Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 18-ны өдөр                  Дугаар 2020/ДШМ/25                               Өвөрхангай аймаг

 

 

Н.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор  Г.Цолмонгэрэл

                                                        Өмгөөлөгч Б.Хандмаа

                                                        Шүүгдэгч Г.Б, С.Г, Ж.Д,                      

                                                       Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 28- ны өдрийн 2020/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт холбогдох 2026000500062 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Лодойчомбо овогтой Г.Б

2. Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Пинт овогт С.Г

3. Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогтой Ж.Д

4. Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чонос овогтой Н.Н

5. Монгол Улсын иргэн, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дагдан овогтой Ж.Ц

Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нар нь  бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 111.415.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэд нарт Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Г.Б, С.Г, Ж.Д, Ж.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг, Н.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг болон, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Б-н өмчлөлийн Gold МONSTОР 1000 маркын ТМDК S/No:63491055253 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, С.Г-н эзэмшлийн Gold МONSTОР 1000 маркын ТМDК S/No:53202054850 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, Ж.Д-н эзэмшлийн Gold МONSTОР 1000 маркын МХЗJ S/No: 12599957758 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, Н.Нын өмчлөлийн Gold МONSTОР 1000 маркын JGЗМ S/No:53312065558 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, “Isuzu  Bighorn” маркын автомашин 1 ширхэг, Ж.Ц-н өмчлөлийн Gold МONSTОР 1000 маркын JCHW S/No:52862750865 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох олборлосон гэх алт 1.1 грамм,”Цистон” гэсэн бичигтэй ногоон тагтай, цагаан жижиг хуванцар савтай нунтаг алт/ зэргийг тус тус улсын орлого болгох, төмөр малтуур 3 ширхэг, зээтүү 2 ширхэг тус тус  устгаж, Н.Н-н дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр заан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар  шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлийг жагсааж хуульчилсан.

Тус зүйлийн 1.1- д “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгахаар хуульчилсан. Гэтэл 68 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн зүйл заалт огт хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

2. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, /зохион байгуулагч/ 3.5 дугаар зүйлийн 1 /хамжигч/, 3.7 дугаар зүйлийн 1 дэх /бүлэглэн гүйцэтгэх/ хэсэгт заасныг журамлаж гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлсон. Харин Ж.Ц, С.Г, Ж.Д, Г.Б нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн  хэсгийн 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг” тодорхойлох хэсэгт тусгахаар заасан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлсон ч шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоог тодорхойлоогүй. Мөн Н.Ныг яагаад гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзээд байгааг үйлдэл оролцооных нь хувьд тодорхойлоогүй.

3. Өмгөөлөгчийн зүгээс энэхүү 5 шүүгдэгчийг хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэгт оролцож байгаагийн хувьд шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийг хамтран үйлдсэн хууль зүйн үүднээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь шүүгдэгч нарын гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр эдгээр 5 шүүгдэгч алтанд явъя гэж ярилцаад Зүүнбаян-Улаан сум рүү явсан нь тогтоогддог. Харин машины эзэн Н.Нт нөгөө 4 нь тус бүр 5000 төгрөг өгч унааны зардлаа төлсөн байдаг. Энэ нь шүүгдэгч Н.Ныг гэмт хэрэг үйлдэхэд унаа машинаар дэмжлэг үзүүлсэн гэдгийг няцааж байна. Улмаар Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6-р багийн “Алаг толгой” гэх газарт шүүгдэгч нар очоод Н.Наас /аймгаас явахдаа 1 шил архи авч уугаад согтсон машиндаа унтаж байсан нь ...гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог/ бусад 4 шүүгдэгч нь өөр өөрийн металь хайгчаа аваад тус тусдаа алт металь илрүүлэхээр хайж эхэлсэн байдаг. Шүүгдэгч нараас Ж.Ц ганцаараа жижиг алт олсон байдаг. Үүнийгээ гэрлүүгээ буцах гээд машиндаа суухдаа бусаддаа хэлсэн талаар шүүгдэгч нар гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон гэрч Ганзоригийн гэрчээр өгсөн мэдүүлэгт аймгаас явахдаа 5 шүүгдэгч нь тус тусдаа алт хайна, олсон алтаа өөр өөрсдөө авна гэж тохирсон талаар мэдүүлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр Ж.Цын олсон алтыг шорооноос шүүж авахад бусад 4 шүүгдэгч оролцоогүй гэдэг нь тогтоогддог. Энэ бүгдээс дүгнэхэд эдгээр шүүгдэгч нар “Алаг толгой” гэх газар луу санаа нэгдэн хамт явсан ч үйлдлээрээ нэгдээгүй байна. Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж хуульчилсан нь нэгдүгээрт субъектив шинж буюу санаа зорилгоороо нэгдсэн байх, хоёрдугаарт объетив шинж буюу үйлдлээрээ нэгдсэн байж гэмт хэрэгт хамтран оролцох шинжийг хангана. 5 шүүгдэгч алтанд хамт явъя гэдэг дээр санаа нэгдсэн. Хамгийн гол нь гэмт хэрэг үйлдэгдэж эхлэх буюу ашигт малтмал хайх олборлохдоо нэгдээгүй. Тусдаа тусдаа үйлдэл хийсэн. Нэг нь хайгчаа барина, нөгөө нь нүх ухна, бас нэг нь газраа сонгоно гэх мэтээр гүйцэтгэх үүрэг хуваарилаж бүгдээрээ нийлж нэг зорилго, нэг үр дүнгийн төлөө үйлдэл хийгээгүй. Ийм тохиолдолд шүүхээс эдгээр 5 шүүгдэгчийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэгт хамтран оролцох талаар зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нар нь  бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн “Алаг толгой” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 111.415 төгрөг 30 мөнгөний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ прокуророос үйлдэн ирүүлсэн яллах дүгнэлт хүрээнд Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог нарийвчлан тодорхойлоогүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах,  олборлох гэмт хэрэг үйлдсэн аль нь болохыг зааж гэм буруутайд тооцолгүй шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа бүрэн  хүлээж зөвшөөрсөн эсэхэд анхаарах нь зүйтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт холбогдох 2026000500062 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.