| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/01453/И |
| Дугаар | 184/ШШ2021/02701 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2021/02701
2021 10 25 184/ШШ2021/02701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, Самбуугийн гудамж-43 хаягт байрлах ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч
Хариуцагч: ******* дүүрэг, 7 хороо, ******* ******* тоот хаягт оршин суух ******* ******* овгийн ******* ******* /РД:/
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 988 400 төгрөг, хүү 961 844.54 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг нийт 2 959 744.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар ******* банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2021 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Банкны тухай хуулийн 68.3-т заасны дагуу ******* банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Д.******* нь ******* банкны аймгийн салбартай 2007 оны 11 сарын 29-ний өдөр №453 дугаар зээлийн гэрээ байгуулж 3 600 000 төгрөгийг сарын 2.6 хувь, жилийн 31.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж авсан. 2007 оны 11 сарын 29-ний өдөр №453 дугаар барьцааны гэрээ байгуулж 5 ханатай гэр 1, 4 ханатай гэр 1, дугаартай мотоцикл 1, улсын дугаартай маркийн автомашин 1, ямаа 250, хонь 30, тэмээ 10 зэргийг барьцаалуулсан. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1 611 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 85 819.42 төгрөг, нийт 1 833 304.24 төгрөгийг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2021 оны 05 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1 988 400 төгрөг, зээлийн хүү 961 844.54 төгрөг, нийт 2 950 244.54 төгрөг, шаардлагатай баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн 9 500 төгрөг нийт 2 959 744.54 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаалуулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт зааж өгнө үү.
Манай хүсэлтээр ******* банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан хүнийг гэрчээр асуусан бөгөөд хариуцагч 2 000 000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гэрч үгүйсгэсэн. Гэрээний хугацааг гэрээний 1.8-д заасан, хариуцагч нь 2016 оны 06 сарын 20-ны өдөр 5 000 төгрөгийн төлөлт хийсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Зээлийн дүнгээр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* банкнаас 2007 оны 11 сарын 29-ний өдөр зээлийн гэрээг байгуулан зээл авсан бөгөөд зээлийн гэрээнд зааснаар төлбөр төлж байсан. Улмаар 2011 оны 04 сард аймгийн Манлай сумын ******* банканд ажиллаж байсан Болор гэдэг эдийн засагч зээлийн төлбөрийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг төлөхөөр байна. Төлөхгүй бол хамаг мал, эд хөрөнгийг чинь хураана гэж хэлсэн бөгөөд миний бие зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 2 000 000 төгрөгийг Болор гэдэг эдийн засагчид аваачиж өгсөн. Тэр үед зээл байхгүй хаагдсан гэж хэлсэн бөгөөд надад ямар нэгэн баримт өгөөгүй, банкнаас авсан зээлийг төлж хаагдсан гэж бодож байсан. Гэтэл 2011 оноос хойш 10 жилийн дараа 2021 онд 2007 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд 2007 онд авсан зээлийн гэрээтэй холбоотой шаардах эрх дуусгавар болсон гэж үзэж байна. Тодруулбал Д.******* нь ******* банктай 2007 оны 11 сарын 29-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2008 оны 11 сарын 29-ний өдөр дуусгавар болж байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу 2007 оны 11 сарын 29-ний өдөр Д.******* болон ******* банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний шаардах эрх 2008 оны 11 сарын 29-ний өдөр үүссэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул уг гэрээний дагуу шаардах эрхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 988 400 төгрөг, хүү 961 844.54 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг нийт 2 959 744.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрөхгүй маргана.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
2007 оны 11 сарын 29-ний өдөр нэг талаас нэхэмжлэгч аймаг, Манлай суманд байрлах ******* банк /зээлдүүлэгч/, нөгөө талаас хариуцагч /зээлдэгч/ Д.******* нар 3 600 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.6 хувийн хүүтэй, 453 дугаар зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 9, 61 тал/
Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд ... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасныг зөрчөөгүй, талууд зээлийн гэрээ байгуулсан, зээл авсан тухай маргаагүй. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1-т гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч тал зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Гэрээний талууд 2007 оны 11 сарын 29-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, 5 ханатай гэр 1, 4 ханатай гэр 1, улсын дугаартай мотоцикл 1, улсын дугаартай маркийн автомашин 1, ямаа 250, хонь 30, тэмээ 10-ыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ. /хэргийн 11, 63 тал/
Барьцааны гэрээний 2.7-д барьцаалуулагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг Иргэний хуулийн 174.3 ... заасны дагуу худалдаж ... гэж Үндсэн хуулийн Цэцийн 2006 оны 06 сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг дурдаж барьцаалуулагчийн эрхийг дордуулсан байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж зээлийн гэрээний 1.8-д зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү бүрэн төлж дуусах хүртэл гэрээний хугацаа үргэлжилнэ, гэрээний хугацаа дууссанаар зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж, хариуцагч Д.******* татгалзлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тайлбарлажээ.
Зээлийн гэрээ, банкны зээлийг буцаан төлөх хуваарь болон зохигчдын тайлбараар зээлийн гэрээний хугацаа 2007 оны 11 сарын 29-ний өдөр эхэлж, 2008 оны 11 сарын 29-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрх 2008 оны 11 сарын 29-ний өдөр үүсэж, энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх зэргээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг шинээр эхлэн тоолохоор зохицуулсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон ******* банкны зээлийн дансны хуулгаар хариуцагч буюу зээлдэгч Д.******* нь 2016 оны 06 сарын 20-ны өдөр 5 000 өдөр төлсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзэх тул 2016 оны 06 сарын 20-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж, хөөн хэлэлцэх гурван жил 2019 оны 06 сарын 20-ны өдөр дуусжээ.
Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэлт үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусахаар заасан тул нэхэмжлэгчийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дуусгавар болсныг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 988 400 төгрөг, хүү 961 844.54 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг нийт 2 959 744.54 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 988 400 төгрөг, хүү 961 844.54 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг нийт 2 959 744.54 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР