна.

Хамгийн гол нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнд концесс эзэмшигч гарын үсэг зурж, баталгаажуулаагүйд оршино. "Рич голден буллс эдукэшн" ХХК-ийн захирал С.Үүрцайх нь туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг "Тоёо" ХХК-д олгосноос бус "Тоёо" ХХК-д туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, гүйцэтгэлийн баталгааг өөртөө авах эрхийг олгоогүй. "Алтайн буйлааст" ХХК болон С.Батдэмбэрэл нарын хооронд 110 000 000 төгрөг шилжүүлэх үүрэг үүсээгүй, харин "Алтайн буйлааст" ХХК нь гэрээний дагуу "Рич голден буллс эдукэшн" ХХК-ийн дансанд 5 хувийг шилжүүлэх үүрэгтэй байсныг С.Батдэмбэрэл нь далимдуулж 110 000 000 төгрөгийг хувьдаа завшсан. Тиймээс хууль бусаар олж авсан буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн С.Батдэмбэрэлээс 110 000 000 төгрөгийг гаргуулж, "Алтайн буйлааст" ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Рич голден буллс эдукэшн ХХК-ийн барилга хариуцсан захирлаар ажиллах байх үед 2015 оны 02 сарын 18-ны өдөр Засгийн газар болон Рич голден буллс эдукэшн ХХК-ийн хооронд концессын гэрээ байгуулагдсан. Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Ерөнхий захирал С.Үүрцайх нь гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт барих 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 2 200 000 000 төгрөгөөр гүйцэтгэх ажлыг би чамд цалин хөлс өгч чадахгүй байгаа учраас танай Тоёо ХХК-д энэ ажлыг хийж гүйцэтгэх эрх өгье гэх санал тавьсан.

Би тухайн үед Тоёо ХХК-ийн 50 хувийн хувьцааг, Д.Өлзийбаяр 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан, С.Үүрцайхын ажлын саналын талаар Д.Өлзийбаяртай ярилцаж, саналыг хүлээн авч, Тоёо ХХК нь Рич голден буллс эдукэшн ХХК-тай 2017 оны 06 сарын 02-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ /туслан гүйцэтгэгчийн гэрээ/ байгуулсан. Гэтэл манай Тоёо ХХК нь тус ажлыг хийж гүйцэтгэхэд санхүүгийн хувьд боломжгүй, мөнгөгүй, санхүүжилт хайгаад олоогүй учир Д.Өлзийбаяр бид санхүүжилт олж чадахгүй байгаа юм чинь өөр санхүүгийн хувьд боломжтой, мөнгөтэй компанид авсан ажлаа зарахаар тохиролцож, 2017 онд миний танил Я.Хоролоор дамжуулан Алтайн буйлааст ХХК-ийн захирал Н.Бадрахтай уулзахад тэрээр барилгын ажлыг авах санал тавьсан. Тэгэхээр нь би барилгын ажлын бичиг, баримтыг үзүүлж, энэ ажлыг шилжүүлж өгч болно, би Рич голден буллс эдукэшн ХХК-ийн барилга хариуцсан захирал, манай Тоёо ХХК-д энэ тендерийн ажлыг хийж гүйцэтгэх эрх нь байгаа, гэхдээ эхлээд 2 200 000 000 төгрөгийн тендерийн ажлаа шууд танай компанид шилжүүлэх учраас ажил шилжүүлж өгсний хөлсөнд ажлын 5 хувь буюу 110 000 000 төгрөг авна, 110 000 000 төгрөг өгсөн тохиолдолд би Рич голден буллс эдукэшн ХХК-ийн барилга хариуцсан захирлын хувьд танай компанитай барилга барих гэрээг хийснээр танай компанид ажлил гүйцэтгэх эрх үүснэ гэж хэлсэн. Үүнийг Н.Бадрах зөвшөөрч ажил шилжүүлж авсан хөлс 110 000 000 төгрөгөө шилжүүлээд дараа нь гэрээ байгуулахаар болж Алтайн буйлааст ХХК-аас 110 000 000 төгрөгийг С.Батдэмбэрэл миний данс руу шилжүүлсэн, иймээс харилцаж тохиролцсоны дагуу Алтайн буйлааст ХХК нь Рич голден буллс эдукэшн ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Б.Өлзийбаяр бид хоёр барилгын ажлаа зарсан 110 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг нь компани олж зуучилсны хөлсөнд Я.Хоролд өгөөд, үлдсэн мөнгөнөөс Д.Өлзийбаярт 72 000 000 төгрөгийг нь өгсөн. Хэрэв Рич голден буллс эдукэшн ХХК-д байршуулах ёстой тендерийн баталгааг би авч хувьдаа ашигласан бол надаас энэ мөнгийг шаардах ёстой, гэтэл ийм зүйл байхгүй. Тухайн үед ажлаа шилжүүлж өгөөд л Тоёо ХХК, Алтайн буйлааст ХХК нарын хоорондын харилцаа дуусгавар болсон. Манай компани 2 200 000 000 төгрөгийн ажлаа танихгүй хүнд ямар ч үнэ төлбөргүй шууд өгнө гэж байхгүй, үүнийг хэн хэн нь мэдэж байгаа, тухайн үед Алтайн буйлааст ХХК-ийн захирал Бадрах Рич голден буллс эдукэшн ХХК-ийг огт мэдэхгүй, ямар ч холбоо харилцаа байхгүй байсан. Би тэр үед барилга хариуцсан захирал нь байсан учраас надаар дамжуулж энэ ажлыг олж авсан байдаг. Манай "Тоёо" ХХК-д олгогдсон ажлыг "Алтайн буйлааст" ХХК-д өгөхөөр тохирсон учраас 110 000 000 төгрөгийг хувийнхаа дансаар авсан. Хэрэв манай компанид 5 хувь өгөхгүй байсан бол би "Алтайн буйлааст" ХХК-тай гэрээ байгуулахгүй байх байсан. Би "Алтайн буйлааст" ХХК-ийн захирлыг огт танихгүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад анх удаа уулзсан, Н.Бадрахтай гэрээ байгуулснаар миний зуучлалын ажил дууссан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Алтайн буйлааст ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 110 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч С.Батдэмбэрэл хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Засгийн газрын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 49 дүгээр тогтоолоор Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл-ийн концессын гэрээг Рич голден буллс эдукэшн ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгожээ. /хэргийн 95 тал/

Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар, Рич голден буллс эдукэшн ХХК нь 2015 оны 02 сарын 18-ны өдөр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулсан. /1 дүгээр хавтаст хэргийн 247-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-11 тал/

Засгийн газрын тогтоол, Концессын гэрээг үндэслэн Тоёо ХХК-ийн Ерөнхий захирал С.Батдэмбэрэл, Алтайн буйлааст ХХК-ийн захирал Н.Бадрах нар баталж, ерөнхий захиалагч Рич голден буллс эдукэшн ХХК-ийг төлөөлж, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан захирал Ч.Амартүвшин, гүйцэтгэгч Алтайн буйлааст ХХК-ийг төлөөлж, инженер Ё.Очирчуулган нар 2017 оны 05 сарын 31-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээ байгуулж, захиалагч Тоёо ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр, гүйцэтгэгч Алтайн буйлааст ХХК-ийн инженер Я.Хорол нар гарын үсэг зурсан байна. /хэргийн 8-11 тал/

Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн Концессын гэрээ цуцлах тухай 240 дүгээр тогтоолоор Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй Рич голден буллс эдукэшн ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг холбогдох этгээдэд даалгажээ. /хэргийн 122 тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж "Алтайн буйлааст" ХХК болон С.Батдэмбэрэл нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүсээгүй тул 110 000 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж Алтайн буйлааст" ХХК-д барилгын ажлаа зарсан, зуучлалын хөлс гэж 110 000 000 төгрөг авснаар гэрээний харилцаа дууссан гэж тайлбарлажээ.

Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлж болох бөгөөд тухайн ажил, үйлчилгээний чанар,  гүйцэтгэлийг концесс эзэмшигч хариуцна, 32 дугаар зүйлийн 32.1-т  Хууль, концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэж тус тус заажээ. Засгийн газар, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн 2015 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ-ний 2.11-т Төслийг хэрэгжүүлэх зорилгоор аливаа гуравдагч этгээд, барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллах нь Концесс эзэмшигчийг Эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд Концесс эзэмшигч нь тэдгээрийн үйлдэл, эс үйлдлийн төлөө Эрх бүхий этгээдийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан нь Концессын тухай хуулийн 26, 32 дугаар зүйлтэй нийцэж байна.

Концесс эзэмшигч Рич голден буллс эдукэшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Үүрцайх 2017 оны 05 сарын 10-ны өдөр тус компанийн эзэмшиж буй Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, Нарийний ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын концессын ажилд туслан гүйцэтгэгчээр өөр хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллуулах, зуучлах эрхийг Тоёо ХХК-д олгожээ. /2 хавтаст хэргийн 21 тал/

Барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээнд ерөнхий захиалагч Рич голден буллс эдукэшн ХХК-ийг төлөөлж Тоёо ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр гарын үсэг зурсан нь Рич голден буллс эдукэшн ХХК-аас Тоёо ХХК-д олгосон эрхийн дагуу гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлтэй.

Рич голден буллс эдукэшн ХХК нь Концесс эзэмшигчийн хувьд хууль болон гэрээнд заасан Концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлэх эрхийн хүрээнд Тоёо ХХК-д эрх шилжүүлсэн, эрх шилжүүлэн авсан Тоёо ХХК нь Алтайн буйлааст ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэстэй байна. Гагцхүү эрхээ шилжүүлэх болон гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээдийн зөвшөөрөл авах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл Концесс эзэмшигч Рич голден буллс эдукэшн ХХК нь концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил, үйлчилгээг Тоёо ХХК-аар гүйцэтгүүлэх эрхтэй боловч эрх бүхий этгээд болох Хөрөнгө оруулалтын газрын даргын зөвшөөрөл аваагүй нь Концессын тухай хуулийн 26, 32 дугаар зүйл, Концессын гэрээний 2.11-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Мөн барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлээр зохицуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохоор байна.

 

Нөгөө талаар Засгийн газраас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй Рич голден буллс эдукэшн ХХК-тай байгуулсан концессын гэрээг 2019 онд цуцалсан тул концессын гэрээг үндэслэн 2017 онд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээг хүчин төгөлдөр гэх үндэсгүй болох нь давхар тогтоогдсон гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ. Зохигчид 110 000 000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан тухайд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Алтайн буйлааст ХХК нь 110 000 000 төгрөгийг хариуцагчийн хувийн данс рүү шилжүүлснээр түүний эд хөрөнгө багассан, хариуцагч С.Батдэмбэрэл нь 110 000 000 төгрөгийг бусдын зардлаар олж авснаар түүний эд хөрөнгө нэмэгдсэн, барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул талуудын хооронд үүрэг үүсээгүй гэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчид нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан тул зуучлалын хөлс 110 000 000 төгрөг төлөх үндэсгүй гэх тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Зуучлалын гэрээний үндсэн шинж нь гурвалсан гэрээний харилцаа үүссэн байх шаардлагатай ба нэг талаас зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ байхад нөгөө талд нь зуучлалаар гуравдагч этгээдтэй байгуулсан үндсэн гэрээ байдаг. Тодруулбал Рич голден буллс эдукэшн ХХК, Тоёо ХХК, Алтайн буйлааст ХХК-ийн хооронд ямар нэг зуучлалын гэрээ байгуулагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх талуудын хүсэлтийг хангаж, нэр бүхий иргэдийг гэрчээр асуусан. Гэрч Д.Өлзийбаяр ... худалдах-худалдан авах гэрээний дагуу 110 000 000 төгрөгөөр ажлаа зарсан ..., гэрч Я.Хорол ... Бадрах, Батдэмбэрэл нар уулзаад ... ажлын 10 хувь гэж тохироод гэрээ байгуулсан ... гэрч Н.Бадрах, гэрч Ё.Очирчуулган нар 110 000 000 төгрөгийг гүйцэтгэлийн баталгаа, тендерийн баталгаа гэж өгсөн гэж тайлбарлажээ. /хэргийн 178, 180, 183, 186 тал/

Гэрчүүдийн тайлбараар 110 000 000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн, авсан гэж дүгнэх бөгөөд хэрэгт авагдсан Концессын гэрээг цуцалсан, барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч өгсөн зүйлээ /110 000 000 төгрөг/ буцаан шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Батдэмбэрэлээс 110 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Алтайн буйлааст ХХК-д олгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батдэмбэрэлээс 707 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Алтайн буйлааст" ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Батдэмбэрэлээс 110 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Алтайн буйлааст ХХК-д олгосугай.

2.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 184/ШЗ2021/00677 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батдэмбэрэлээс 707 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Алтайн буйлааст" ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР