Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 97

 

 Р.О, Э.О, Н.О нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Н.Бадамцэцэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 795 дугаар магадлалтай, 201625013956 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.О, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Бадамцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Орлой овогт Р.О.

2.Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Мандал овогт Э.О.

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хотгойд овогт Н.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр, бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээл гудамжинд автомашины туслах зам дээр Ж.Тэргүүнийг зодож, санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос Р.О, Э.О, Н.О нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р.О, Э.О, Н.О нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар зүйлчилж, шүүгдэгч Р.О, Э.О, Н.О нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар шүүгдэгч тус бүрийг 13 жил хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О, Э.О, Н.О нарын цагдан хоригдсон 286 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.О-аас 4.235.000 төгрөг, Э.О-аас 235.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Дарьд олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Дарь нь гэм хорын бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 795 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 481 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.О, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Бадамцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.О гаргасан гомдолдоо: “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э.О, Н.О нарын хамт Сансар хорооллоос дээш өгсөж яваад хохирогчтой муудалцаж маргалдсан. Уучлалт гуйгаад явах гэсэн боловч хохирогч нь зуураад салахгүй, үг хэлээр дайрч доромжлоод байсан. Тухайн үед хохирогч нь Э.Оыг цохиж, Отгонбаатар мөн хариу цохьсон. Хохирогчийг салахгүй болохоор нь би нүүр рүү нь өшиглөсөн. Энэ үед Одбаяр хохирогчийг болиулах гээд араас нь татаж байсан. Хохирогч болон Отгонбаатар хоёр газарт унасан. Би зугтаарай гэж хэлэхэд Отгонбаатар, Одбаяр хоёр хойшоо гүйтэл хохирогч миний хөлнөөс зуураад тавихгүй байхаар нь цээж, хэвлий хавьцаа нь 2-3 удаа өшиглөөд би нөгөө хоёрын араас гүйсэн. Хохирогчийг сүүлд өшиглөснийг Э.О, Н.О нар хараагүй. Анх цагдаа нарт баригдаад үнэнээ ярьсан бөгөөд сүүлд давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдөлдөө мөн үнэн хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд шоронд орно гэхээсээ айгаад бид гурваас өөр хүн, эсвэл өөр зүйлээс болж нас барсан байх гэж бодоод худал мэдүүлэг өгсөн. Шүүх хохирогчид хэн гэмтэл учруулсныг тогтоох боломжгүй гэж үзэн, бүлэглэн хүний амь нас хохироосон гэж яллаж байгаад гомдолтой байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл ангиар зүйлчилж өгөхийг хүсч байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Э.О гаргасан гомдолдоо: “...Хэрэг гардаг өдөр Р.О, Н.О нарын хамт явж байгаад хохирогчтой мөргөлдөөд “уучлаарай ахаа” гээд явах гэтэл над руу дайрч давшилж байгаад намайг цохисон. Би биеэ хамгаалах гээд хариу цохих үйлдэл хийсэн. Энэ үед Одбаяр араас нь хохирогчийг тэврээд салгах гэж оролдож байгаа нь хальт харагдсан. Хохирогч арагшаа унахдаа намайг татаад би урд нь 4 хөллөөд, босоход хохирогч намайг тавьсан байсан. Хүмүүс хашгиралдаад зугтаарай гэж орилоход нь би шууд хойшоо зугтаасан. Хохирогчийн биед учирсан гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч энэ талаар авч хэлэлцээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэний цохилт үхэлд хүргэснийг тогтоох боломжгүй, үйлдлийг ялгаж салгах шаардлагагүй гэж дүгнэсэн. Гэвч гэрч нарын мэдүүлэг болон камерын бичлэг зэргээс хэн ямар үйлдэл хийж байсан гэдгийг тогтоож, хэрэгт холбогдсон хүмүүс өөрийн үйлдэл оролцоонд тохирсон ял шийтгэл авах боломжтой байсан. Хохирогчийг газарт унах үед гурвуулаа цохьсон, өшиглөсөн зүйл байхгүй бөгөөд шууд зугтаасан гэдгийг гэрч нар мэдүүлдэг. Давж заалдах шатны шүүхээс биднийг “үйлдлээрээ нэгдсэн” гэж дүгнэсэн боловч гэрч Б.Навчаа, Б.Батболд нарын мэдүүлээд байгаа зүйл камерын бичлэгт тодорхой харагдаж байгаа. Шинжээч эмч Т.Сэлэнгийн гаргасан дүгнэлтээр талийгаач нь цээжин тус газраа доргилт, цохилт авснаас хүнд гэмтэл авч нас барсан болох нь тодорхой байна. Уг гэмтлийг хэн үүсгэсэн гэдгийг тогтоож, хэргийг тал бүрээс нь харж, үйлдэл оролцоог ялгаж салгаж өгөхийг хүсч байна. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан, хувийн байдал, хэргийн оролцоо зэргийг харгалзан тохирсон ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.О гаргасан гомдолдоо: “...Миний бие хохирогчийг салгах гэж араас нь тэврээд татаж байгаад гараа алдаад хальтраад унасан. Отгон-Эрдэнэ гүйгээрэй гээд хашгирч байсан. Отгонбаатар босоод гүйсэн, би араас нь дагаад гүйсэн. Тэгээд бид 2 байрны голд очоод зогсож байхад Отгон-Эрдэнэ араас ирсэн. Давж заалдах шатны шүүх хэн нь ямар үйл хөдөлгөөн хийсэн, хэн нь үхэлд хүргэх цохилт хийснийг тогтоолгүй, 3-лаа нийлж зодоод хүний амь нас хохироосон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Миний бие анх баригдаад өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгээсээ эхлэн өнөөдрийг хүртэл болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлж байгаа. Би өөрийгөө огт буруугүй гэж хэлэхгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч К.Бауиржан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өмгөөлөгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй буюу Э.О-ын үйлдэл талийгаачийг нас барахад хүргэсэн гэж үзэхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл хүнийг санаатай алах гэмт хэргийг хэн үйлдсэн, хэний үйлдлийн улмаас хохирогч хүнд гэмтэл авч нас барахад хүрсэн гэсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд ялыг ялгамжтай оногдуулах, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулах нөхцөл бүрдэх байсан. Э.О-ын хувьд анхнаасаа буюу энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан үеэсээ хохирогчийг санаатайгаар өдсөн, хоргоосон үйлдлийг хийгээгүй, харин санаандгүй байдлаар явган хүний зам дээр зөрж явсан хохирогчтой мөргөлдсөн, үүнээс болж хохирогч нь заамдаад тавихгүй байсан, улмаар маргаан үүссэн гэж тодорхой мэдүүлж байсан бөгөөд энэ талаар бусад холбогдогч нар ч тодорхой мэдүүлдэг. Гэвч хохирогч нас барсан, хохирогчийн үхлийн шалтгаан нь цээжин тус газраа хүчтэй цохилт, доргилт авсан явдал гэдгийг олж мэдсэн цагаас Р.О, Н.О нарын мэдүүлэг өөрчлөгдөж Э.О л хохирогчийг өшиглөсөн, цохьсон мэтээр мэдүүлэх болсон. Гэсэн хэдий ч Р.О-ын хамгийн анх өгсөн мэдүүлэг, гэрч Д.Хулангийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс Э.О-ын үйлдлийн улмаас биш, харин Р.О-ын үйлдлийн улмаас хохирогч хүнд гэмтэл авсан байх боломжтой гэдэг нь тодорхой болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч нарын хэн аль нь талийгаачийг санаатайгаар амь насыг нь хохироох сэдэл зорилго агуулаагүй, харин Э.Оыг зуураад тавихгүй байсныг тавиулах санаа зорилготойгоор ноцолдож байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч нар хохирогчийн амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл учруулах талаар үгсэн тохиролцоогүй учир Р.О-ын өшиглөсөн үйлдлийн төлөө Э.О, Н.О нар хариуцлага хүлээх үндэслэлгүй. Харин талийгаачийн толгой, мөр, нуруу хэсэгт цохиж гэмтэл учруулсныхаа хариуцлагыг хүлээх нь хуульд нийцнэ. Р.О-ын хувьд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснээс хойш давж заалдах журмаар гомдол гаргахдаа анх өгч байсантай адил хохирогчийн цээжинд хөлөөрөө өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, улмаар энэхүү үйлдлийг хийх үед Э.О, Н.О нар байгаагүй, цааш гүйгээд явсан талаар тайлбарласан байдаг. Энэ бол хэргийн жинхэнэ байдал бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогддог. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч нарыг тойрч зогсоод талийгаачийг цохиж зодож байсан нь нотлогддог гэх боловч энэ үйл явдал нь талийгаачийг газар унахаас өмнө, Р.О-ын хөлийг барихаас өмнөх явдал гэж ойлгож байгаа бөгөөд Р.О-ын анх өгч байсан мэдүүлэг, гаргаж буй гомдолд тодорхой тусгагдсан байдаг. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэдий боловч хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байвал нотлох баримтаар үнэлж болохоор хуульчилсан. Р.О-ын өгсөн мэдүүлэг нь гэрч Д.Хулангийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Үүнээс гадна шүүх хэргийн холбогдогч Э.О нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэргийн талаар хэрхэн мэдүүлсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн бол хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх бүрэн боломжтой байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Э.О-ыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн хэсгийг өөрчилж, түүний үйлдэл оролцоо болон учруулсан гэмтэлд тохирсон хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Н.Бадамцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.О-ыг Э.О, Р.О нартай бүлэглэн бусдын амь насыг санаатай хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар гэм буруутайг хангалттай нотлон тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Одбаяр нь хохирогчийн биед халдаж, зодож цохиогүй болохыг нотолсон баримт болох шүүгдэгч Отгонбаатар, Отгон-Эрдэнэ нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, камерын бичлэг зэргийг огт үнэлээгүйгээс гадна үйл явдлыг холоос, харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан үед харсан гэрчүүдийн мэдүүлгийг дангаар үндэслэж гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан камерын бичлэг болон бусад шүүгдэгч нарын мэдүүлэг нь Н.О хүч хэрэглэж зодож цохиогүй, зодооныг салгах гэж байсан гэдгийг нотлох бөгөөд эдгээр баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ анхан болон давж заалдах шатны шүүхээс заагаагүй байна. Гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн үйлдэл оролцоо бүрийг нэг бүрчлэн зөв тогтоож, хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэх боломжтой байхад бүлэглэн хохирогчийн амь насыг хохироосон гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Э.Отгон-Эрдэнэ гэмт хэргийг дангаар үйлдсэн нь нотлогдож байхад эдгээр нотлох баримтыг үнэлж үзэлгүй 3 хүнийг гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.О-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Талийгаачийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн байдлыг шууд харсан гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг зэргээр энэхүү хэргийг шүүгдэгч Н.О, Э.О, Р.О нар үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгч нарын яриад байгаа шиг нөхцөл байдал камерын бичлэгт байхгүй. Хяналтын гомдолд дурдсан асуудлуудад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.О, шүүгдэгч Э.О түүний өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Бадамцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Р.О, Э.О, Н.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол болон магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Р.О, Э.О, Н.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээл төвийн урд гудамжинд хохирогч Ж.Тэргүүнийг зодож санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр ангийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Р.О, Э.О, Н.О нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар тус бүрт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчилж  тогтоох, дүгнэх эрхгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтын хүрээнд шүүгдэгч Э.О, Н.О нар нь талийгаач Ж.Тэргүүнийг зодож амь насыг нь хохироогоогүй талаарх шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 795 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.О, шүүгдэгч Э.О түүний өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Бадамцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН