Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/39

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Д.***************** нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Д-ын *****************д холбогдох эрүүгийн 2440000000046 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 44 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг... газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай Ц овогт Д-ын *****************.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.***************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.***************** нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн ************ сум ..... дугаар баг “******************” гэх газарт нутаглах гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.***************тай маргалдаж, түүний хамар тус газар цохиж, улмаар ус ууж байсан сэнжтэй шаазан аягаа түүн рүү шидэж, биед нь ухархай ясны хугарал, духанд 3 хэсэгт шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь

 

Хохирогч Ш.***************гийн ...Тэгээд нөхөр хүү бид гурав гэртээ үлдээд би нөхөртөө хандан чи намайг айлд очоод ямаа самнаад ирэх хооронд архи уучихсан байх юм гээд уурлаж нөхөр бид хоёр хоорондоо хэсэг маргалдсан юм. Маргалдаад тэгтэл нөхөр уурлаад гараа зангилаад миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Би уурандаа .......... суманд байдаг өөрийнхөө төрсөн ээж ************ рүү утсаар яриад намайг ирээд авчих ***************** архи уучхаад олон юм яриад ядаргаатай байна гэж хэлсэн. Тэгтэл оройн 22 цаг өнгөрч байхад ээж маань миний бэр дүү ************ийн хамт машинтай ирээд манай гэрт ороод сууж байтал ***************** гэнэт агсарч ус ууж байсан сэнжтэй шаазан аягаа над руу шидэж миний духанд онож миний дух шаазан аяганд зүсэгдэж цус гарсан тэгээд манай ээж бэр дүү хоёр маань ирсэн байсан болохоор намайг хүүтэй маань хамт аваад ............. сум руу явсан. Бид нар .............. сумын төвд 23 цаг өнгөрч байхад очоод шууд эмнэлэгт очиж миний духанд 2 оёдол тавьж цусыг тогтоосон тэгээд би тэр оройдоо сумын эмнэлэгт хоноод маргааш өглөө нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагт эмнэлгээс гараад сумын төвд ээжийндээ очсон юм.." гэх мэдүүлэг (хх-ийн 52-53-р хуудас)

Гэрч Б.************ийн “...2024 оны 04 дүгээр сарын 29-ны орой 21 цагийн орчимд Баянмөнх сумын төвд хадам ээж ************гийнд байхад маань хөдөөгөөс хадам эгч *************** нь утсаар яриад би хөдөө мотоциклоос уначихлаа намайг ирж аваарай гэж хэлсний дагуу хадам ээж ************гийн хамт ************ сумын нутаг Шүүтийн хонхор гэх газар луу машинтай яваад шөнө 22 цаг өнгөрч байхад гэрт очсон юм. Тэр үед *************** эгч гэртээ бага хүүгийн хамт хоёулаа байсан бид хоёрыг гэрт нь ороход хүү нь зурагт үзээд сууж байсан *************** эгч нүүр нь дух болон хамар хэсэг нь хавдсан зүүн нүд мөн хавдаж хөхөрсөн уйлсан байдалтай байж байсан. Тэгээд хадам ээж бид хоёр юу болсон талаар *************** эгчээс асуухад мотоциклоос унасан гэж хэлсэн тэгээд байж байтал *************** эгчийн нөхөр Д-ын ***************** ах гаднаас халамцуу орж ирсэн тэгээд *************** эгч ***************** ах хоёр хоорондоо маргалдаад байсан тухайн үед хадам ээж бид хоёр *************** эгчийг хурдан аваад явах гээд юуны талаар яриад маргалдаад байсан талаар сайн санахгүй байна тэгтэл *************** эгч хүүгээ аваад явна гэхэд ***************** нь хүүгээ авч үлдэнэ гээд байсан тэр үед ***************** ах аягаар ус уугаад зогсож байсан тэгтэл гэнэт ус ууж байсан аягаараа нүүр лүү нь шидчихсэн тэгтэл ***************** ахын шидсэн аяга нь *************** эгчийн духанд онож духнаас нь цус гарсан тэгээд хадам ээж ************ бид хоёр *************** эгчийг хүүтэй нь хурдан аваад гарах гэтэл гаргахгүй машинд суулгахгүй ноцолдоод дийлдэхгүй байсан тэгээд би хажуу айлынх нь эрэгтэй хүнийг дуудаад ***************** ахыг бариулж байгаад *************** эгчийг хүүтэй нь машиндаа суулгаад хөдөлсөн." гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас)

 

Гэрч Б.************ийн “...2024 оны 04 дүгээр сарын 29-ны шөнө 23 цаг өнгөрч байхад мотоциклоос унасан гэсэн *************** гэдэг эмэгтэй хүнийг ар гэр нь аваад ирсэн тэгээд тухайн хүний биеийн байдлыг үзэж үзлэг хийхэд иргэн ***************гийн дух хэсэгт 3 хэсэг газар зүсэгдэж шалбарсан шархтай байсан мөн хоёр нүд хөхөрсөн хавсан байсан, баруун хацар хэсэгт халцарч зулгарсан шархтай, даралт өндөр биеийн ерөнхий байдал дунд зэрэг байсан, ***************гийн дух хэсгийн шархнаас цус гарсан байдалтай байсныг гурван оёдол тавьж цусыг тогтоосон. Тэгээд ерөнхийдөө тухайн хүнээс асуумж авахад өөрөө хөдөө хээр мотоциклоос унасан гэж хэлээд байсан тэгээд тухайн шархыг хараад ажиглаад байхад ямар нэгэн юмнаас унасан гэх шинж тэмдгээс арай өөр надад нэг сэжигтэй санагдаад байсан тэгээд би сумын цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм." гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас)

Гэрч Ж.************гийн “...2024 оны 04 дүгээр сарын 29-ны орой 21 цагийн орчимд ............... сумын төвд гэртээ байхад маань хөдөө ************ сумын нутагт нөхөр хүүхдийн хамт мал дээр байдаг охин маань утсаар яриад ээжээ би мотоциклоос уначихлаа ирж аваарай гэж хэлсэн юм тухайн үед манайд хөдөөгөөс бэр охин маань ирсэн байсан тэгээд би бэр охин ************ийн хамт машинаар нь хөдөө явсан тэгээд бид хоёрыг очиход манай охин *************** нь нүүр ам нь хавдчихсан 4 настай хүүгийн хамт хоёулаа уйлаад байж байсан тэгээд юу болсон талаар асуугаад байж байтал манай хүргэн ***************** гаднаас архи уучихсан нэлээн халамцуу орж ирээд манай охин ***************тай маргалдаад байсан би бодохдоо хүүхдээсээ болоод л маргалдаад байсан санагдаж байна. Тэгээд би охиноо хүүтэй нь аваад явна чи ийм болгочхоод юу яриад байгаа юм гэхэд би хүүгээ аваад үлдэнэ гээд агсарсан манай охин *************** руу дайрч давшилсан тэр үед ***************** гэрийнхээ урд хэсэгт сэнжтэй шаазан аягаар ус ууж байсан *************** болохоор гэрийнхээ баруун хэсгээр утсаа хайгаад байх шиг байсан тэгтэл ***************** ус ууж байсан аягаа *************** руу шидсэн тэгээд шидсэн аяга нь ***************гийн дух нүүр хэсэгт онож духнаас цус олгойдож гарч байсан тэгээд манай бэр ************э нь хажуу айлынх руу нь орж хүн дуудаж нэг залуу ирж *****************ийг барьж байгаад бид нарын машинд маань суулгаад бид нар .............. сумын төв рүү явж эмнэлгийн тусламж авсан юм. Тухайн үед цаг шөнийн 23 цаг 30 минут болж байсан санагдаж байна тэгээд эмч ***************гийн духанд нь 3 оёдол тавьж эмчилгээ хийж байсан." гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 287 дугаартай 

 

1.2. Ш.***************гийн биед ухархай ясны хугарал, духанд 3 хэсэгт шарх, баруун зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт (хх-н 29-30-р хуу)

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч Д.***************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.*************** нь “... Надад гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирлыг гаргуулахгүй. Бид хоёр учраа олсон одоо хамтдаа амьдарч байгаа.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх   нөхцөл байдалд тооцсон болно.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.*****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц овогт Д-ын *****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*****************д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*****************д оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.*****************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР