Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0070

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, С.*******, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал З.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал З.******* 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

“Багц-2 NCB-BCM2 Баянхошууны 2 дугаар хэсгийн 2250 метр DN 600-ийн зөөлөн ширмэн хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажлын тендерт “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 06 дугаар шийдвэр, захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан NCB-BCM2 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг нийслэлийн Засаг даргад даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 911 дүгээр шийдвэрээр:

“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.2, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Альяанстех” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Багц-2 NCB-BCM2 Баянхошууны 2 дугаар хэсгийн 2250 метр DN600-ийн зөөлөн ширмэн хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажлын тендерт “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 06 дугаар шийдвэр, захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан NCB-BCM2 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал З.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 911 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...мөн Тендерийн баримт бичигт энэхүү тендерийн хоёр буюу гурван багцад нэгэн зэрэг оролцохоор бол ажиллах хүч, тоног төхөөрөмжийг багц тус бүрт давхардуулахгүй санал болгох талаар ямар нэгэн шаардлага тусгагдаагүй байх тул “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийн хувьд Багц-1 тендерт оролцохдоо санал болгосон гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг Багц-2-т давхардуулан санал болгосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж үзсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагатай зөрчилдсөн, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт болжээ.

Тендер шалгаруулалтын Өгөгдлийн ТОӨЗ 34.4-т Багц-1, Багц-2-ын шаардлага хангасан тохиолдолд нэг гүйцэтгэгчийг шалгаруулах боломжтой гэж тодорхой шалгуур тавьсан. Тендерт оролцогчдод өгөх зааврын 34.5-д Тендер шалгаруулалтын Өгөгдлийн хүснэгтийн энэхүү нэмэлт мэдээлэл нь уг ТОӨЗ-ын 34.5(а)-д багц тус бүрт ТОӨЗ-ын 34.1-34.3-т заасны дагуу үнэлгээ хийх захиалагчийн үүргийг тодорхойлсон хэсэгтэй зөрчилдөөгүй, түүнийг тодотгосон нэмэлт мэдээлэл байна. Гэтэл 2 багцад ирүүлсэн нэг адил материалаар хоёр багцыг хоёуланг нь хангасан мэтээр дүгнэсэн нь наад захын энгийн ойлголттой хүртэл зөрчилдөж байна.

Нэг багцад ирүүлсэн материалаар 2 дахь багцыг шалгарсанд тооцох байсан юм бол тухайн багцуудыг бие даасан нэр, төсөвт өртөг бүхий барилгын ажил болгон тендер зарлаж аж ахуйн нэгжүүдийг уралдуулан шалгаруулах шаардлага байхгүй юм. Энэ нь тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг нэг ижил шаардлагаар шалгаруулж чадсангүй, илт хууль бус шалгаруулалт боллоо гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Захиалагчийн байгуулсан Тендерийн үнэлгээний хорооны 4 дүгээр хуралдаанаас “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй” ХХК-ийн түншлэлийг тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг 2 багцад давхцуулсан, багц тус бүрээр ирүүлээгүй гэсэн үндэслэлээр шалгаруулаагүй тухай хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэлд нотлох баримтын үүднээс шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

2. Тендерт оролцогчдод тараасан урилгад “Монгол Улсын Засгийн газар нь Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкнаас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор МОН0078 зээл авсан ба зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг энэхүү худалдан авах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тодорхойлсон. Нээлттэй тендер шалгаруулалтын журам, Азийн хөгжлийн банкны нэг үе шаттай, нэг дугтуйт тендерийн журмын дагуу явуулах ба /http://www.adb.org/about/members/ цахим хуудаст тодорхойлсон эрх бүхий орнуудын тендерт оролцогчдод нээлттэй болохыг тов тодорхой зааж өгсөн тендер болно.

Гэтэл тендер нээсний дараа Азийн хөгжлийн банкны дурдсан журмаар шалгаруулах ажиллагааг өөрчлөн ЕХОБ-ны журмыг баримтлан шалгаруулалтыг явуулсан гэж захиалагчийн зүгээс тайлбарладаг. ЕХОБ-ны ямар журмыг баримтлан “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан талаар хариуцагчийн зүгээс үндэслэлтэй тайлбар өгч чаддаггүй бөгөөд нэмэлт мэдээлэл үүссэн тохиолдолд ЕХОБ-ны журмыг баримтална гэсэн санамж бичиг энэ 2 банкны хооронд байгуулагдсан байдаг гэж хэлдэг. Энэ нь ямар журам, ЕХОБ-ны ажилтны зүгээс цахим шуудангаар ирүүлсэн захидалдаа “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийг шалгаруулаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байсныг харуулдаг. Үүнийгээ тендерийн өртөг бага, 1 дүгээр багцад шалгарсан компани бол түншлэлээр орж ирсэн, иймээс түүнийг сонгох ёстой гэдэг журам баримталсан мэтээр харагддаг. Гэтэл Засгийн газар Азийн хөгжлийн банкны хооронд 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан, Улсын Их Хурлын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмыг баримтална гэж заасан баримтыг анхаарч үзсэнгүй.

3.Илүү өндөр үнийн санал ирүүлсэн, тоног төхөөрөмж болон ажиллах хүчний дутагдалтай, ажлын туршлага дутуу “Бумбод” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэлийг шалгаруулж бусад тендерт оролцогчдыг үндэслэлгүйгээр шаардлагыг хангаагүйд тооцож татгалзсан нь тендерт оролцогчдын эрхийг илт зөрчсөн хэрэг болсон гэж үзэж шаардлага гаргаснаа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байгаа.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус тендер шалгаруулалтыг өөгшүүлж оролцогчдын хууль ёсны эрх ашгийг үл хайхарсан хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймээс дараах арга хэмжээ авахуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

1.Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах,

2.“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслөөс 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зарласан “Багц-2, NCB-BCM2, Баянхошууны 2 дугаар хэсгийн 2250 метр DN 600-ын зөөлөн ширмэн хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажил тендерт “Бумбод” ХХК, “Ди Вай Кей Би” ХХК-ийн түншлэлийг ялснаар шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн захиалагч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” Төслийн нэгж ба “Бумбод” ХХК, “Ди Вай Кей Би” ХХК-ийн түншлэлийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан № NCB-ВСМ2 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах,

З.Тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Альянс тех” ХХК-ийн ерөнхий захирал З.*******гийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах боломжгүй байх тул гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслөөс 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зарласан нийт 3 багц тендерт “Альянс тех” ХХК оролцсон боловч эдгээрийн багц 2 буюу Баянхошууны 2-р хэсгийн 2250 метр DN 600-ийн зөөлөн ширмэн 3 ш хоолойтой өөрийн урсгалын ариутгах татуургын шугамын барилгын ажил” тендерт шалгараагүйтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан, гэвч хэрэгт авагдсан тендерийн баримт бичиг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд багц тус бүрт шаардлагатай техник тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчийг давхардуулахгүй байхаар санал болгосонтой холбогдуулан тендерийн баримт бичигт заасан шаардлагаас заримыг дутуу санал болгосон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг огт санал болгоогүй, ажиллах хүчний хувьд геодезийн инженерийг дутуу санал болгосон, мөн санал болгосон голлох мэргэжилтнүүдийн ажилласан жил, ижил төстэй ажлын туршлагын хувьд шаардлага хангаагүй, зарим мэргэжилтний мэргэжлийн дипломын хуулбар, холбогдох баримтыг хавсаргаагүй зэргээс шалтгаалж тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 5.3(в), (г)-д заасан ерөнхий шаардлагыг хангаагүй болох нь тус компанийн тендерт санал болгосон техникийн хүчин чадал, үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт, удирдах болон техникийн голлох мэргэжилтний чадварын туршлага, инженер техникийн ажилтнуудын тодорхойлолт зэргээр тогтоогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болохыг нэхэмжлэгч дээрх байдлаар үгүйсгэж чадаагүй болно.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт Зээлийн шугамаас санхүүжих бүх бараа, ажил, худалдан авах ажиллагааг 2013 онд баталсан Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журам, түүнд тухай бүрт орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу явуулна” гэж заасан, мөн уг хэлэлцээрийг Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталсан байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслүүдийг олон шатлалт санхүүжилтийн зээлийн шугамаар санхүүжүүлэх, үүнээс усан хангамж, ариун цэврийн байгууламжид санхүүжилтийг Европын хөрөнгө оруулалтын банкны /цаашид ЕХОБ гэх/ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх болохыг тодорхойлсон байх бөгөөд өөрөөр хэлбэл улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх бус тул Азийн хөгжлийн банкнаас баталгаажуулж ирүүлсэн тендерийн баримт бичгийн 5.3.е-д заасан тендерт оролцогч нь ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхийн тулд урт хугацааны санхүүгийн эерэг үзүүлэлттэй байх шаардлагыг хангаагүй болох нь нэхэмжлэгчийн 2014 оны аудитлагдсан тайлангийн хураангуйд эргэлтийн хөрөнгийн дүн 11.024.856.000 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн хэмжээ 11.738.110.000 төгрөг буюу богино хугацаат өрийн хэмжээ нь эргэлтийн хөрөнгийн хэмжээнээс илүү байгаагаас санхүүгийн шаардлага хангагдаагүй байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан, Улсын Их Хурлаас баталсан дээрх хэлэлцээрийн хүрээнд Үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн баримт бичгийг Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын 2.58 заалт, тендерийн баримт бичгийн 30.2 заалтыг тус тус үндэслэн шаардлагад нийцээгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Дээрх журмын 1 дүгээр хавсралтын 2с-д “Зээлдэгч нь гэрээ байгуулах эрхийг зөвхөн Азийн хөгжлийн банкнаас “татгалзах зүйлгүй” гэсэн зөвшөөрөл авсаны дараа олгоно” гэж, энэ удаагийн тендерийг ЕХОБ санхүүжүүлэхтэй холбогдуулан тус банкнаас дээрх зөвшөөрлийг авах шаардлагыг тавьсан, тус банкны 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн цахим захидлаас үзэхэд гуравдагч этгээд “Бумбод” ХХК болон “Ди Вай Кей Би” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан байдлаар үнэлгээний тайланг өөрчлөн ирүүлэх шаардлагыг тавьсаны дагуу шинэчлэн хүргүүлснээр ЕХОБ-наас гэрээ байгуулах зөвшөөрлийг захиалагчид өгсөн байх тул, мөн гэрээ байгуулагдсантай холбогдуулан ажлын дийлэнх хувийг хийж гүйцэтгэсэн зэргийг харгалзан үзэж тендер шалгалуулалтыг дахих явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

ТШӨХ-ийн 34.4-т багц 1 болон багц 2-ын шаардлагыг хангасан тохиолдолд 1 гүйцэтгэгчийг шалгаруулах боломжтой гэж заасан нь тухайн багц тус бүрт тавигдсан шаардлагыг тус тусад нь хангах тухай ойлголт бөгөөд энэ талаарх давж заалдах гомдлын шаардлага үндэслэлтэй хэдий ч Үнэлгээний хороог буруутгах боломжгүй.

Учир нь Тендерийн үнэлгээний хорооны 4-р хуралдаанаар “Бумбод” ХХК, “Ди Вай Кей Би” ХХК-ийн түншлэлийн санал болгосон тоног төхөөрөмж, ажиллах хүчийг 1, 2-р багцад давхцуулсан, багц тус бүрээр ирүүлээгүй гэсэн үндэслэлээр шалгаруулаагүй байх боловч ЕХОБ-ны төсөл хариуцсан мэргэжилтэн Марко Беросоос энэхүү үнэлгээг зөвшөөрөхгүй, өөрөөр хэлбэл 2-р багцийн ажил өртөг өндөртэй биш учир 1 дүгээрт эрэмбэлэгдсэн компани нь түншлэлийн хамт 2 багцийг хамтад нь гүйцэтгэх боломжтой гэж үзжээ.

Иймд дээрх зөвлөмжийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж, нэхэмжлэгчийн буруутгаад байгаа үндэслэлээр гуравдагч этгээдийг шалгаруулж, өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтыг санхүүжүүлэгчийн шаардлагад нийцүүлэх байдлаар явуулсан байна.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрт “...энэхүү тендерийн хоёр ба гурван багцад нэгэн зэрэг оролцохоор бол ажиллах хүч, тоног төхөөрөмжийг багц тус бүрт давхардуулахгүй санал болгох талаар ямар нэгэн шаардлага тусгагдаагүй учраас багц 1, багц 2-т санал болгосон тоног төхөөрөмж, ажиллах хүчийг давхардуулах боломжтой гэх агуулгаар нотлох баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал З.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

                                                               ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                         ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                         ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                         ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН