| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0127/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/137 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/137
2024/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Хохирогч: Д.Н
Шүүгдэгч: П.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Пгийн Шад холбогдох эрүүгийн 2412000980101 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ган тээвэр ХХК-д механик, жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган ........ тоотод оршин суух хаягтай, Х овогт Пгийн Ш/РД:АЮ......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Ш нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх ........ гадна талд хохирогч Д.Нийг хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхинд шарх, цус хуралт, зүүн хацарт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Шын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Энэ хүн манай эхнэр рүү байнга залгаад байсан учраас тодорхой хэмжээнд бухимдал төрсөн. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Нийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр над руу хүн залгаад дуудсан. Тэгээд шүүгдэгчийн хэлсэн үйл явдал болсон. Өмнө нь И гэх хүн намайг 500,000 төгрөг зээлэх үү гэж холбогдсон. Тэгээд би зээлсэн. Тэгээд би энэ хүний эхнэр рүү залгаад мөнгөө өгөөч ээ мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн чинь учиргүй урдаас аашилж загнаад байсан. ТМС-ийн тухайд манай мал малладаг дүү бүртгүүлсэн, өөрөө ирж сууж чадахгүй байсан учраас намайг ганц нэг удаа очоод суугаач гэхээр нь би очиж суусан. Өөр асуудал байхгүй. Миний зүүн нүдний зовхинд гэмтэл учирсан, үүндээ 8 оёдол тавиулсан. 20 гаран хоног гэрээсээ гарч чадаагүй, энэ хүнийг ирээд уучлалт гуйх болов уу гэж хүлээсэн ирээгүй. Дээр цагдаа дээр таараад над руу заналхийлээд дайраад байсан. Би бага хэмжээний эм тариа хэрэглэсэн. Одоо баримтаар гаргаж өгөх зүйл байхгүй байна. Хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, цаашид нүдний байдлыг харж байгаад эмчилгээ хийлгэвэл нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2412000980101 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Нийн өгсөн:
“...Би 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг байрлах ........... байхад миний гар утас руу эрэгтэй хүн залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа хэлсэн. Тэгсэн удалгүй ирчихлээ гараад ир гэхээр нь гараад тухайн залуутай уулзахад мэндийн зөрүүгүй миний зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгсэн миний зүүн нүднээс цус гараад тогтохгүй байсан тэр залуу надтай эхнэрээ хардсанаас болж намайг цохисон. Тухайн үед би хүнд 500.000 төгрөгийг зээлүүлсэн байсан бөгөөд тухайн мөнгийг П.Шын эхнэр нь зээлсэн байсныг сүүлд мэдсэн тэрнээс болж би Т.У гэх эмэгтэй рүү утсаар ярьсан тэрнээс бол ямар нэгэн гэр бүлийн гадуурх харилцаа байхгүй. Миний биед учирсан гэмтлийг П.Ш учруулсан. Би өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж зодолдоогүй. П.Ш бид 2 л байсан өөр хүн байгаагүй. Би гомдол цаашид ямар үр дагавар гарахыг би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/
*Хохирогч Д.Нийн өгсөн:
“...Би маш их гомдолтой байна. Одоо эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/
*Гэрч Т.Угийн өгсөн:
“...Манай сургууль 2023 оны намар 1 жилийн насанд хүрэгчдийн
ангидаа элсэлт авахад манай ажлын эгч болох Ихзаяа надад 2 хүүхэд бүртгүүлсэн
бөгөөд 2 хүнийх нь нэг нь Д.Н байсан бөгөөд тухайн үед хүний нэр ашиглаж
бүртгүүлж байсан Б гэж бүртгүүлсэн байсан. Тэгээд намар хичээлдээ 2-3
удаа л ирж суусан тэрнээс хойш ирэхгүй болохоор утсаар залгаж хэлсэн боловч
ирэхгүй байхаар нь сургуулиас хассан. Тэгсэн хичээлдээ ирэхгүй байж залгахаар
урдаас хоолонд орох уу вино уух уу, танай сургууль хүүхэд ер нь суудаг юм уу гэх
мэтээр урдаас тайлбар тавьдаг байсан. Миний санахаар өнгөрсөн 3 дахь өдөр над
руу залгаад юу байна гэхээр нь хэн бэ гэсэн Д.Н байна гэсэн тэгээд надаас
мөнгөө авъя гэхээр нь юун мөнгө гэхэд Ихзаяа надаас зээлсэн мөнгөө чамд өгсөн
байна гэж хэлэхээр нь мөнгийг нь өгсөн талаар хэлсэн. Д.Н согтуу байсан
болохоор нь би нөхөртэйгөө яриулахад утсаа тасалсан. Би Д.Над 2023 оны 09
дүгээр сараас 12 дугаар сар хүртэл тэтгэлгийг бүрэн санд шивж оруулсан нэг сарын
тэтгэмж нь 200.000 төгрөг байдаг. Өнөөдөр манай нөхөр Д.Нтай уулзана гээд
байхаар нь би дугаарыг нь өгөөгүй тэгсэн өөрөө олоод уулзаад гар хүрсэн талаар нь
мэдсэн. Би гэртээ байсан. Би хичээлд нь ирүүлэх гэж залгахаар согтуу байдаг тэгээд урдаас
хоол унд идэх үү мөн архи уух уу пиво уух уу гээд урдаас элдэв буруу юм яриад
байхаар нь би 12 дугаар сараас сургуулиас хассан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/
*Яллагдагч П.Шын өгсөн:
“...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дугаартай “...Д.Нийн биед зүүн хөмсөг, зовхинд шарх, цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-н 14-15 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх ......... талд иргэн Д.Н нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Ш нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх ......... гадна талд хохирогч Д.Нийг хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхинд шарх, цус хуралт, зүүн хацарт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Нийн”...Би 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг байрлах ....... байхад миний гар утас руу эрэгтэй хүн залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа хэлсэн. Тэгсэн удалгүй ирчихлээ гараад ир гэхээр нь гараад тухайн залуутай уулзахад мэндийн зөрүүгүй миний зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгсэн миний зүүн нүднээс цус гараад тогтохгүй байсан тэр залуу надтай эхнэрээ хардсанаас болж намайг цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Т.Угийн”...Миний санахаар өнгөрсөн 3 дахь өдөр над руу залгаад юу байна гэхээр нь хэн бэ гэсэн Д.Н байна гэсэн тэгээд надаас
мөнгөө авъя гэхээр нь юун мөнгө гэхэд .. надаас зээлсэн мөнгөө чамд өгсөн
байна гэж хэлэхээр нь мөнгийг нь өгсөн талаар хэлсэн. Д.Н согтуу байсан
болохоор нь би нөхөртэйгөө яриулахад утсаа тасалсан. Би Д.Над 2023 оны 09
дүгээр сараас 12 дугаар сар хүртэл тэтгэлгийг бүрэн санд шивж оруулсан нэг сарын
тэтгэмж нь 200.000 төгрөг байдаг. Өнөөдөр манай нөхөр Д.Нтай уулзана гээд
байхаар нь би дугаарыг нь өгөөгүй тэгсэн өөрөө олоод уулзаад гар хүрсэн талаар нь
мэдсэн. Би гэртээ байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч П.Шын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 144 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч П.Ш нь хохирогч Д.Норжзавагийг зодож түүний биед зүүн хөмсөг, зовхинд шарх, цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Шын хохирогч Д.Нийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч П.Шын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Д.Нийн биед зүүн хөмсөг, зовхинд шарх, цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан хохирол төлбөр нэхэмжилж, шүүхэд нотлох баримт ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн боловч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ, харин хохирогч нь өөрийн нүдэнд учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлыг нэхэмжилнэ гэсэн тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч П.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ торгох ял оногдуулах саналыг гаргасан
болно.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч П.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Пгийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Шыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч П.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Шад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР