| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0134/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/131 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/131
2024/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Жгийн Дд холбогдох эрүүгийн 2412000180059 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ..... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ....... тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 04 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн алхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, уг ялыг эдэлж дууссан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Жгийн Д/РД:АБ......../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2412000180059 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Бы өгсөн:
“...Би Архангай аймгийн Батцэнгэл сумын ....... гэх газраас 2020 оны 06 сарын эхээр өөрийн Хонгор азарган үрээтэй 16 тооны адуугаа алдсан. Тэгээд би О буюу Г.Д, О буюу О.О, Ба буюу А.С нарын хамтаар Цэцэрлэг багийн Өлтийн давааны ар Шарт гэх газраар хайж явтал О, А.С 2 дуудаад “энэ айлын урд. талын модон дотор 2 гүүг чинь аргамжчихсан байна” гэхээр нь очоод хартал манай халиун гүү, шарга гүү хоёрыг урд модонд аргамжчихсан байсан. 2 унага нь хажууд нь зогсож байсан. Хүнд мэдэгдэхээргүй бургас, намаг ихтэй бартаатай газар аргамжчихсан байсан. Модны ард 60-80 метр орчим зайтай ганц гэрт очоод “энэ манай адуу яагаад энд хүрээд ирэв” гэхэд нударга Д буюу Ж.Д гэдэг залуу “би аваад ирсэн” гээд хулгай хийснээ улайж хэлсэн. Одоо цагдаад өгнө гэхэд хоорондоо хүний юм хулгай хийлээ гээд хэрүүл маргаан болсон. Тухайн үед Ж.Д, Г.Т нар болон гэрийн эзэн байсан. Бид нарыг “явлаа” гэхэд “цагдаад битгий хэлээч, эндээ тохиръё” гэж хэлсэн. Гуйгаад байхаар нь “явсан зардал 2 сая төгрөг болсон өгөх юм уу” гэхэд өгнө гэж хэлсэн. 7 хоногийн дотор бөөгнүүлж аваачиж өгье гэсэн. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа Ж.Д, Г.Т хоёр Цэнхэр сумын Булган багийн Нүхт гэх газар миний алдсан 16 тооны адууг мотоциклтой тууж авчирч өгсөн. Урдаас нь би Г.Д ах, О.О ах хоёртой тосож адуугаа бүрэн гүйцэт хүлээж авсан. Ж.Д миний данс руу 1 сая төгрөг шилжүүлж өгсөн. Өмнө нь 1 сая төгрөг өгчихсөн байсан. Тэгээд би цагдаад хэлээгүй өнгөрсөн. Тухайн 9 сардаа би бүх адуугаа хулгайн замаар орчихсон юм чинь гэж бодоод зарж үрж, нядлаад дуусгасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/
*Хохирогч Б.Бы дахин өгсөн:
“...Тухайн мөнгийг нэг, нэг саяаар нь бэлэн мөнгөөр нь авсан тухайн асуудал болоод нэлээд удчихсан учир би буруу санаж мэдүүлсэн байсан тэрнээс би тэр адуу хайсан зардал н болох 2.000.000 төгрөгийг эхлээд 1.000.000 төгрөг аваад дараа нь адууг маань авчирч өгөхдөө дахин 1.000.000 төгрөг авчирч өгч байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. 2020 оны 09 сард тухайн адуугаа би бүгдийг нь махалж худалдсан одоо тухайн адуунаас надад нэг ч адуу байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор, хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 101-102 дугаар тал/
*Гэрч Г.Дгийн өгсөн:
“...Манай дүү Б.Б нь 2020 оны 06 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын ........ гэх газраас Хонгор зүсмийн азарган үрээтэй 16 тооны адуу алдсан. Би дүү Б.Бтай хамт машин мотоциклтой ойр орчмын сумдын нутаг хавиар сар гаруй хугацаанд их л сайн хайсан. Би дүү Б.Бы хамт мотоциклтой О буюу О.О, Б буюу А.С нар мотоциклтой хамт 2 хэсэг болж хайсан. Тэгээд О, Б 2 манай дүүгийн адууны Шаргах халиун зүсмийн 2 гүүг унагатай нь хамт Архангай аймгийн Цэнхэр сум Цэцэрлэг багийн “Шарт” гэх газар айлын урд талын модонд аргамжсан байсан.. Тэр айл руу яваад очиход Г гэх айлд тэр айлын хүү Г.Т болон нударга Д гэх хүн байсан. Тэгээд энэ адуу энд яаж ирсэн, хэн авч ирсэн гэж хэлэхэд тэр нударга Д гэх хүн “би энд авч ирсэн” гэж хэлэхэд Б.Г гэх хүн нь нударга Д гэх хүнийг “балай муу хүүр хүний адуу авч ирлээ” гээд загнаад байсан. Тэгээд “үлдсэн адуу нь хаана байна” гэж асуухад “уулын хярд байгаа 7 хоногийн дараа араас чинь аваачиж өгье” гэсэн. Тэгээд гаднаас нь хөдлөх гэтэл “намайг цагдаад битгий хэлээч” гээд гуйгаад байсан. Б.Б тэр хүнтэй уулзаад сар гаран хайсан бензин, тос, маслоныхаа зардлыг аваад цагдаад хэлэлгүй салсан. Энэ явдлаас 10-аад хоногийн дотор хар өнгийн хужаа мотоциклтой манай адууг нударга Д, Г.Т нар нь туугаад Цэнхэр сумын Алтан овоо баг Нүхт гэх газар 2 сумын зааг дээр авч ирсэн. Бид нар урдаас нь тосож авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-20 дугаар тал/
*Гэрч О.Огийн өгсөн:
“...Би Б.Бы адуу алга болсон талаар мэднэ. Адуугаа алдсан хугацаа нь 2020 оны 06 сарын орчимд байсан. Дүү Б.Б адуугаа олохгүй байгаа гээд Г.Д ахтай хамт энэ орчим хайгаад байсан. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Цэцэрлэг багийн ......... гэх газрын ам өгсөөд Б буюу А.Сын хамт явж байтал бургасан дотор шарга халиун зүсмийн 2 гүү нь унагатай нь хамт аргамжсан байсан. Тэгээд Б.Б, Г.Д ах хоёрыг ирэхэд нударга Д гэх хүн ирээд би ганцаараа очиж авсан. Ойр байсан айлын ах нь тэр хүнийг “айлын адуу авч ирлээ” гээд загнаад байсан. Би ч нэг их оролцоогүй хол байсан. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа тэр хүн адууг нь тууж авч ирж өгсөн. Ойролцоогоор эндээс 100-д км зайтай байх. Бид нар эндээс хайж явсаар 2 хонож тэнд очсон. Дандаа л энэ нутгийн адуу болохоор өөрсдөө эндээс бэлчээрээр очих ямар ч боломжгүй байсан. Би Б.Бы адууг тэр Ж.Д гэх хүн дахин 1, 2хүний хамт авч явсан байх гэж л бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-27 дугаар тал/
*Гэрч А.Сын өгсөн:
“...Манай найз Б.Б 2020 оны 06 сард адуугаа алдсан гээд нэг өдөр манайд ирж мод тарж мод самная гээд намайг аваад явсан. Тэгээд бид дөрөв 2 дахь өдрөө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг “Шарт” гэх газар эндээс ойролцоогоор 90-ээд км явж байж очсон болов уу бургасан дотор 2 гүү аргамжсан ганц гэр айл байсан. Тэр гэрээс 100 метр зайтай л бургасан дотор аргамжсан байсан. Тэр айлд настай ах, эгч хоёр байсан. Бас нударга Д гэх залуу байж байсан. Тэр нударга Д гээд байсан хүн “би танай адууг өөрөө хулгай хийж ирсэн би 4 хүүхэдтэй хүн, битгий цагдаад хэлээч, адууг чинь аваачиж өгье” гээд байсан. Дараа нь 10-аад хоногийн дараа тэр нударга Д гэх хүн адууг тууж авч ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-33 дугаар тал/
*Гэрч Г.Нгийн өгсөн:
“...Би тухайн өдрийн гүйлгээг огт санахгүй байна. Надаа хүн мөнгө зээлсэн байх гэж бодож байна. Яг тодорхой санахгүй байна. Миний данснаас зарлага гарахад виза карт болон мобайл банк ашиглаж л шилжүүлэх боломжтой. Би өөрийн дансыг ганцаараа эзэмшдэг, хэн нэгэн хүн эзэмшдэггүй. Би аль 3 жилийн өмнөх гүйлгээг санахгүй байна. Миний мэдэхийн ойр дотнын хүмүүс дунд манай хамаатны Ж.Д гэж хүн бий тэр хүнд л мөнгө зээлсэн байж магадгүй, тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38 дугаар тал/
