Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2020/0023/З |
Дугаар | 30 |
Огноо | 2020-10-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 30
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Шинэхүү,
Хариуцагч: Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга,
“Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүхийн Б.Шинэхүү надад тушаал шийдвэргүйгээр цалин хасах сахилгын шийтгэл оногдуулсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Шинэхүү, хариуцагч Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Шинэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2011 оны 04 дүгээр сараас одоог хүртэл Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу Байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Миний ажлын байр нь нэг газар сандал ширээ тавиад суудаг ажил биш. Олон километрийн радиустай зэлүүд хөдөө нутагт ажилладаг. Гэтэл манай байгууллагын дарга Ч.Батсүх нь хувийн таагүй харилцаагаар шалтаглан, ажлын байрны дарамт үзүүлж, ажлын цаг бүртгүүлээгүй, мэдээ тайлан явуулаагүй гэх үндэслэлээр огт тушаал шийдвэр гаргахгүйгээр цалин хасах сахилгын шийтгэлийг байнга буюу тогтмол оногдуулж 2018 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 07 дугаар сарыг хүртэл 29 сарын хугацаанд миний цалинг 40-95 хувь хүртэл хэмжээгээр хассан юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу миний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах бол надад урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа хийх, намайг өөрийнхөө эрх ашгийг хамгаалах боломж олгох ёстой.
Гэтэл надад мэдэгдэж сонсох ажиллагаа хийх нь бүү хэл ямар нэгэн тушаал шийдвэр гаргахгүйгээр цалин хасах сахилгын шийтгэлийг ногдуулдаг. Энэ нь Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулна” гэснийг ноцтой зөрчсөн.
Мөн би төрийн жинхэнэ албан хаагч учраас миний ажиллах баталгаа Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах боловч энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухайн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д цалин хөлснөөс суутгал хийхдээ дундаж цалин хөлснөөс орлогын албан татварыг оролцуулахгүйгээр 20 хувь хүртэл, хүүхдийн тэтгэлэг суутгаж байгаа тохиолдолд 50 хувь хүртэл суутгал хийж болохыг зөвшөөрсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар цалин хасах сахилгын шийтгэлийг 6 сар хүртэл 20 хувь хүртэл хасаж болохыг хуульчилсан заалтуудыг тус тус зөрчсөн төдийгүй, миний эрхэнд халдах ийм үндэслэл байхгүй учраас ямар ч тушаал шийдвэр гаргаагүй юм.
Би түүний хууль бус үйлдлийг таслан зогсоохоор олон байгууллагад хандсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4-954 дүгээр албан бичгээр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Б.Шинэхүү миний цалинг хассан үйлдэл нь хууль бус байна гэж үзэн нөхөн төлөхийг Ч.Батсүх даргад даалгасан боловч ямар нэгэн эерэг үр дүн гараагүй. Харин ч Ч.Батсүх дарга над руу утасдан дарамталж чи ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өг. Тэгвэл цалинг чинь бүтэн оруулъя хэмээн даажигнах болсон. Дотоод журмыг үндэслээд тайлан мэдээ өгөхгүй байна гээд миний цалинг хассан.
Анх дотоод журам батлахдаа 7 хоногийн тайлан мэдээ өгөхгүй бол 3 хоног, сарын мэдээ өгөхгүй бол 5 хоногийн цалин хасна гэсэн зүйл, заалт оруулсан. Тэгээд 2017 оноос эхлээд дотоод журам мөрдөгдөөд цалин хасаж эхэлсэн. Миний хувьд дотоод журмаараа цалин хасаж байгаа гэсэн ойлголттой явсан. Сүүлд нь өмгөөлөгчтэй уулзаад эрх зүйн туслалцаа авахад тушаал шийдвэргүйгээр цалин хасах хууль бус гэсэн. Дотоод журмыг байгууллагаараа дэмжээд баталсан. Гэвч зөвхөн надад мөрдөгддөг, хэрэгждэг. Өөр бусад Байгаль хамгаалагч нар хийсэн ч, хийгээгүй ч цалингаа авдаг байсан. Би энэ байгууллагад 10 гаруй жил ажиллаж байна. Урьд нь нэг ч удаа тайлан мэдээгээ алгасаж байгаагүй. Ч.Батсүх нь дарга болохоос өмнө тайлан, мэдээ, үр дүнгийн биелэлт өндөр байсан. Ер нь намайг ажлаа хүлээлгэж өг гэх саналыг удаа дараа тавьж, шахаж, хавчиж эхэлсэн учраас би аргагүй эрхэнд ажлаасаа гарсан. Тэгээд би энэ хууль бус үйлдлийг зогсоох гээд 1 жил гаруй явж байна. Байгаль орчны яам, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл зэрэг газруудад мэдэгдээд явсан боловч амжилтгүй болсон.
Б.Шинэхүү би Ч.Батсүх даргын хууль бус үйлдлийн улмаас эд материал, сэтгэл санааны хохирол амсаж байгаа бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга (Ч.Батсүх) шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль хамгаалагч нарын хариуцсан газар нутаг нь тус Хамгаалалтын захиргаанаас 100-250 километрийн зайд алс байрладаг “Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.9 дэх хэсэгт заасны дагуу хурууны хээний системээр ажлын цагийг бүртгэх боломжгүй. Хамгаалалтын захиргааны бүх албан хаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр хурлаар хэлэлцэж Хамгаалалтын захиргааны хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулан Хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны А/02 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Дотоод журамд хурууны хээ дарах боломжгүй, Байгаль хамгаалагчдын ажлын цагийг тооцохдоо “ажлын цаг ашиглалтад хяналт тавих журам”-ын хүлээлгэх хариуцлагын 3.4 дэх хэсэгт зааснаар Байгаль хамгаалагчид 7 хоногийн мэдээ өгөөгүй бол 3 хоног, сарын мэдээ өгөөгүй тохиолдолд 5 хоногийн ажил тасалсанд тооцно гэж заасныг үндэслэн Байгаль хамгаалагч Б.Шинэхүүгийн тухайн сарын ажлын цагийг хасаж он сараар нь дэлгэрүүлэн тооцож, цалин бууруулсан тул сахилгын шийтгэл ногдуулах тушаал, шийдвэр гаргаагүй болно.
Байгаль хамгаалагч Б.Шинэхүү нь 2019 оны үр дүнгийн гэрээг Хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан боловч биелэлтийг улирал, хагас жил, бүтэн жилээр тус тус гаргаж өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж Хамгаалалтын захиргааны даргаар батлуулаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсээр байна.
Мөн өөрийн хариуцсан нутаг дэвсгэр болох Номгон суманд амьдрахгүй байгаа нь Хамгаалалтын захиргааны ажилчдын ажлын тэмдэглэлээр нотлогдож байна. Байгаль хамгаалагч Б.Шинэхүү нь Хамгаалалтын захиргаанаас 2019, 2020 онд албан тоотоор Говийн бага дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удаа дараа тайлан мэдээгээ ирүүлээгүй учир Хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах зэрэг арга хэмжээ авч байсан.
Хамгаалалтын захиргааны хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн дагуу “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэдгийг зөрчөөгүй, Байгаль хамгаалагч Б.Шинэхүү дотоод журам хэлэлцэхэд оролцсон нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлээр батлагдах бөгөөд 2020 оны дотоод журам хэлэлцэхэд өөрийн биеэр ирээгүй, бүх ажилчдад дотоод журмыг тогтмол танилцуулж ажилласан тул Б.Шинэхүүгийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Б.Шинэхүү бид хоёр 10 гаруй жил хамтарч ажиллаж байгаа. Би 2009 оноос мэргэжилтэн болж, 2016 онд албаны даргыг түр орлон гүйцэтгэж байгаад 2018 оноос албаны даргаар ажиллаж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулиар сахилга, хариуцлагыг дээшлүүлнэ, Монгол улсын Засгийн газрын 258 дугаар тогтоолд бүх төрийн байгууллагууд хурууны хээний төхөөрөмж ашиглана гэж заасны дагуу хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарын хурууны хээг бүртгэх төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар ярилцаад Байгаль хамгаалагч нар тайлан, мэдээ, замын хуудас зэргийг өгч байж бинзений тооцоо, цалин авах ёстой гэсэн үндэслэлээр Хамгаалалтын захиргааны дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Байгаль орчны яамны сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/229 дугаар тушаалын дагуу Байгаль хамгаалагч нарын ажлыг үнэн, бодитоор үнэлэх хэрэгтэй гээд Смарт буюу (GPS) программ ашиглаж эхэлсэн. Байгаль хамгаалагч өөрөө цаасан дээр ажлын тайлангаа бичсэнээс GPS программ ашиглаад маршрутын дагуу ажлаа үнэн, зөв гүйцэтгэсэн байна уу гэдгийг тогтоох, нотлох ажлын хэсэг байгуулсан.
Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч нарыг “Оюу толгой” ХК-ийн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд мотоцикл, GPS, дуран гэх мэтчилэн бүх шаардлагатай зүйлээр хангасан. 2019 он хүртэл туршилтын журмаар хэрэгжиж байгаад 2019 оноос эхлээд бүх Байгаль хамгаалагч нар GPS-ээр мэдээгээ өгч байхаар болсон.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хамгаалалтын захиргаа 7 хоног бүрийн 4 дэх өдрийн 16.00 цагаас өмнө мэдээ гаргаж, яаманд хүргүүлж байхыг даалгасан албан бичиг ирсэн. Үүний дагуу дотоод журмандаа өөрчлөлт оруулсан. Бүх ажилчдын хурал хийж, танилцуулаад гарын үсгийг нь зуруулсан. Тэгээд үүнтэй холбоотойгоор Б.Шинэхүүд эхний удаа сануулах, дараа нь цалинг 2 сарын 20 хувиар хасах арга хэмжээ авсан.
Энэхүү мэдээ, тайланг би ганцаараа гаргадаггүй. Мэдээ, тайланг ирэхээр нь нэгтгэдэг хүн байгаа. Б.Шинэхүүгийн өгсөн бүх мэдээ, тайланг хүчингүй гэж үзээгүй. Үнэхээр чанарын шаардлага хангахгүй байсан 2-3 мэдээ, тайланг хүчингүй гэж үзсэн. Явсан зам байхгүй, хийсэн ажлын зураг байхгүй.
Ганц Б.Шинэхүүгийн цалинг хасаагүй. Бүх ажилчдад тэгш хэрэгжсэн. Мөн хувийн харилцаанаас болж шахаж, хавчиж ажлаас гаргасан гэж байна. Миний хувьд Б.Шинэхүүтэй хувийн ямар ч асуудал байхгүй. 2017, 2018 оны 08 дугаар сард Б.Шинэхүүгийн гэр бүл Дорноговь аймаг руу нүүсэн. Б.Шинэхүү над дээр ирээд гэр бүлээрээ нүүж байгаа учраас ажлаа хүлээлгэж өгье. 09 дүгээр сарын 12-нд Смартын сургалт болоход би бүх зүйлээ авчирч хүлээлгэж өгье гэж надтай утсаар ярьсан. Тэгээд сургалтын өдөр Б.Шинэхүү ирээгүй.
Гэтэл тэрнээс хойш чи намайг шахаж, дарамталсан гэх болсон. Би ганцхан Б.Шинэхүүд хаягласан 2 албан бичиг гаргасан. Нэг нь ирж пост дар, нөгөөх нь ил захидал байгаа. Бусад нь бүх ажилчдад хаягласан албан бичиг байгаа. Төрийн албаны хуулийн дагуу ажлыг сайжруулахын тулд тайлан, мэдээг хугацаандаа авах гэж л албан бичиг гаргаж, шаардлага тавьсан. Өөрөөр шахаж, дарамталсан зүйл байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б.Шинэхүүгээс “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүх нь тушаал, шийдвэргүйгээр цалин хасах сахилгын шийтгэл оногдуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “... 2018 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд цалин хасахдаа шийдвэр гаргаагүй, цалин хасах нь сахилгын шийтгэлийн нэг хэлбэр бөгөөд сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус...” гэж, хариуцагчаас “Б.Шинэхүү нь байгууллагын дотоод журамд заасан тайлан, мэдээ гаргаж ажлын цагийг тооцуулах журмыг зөрчсөн учраас ажлын цагийг тасалсанд тооцон, цалингаас нь хассан, энэ бол сахилгын шийтгэл биш юм...” зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргасан.
Нэхэмжлэгч Б.Шинэхүүгийн 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сар хүртэлх цалингийн тооцооны хүснэгтээс харвал;
гэх тайлбартай цалин, хөлснөөс хасалт хийгдсэн байна.
Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баталжээ.
Эдгээр журмын 5.2 дахь хэсэгт[1] “...байгаль хамгаалагчдын ажлын цагийг тооцохдоо тухайн 7 хоногийн мэдээ өгөөгүй, хоцроосон тохиолдолд 3 хоног, сарын мэдээ өгөөгүй бол 5 хоног, GPS-ийн мэдээ өгөөгүй бол 3 хоногийн цалинг тус тус хасаж тооцох”-оор зохицуулжээ.
Байгаль хамгаалагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын албан тушаалын зорилго нь “...чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хамгаалалтын захиргааны даргын өмнө хариуцна...” гэж, албан тушаалын нэгдүгээр зорилтын хүрээнд “...хяналт шалгалтын баримт бичиг, тайлан мэдээг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу гаргах, удирдлагыг бодит мэдээллээр хангах...” гэж заасан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10/2812 дугаар албан бичигт[2] “... хамгаалалтын захиргаадын дарга нарт мэдээ тайланг чанартай тогтмол хугацаанд ирүүлэх... долоо хоногийн мэдээг долоо хоног бүрийн баасан гарагийн 15 цагаас өмнө... сарын мэдээг сар бүрийн сүүлчийн ажлын өдөр, улирлын тайланг улирал бүрийн сүүлчийн ажлын өдөр...” ирүүлж байхаар чиглэл өгсөн, мөн хэрэгт авагдсан байгууллагаас байгаль хамгаалагч нарт тайлан мэдээ ирүүлэх талаар хүргүүлж байсан албан бичгүүд зэргээс нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд тайлан мэдээг хамгаалалтын захиргаандаа өгч байх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан байгаль хамгаалагчдын 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сар хүртэлх сарын мэдээг нэгтгэн дүгнэсэн баримтуудаар[3] нэхэмжлэгч Б.Шинэхүү нь холбогдох мэдээ, тайлангаа өгдөггүй байсан нь тогтоогдож байх ба мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тайлан, мэдээ өгдөггүй байсан талаараа үгүйсгэдэггүй болохыг дурдав.
Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” үүрэгтэй, хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар “...хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах...”-аар зохицуулсан боловч байгууллагын удирдлагаас нэхэмжлэгч Б.Шинэхүүгийн ажил тасалсан үйлдэлд сахилгын шийтгэл бус хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу түүний цалингаас тодорхой мөнгөн дүнгээр хасалт хийж, ажилласан хугацаанд тохирсон цалин хөлсийг тооцон олгож байгааг буруутгах үндэслэлгүй.
Харин Б.Шинэхүүд сахилгын шийтгэл ногдуулахдаа шийдвэр гаргасан баримт хэрэгт авагдсан ба энэхүү 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар албан тушаалын цалинг нь 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь “...сахилгын шийтгэл болон ажлын цагийг тооцон, тохирсон цалин олгох нь тус тусдаа зохицуулалттай...” гэх хариуцагчийн тайлбарыг тодруулж байна.
Дээрх байдлаар Б.Шинэхүүд сахилгын шийтгэл ногдуулаагүй болох нь тогтоогдож байх тул сонсох ажиллагаа хийгээгүй гэх нэхэмжлэгчийн маргаан үгүйсгэгдэнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд тухайн ашиг сонирхолд халдсан захиргааны акт илт хууль бус болохоор заасан байдаг бөгөөд уг заалтын “хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан тохиолдлыг ойлгодог.
Б.Шинэхүүгийн хууль тогтоомжоор хүлээсэн төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй үйлдэлд байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүртгэж, цалин хөлс олгож шийдвэрлэснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүх нь тушаал, шийдвэргүйгээр цалин хасах сахилгын шийтгэл оногдуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь хэсгийг баримтлан Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүхэд холбогдуулан гаргасан “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүх нь тушаал, шийдвэргүйгээр цалин хасах сахилгын шийтгэл оногдуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Б.Шинэхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА