Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 26

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

 

                                                         Прокурор Д.Алимаа /цахим сүлжээгээр/

                          Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Хүрэлхад                        

                          Шүүгдэгч О.Б

                          Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолд О.Б-н өмгөөлөгч В.Хүрэлхадын гаргасан давж заалдсан гомдлоор О.Б, Ц.А нарт холбогдох 1927002480100 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзагдаж байсан, Монгол овгийн О.Б

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ихмижэд овгийн Ц.А

 

О.Б, Ц.А нар 2019 оны 07 дугаар сарын дундуур Мустанг-5 маркын мотоцикль хэрэглэн иргэн Ё.Ж-н 3 тооны хонийг бүлэглэн хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь  Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, О.Б, Ц.А нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б Ц.А тус бүрт 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2-т зааснаар О.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр оногдуулсан ялын 8 цагийг 1 хоногоор сольж нийт 32 хоногийн хугацааны хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нэг жил нэг сар 2  хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан нэг жил нэг  сар хоёр хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ц.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8  цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Ц.Аы 260  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шййдвэр гүйцэтгэх хэлтэс-423 нээлттэй, хаалттай хорих ангид даалган, О.Б, Ц.А нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  О.Бын 1 хоног,  Ц.Аыг цагдан хоригдсон 7 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б шүүгдэгч Ц.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ болох 300.000 төгрөгийг О.Б, Ц.А нараас тэнцүү хувааж тус бүрээс 150.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Ц.Аы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Бд цагдан хорих, Ц.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэсэн байна.

 

О.Б-н өмгөөлөгч В.Хүрэлхад гаргасан давж заалдсан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүхийн дүгнэлтэд “Яллагдагч О.Б, Ц.А нар бүлэглэн шүүгдэгч О.Бын эзэмшлийн ... мотоциклоор иргэн Ё.Жийн 3 тооны хонийг хулгайлж ... хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн байна” гэжээ. Энэ хэргийн хувьд шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотолж байгаа “мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримт” нь зөвхөн өөрийнх болон шүүгдэгч Ц.А мэдүүлэг байдаг. Тодруулбал, хавтаст хэрэгт О.Б, Ц.А нарыг хонь хулгайлсан гэдгийг гэрчлэх, нотлох хөндлөнгийн нотлох баримт огт байхгүй. О.Б, Ц.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааг явуулсан мөрдөгч болон И.Бадрахзул нарын дарамт шахалт, ятгалгатай холбоотой гэдгийг О.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ дурдсан. Өөрөөр хэлбэл хэрэг үйлдэгдсэн гэдгийг нотолж байгаа, хавтаст хэрэгт байгаа ганц нотлох баримт нь эргэлзээтэй болж, өөрчлөгдсөн. Гэтэл шүүх шүүгдэгч нарын гэм буруутайг ийм эргэлзээтэй нотлох баримт дээр үндэслэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийг үндэслэл болгохгүй.” гэж заасан байна.

Иймд хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой нотлох баримт нь өөрчлөгдөж, эргэлзээтэй болсон /гэмт хэрэг үйлдэгдсэнийг нотлох эргэлзээгүй нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй/, өөр хөндлөнгийн нотлох баримт байхгүй байхад шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцжээ.

2. Шүүхийн дүгнэлтэд “Шүүгдэгч нарын өмгөөлөгчид болон шүүгдэгч нар шүүх хуралдаанд 2019 оны 07 дугаар сарын дундуур Ё.Жийн хониноос 1 тооны хонь хулгайлсан гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.” гэжээ.

А. Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд ийм мэдүүлэг өгөөгүй. Шүүгдэгч О.Б нь Ц.А нь гэртээ нэг хонь янзлаад байж байсан... тэгээд хамт явж хонийг зарсан. Сүүлд цагдаа дээр ирэхэд Ц.А надад бид хоёрын зарсан хонь хулгайн хонь байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг өгсөн. Харин Ц.А нь “хониноосоо нэг хонь барьж авч янзалсан. Тэгээд сумын төв орж хонио зараад дэлгүүрийн өр дарсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх 1 хонь хулгайлсан гэсэн мэдүүлэг өгснөөр дүгнэлтдээ дурдаад үгүйсгэгдэж байгаа үндэслэлээ товч дурдсан.

Б. Шүүх онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заахдаа “гэрч, хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна” гээд ганц хохирогч Ё.Жийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг дурдсан бөгөөд энэ нь дээрх мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт, үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч нарын дээрх мэдүүлгийг үгүйсгэх хөндлөнгийн болон бусад нотлох баримт огт байхгүй.

В. Шүүхийн энэхүү дүгнэлт, үгүйсгэлийг хонины тоо буюу хохирлын хэмжээтэй холбож тайлбарлахад: Хохирогч Ё.Ж нь хонио хулгайд алдсандаа эргэлзээтэй байдаг. Энэ нь хавтаст хэргийн 12-р хуудаст гэрчээр өгсөн мэдүүлэгт “айлын хоньтой нийлээд сарнисан юм байх гэж бодож байсан. Ойролцоо байх  ... Домбоншарав гэх айлын хониор шүүгээд олдоогүй юм гэсэн мэдүүлэг өгсөн. /Домбоншарав нь шүүгдэгч нь Ц.Аых /мөн түүний эхнэр гэрч Мөнхцэцэг нь тухайн үед нэг удаа л нохой хуцаж хонь үргэсэн талаар мэдүүлдэг. Энэ нь мөн л хохирлын хэмжээтэй холбоотой нотлох баримтыг үгүйсгэж эргэлзээтэй болгож байна. Мөн хавтаст хэрэгт Ё.Жийнх хэдэн хоньтой байсан, хонь алга болсоны дараа хэд болсон талаарх хөндлөнгийн нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй буюу “нотолбол зохих байдал” нотлогдоогүй гэж үзэхээр байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-ыг нотолбол зохих байдал гэж хуульчилсан. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Хавтаст хэрэгт шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүйгээс гадна “цагаатгах нөхцөл байдлыг тогтоосон” нотлох баримт огт байхгүй байна.

Иймд дараахь мөрдөн шалган ажиллагааг хийж нотолбол зохих байдлыг нотлох шаардлагатай гэж үзэж байна.

1. Энэ хэргийн хувьд “гэмт хэргийг хэзээ үйлдсэн” гэдгийг “2019 оны 07 дугаар сарын дундуур” гэж тогтоожээ. Харин “гэмт хэргийг хаана үйлдсэн” гэдэг дээр мөн эргэлзээтэй байна. Шүүгдэгч Ц.А нь нэг хонийг өөрийн хониноосоо барьсан гэх мэдүүлэг өгдөг. Мөн шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ О.Бын үхрийн саравчинд хонийг нядалсан, тухайн үед О.Бын аавынх гол руу нүүсэн байсан гэх мэдүүлэг өгдөг боловч тус саравчинд 2019 оны 7 сарын дундуур О.Бын аавынх, малчин Балданхүү гэдэг айлын хамт амьдарч байсан байна. Иймд малчин Балданхүү болон О.Бын аав Отгонбатаас гэрчийн мэдүүлэг авснаар О.Бын саравчинд хонь нядлаагүй, гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тодорхой болно.

2. Ц.А нь Домбоншарав гэдэг хүний дүү бөгөөд ах, эмээгийн хамт амьдардаг гэх мэдүүлэг өгдөг. Хэрэв хонийг өөрийн хониноосоо барьж авсан, Ц.А гэртээ уг хонийг гаргасан бол энэ үйл баримтыг гэр бүлийн гишүүд болох Домбоншарав, тэдний эмээ нь мэдэх боломжтой байна. Иймд эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах,

3. Ц.А нь хонь зарсан мөнгөөрөө дэлгүүрийн өр дарсан гэх мэдүүлгийг өгдөг. Энэ нь аль дэлгүүр байсан, тус дэлгүүрт өртэй байсан эсэх, хэний өр байсан, хэзээ дарсан эсэхийг тодорхой болгох зорилгоор холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авах,

4. Хохирогч Ё.Ж нь тухайн үед ойролцоох айлуудын хонинд алга болсон хонио шүүж үзсэн гэх мэдүүлгийг өгдөг бөгөөд үүнээс үзэхэд хулгайд алдсан, өөр айлын хонинд сарнисан эсэх тал дээр эргэлзээтэй байсан байдаг.

 Иймд хохирогч Ё.Ж, гэрч М, Д, бусад гэрчүүдээс Ё.Ж-н хонь нь тухайн үед айлын хоньтой нийлсэн эсэх, аль айлын хоньтой нийлсэн эсэх талаар тодруулах,

5. Хохирогч Ё.Ж нь тухайн үед хэдэн хоньтой байсан талаар нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Бодит байдал дээр хохирогч Ё.Жийн хонь тухайн үед Домбоншаравын хонинд нийлсний дараа нэг хонь үлдсэнийг Ц.А нядалж, худалдан борлуулж, хэн нэгний өрийг төлсөн, О.Б нь тухайн хонийг Ц.А хонь биш гэдгийг мэдэлгүйгээр сумын төв рүү тээвэрлэн хүргэж өгсөн бөгөөд дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг болон шаардлагатай бусад ажиллагааг хийснээр хэргийн бодит байдал тогтоогдоно гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/34 дугээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү... гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

О.Б, Ц.А нар 2019 оны 07 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас Мустанг-5 маркын мотоцикль хэрэглэн иргэн Ё.Жийн 3 тооны хонийг бүлэглэн хулгайлж, түүнд 320.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, О.Б, Ц.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, хохирогч Ё.Жийн  “...Би 2019 оны 07 дугаар сарын дундуур Ханбаян гэх амралтын газар харуулд гарч байх үед манай гэрт манай эхнэр Мөнхцэцэг манай хоёр... ачтай үлдсэн хойгуур хонь авсан гэж бодож байна. Намайг байхгүй хойгуур нохой хуцаад мал үргээд байсан гэж хэлсэн. Тэгээд дараахан нь хонио тоолсон чинь 3 тооны хонь байхгүй байсан. Шүдлэн эр хонь хулгар чихтэй, улаан хүзүүтэй хонь 1 ширхэг, сувай эм хонь зөв талын чих нь сам имтэй хонь 1 ширхэг нөгөө сувай эм хонь нь хулгар имгүй хонь байсан юм...” /хх-ийн 09-11х/ гэсэн,

гэрч Б.А-н “...манай хүү О.Бд цэнхэр өнгийн Мустанг-5 маркын мотоцикль байсан. Би Хархорин суманд байдаг Их Монгол гэх нэртэй амралтын газарт ажил хийж байгаад 2018 оны 06 дугаар сард 300.000 мянган төгрөгөөр нэг хүүхдээс авч хүүдээ өгч байсан. ...” /хх-ийн 16х/ гэсэн.

Гэрч С.М-н “...манай нөхөр Ж өргөө жуулчны баазад харуулд гарахаар ажилдаа явах хойгуур би 2 ачтайгаа гэртээ малаа хараад гурвуулаа үлдсэн шөнө амарч байх үед гадаа хонь үргээд чимээ гарахаар нь сэрээд гараад харсан чинь ... юм харагдаагүй. Би айгаад буцаад гэрлүүгээ ороод унтчихсан.” /хх-ийн 17-18х/ гэсэн,

шүүгдэгч О.Б-н  өгсөн “... Долоон сарын дундуур гэж л санаж байна. Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуут баг  Дунд согоот гэх газар байх гэртээ байж байгаад би өөрийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркын мотоциклиор найз А гэрт ... очоод бид хоёр хамт хоносон, тэгээд тэдний гэрт малын саравчнаас нь цуг барилцсан ... бид хоёр А гэрийн хойд талд амьдардаг Ж гэх хүний мал гэрийнхээ гадна хэвтэж байхыг хараад миний цэнхэр Мустанг-5 маркын мотоцикль дээр сундалж очоод ... тугалын хашааны хажууд хэвтэж байсан хониноос нэг нэгээр нь зөөгөөд нийт 3 хонь авсан. ... оройн 23 цаг өнгөрч байсан байх ... нилээд бүрэнхий болчихсон байсан. Би мотоциклио бариад Амарсайхан ... миний хойд талд хонио тэврээд/ дүүрээд/ 3 удаа ...Өргөө баазаас урд зүгт ойрхон байдаг  эзэнгүй манай саравчин дээр очиж нядалсан. Нядалсан 3 тооны  хонины толгой шийрийг шуудайнд хийж манайхаас ертөнцийн зүгээр зүүн тийш 1 км зайтай байдаг хогийн цэгийн орчим хээр хаясан. Тэгээд бараг өглөө болсон бид хоёр 09 цагийн үед ... 3 тооны хонио ...зэрэг голдоо дүүрч  ...яваад Хархорин сумын захын ард очоод явуулын хүнд  ...190000 төгрөгөөр нийтэд нь зарсан....бид хоёр тэр мөнгөөрөө гоймон, талх, тамхи гээд жижиг сажиг юм аваад үлдсэн мөнгийг нь тэнцүү хувааж аваад ... гэр лүүгээ явцгаасан ...” хх-ийн 65-66х/ гэсэн,

 шүүгдэгч Ц.А “... Онгоцны буудлын орчим Өргөө баазын хажууд байдаг гэртээ найз О.Бтай малын саравч янзлаад ...20 цагийн орчим ... дууссан. ...айлын хонь тугалын хашааны орчим очсон байхыг хараад Бадам тэдний хониноос авчихья  гэж хэлэхээр нь  би зөвшөөрөөд Бадамын мотоцикль дээр сундлаад Ж гэх хүний хониноос 3 хонь авсан. Бид хоёр мотоцикль дээр голдоо дүүрч Бадамын үхрийн саравч руу нэг нэгээр нь  зөөж аваачсан.../хх-ийн 72-73х/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 25-27х/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс О.Б, Ц.А нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, үндэслэл бүхий шийтгэх тогтоол болсон байна.

О.Б, Ц.А нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн О.Бын  өмгөөлөгч В.Хүрэлхадын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ч.Энхжаргалын саналаар, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд их засвар хийгдэж байгаа тул О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд үргэлжлүүлэн авах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын  шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/34 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, Монгол овгийн Отгонбатын Бадамын өмгөөлөгч В.Хүрэлхадын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд шүүгдэгч О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан буюу 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс О.Бын цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.