*Гэрч Б.Гийн өгсөн:
“...Би тухайн үед болсон үйл явдлыг сайн санаж байна. Тэр үед Ж.Д гэх хүн нь манай гэрийн гадаа бор морь унаад азаргагүй 10-аад тооны адуу туугаад аваад ирсэн. Танай азарганд гэхээр нь би өөрийн азаргандаа тухайн адууг нь хураалгаагүй. Надад Ж.Д хэлэхдээ “би өрөндөө авсан адуу” тухайн адууг хураалгах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи янз бүрийн юм аваад ирэв үү” гэсэн чинь “үгүй ээ ахаа би Хоршооллоос өрөндөө авч ирсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “манай энд чоно, нохой элбэгтэй, чи ядаж наад унагатай 2 гүүг нь аргамж гэж” хэлээд бургасанд аргамжсан. Тухайн үйлд явдлаас хойш 10 гаран хоногийн дараа 2 мотоциклтой 4 хүн ирээд “Нударга Д гэх хүн энд адуу тууж авч ирсэн байна, энэ аргамжаатай байгаа унагатай 2 гүү нь манай гүү байна” гэхээр нь би “энэ унагатай 2 гүүг Ж.Д тууж ирсэн. Унагатай болохоор нь би чоно нохойн хоол болно гээд 2 гүү нь унагатай нь аргамжсан, бусад нь энэ эхэд байгаа” гэж зааж өгсөн. Тэр үед Ж.Д хамт байсан ба “би тухайн адууг тууж ирсэн, би буруугаа хүлээж байна” гээд байсан. Би Ж.Дгийн тууж ирсэн адууг урд өмнө нь огт харж байгаагүй адуу байсан болохоор Ж.Дгийн хэлж байгаа үгэн нэг их итгэхгүй байсан. Тэгж бодсондоо ч би өөрийн азаргандаа тухайн адууг нь хураалгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 дүгээр тал/
*Гэрч Г.Тын өгсөн:
“...Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод байж байгаад хөдөө гэртээ харьсан. Манай хөдөө гэр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг Шарт гэх газар хаваржиж байсан. Тэгэхэд манай гэрийн баруун талд Халиун гүү, шарга гүү тус тус унагатай нь аргамжсан байсан. Тэгэхээр нь би ааваас “юун гүү билээ” гэхэд аав “Д ах чинь хүнээс авсан гэсэн” гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь 2 мотоциклтой 4 хүн ирсэн. Тухайн үед би үнээний зэлэн дээр үнээ эвэлгээд байж байсан. Тэгтэл тухайн 4 хүн Д ахтай уулзаад байсан. Би тухайн үед очоогүй. Тэгтэл тухайн 2 гүү нь хулгайн адуу болж таарсан. Тухайн ирсэн хүмүүс явсан хойно Д ах намайг хамт адуу туугаад хүргээд өгье гээд байсан. Тэгэхээр нь би сум явлаа гээд яваад өгсөн. Сумын төвд би өөрийн төрсөн эгч Г.Нгийнд байж байтал Д ах залгаад ирээд авчих гээд байхаар нь би мотоциклтой Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгаас очиж авсан. Тухайн газар нь цэнхэр сумын ард наадам болдгийн арын хамрыг даваад байсан. Надтай ярихдаа Цагаан уснаас ирээд ав гэж хэлсэн. Би төв замаар явсаар байгаад яваад очсон. Тэгтэл Д ах адууных нь эзэн гэх 3,4 хүнтэй хамт байж байсан. Би тэр хэдэн хүндээр очоогүй, нэлээн зайтай зогсоод л байсан. тэр хэд хоорондоо юм яриад зогсоод байсан. Тэгээд л би Д ахыг аваад сумын төвд ирсэн. Адууны эзэд гээд байгаа хүмүүстэй Д ах хохирол энээ тэрээ гээд юм яриад байсан. Хэл ам хийж хэрүүл маргаан болоод байсан юмгүй байсан. Би тэгээд сумын төв 2 хоноод сонгууль өгчхөөд Улаанбаатар явсан. Манай эхнэр оюутан, хүүхэд маань бага байсан болохоор би удалгүй эхнэр хүүхэд рүү гээ буцсан. Мөн манай эхнэр ч дуудаад байсан болохоор олон хонож чадаагүй. Би тухайн үед ахиж хөдөө гэр лүү гээ очиж чадаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-54 дүгээр тал/
*Яллагдагч Ж.Дгийн өгсөн:
“...2020 оны 06 дугаар сард яг хэдний өдөр байсан гэдгийг нь би одоо тодорхой санахгүй байна би Батцэнгэл сум руу азарга худалдах хүн хайхаар явж байсан юм гэтэл миний унаж явсан морь эцээд явахгүй болсон ингээд би буцах гээд морь байхгүй байсан гэтэл ойролцоо хонгор зүсмийн азаргатай 16 тооны адуу байсан ингээд би тухайн адуунаас бор зүсмийн морийг нь барьж морио сэлгээд тухайн адууг тууж Архангай аймгийн төвийн урдуур тууж Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газарт тууж аваачаад өөрийн хамаатан Б.Г гэх айлын ойролцоо унагатай хоёр тооны гүүг нь аргамжаад бусад адууг нь ууланд шахаад өөрөө хорь гаран хоног хариулж малласан ингээд байж байтал нэг өдөр хоёр мотоциклтой 4 хүн Б.Г ахын гэрийн ойролцоо бургасны ёроолд аргамжсан байсан унагатай хоёр гүүг таниад энэ хоёр гүү хэний гүү вэ гэхээр би миний гүү байгаа юм гэхэд ханаас авсан юм гэж асуусан ингээд би хэрэг биш боллоо гэж ойлгоод би хулгайлж тууж ирсэн юм гэж хэргээ хүлээгээд тэр хүмүүсээс цагдаад битгий хэлээрэй би бүх адууг чинь зүсээр нь аваачиж өгье гэж гуйхад тэгье гээд адуугаа хайж явсан зардал болох 2.000 000 төгрөгийг өг гэсэн би 1.000.000 төгрөгийг тухайн үед нь бэлэн өгөөд харин үлдсэн 1.000.000 төгрөгийг нь Б.Г ахын хүүхэд Нгаас зээлж өгсөн санагдаж байна гэхдээ дансаар шилжүүлсэн эсвэл бэлэн өгсөн эсэхээ одоо яг тодорхой санахгүй байна. Ингээд би 7-8 хоногийн дараа гэж санаж байна тухайн 16 тооны адууг Б.Г ахын хүү Г.Тыг гуйж хамт тууж Цэнхэр сумын Нүхт гэх газар хүргэж өгсөн Б.Б гэх хүн урдаас тосож ирж адуугаа хүлээж аваад явсан, тухайн хүнээс би уучлалт гуйгаад цагдаад хэлэхгүй байхыг гуйсан Б.Б нь адуугаа бүрэн бүтэн авсан учир би цагдаад хэлэхгүй гэж хэлсэн. Би өөрийн хээр зүсмийн соёолон насны морийг унаж явж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ унаж явсан хээр зүсмийн соёолон насны үрээ морь 2020-2021 онд шилжих жил өвөл нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газар ууланд үхсэн байсан тэрийг би өөрийн нүдээр харсан сэг зэмийг нь чоно, нохой идсэн байх. Тэр талаар хэн нэгэн хүн мэдэхгүй би малд явж байгаад харсан би өөрийн хээр зүсмийн морио ууланд үхсэн байна гэж хэн нэгэн хүнд яриагүй юм. Би Б.Г ахын гадаа хулгайлсан адуугаа тууж очихдоо тухайн хулгайлсан адуунд байсан бор зүсмийн морийг барьж унаад өөрийн унаж байсан хээр зүсмийн соёолон насны үрээг тухайн адуутай нийлүүлж тууж очсон юм учир нь миний гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан хээр зүсмийн соёолон насны морь эцэх гээд байхаар нь би хулгайлсан адуунаас морь барьж унаж морио сэлгэсэн. Миний явж барсан газрын ойролцоо харагдаж байсан юм. Тэгээд л тэр адуунаас морио сэлгэж унаад тухайн адуу хулгайлж олон адуутай болох гэж л гэмт хэрэг үйлдсэн юм. Би Б.Бы хохирлыг бүрэн барагдуулсан. Адууг нь тоо ёсоор нь зүсээр нь хүлээлгэн егөөд дээр нь адуугаа хайж явсан зардал болох 2.000.000 төгрөг өгсөн. Б Б гэх хүнийг таньдаггүй байсан. Би тухайн 16 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ ганцаараа явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-96 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн АЦ-24-50 дугаартай: “...азарган үрээний үнэ 950.000 төгрөг, 3 тооны гүүний үнэ 2.550.000 төгрөг, 3 тооны унаганы үнэ 900.000 төгрөг, 3 тооны байдасны үнэ 1.650.000 төгрөг, 3 тооны дааганы үнэ 1.200.000 төгрөг, 2 тооны морины үнэ 1.800.000 төгрөг, 1 тооны үрээний үнэ 600.000 төгрөг, нийт 9.650.000/есөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 65-68 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АЦ-24-63 дугаартай: “...1 тооны соёолон насны морины үнэ 900.000/есөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 77-79 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ж.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 06 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Хойд булаг гэх газраас иргэн Б.Бы 16 тооны адуу хулгайд алдагдаж, түүнд 9.650.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Д үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бы“...Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Хойд булаг гэх газраас 2020 оны 06 сарын эхээр өөрийн Хонгор азарган үрээтэй 16 тооны адуугаа алдсан. Цэцэрлэг багийн Өлтийн давааны ар Шарт гэх газраар хайж явтал О, А.С 2 дуудаад “энэ айлын урд. талын модон дотор 2 гүүг чинь аргамжчихсан байна” гэхээр нь очоод хартал манай халиун гүү, шарга гүү хоёрыг урд модонд аргамжчихсан байсан. 2 унага нь хажууд нь зогсож байсан. Хүнд мэдэгдэхээргүй бургас, намаг ихтэй бартаатай газар аргамжчихсан байсан. Модны ард 60-80 метр орчим зайтай ганц гэрт очоод “энэ манай адуу яагаад энд хүрээд ирэв” гэхэд нударга Д буюу Ж.Д гэдэг залуу “би аваад ирсэн” гээд хулгай хийснээ улайж хэлсэн. Одоо цагдаад өгнө гэхэд хоорондоо хүний юм хулгай хийлээ гээд хэрүүл маргаан болсон. Тухайн үед Ж.Д, Г.Т нар болон гэрийн эзэн байсан. Бид нарыг “явлаа” гэхэд “цагдаад битгий хэлээч, эндээ тохиръё” гэж хэлсэн. Гуйгаад байхаар нь “явсан зардал 2 сая төгрөг болсон өгөх юм уу” гэхэд өгнө гэж хэлсэн. 7 хоногийн дотор бөөгнүүлж аваачиж өгье гэсэн. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа Ж.Д, Г.Т хоёр Цэнхэр сумын Булган багийн Нүхт гэх газар миний алдсан 16 тооны адууг мотоциклтой тууж авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Дгийн“...Б.Б нь 2020 оны 06 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг Хойд булаг гэх газраас Хонгор зүсмийн азарган үрээтэй 16 тооны адуу алдсан. Тэгээд О, Б 2 манай дүүгийн адууны Шаргах халиун зүсмийн 2 гүүг унагатай нь хамт Архангай аймгийн Цэнхэр сум Цэцэрлэг багийн “Шарт” гэх газар айлын урд талын модонд аргамжсан байсан.. Тэр айл руу яваад очиход Г гэх айлд тэр айлын хүү Г.Т болон нударга Д гэх хүн байсан. Тэгээд энэ адуу энд яаж ирсэн, хэн авч ирсэн гэж хэлэхэд тэр нударга Д гэх хүн “би энд авч ирсэн” гэж хэлэхэд Б.Г гэх хүн нь нударга Д гэх хүнийг “балай муу хүүр хүний адуу авч ирлээ” гээд загнаад байсан. Тэгээд “үлдсэн адуу нь хаана байна” гэж асуухад “уулын хярд байгаа 7 хоногийн дараа араас чинь аваачиж өгье” гэсэн. Тэгээд гаднаас нь хөдлөх гэтэл “намайг цагдаад битгий хэлээч” гээд гуйгаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Огийн”...Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Цэцэрлэг багийн Шарт гэх газрын ам өгсөөд Б буюу А.Сын хамт явж байтал бургасан дотор шарга халиун зүсмийн 2 гүү нь унагатай нь хамт аргамжсан байсан. Тэгээд Б.Б, Г.Д ах хоёрыг ирэхэд нударга Д гэх хүн ирээд би ганцаараа очиж авсан. Ойр байсан айлын ах нь тэр хүнийг “айлын адуу авч ирлээ” гээд загнаад байсан. Би ч нэг их оролцоогүй хол байсан. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа тэр хүн адууг нь тууж авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Сын”...Б.Б 2020 оны 06 сард адуугаа алдсан гээд нэг өдөр манайд ирж мод тарж мод самная гээд намайг аваад явсан. Тэгээд бид дөрөв 2 дахь өдрөө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг “Шарт” гэх газар эндээс ойролцоогоор 90-ээд км явж байж очсон болов уу бургасан дотор 2 гүү аргамжсан ганц гэр айл байсан. Тэр гэрээс 100 метр зайтай л бургасан дотор аргамжсан байсан. Тэр айлд настай ах, эгч хоёр байсан. Бас нударга Д гэх залуу байж байсан. Тэр нударга Д гээд байсан хүн “би танай адууг өөрөө хулгай хийж ирсэн би 4 хүүхэдтэй хүн, битгий цагдаад хэлээч, адууг чинь аваачиж өгье” гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Нгийн”...Би аль 3 жилийн өмнөх гүйлгээг санахгүй байна. Миний мэдэхийн ойр дотнын хүмүүс дунд манай хамаатны Ж.Д гэж хүн бий тэр хүнд л мөнгө зээлсэн байж магадгүй, тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гийн”...Би тухайн үед болсон үйл явдлыг сайн санаж байна. Тэр үед Ж.Д гэх хүн нь манай гэрийн гадаа бор морь унаад азаргагүй 10-аад тооны адуу туугаад аваад ирсэн. Танай азарганд гэхээр нь би өөрийн азаргандаа тухайн адууг нь хураалгаагүй. Надад Ж.Д хэлэхдээ “би өрөндөө авсан адуу” тухайн адууг хураалгах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи янз бүрийн юм аваад ирэв үү” гэсэн чинь “үгүй ээ ахаа би Хоршооллоос өрөндөө авч ирсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “манай энд чоно, нохой элбэгтэй, чи ядаж наад унагатай 2 гүүг нь аргамж гэж” хэлээд бургасанд аргамжсан. Тухайн үйлд явдлаас хойш 10 гаран хоногийн дараа 2 мотоциклтой 4 хүн ирээд “Нударга Д гэх хүн энд адуу тууж авч ирсэн байна, энэ аргамжаатай байгаа унагатай 2 гүү нь манай гүү байна” гэхээр нь би “энэ унагатай 2 гүүг Ж.Д тууж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Тын”...Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод байж байгаад хөдөө гэртээ харьсан. Манай хөдөө гэр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг Шарт гэх газар хаваржиж байсан. Тэгэхэд манай гэрийн баруун талд Халиун гүү, шарга гүү тус тус унагатай нь аргамжсан байсан. Тэгэхээр нь би ааваас “юун гүү билээ” гэхэд аав “Д ах чинь хүнээс авсан гэсэн” гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь 2 мотоциклтой 4 хүн ирсэн. Тухайн үед би үнээний зэлэн дээр үнээ эвэлгээд байж байсан. Тэгтэл тухайн 4 хүн Д ахтай уулзаад байсан. Би тухайн үед очоогүй. Тэгтэл тухайн 2 гүү нь хулгайн адуу болж таарсан...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Ж.Дгийн мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан Дамно ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн АЦ-24-50 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан, шүүгдэгч Ж.Дгийн хохирогч Б.Бы 16 тооны адууг хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Дг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 9.650.000/есөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Б нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 06 дугаар сард мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Өршөөл үзүүлэх тухай хууль...”-д заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршӨ хамааруулахгүй гэжээ. Шүүгдэгч Ж.Д нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас өршөөгдсөнөөс хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Жгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Дг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацааг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 900.000/есөн зуун мянга/ төгрөгийг хураан улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР