Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2020/0028/З |
Дугаар | 31 |
Огноо | 2020-11-02 |
Маргааны төрөл | Тендер, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 31
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Говийн өндөр хайрхан” ХХК,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар, ӨМАОНОӨГ/202012008 дугаар “сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендерийн Үнэлгээний хороо,
“Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Эвт цахирал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” гэрээг тус тус хүчингүй болгуулах, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Говийн өндөр хайрхан” ХХК-ийн захирал Ж.Баярсайхан, түүний өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагч Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, ӨМАОНОӨГ/202012008 дугаар “сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендерийн Үнэлгээний хорооны дарга Ц.Ариунаа, гуравдагч этгээд “Эвт цахирал” ХХК-ийн захирал Х.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Говийн өндөр хайрхан” ХХК-ийн захирал Ж.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ӨМАОНОӨГ/202012008/ дугаартай “сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” ажлын тендерт “Говийн өндөр хайрхан” ХХК оролцсон. Уг тендерт манай компаниас гадна “Эвт цахирал” ХХК оролцсон. Тендер нээх хугацаа тодорхойгүй байсаар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тендерийн Үнэлгээний хороо хуралдаж “Эвт цахирал” ХХК-ийг шалгаруулсан байсан. Тендерийн Үнэлгээний хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн үед 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэр гаргасан. 423.541.216 төгрөгийн үнийн саналтай тендерт 3.000.000 төгрөгийн буюу тендерийн үнийн дүнгийн 2 хувьд хүрэхгүй тендерийн баталгаа ирүүлснийг шалгуулахаар “Говийн өндөр хайрхан” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан.
Сангийн яам манай компанийн гомдлыг шалгаад тендер шалгаруулалттай холбоотой захиалагчийн шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар хүчингүй болгож, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт зааснаар тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/5223 дугаар албан бичгийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.
Захиалагч буюу Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар нь уг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхгүй байсан тул хэдийд хийх талаар асуухад гишүүдийн ирц бүрдэхгүй байна, хугацаа нь тодорхойгүй байна гэсэн хариуг өгдөг байсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргаас тендер шалгаруулалтын талаар лавлахад аль эрт 6 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаад “Эвт цахирал” ХХК-ийг тендерт шалгаруулсан гэж хэлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасан байхад уг хуулийн зохицуулалтыг зөрчин “Эвт цахирал” ХХК-ийг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ӨМАОНОӨГ/202012008/ дугаартай сумын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн ажлын тендерт шалгаруулсан нь хууль бус үйлдэл юм.
Иймд захиалагчийн дээрх үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд худалдан авах ажиллагаанд ил, тод өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар заасан хэдий ч Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар нь манай компанийн тендерээс татгалзах, “Эвт цахирал” ХХК-ийг тендерт шалгаруулахдаа тендерт оролцогч нарыг шударгаар өрсөлдөх боломжоор хангах, хууль дээдлэх зарчмыг биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Тендерийг хянан үзэх зохицуулалтыг зөрчин тендерээс татгалзах үндэслэл бүрдээгүй байхад татгалзсан нь манай компанийн тендерт өрсөлдөх эрх, гэрээ байгуулах боломжийг шууд хязгаарласан хууль бус үйлдэл юм.
Анх тендерт оролцохоор очиход 150.000.000 төгрөгөөр төсөвт тусгасан гэсэн. 150.000.000, эсхүл нийт 400 гаруй сая төгрөгөөр баталгаагаа бодож байршуулах ёстой юу гэж лавлаж асуусан. Тэгэхэд надад 400 гаруй сая төгрөгөөрөө бодох ёстой гэж хэлсэн. Тэгээд би мэдэгдлээ аваад Сангийн яаманд гомдол гаргаад 08 дугаар сарын 10-нд гомдлын хариу ирсэн. Тэгээд 2 дахь хуралд нь би заавал суух хэрэгтэй байна гэхэд н.Отгонбаатар дарга аль хэдийн хуралдчихсан гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь Сангийн яамнаас ирсэн гомдлын хариугаа бариад н.Отгонбаатар даргын өрөөнд очоод надад ийм бичиг ирсэн, чамд ийм бичиг ирсэн үү гэхэд наадах чинь хамаагүй, нөгөө компанитай чинь гэрээ байгуулчихсан. Одоо нөгөө компани чинь ажлаа эхлүүлэх гэж байгаа гэж хэлсэн.
Иймд “Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Эвт цахирал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” гэрээг тус тус хүчингүй болгуулах, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Говийн өндөр хайрхан” ХХК нь 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэснийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэж тодруулж байна. Он, сар, өдөр алдаатай бичигдсэн. Мөн барилгын ажил эхлүүлэх 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах гэж тодруулж байна.
Тендер зарлагдсанаас хойш ямар процесс болсныг нэхэмжлэгч тодорхой тайлбарлалаа. Тендерийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь уг тендерт шалгарсан “Эвт цахирал” ХХК нь тендерийн баталгааны мөнгөө хуульд заасан хэмжээнээс доогуур байршуулсан байсан. Өөрөөр хэлбэл уг тендерийг хүчингүй болгуулах үндэслэл юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. Гэтэл “Эвт цахирал” ХХК нь 400 гаруй сая төгрөгийн тендерийн баталгаа байршуулах ёстой байтал 150.000.000 төгрөгөөр тооцож 3.000.000 төгрөгийн баталгаа байршуулсан байхад тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй байна. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болсон хурлаар нөгөө компанитай гэрээ байгуулсан ба “Говийн өндөр хайрхан” ХХК-д татгалзсан талаар Үнэлгээний хорооны зүгээс мэдэгдээгүй. Эдгээр хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны А/14 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь “Баяндалай сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” ажлын тендерийг зарлаж, оролцогч нараас ирүүлсэн тендерт 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээ хийж “Эвт цахирал” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх зөвлөмжийг ирүүлснээр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 03/69 дүгээр албан бичгээр “Эвт цахирал” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг, 03/70 дугаар албан бичгээр “Говийн өндөр хайрхан” ХХК-д гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Захиалагчийн энэхүү шийдвэрийг “Говийн өндөр хайрхан” ХХК эс зөвшөөрч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаснаар Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/5223 дугаар албан бичгээр “Гомдол гаргагч компанийн үнэлгээний хорооны ирц дутуу хуралдаж хууль бус шийдвэр гаргасан гэсэн гомдлын шаардлагыг үндэслэлгүй” гээд, “төрийн худалдан авах ажиллагааны цахим системд тендер шалгаруулалтын нийт төсөвт өртөг 150.000.000 төгрөг байхад захиалагч тендерийн баримт бичигт 424.913.056 төгрөг гэж зөрүүтэй тусгасан байх тул санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн.
Дээрх мэдэгдлийг үндэслэн Үнэлгээний хороо нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр оролцогч нарын тендерийг дахин үнэлж мөн “Эвт цахирал” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх зөвлөмж ирүүлсний дагуу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 03/74 дүгээр албан бичгээр “Эвт цахирал” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг, захиалагчаас тавьсан олон шаардлагыг хангаагүй үндэслэлээр 03/75 дугаар албан бичгээр “Говийн өндөр хайрхан” ХХК-д гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.
Энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч “Говийн өндөр хайрхан” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д "...гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэсний дагуу Сангийн яаманд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тул сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Эвт цахирал ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай” А/74 дүгээр захирамж гарч, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд “Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламж барих ажил”-ын ӨМАОНӨГ/202012008 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилга угсралтын ажил явагдаж эхэлсэн байна.
Иймд зөвхөн Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах шаардлагаа хэрэгжүүлэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 10.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон байна.
Тендерийн баталгааны тухайд, “Баяндалай сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх ажил”-ын санхүүжилтэд зориулж 2020 оны төсөвт 150.000.000 төгрөг баталсан ба үлдэгдэл санхүүжилтийг 2021 онд санхүүжүүлэхээр тусгасан талаар тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 2.1-д заасан тул 2020 онд санхүүжүүлэхээр санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувь буюу 3.000.000 төгрөгийн тендерийн баталгаа гаргасан “Эвт цахирал” ХХК-ийг ТОӨЗ 21-д заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч ӨМАОНОӨГ/202012008 дугаар “сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендерийн Үнэлгээний хорооны дарга Ц.Ариунаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны А/14 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь “Баяндалай сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” ажлын тендерийг зарлаж, оролцогч нараас ирүүлсэн тендерийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээ хийж “Эвт цахирал” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх зөвлөмжийг ирүүлснээр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 03/69 дүгээр албан бичгээр “Эвт цахирал” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг, 03/70 дугаар албан бичгээр “Говийн өндөр хайрхан” ХХК-д гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.
Захиалагчийн энэхүү шийдвэрийг “Говийн өндөр хайрхан” ХХК эс зөвшөөрч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаснаар Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/5223 дугаар албан бичгээр “Гомдол гаргагч компанийн үнэлгээний хорооны ирц дутуу хуралдаж хууль бус шийдвэр гаргасан гэсэн гомдлын шаардлагыг үндэслэлгүй” гээд, “төрийн худалдан авах ажиллагааны цахим системд тендер шалгаруулалтын нийт төсөвт өртөг 150.000.000 төгрөг байхад захиалагч тендерийн баримт бичигт 424.913.056 төгрөг гэж зөрүүтэй тусгасан байх тул санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай. Иймд ...тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн юм.
Дээрх мэдэгдлийг үндэслэн Үнэлгээний хороо нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр оролцогч нарын тендерийг дахин үнэлж мөн “Эвт цахирал” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
Үнэлгээний хорооны дахин үнэлгээгээр “Эвт цахирал” ХХК-ийг шалгаруулсан үндэслэлийн тухайд, “Баяндалай сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх ажил”-ын санхүүжилтэд зориулж 2020 оны төсөвт 150.000.000 төгрөг баталсан ба үлдэгдэл санхүүжилтийг 2021 онд санхүүжүүлэхээр тусгасан талаар тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 2.1-д заасан тул 2020 онд санхүүжүүлэхээр санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувь буюу 3.000.000 төгрөгийн тендерийн баталгаа гаргасан “Эвт цахирал” ХХК-ийг ТОӨЗ 21-д заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй юм” гэв.
Гуравдагч этгээд “Эвт цахирал” ХХК-ийн захирал Х.Эрдэнэчулуун шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зарласан ӨМАОНӨГ/202012008 дугаар “Сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг эхлүүлэх” тендерт оролцохдоо тендерийн материалыг тус Тамгын газраас бэлтгэсэн тендерийн урилга, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заагдсан өгөгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу бэлтгэн хүргүүлж хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч Баяндалай сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан ажлаа эхлүүлж хуучин барилгыг буулгаж, материалуудаа татаад барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Тус тендер нь анх зарлагдахдаа 2020 онд санхүүжүүлэх 150.000.000 төсөвт өртөгтэй байсан, мөн тендерийн урилгад “тендерийн хамт 3.000.000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ” гэж заасан байсан тул манай компаниас 3.000.000 төгрөг буюу төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа гаргасан. Манай компани 3.000.000 төгрөг гээд зохиогоод байршуулсан зүйл биш. Энэ тендер нь хуулийн дагуу явагдсан. Тендерийн урилгыг үндэслэн 3.000.000 төгрөг байршуулсан.
Иймээс захиалагчаас тогтоосон хэмжээний тендерийн баталгааг гаргаж тус тендер шалгаруулалтад оролцож хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул “Говийн өндөр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дор дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Говийн өндөр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж, “Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Эвт цахирал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “сумын эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” гэрээг тус тус хүчингүй болгуулах, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж (шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан), түүний үндэслэлээ “...тендерийн баталгаа нь хуульд заасан шаардлага хангаагүй компанийг хууль бусаар шалгаруулсан...” гэж, хариуцагч “...тухайн ажлын нийт төсөвт биш зөвхөн 2020 онд батлагдсан төсөвт өртгийн хүрээнд тендерийн баталгааг үнэлсэн ...” гэж тодорхойлон маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга, байгууламжийг барих ӨМАОНОӨГ/202012008 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан, тус үнэлгээний хорооноос нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, цахим системээр зарлан, “Эвт цахирал” ХХК, “Говийн өндөр хайрхан” ХХК-иуд оролцсон байх ба 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Эвт цахирал” ХХК-ийг шалгаруулан, 423.541.216 /дөрвөн зуун хорин гурван сая таван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгөөр гэрээ байгуулан ажил гүйцэтгэх тухай зөвлөмжийг[1] захиалагчид хүргүүлсэн байна.
Мөн өдөр захиалагчаас “Говийн өндөр хайрхан” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан тухай мэдэгдлийг[2] хүргүүлжээ.
Энэ шийдвэрийг “Говийн өндөр хайрхан” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гарган, Сангийн яамнаас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/5223 дугаар албан бичгээр “...тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 21-д тендерийн баталгааны үнийн дүн санал болгож буй үнийн дүнгийн 2 хувь гэж заасан бөгөөд “Эвт цахирал” ХХК нь 423.541.216 төгрөгийн үнийн санал ирүүлсэн боловч 3.000.000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлсэн нь захиалагчийн тавьсан шаардлагыг биелэхгүй байна... захиалагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье...” гэж шийдвэрлэжээ.[3]
Гэтэл үнэлгээний хороо 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хуралдан Сангийн яамнаас шаардлага хангаагүй гэж дүгнэгдсэн “Эвт цахирал” ХХК-ийг дахин шалгаруулсан нь хууль бус болсон байна.
Үнэлгээний хорооны хуралдаанд “Эвт цахирал” ХХК-ийн хуульд заасан шаардлага хангахгүй байгаа үндэслэлийн талаар яригдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2.1-д “Төсөвт өртөг 424.913.056 төгрөг байхаар, 2020 онд санхүүжих төсөв нь 150.000.000 төгрөг байхаар тусгагджээ.
Хариуцагч үнэлгээний хорооны зүгээс “...2020 онд батлагдсан төсөв нь 150.000.000 төгрөг байсан учир энэ төсөвт багтаан тендер зарласан тул “Эвт цахирал” ХХК -ийн ирүүлсэн 3.000.000 төгрөгийн тендерийн баталгаа шаардлага хангана...” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Учир нь Тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 21-д “Тендерийн баталгааны үнийн дүн: Санал болгож буй үнийн дүнгийн 2 хувь” байхаар заасан тул “Эвт цахирал” ХХК-ийн ирүүлсэн 3.000.000 төгрөгийн тендерийн баталгаа нь ажил гүйцэтгэхээр ирүүлсэн үнийн санал болох 423.541.216 төгрөгийн 2 хувьд хүрэхгүй байгаа нь ил тодорхой үйл баримт байна.
Мөн захиалагчид хүргүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ байгуулах тухай зөвлөмжид “...423.541.216 төгрөгөөр “Эвт цахирал” ХХК-тай гэрээ байгуулах саналтай...” гэснээр үнэлгээний хорооны дээрх тайлбар үгүйсгэгдэнэ.
Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд дарга Ц.Ариунаа нь “... ажлын зураг, төсвийг захиалагчид буцаан өгч 150.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй болгож авлаа...” гэж танилцуулж байсан боловч шүүх хуралдаанд ажлын төсвийг огт өөрчлөөгүй, ийм асуудад яригдаагүй гэж тайлбарлаж байсан болно.
Гуравдагч этгээдийн зүгээс “...тендерийн урилгын дагуу 3.000.000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлсэн...” гэх тайлбарыг дээрх үндэслэлүүдээр мөн зөвтгөх боломжгүй.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1-д “тендерт оролцогчийг санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1-2 хувиар тооцож баталгаа ирүүлэхийг тендерийн баримт бичигт тусгах;” 20.4.2-т “шаардлагатай гэж үзвэл захиалагч өөрөө тендерийн баталгааны хэмжээг тухайн бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн 1-2 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгах”, 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж зааснаар хуульд заасан шаардлага хангаагүй тендерт оролцогч “Эвт цахирал” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны хуралдааны шийдвэрийг хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.
Нэгэнт тендер шалгаруулах үйл ажиллагаа хууль бус зохион байгуулагдсан болох нь тогтоогдсон нөхцөлд Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Эвт цахирал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” гэрээ хүчингүй болох нөхцөл бүрдэнэ.
Шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт зааснаар бүх тендерээс татгалзаж, хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасан тендер шалгаруулалтыг дахин явуулах зохицуулалттай.
Иймд “Эвт цахирал” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгож, “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж маргах боловч гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан мэдэгдлийг тухайн хугацаанд гардуулан өгсөн эсэх нь тогтоогдоогүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.2, 20.5, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Говийн өндөр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ӨМАОНОӨГ/202012008 дугаар “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газар болон “Эвт цахирал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Сумын Эрүүл мэндийн төвийн туслах барилга байгууламжийг барих ажлыг эхлүүлэх” гэрээг тус тус хүчингүй болгож, дахин тендер зарлахыг Баяндалай сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Говийн өндөр хайрхан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баяндалай сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА