| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбарамын Энхжаргал |
| Хэргийн индекс | 135/2018/00755/и |
| Дугаар | 112 |
| Огноо | 2018-10-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 112
С.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2018/00755/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 890 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
“Хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар баг Дархан баг 14 дүгээр байрны 20 тоот хаягтай 2 өрөө орон сууцыг С.Г- надад буцаан олгож, С.Г-ийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг
Нэхэмжлэгч С.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн
Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ш.Ч-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч С.Г- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие эхнэр Г.Н- болон хүүхдүүдтэйгээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар баг, Дархан баг 14 дүгээр байр 20 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өмчлөн 2010 оноос хойш одоог хүртэл амьдран оршин сууж байгаа билээ. Миний эхнэр Г.Н- нь 2012 онд “Д-Ө” ББСБ-аас 11.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд бидний дундын өмчлөлийн уг орон сууцыг барьцаалсан байдаг. Гэтэл “Д-Ө” ББСБ нь уг үл хөдлөх хөрөнгөний хамтран өмчлөгч болох миний зөвшөөрөлгүйгээр барьцаат зээлийн гэрээ байгуулж миний эрх ашгийг зөрчсөн. Би өөрийн эхнэр Г.Н-ийг тус ББСБ-аас зээл авсан талаар тухайн үедээ мэдээгүй байсан бөгөөд 2014 онд “Д-Ө” ББСБ-аас иргэний шүүхэд хандан зээлийн үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргаж хариуцагчаар намайг болон миний эхнэр Г.Н-ийг татан оролцуулахад л би энэ бүхнийг мэдсэн. Тухайн үед шүүхийн шатанд би өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавьж гарын үсэг зураагүй гэдгээ нотолж нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Н- нь би зээл авсан нь үнэн, зээлээ төлж барагдуулна, зээлээ төлж барагдуулахдаа уг орон сууцаа оролцуулахгүйгээр өөрөө төлж барагдуулна гэж мэдүүлсэн бөгөөд “Д-Ө” ББСБ-аас уг нөхцөлийг зөвшөөрч эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1132 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Тухайн үед би шүүх хуралдаанд оролцохдоо энэ гэрээнд би гарын үсэг зураагүй учраас надад хамаарахгүй, өмчлөлийн орон сууцаа буцаан авна гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл миний сөрөг нэхэмжлэлийг авч үзэлгүйгээр Г.Н- болон “Д-Ө” ББСБ-ийн хоорондох эвлэрлийг баталсан. Шүүгч тайлбарлахдаа миний эрх ашгийг хөндөхгүйгээр буюу уг орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангуулахгүйгээр зөвхөн Г.Н- уг зээлээ өөрөө төлж барагдуулахаар тохиролцож Г.Н- болон “Д-Ө” ББСБ-ийн хооронд эвлэрлийн гэрээ байгуулж байгааг хэлсэн. Гэтэл “Д-Ө” ББСБ нь уг захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт өгсөн байсан бөгөөд намайг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд албадан дуудаж оролцуулж байсан бөгөөд тухай бүрт нь би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэмдэглэж гарын үсэг зурж байсан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 26-нд “Д-Ө” ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ш.Ч- гэдэг хүнээс шүүхэд намайг болон эхнэр Г.Н-ийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн утга нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах 2 дугаар баг, Дархан баг 14 дүгээр байрны 20 тоот хаягтай 2 өрөө Ш.Ч-ийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах тухай гэсэн байсан бөгөөд бидний өмчлөлийн орон сууц Ш.Ч- гэдэг хүний нэр дээр шилжсэн байна. “Д-Ө” ББСБ-аас авсан барьцаат зээлийн гэрээнд би огт хамааралгүй бөгөөд уг хэрэгт би хариуцагчаар оролцоогүй юм. Гэтэл уг орон сууцыг төлбөрт барагдуулахдаа Г.Н-ийн өмчлөл хэдэн хувь болохыг шүүхээр тогтоогоогүй бөгөөд хамтран өмчлөгч миний уг орон сууцыг худалдан авах давуу эрхийг эдлүүлээгүй, хэрэгжүүлэлгүй дуудлага худалдаанд оруулж, төлбөр авагчид бүхлээр нь шилжүүлсэн байна. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие хариуцагчаар оролцоогүй бөгөөд барьцаат зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй гэдэг нь шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу миний бие төлбөр төлөгч биш бөгөөд миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Миний бие эрх ашиг зөрчигдсөн гуравдагч этгээд байх тул хуулийн дагуу иргэний шүүхэд хандаж байна. Иймд уг хууль зөрчсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг надад буцаан олгож, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1132 дугаар захирамжаар Г.Н-ээс 14.000.000 төгрөг гаргуулж “Д-Ө” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлд барьцаалагдсан, хамтран өмчлөлийн Дархан-Уул аймаг, Шарын гол сум Дархан баг 14 дүгээр байр 20 тоот орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр битүүмжлэн, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 42/09 дүгээр тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагаа зохион байгуулахад төлбөр төлөгч Г.Н-, хамтран өмчлөгч С.Г- нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд 25.000.000 төгрөгөөр үнэлэх талаар бичгээр санал ирүүлснийг төлбөр авагч “Д-Ө” ББСБ нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 25.000.000 төгрөгөөс тооцож, тогтоон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудын харилцан тохирсон үнэлэгдсэн үнэлгээний 70 хувь буюу 17.500.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу талуудын харилцан тохирсон үнэлэгдсэн үнэлгээний 50 хувь буюу 12.500.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Г.Н-, хамтран өмчлөгч С.Г- нарыг оролцуулан дуудлага худалдаанд худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг зохион байгуулж тус хурлаар эд хөрөнгийг төлбөр авагч “Д-Ө” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх шилжүүлсэн шийдвэр гараагүй бол худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж тогтоосон. Төлбөр төлөгч Г.Н-, хамтран өмчлөгч С.Г- нарт дуудлага худалдаа болон санал болгох хурлын талаар мэдэгдсэн бөгөөд тус ажиллагааны явцад ямар нэгэн гомдол, санал гаргаагүй тул С.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ш.Ч- шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие “Д-Ө” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж Г.Н-ийн зээлийн төлбөрийг барагдуулахаар ажиллаж байсан болно. “Д-Ө” ББСБ-ын нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар 08-ны өдрийн 1132 дугаартай шүүгчийн шийдвэрээр Г.Н-ээс 14.227.000 төгрөгийн төлбөр гаргуулах захирамж гарсан. Г.Н- нь сайн дураар төлбөрийг барагдуулахгүй байсан тул Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 324 тоот албадан гүйцэтгэх захирамж, 51 тоот гүйцэтгэх хуудас гаргуулж “Д-Ө” ББСБ 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 02 дугаар сарын 27-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Г.Н-ээс төлбөр төлүүлэх ажиллагаа эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Г.Н-ээс төлбөр төлүүлэх ажиллагаа эхэлсэн. Уг ажиллагааны үр дүнд Г.Н-, С.Г- нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй, орон сууцаа суллаж өгөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дээрх ажиллагаануудыг хийж, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид төлбөрийн дүнд санал болгох хурлыг хийж, хурлын шийдвэрээр Шарын гол сумын 2 дугаар багийн Дархан 14 дүгээр байрны 20 тоот хаягтай орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай Y-2001000191 тоот улсын бүртгэлийн дугаар, ГД-000116155 гэрчилгээний дугаар бүхий 2 өрөө орон сууцыг 14.507.000 төгрөгийн төлбөрт тооцуулан төлбөр авагч “Д-Ө” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлбөрийн дүнд санал болгох хуралд Г.Н- болон С.Г- нар оролцож өөрсдөө зөвшөөрсөн. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “Д-Ө” ББСБ-ын нэр дээр 2016 оны 09 дүгээр сарын 05-нд шилжүүлж Улсын бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан. Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Монгол улсын Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу үйл ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Орон сууцны гэрчилгээг ББСБ-н нэр дээр шилжсэнийг ШШГА болон Г.Н-, С.Г- нар мэдэж байсан. 2016 оны 01 дүгээр сард “Д-Ө” ББСБ нь М.О- гэдэг хүний нэр дээр шилжиж тус ББСБ-ын Хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.О- энэ ББСБ-д хамааралгүй болсон тул дээрх орон сууцны гэрчилгээг “Д-Ө” ББСБ-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан ********** регистрийн дугаартай Ш.Ч-ийн нэр дээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн юм. Ер нь өөрийн өмчлөлд шилжиж ирсэн орон сууцыг хэний нэр дээр шилжүүлэх нь “Д-Ө” ББСБ-н мэдлийн асуудал гэж ойлгож байна. ББСБ-г шилжүүлэх үед Ш.О- хугацаа хэтэрсэн чанаргүй зээлүүдээ шилжүүлээгүй ба захирал Ш.О- олгосон чанаргүй зээлийн төлбөрөө өөрөө авахаар харилцан тохирсноор М.О- “Д-Ө” ББСБ-н нэр дээр шилжсэн орон сууцыг Ш.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч-ийн нэр дээр шилжүүлэн авахыг зөвшөөрсөн юм. Г.Н- нь өнөөдөр хүртэл зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, хэрвээ байраа алдахгүй гэж байгаа бол зээлээ төлөх хангалттай хугацаа байсаар байхад хуулийн байгууллагын шийдвэрийг эс биелүүлж, зээл авснаас хойш 7 жил, Шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 жил ШШГА-ны шийдвэрээр орон сууц ББСБ-н өмчлөлд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 2 жил гаруй болж төлбөрөө төлөхгүй шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын бүртгэлийн байгууллага зэрэг төрийн болон хуулийн байгууллагыг хууль зөрчдөг хэмээн үзэж байгаа нь өөрсдөө үүргээ биелүүлэх бодолгүй байгааг харуулж, хугацаа авах гэсэн арга заль гэж үзэж байна. “Д-Ө” ББСБ болон Ш.Ч- миний өмчлөлд эрх нь шилжсэн уг орон сууц хуулийн дагуу шилжин ирсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль бус үйлдэл хийгээгүй гэж би үзэж байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 890 дүгээр шийдвэрээр:
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 48 дугаар зүйлийн 48.7-т зааснаар нэхэмжлэгч С.Г-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар баг Дархан баг 14 дүгээр байрны 20 тоот хаягтай 2 өрөө орон сууцыг С.Г- надад буцаан олгож, С.Г-ийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Г- давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний эхнэр Г.Н- нь 2012 онд “Д-Ө” ББСБ-аас 8.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээл авахдаа бидний дундын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг, 14-20 тоотод хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан байдаг. Уг байрыг барьцаанд тавьж зээл авсан талаар миний бие мэдээгүй бөгөөд 2014 онд шүүхэд намайг хариуцагчаар дуудахад л анх мэдсэн. Тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаат зээлийн гэрээнд миний гарын үсэг зурагдсан эсэхийг шинжилж биш гэсэн дүгнэлт гарсан. Үүгээр би уг зээлийг авахад барьцааны гэрээн дээр гарын үсэг зураагүй гэдэг нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа тодорхой журмуудыг зөрчиж хийсэн бөгөөд миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа хэрэглэж чадахгүй, оногдох хувь хэмжээг тооцуулж чадалгүй бүхэлд нь хураан авсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудлага худалдаанд оруулах өдрийг товлосон хуудас мэдэгдэл надад нэг ч удаа ирүүлээгүй бөгөөд би энэ талаар огт мэдээгүйн улмаас орон сууцаа дуудлага худалдаанд оруулсныг мэдээгүй, эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Мөн дундын өмчлөлийн хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 270 дугаар зүйлд заасан хамтран өмчлөх давуу эрхийг хэрэгжүүлэлгүйгээр надад ногдох хувийг тооцолгүйгээр бүхэлд нь шилжүүлсэнд гомдолтой байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа дуудлага худалдааны өдрийг товлосон талаар мэдэгдээгүй, миний худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлээгүй, \мөн миний 3 хүүхдийн төрөөс олгож буй 200000 төгрөгийг төлбөрт хураан авсан байсан бөгөөд 3.000.000 орчим төгрөгийг төлбөр авагчид олгоогүй байсан. Дээрх баримтууд бүгд хэргийн материалд авагдсан. Эдгээрээс харахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй тул бүхэлдээ хүчингүй болох үндэслэлтэй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж заасан. Уг хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүхээс заавал хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардахгүй. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хэлцлийг зохих этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусад тооцож болно гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс үзэхдээ тус хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцоогүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна. Би зээл аваагүй байхад миний дундын өмчлөлийн орон сууцыг төлбөрт бүхлээр нь шилжүүлж гуравдагч этгээд миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, Шарын гол сумын 2 дугаар багийн Дархан баг, 14 дүгээр байр, 20 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, байрыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1132 дугаар шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 14.000.000 төгрөгийг “Д-Ө” ББСБ-д өгөхийг Г.Н- хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа олгож, эд хөрөнгийн тухай мэдүүлэг авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Г.Н-, С.Г- нарын өмчлөлийн Шарын гол сумын Дархан баг 14 дүгээр байр 20 тоот \эрхийн улсын бүртгэлийн Ү-2001000191 дугаарт бүртгэлтэй\ 2 өрөө орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0021 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 42\09 тоот тогтоолоор хураан, төлбөр төлөгч, төлбөр авагчаас үнийн санал авахад 25.000.000 төгрөгийн үнэлгээг харилцан зөвшөөрсөн ба уг үнэлгээний 70 хувь болох 17.500.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй тул төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгож, саналыг хүлээн зөвшөөрснөөр өмчлөх эрхийг “Д-Ө” ББСБ-д шилжүүлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.5, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3, 48 дугаар зүйлийн 48.1, 48.7, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч С.Г- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 1132 дугаар захирамж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 53 тоот дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Сум дундын 7 дугаар шүүхийн 1132 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бөгөөд уг захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй байх тул шинжээчийн дүгнэлт нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчсөнд тооцох боломжгүй болно.
Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагч буюу төлбөр авагч барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилсноор явуулсан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагаа нь хуульд нийцжээ.
Нөгөөтэйгүүр С.Г-аас үнийн саналыг авч, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдох болсныг, сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой болохыг, битүүмжилсэн хөрөнгийг хураах талаар, төлбөр төлөгчид төлбөрт өгөх саналыг тус тус зохих журмын дагуу мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд анхан шатны шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
С.ЭНХЖАРГАЛ