Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 449

 

С.А-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан /1946/ нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0553 дугаар магадлалтай, С.А-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, С.А-г урьд эрхэлж байсан тус сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 6860770 /зургаан сая найман зуун жаран мянга долоон зуун далан /төгрөгийг Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч С.А-д олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0553 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч С.А- нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-д “Ерөнхийлөгч болон Улсын Их хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох..." гэснийг ноцтой зөрчсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч А.Байболатын тайлбар, гэрч нар С.Ануарбек, Ш.Күлияш, Ж.Мамырхан, Б.Габит, С.Досбол, Х.Бекболат нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдсон юм.

Тухайлбал, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.А- нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн өмнө албан тушаалын байдлыг ашиглан сонгуулийн сурталчилгааг аливаа хэлбэрээр хийсэн хууль бус асуудал гаргасан гэж үзэж байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 20.1.5-д “...сонгуульд оролцож байгаа аль нэг намд, эсвэл нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах” мөн 29.2.5-д "... сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эсвэл нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах” мөн зарим нэр бүхий иргэдийг албан тушаалд тохоон томилохоор амлан, малжуулах төсөлд хамруулна гэж ухуулан сурталчлах, сум хөгжүүлэх сангаас төсөл хөтөлбөрт хамааруулах зэрэг амлалт өгч иргэдийн саналыг төсвийн болон төсвийн хөрөнгөөр худалдаж авах оролдлого хийсэн нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.3-д заасан ...сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдох” үйлдэл гаргасныг давхар нотолж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь гэрчүүдийн мэдүүлгүүдэд дурдсан асуудал нь хэрэгт авагдсан баримтуудаар давхар нотлогдоогүй байх тул анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь зөв байна гэжээ. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үед хэн нэгэн этгээдэд албан бичиг өгч намын сурталчилгаа хийх асуудлыг гаргахгүй. Харин тэрээр гагцхүү сонгогчидтой уулзах үед өөрийн намын сурталчилгааг амаар бусдад хэлдэг юм.

Иймд давж заалдах шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгүүд өөр давхар баримтаар заавал нотлогдох ёстой гэж дүгнэж байгаа нь маш их учир дутагдалтай асуудал гэж үзэж байна. Хэрвээ С.А- нь намын сурталчилгаа хийгээгүй бол түүнийг хэн ч гүтгэхгүй. Энд С.А-н намын сурталчилгаа хийснийг хэд хэдэн гэрчүүд он, сар, өдрөөр, хэлсэн үгийг шүүхэд тайлбарлаж байгааг шүүхүүд анхаарч үзээгүй байна. Анхан болон давж заалдах шатны захиргааны хэрэгт зохих журмын дагуу авагдсан нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд үнэлээгүй явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг бодит байдлаар няцааж чадаагүй байхад анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчиж байна.

С.А-н гаргасан зөрчлийг өөрийг нь байлцуулан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасан ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.А-н орон нутгийн сонгуулийн өмнө гаргасан үйлдэлд нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг бий болгосон гэж үзэж байна. Хариуцагчаас С.А-н гаргасан зөрчлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрийг нь байлцуулан хэлэлцүүлж хариуцагчаас түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 26 дугаар зүйлийн 26.4, 26.7 дахь заалттай нийцэж байна гэж үзэж байна. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14, 26 дугаар зүйлийн 26.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн С.А-г 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-д “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах” гэж заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй талаар шүүхүүд тодорхой, дэлгэрэнгүй зөв дүгнэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан.  

Дээрх журамд зааснаар С.А- нь сахилгын зөрчил гаргасан гэдгийг хариуцагч захиргааны байгууллага өөрөө заавал шалгаж тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах шаардлагатай бөгөөд энэ нь хуульд нийцсэн эсэх талаар шүүх нотлох баримтад үндэслэж шийдвэрлэх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэрчийн мэдүүлгээр зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад мэдүүлгийг үнэлээгүй” гэх гомдол үндэслэлгүй. 

Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж төрийн албан хаагчийн баталгааг заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг төрийн албанаас халах үндэслэл байхгүй байхад хариуцагч түүнийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч зөрчил гаргасан, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 26 дугаар зүйлийн 26.7 дахь заалттай нийцсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0553 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

                ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