| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2022/02242/И |
| Дугаар | 001/ХТ2024/00193 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2024/00193
“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01007 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01044 дүгээр магадлалтай
“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй,
“Т ” ХХК, “СС” ХХК, Т, Б, О нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4,978,382,888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагч Т, хариуцагч нарын өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХК хариуцагч “Т ” ХХК, “СС” ХХК, Т, Б, О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,978,382,888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01007 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Т ” ХХК, “СС” ХХК, О, Т, Б нараас зээлийн гэрээний үүрэг 4,177,649,555 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800,733,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Т ” ХХК, “СС” ХХК, О, Т, Б нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын гудамж, Хансвилл хотхон 000 тоот хаягт байршилтай, 1,273.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын гудамж, Хансвилл хотхон 000 байр, зоорийн давхрын 215.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Э-2200000болон нэгж талбарын 2222222 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улс гудамж 378 м.кв талбай бүхий орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газар, Б-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000038 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 103 байр, 000 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хөдлөх хөрөнгө буюу эмнэлгийн бараа материал, тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 25,506,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК, “СС” ХХК, О, Т, Б улсын тэмдгийн хураамжид 21,116,398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01044 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,161,617 төгрөгийг улсын орлогод шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй.Иргэний хууль болон бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг шүүх нэгэнт цуцлагдсан гэрээнд үүрэг тооцохгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү 800,733,333 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “… зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэсэн заалт нь нэхэмжлэгчийн энэ шаардлагад хамаарахгүй.
Анхан шатны шүүх зээлдэгчийн гэрээний хугацаанд төлөх төлбөрийг нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад үндэслэж шийдвэрлэсэн тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй болно.” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлд хамаарахаар байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээ бусад харилцааны төсөөтэй хэрэглэж үл болно.” гэж, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…зээлийн гэрээний хугацаа дуусан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж, талуудын хооронд байгуулсан 2018.12.26-ны өдрийн ЗГ/201844043865 дугаар зээлийн гэрээний 2.4.3-д “Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд багтаан зээлээ төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө.” гэж гэрээгээр тохиролцсон.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1999 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагад хамаарахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү … төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ.”, “Гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиролцсон хувиар тооцож төлөхийг хэлнэ.” гэж тус тус тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4, 2.1.5-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 16,8 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д заасан шаардлагыг хангасан. Иймд давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.17-ны өдрийн 210/МА2024/01044 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.12-ны өдрийн 001/ШХТ2024/00988 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч “Х” ХК хариуцагч Т ” ХХК, “СС” ХХК, Т, Б, О нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4,978,382,888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ,
“... “Т ” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч О, Т, Б нартай 2018.12.26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 3,000,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улс гудамж, Хансвил хотхоны 000 тоот хаягт байршилтай 1,273 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 215.9 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, их монгол улс гудамж 103 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай 98 м.кв, 3 өрөө орон сууц, тус дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын хаягт байрлах эмнэлгийн үйлчилгээний зориулалттай 378 м.кв газар, “Т” ХХК-ийн өмчлөлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, бараа материалыг тус тус барьцаалсан, зээлдэгч нар 2022.02.16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 215,000,000 төгрөг, зээлийн хүү 137,319,418.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,439.5 төгрөг, нийт 352,330,858 төгрөг төлсөн, зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж эргэн төлөх хуваарийг өөрчилсөн боловч тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул 2023.06.16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,756,110,000 төгрөг, зээлийн хүү 2,183,041,896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,230,992 төгрөг, нийт 4,978,382,888 төгрөг гаргуулна. ” гэж,
хариуцагч Т эс зөвшөөрч, “... 2019.03.26-ны өдөр мэс засал хийх явцад хүний амь эрсдсэний улмаас Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. 2019 онд “СС” ХХК-тай хамтран ажиллаж, 2020 онд тус компанийг 100 хувь худалдаж аваад үйл ажиллагаа явуулж байтал Ковид-19 цар тахал гарч 2020, 2021 онд зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Мөн СС эмнэлэг дээр 2021.09 сард золгүй тохиолдол гарсан, нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэж тайлбарласан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...Талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2028.07.04-ний өдөр дуусах хэдий ч зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэхгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй. Нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснээр гэрээг цуцлагдсан гэж үзнэ. Гэрээ цуцлагдсанаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон, ихэсгэсэн шаардлагыг хангах үндэсгүй. Нэхэмжлэгч анх шүүхэд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4,206,539,555 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон тооцоолол үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Т” ХХК-ийн данснаас гурван удаагийн гүйлгээгээр нийт 28,890,000 төгрөгийг зээлийн төлөлтөд татан авсан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон тул хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүрэг 4,206,539,555 төгрөгөөс хасаж, үлдэх 4,177,649,555 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800,733,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангуулж, харин барьцааны зүйл гэх хөдлөх хөрөнгө буюу 66,400,000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн бараа материал, 206,512,400 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул хангах үндэслэлгүй.” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзжээ.
9. Хоёр шатны шүүх дээрх байдлаар ижил шийдвэр гаргасан хэдий ч тухайн маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн болон бусад хуулийн хэм хэмжээг зөрүүтэй хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн болно.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Х” ХК нь “Т ” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч О, Т, Б нартай 2018.12.26-ны өдөр ЗГ/201844043865 дугаартай зээлийн гэрээг байгуулж 3,000,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон гэрээнд талууд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 4 удаа сунгасан, тухай бүр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан,
дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “Х” ХК, “Т ” ХХК болон Б нарын хооронд 2018.12.26-ны өдөр БГҮ/201844043865 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон 000 тоот хаягт байршилтай, “Т” ХХК-ийн өмчлөлийн 1,273.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон 000 байр, зоорийн давхрын “Т” ХХК-ийн өмчлөлийн 215,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 103 байр, 000 тоот хаягт байршилтай, Б-гийн өмчлөлийн 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,
Мөн 2020.04.23-ны өдрийн БГҮ/201844043865/1 дугаар гэрээгээр “Т” ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн Э-2200000 болон нэгж талбарын 2222222 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол Улс гудамж 378 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалжээ.
Талуудын хооронд банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болон зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 215,000,000 төгрөг, зээлийн хүү 137,319,418.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,439.4 төгрөг, нийт 352,330,858 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 28,890,000 төгрөг тус тус төлсөн үйл баримтын талаар маргаагүй.
11. Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.
11.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.1, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт тус тус зохицуулсан.
Талуудын хооронд урт хугацаатай гэрээ байгуулагдсан, хариуцагч нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх гэрээний үүргийг зөрчсөн болох нь баримтаар нотлогдсон, үүрэг гүйцэтгүүлэгчээс зөрчлийг арилгуулахаар сануулан шаардсан боловч зөрчлийг арилгаагүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Түүнчлэн, хариуцагч “СС” ХХК, Т, Б, О нар нь дээрх зээлийн гэрээ, түүнд оруулсан өөрчлөлтийн дагуу хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцжээ.
11.2. Харин анхан шатны шүүхээс зээлдэгч нарын төлбөл зохих төлбөрийн хэмжээг тогтоохдоо зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан тул мөн хугацаанаас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй нь буруу байна.
12. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2022.02.23-ны өдрийн нэхэмжлэлийг, 2023.10.16-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хариуцагч нар гардан авсан боловч шүүх хуралдаан 2024.03.04-ний өдөр болох хүртэл ямар нэгэн хариу тайлбар, нотлох баримт гаргаж мэтгэлцэж байгаагүй ба шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй агуулгаар өмгөөлөгч нь тайлбар гаргасан боловч зээл, хүүгийн тооцоололд маргаж, өөрийн тооцооллоо гаргаагүй байна. Анхан шатны шүүх дээрх байдлыг анхаараагүйгээс гадна зээлийн харилцааг тухайлан зохицуулсан хуулийн холбогдох зохицуулалтын талаар болон талуудын гэрээний тохиролцооны талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь буруу байна.
13. Нэхэмжлэгч “Х” ХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч “Т ” ХХК, “СС” ХХК, Т, Б, О нарын гүйцэтгэх үүргийг үндсэн зээл 2,785,000,000 төгрөг, зээлийн хүү 1,421,097,692.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 441,863.01 төгрөг, нийт 4,206,539,555 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2023.06.16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,756,110,000 төгрөг, зээлийн хүү 2,183,041,896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,230,992 төгрөг, нийт 4,978,382,888 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээний заалтыг зөрчихгүй.
14. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж, 2021.07.01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.
Мөн талууд зээлийн гэрээний 2.4.3-д “Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд багтаан зээлээ төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж гэрээгээр тохиролцсон байна.
15. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч нар зээлийн эргэн төлөх хуваарийг 2021.10 сараас зөрчсөн ба нэхэмжлэгч 2022.01.10-ны өдрийн мэдэгдлээр “... танай компанийн хүсэлтээр зээл болон хүүгийн төлбөр төлөх хугацаа удаа дараа хойшлуулж байсан. Зээлийн төлбөрийг 2022.01.20-ны өдрийн дотор төлөх” талаар мэдэгдсэн боловч хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэн шүүхэд хандаж үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нийцжээ.
Иймд хариуцагч нар зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар зээлийг эргэж төлөх хүртэл хугацаагаар буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан, 2023.10.16-ны өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
16. Хариуцагч “Т ” ХХК, “СС” ХХК, О, Т, Б нарын гүйцэтгэх үүргийг тооцвол, зээл 2,756,110,000 төгрөг, зээлийн хүү 2,183,041,896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,230,992 төгрөг, нийт 4,978,382,888 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
17. Хариуцагч “Т ” ХХК болон Б нарын өмчлөлийн зүйлээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээний барьцаалуулагч тал байх тул барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон 000 тоот хаягт байршилтай, 1273,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон 000 байр, зоорийн давхрын 215,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол Улс гудамж 378 м.кв талбай бүхий орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 103 байр, 000 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01044 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т ” ХХК, “СС” ХХК, О, Т, Б нараас 4,978,382,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.” гэж, 3 дахь заалтын “21,116,398” гэснийг “25,049,864” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х” ХК нь 2024.06.13-ны өдөр 4,162,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА