| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0151/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/148 |
| Огноо | 2024-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/148
2024/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ц
Гэрч: Г.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2012001320260 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ..........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З овогт Бын Б/РД:ЙО................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сум, Т тоот иргэн Ц.Бын эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Шарп маркийн 40 инчийн зурагт, 6 завхайтай ясан хяртай, булгааран гөлөмтэй хуучны мөнгөн хэрэглэлтэй эмээл, битүү ороолттой мөнгөн хазаар, булган лоовуузан малгай, 11 барим хятад тэнзэн ташуур, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын өндгөвч, тохойвч, ногоон өнгөтэй орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Бад 5,640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хоёрдогч түүний эд авах зорилгоор Архангай аймагт ирсэн. Намайг ирэхэд Архангай аймгийн Цагаан хаалга дээр цагдаа зогсоож шалгаж оруулсан. Цагдаад шалгуулчихаад доошоо уруудаад явж байтал гүүрний хажуу талд эмэгтэй хүн гараа өргөөд зогсож байсан. Тэр хүнийг авсан. Тэр хүнтэй хамт Архангай аймгийн зах руу явсан. Тухайн эмэгтэй нь нөхөртэйгөө муудалцсан, гэр бүл нь маргаантай байгаа болохоор сэтгэл санаа тиймэрхүү байна гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо танилцаад 2 пиво аваад буцаад Архангай аймгаас гарсан. Бид хоёр явж байгаад хогийн цэгийн доохон талд замаас гарч хоносон. Тэгээд маргааш өглөө нь буцаад Архангай аймгийн төвд орж ирсэн. Тухайн хүүхэн зах дээр буугаад явсан. Би тухайн хүүхнийг буулгачихаад цагаан хоолойгоор зарлаад түүхий эд авсан. Түүхий эд авахад хангалттай олдохгүй байсан учир би буцаад Улаанбаатар хот руу явахаар болоод цагдаан идээ авах зорилгоор аймгийн зах руу орсон. Захаас аарц, сүү, ааруул аваад машин руугаа явж байхад нэг эрэгтэй эмэгтэй 2 хүн зурагт зарна гэхээр нь тэрийг нь 50,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр өдрөө өнжиж байгаад орой нь Архангай аймагт хонох гэж байгаад болиод Улаанбаатар хот руу гарсан. Цэнхэр сум дөнгөж өнгөрөөд явж байхад миний машины масло нь багассан байхаар нь масло нэмчихээд сууж байгаад толиндоо харсан чинь миний хажууд нэг машин ирээд зогссон байсан. Тэгэхээр нь би машинаа асаагаад шатахуун түгээгүүрийн газар руу явсан. Тухайн машин миний араас дагаад явсан. Дагаад байхаар нь би шатахуун түгээгүүрийн газрын замын хажуу руу буугаад зогссон. Тухайн машин зам дээр харагдахгүй болохоор нь буцаад би зам руугаа ороод явах гэтэл араас дахиад гараад ирсэн. Тэгээд гэрлээрээ дохиод сигналдаад байхаар нь зогссон. Тухайн машин экологийн цагдаа Д байсан. Тэр хүнд би хүүхэнтэй хончихоод буцаад явж байна гэж хэлэхээсээ санаа зовоод худлаа ярьсан. Би тухайн үед бэлэн мөнгөтэй явж байсан болохоор хүн дагаад байхаар нь айсан. Намайг тухайн үед бэлэн мөнгөтэй явж байсныг Г.Д, Ма гэх 2 цагдаа мэдэж байгаа. Тэгээд би тухайн цагдаа нарт зургаа даруулчихаад цаашаа явсан. Явж байгаад Хархорин сум дээр хоноод өглөө явах гэж байхад хүн залгасан. Утсаа автал Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч байна, одоо Цэнхэр суманд ирэх шаардлагатай гэхээр нь за буцаад яваад очъё гэж хэлээд тэр газраа шөлтэй хоол хийж идчихээд буцаад Архангай аймгийн Цэнхэр сум руу явсан. Миний машин хурдан явах боломжгүй, масло алддаг муу машин. Би аажуухан явсаар байгаад очсон. Цэнхэр сумын Цагдаагийн хэлтэс дээр очиход намайг Ма гэж цагдаа хүлээж авсан. Тэгээд шинжээч гэж нэг хүн ирээд гудамжинд замын хажуу талын сул шороон дээр гарсан мөрний хажууд хөлийн мөрийг гишгүүлсэн. Тухайн гутлын мөр нь минийхээс том байсан учир би наад мөр чинь минийхээс хамаагүй том байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд намайг тухайн гудмаар зөндөө явуулсан. Буцаад цагдаагийн хэлтэс дээр очоод чи машиндаа байж бай гэж хэлсэн. Би машиндаа хоносон. Маргааш өглөө нь миний машиныг хураах тогтоол гаргаад журмын хашаанд хийсэн. Би Улаанбаатар хот руу явсан. Энэ хугацаанд би Ма цагдаатай зөндөө холбогдож ярьж байсан. Тэгтэл 6 сарын дараа Ма намайг дуудсан. Би яриад хэрэг юу болж байгаа талаар асуухаар миний хийх ажлыг чи заадаг хэн бэ, би өөрөө ажлаа мэдэж байна гэдэг байсан. Намайг Улаанбаатар хотод ирээд удаагүй байхад нэг яриад чиний хэлснээр чинь би Архангай аймгийн төвийн хяналтын камерыг шүүчихнэ, манайх камер сайтай аймаг, Булган уулан дээрээ камертай, ГОСТ гээд худалдааны төвийн хажууд зөндөө хяналтын камер байгаа. Чиний асуудлыг мөдхөн шийдэж өгнө гэж байсан. Тэгэхээр нь итгээд байж байсан. Гэнэт 6 сарын дараа дуудахаар нь ээжтэйгээ иртэл намайг юу дээр ч гарын үсэг зуруулж байгаагаа хэлэхгүй, үүн дээр гялс гарын үсгээ зурчих, маргааш машин тэргээ аваад яваарай гээд цагдаагийн үүдэнд цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тэгтэл Ма ээлжийн амралтаа авахдаа намайг прокурор руу шилжүүлсэн байсан. Би Архангай аймагт 8 хоносны дараа хэргээ прокурор руу шилжсэнийг мэдсэн. Хэрвээ Ма гэдэг цагдаа аймгийнхаа камерыг шүүгээд миний асуудлыг шийдвэрлээд өгсөн байсан бол би 4 жил 6 сар ингэж нааш цааш явж цаг алдахгүй байсан. Миний хувьд эд материал, эрүүл мэнд бүх зүйлээрээ хохирч байна. Миний хувьд хохирогч гэх айл руу орж хулгай хийгээгүй. Цэнхэр суманд өмнө нь нэг ч удаа очиж байгаагүй. Замын хажууд зогсож масло нэмсэн нь миний буруу байх. Өмнө нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гутлын мөрний онцлог шинжийг нь тогтоох шаардлагатай гээд шүүгчийн захирамж гараад хэргийг прокурорт буцаасан. Миний гутлын ул тал талдаа шүрүүпдсэн байгаа. Энд тэндээ хагархай цуурхайтай байгаа. Тухайн хэргийн газарт гарсан мөрөн дээр тийм хагархай цуурхай, шүрүүпний мөр байхгүй юм шиг харагддаг. Би хэсгийн төлөөлөгч Мад танай сумаар дүүрэн ийм гуталтай хүн байна шүү дээ. Энэ хүмүүсээ шалгаач ээ гэсэн чинь шалгаагүй өнөөдрийг хүргэсэн. Миний хувьд хүний өмнөөс хэрэг хүлээгээр ямар нэг арга хэмжээ авахууллаа гэж бодоход миний ард байгаа 6, 7 хүний ирээдүй бүрхэг болж байгаа учраас би өнөөдрийг хүртэл хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх гээд явж байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Дгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Цэнхэр сумын иргэн О гэдэг хүн сэжигтэй хоёр машин урд 1 цаг гаран болчихлоо уг машинуудыг шалгуулмаар байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд очоод шалгахад Б.Б портертойгоо зогсож байсан. Очиж шалгаад хаанаас явж байгааг нь асуухад З аймгаас явж байна. Уурхай дээр ажиллаж байгаад буцаж байна гэж хэлж байсан..., ...Нүд нь эргэлдээд бие нь чичрээд байсан. Чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь би шөнө орой болохоор ингээд айгаад байдаг юм аа. Энд хонох гэсэн чинь арай харанхуй байна гэж хэлсэн. Тэгээд би чи тэгвэл шатахуун түгээх газарт очоод хоночих, эсхүл манай ажил дээр очоод хонох юм уу гэж хэлж байсан..., Тэвшин дээр төмпөн сав шуудаатай зүйлс ачсан байсан. Дотор талыг нь шалгахдаа утасны дэлгэцийн гэрлийг тусгаж байгаад суудлын ард нь дөрвөлжин юм харагдахаар нь гараараа тэмтэрч үзсэн. Тэгэхэд зөөсөн зүйлд ороосон зурагт баригдсан. Энэ юун зурагт вэ гэж асуухад Зд уурхай дээр хэрэглэж байсан зурагт байгаа юм гэж хэлж байсан...” Арын зайг дүүргэсэн байсан. Намайг гараараа тэмтрэх үед хайрцагтай зүйл байгаагүй, хэрвээ хайрцагтай байсан бол би энэ юун хайрцагтай зүйл вэ гэж асуух байсан. Хайрцагтай зүйлийг давхар боосон байх боломжгүй. Гараагаа бариад үзэхэд нимгэн зурагт байсан...” Араас нь дагаж хөдөлсөн зүйл байхгүй, нэг зогсож байсан машин нь төв зам руу нийлээд явчихлаа гэхээр нь тэрийг нь араас нь хаашаа явсан болохыг нь хараад үлдсэн машин нь байгаа газрыг заалгаад очоод буугаад шалгасан...” Би анх шалгаад гараараа тэмтэрч үзэхэд адьяал байна гэж мэдэрч байсан. Хөнжлийн давуу, адьяал хоёр нь өөр материал...” Хохирогч айл дуудлага мэдээлэл өгөхөд очсон. Бг ирээд гутлын ул мөрийг тааруулж шалгуулахад байгаагүй...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2012001320260 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Бын өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сум руу гэр рүүгээ харих гээд явж байтал манай хадам Б.Хтай утсаар ярихад “гэрт чинь урьд шөнө хулгай орчихсон байна. Ирж байна уу” гэсэн. Тэгээд намайг гэртээ ирэхэд гэрийн эд зүйлсийг онгойлгочихсон авдрын таг онгорхой эд зүйл алдагдсан байсан. Алдсан эд зүйлээ бүртгэхэд 6 завхаа мөнгөн хэрэглэлтэй хяртай, булгаран гөлөмтэй хуучны мөнгөн хэрэглэлтэй эмээл, авдраас битүү ороолттой мөнгөн хазаар, 11 барим хятад тэнзэн ташуур, хурдан морины унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны өндгөвч, тохойвч, мөлгөө тавилганы хажуугийн шүүгээнд байсан лоузан булган малгай, 2 жижиг, 1 дунд гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. 40 инчийн шарп маркийн ЛСД зурагтаа 850,000, 6 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлээ 2.000.000 төгрөг, битүү ороолттой мөнгөн хазаараа 2.800.000 төгрөг, булган лоузан малгайг 150.000 төгрөг, хятад тэнзэн ташуурыг 1.500.000 төгрөг, хурдан морины хүүхдийн өвдгөвч, тохойвчийг 30.000 төгрөг, мөнгөн аяга дунд гарыг 150.000 төгрөг, жижиг мөнгөн аягийг 120.000 төгрөг үнэлж байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 24 дүгээр тал/,
*Гэрч Ч.Бын өгсөн:
“...Шарф маркийн 40 инчийн зурагтыг би шинэ гэрээ барьж ороход нь гэрийн нэмэр гэж 2019 оны намар авч өгсөн. Мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар, 11 барим хятад тэнзэн ташуур зэргийг манайхан удам залгуулж ирсэн. Б.Хын гэх манай хүү Ц.Бын нөхөр болох төрсөн хүү Булгантамирт өвлүүлж өгсөн. Нэг мөнгөн аяга нь хурдан морины шагналд ирж байсан, харин нөгөө 2 мөнгөн аягийг нь ээж аав нар нь авч өгч байсан байх би сайн мэдэхгүй байна. ...Би өдөр болгон гэрт нь орж гал түлдэг байсан. 2020 оны 02 дугаар сарын 10-нд би Ц.Бынд ороход аав Б.Х нь гал түлчихсэн, малдаа өгдөг тэжээлийнхээ будааг буцалгаж байсан. Тэгээд би гараад гэртээ орсон. Тухайн үед гэрийн эд зүйл, зурагт, эмээл хазаар зэрэг хулгайд алдагдсан эд зүйлүүд бүгд байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 182-183 дугаар тал/
*Гэрч Ц.Оын өгсөн:
*Гэрч Г.Дгийн өгсөн:
“...2020 оны 02 сарын 10-ны орой 23 цаг 50 минутын үед над руу Цэнхэр сумын иргэн Ц.О утсаар залгаад сумын төвд сэжигтэй 2 машин байна чи хаана байна шалгуулмаар байна гэсэн. Тэгээд намайг очиход нэг машин Зам зуур клонкийн баруун талаас хөдлөөд засмал зам руу нийлээд арагшаа Цэнхэрийн гүүр рүү чиглээд хороолол руу ороод буцаад засмал руу гараад Зам зуур клонкийн баруун тал руу засмалаас салахаар нь би очоод зогсоож шалгахад 99-83 УНӨ улсын дугаартай портер маркийн автомашин жолоодсон нэг жолооч байсан. Намайг шалгахад шөнийн 02 цаг болох гэж байсан. Хаанаас хаашаа явж байгааг нь асуухад “З аймгийн Сонгино суманд ажил хийж байгаад хэрэглэж байсан хөнжил пүүгээгээ аваад буцаж байна. Архангайд найзындаа 2 хоночихоод найзтайгаа буцах байсан чинь ар гэрийнхэн нь дургүйцээд байхаар нь ганцаараа гарч явна. Энэ хавиар хонох газар хайгаад явж байна” гэсэн. Жолооч Б.Бг шалгахад чичирч салгалаад, айж сандраад байхаар нь “яагаад байгаа юм бэ” гэж асуухад “би зүрх муутай юм байгаа юм, айж сандрахаараа чичрээд байдаг юм” гэж хэлсэн. “Юунаас айгаад байгаа юм” гэсэн чинь “ганцаараа явж байгаа болохоороо айсан” гэж хэлсэн. Тухайн үед сэжигтэй байсан болохоор нь би бичиг баримтыг нь шалгаад машины кабин доторхыг шалгахад машины арын суудалд хавтгай юм байсан, бариад үзтэл ЛСД телевизор байсан. “Энэ юун телевизор юм бэ” гэж асуухад “ажиллаж байсан кемп дээрээ үзэж байсан юм” гэж хэлсэн. Утасны гэрээр тусгаад хартал ногоон өнгийн дээр үеийн адьяалаар. хучсан зурагт байсан. Тэгээд би жолоочид итгээд машиных нь гадаа зогсоож байгаад бичиг баримтын зураг болон өөрийнх нь зургийг дараад явуулсан. Миний барьж үзсэн зурагт машины кабины суудлын арыг битүү дүүргэж байсан... Уг зурагтыг ногоон өнгийн адьяалан бүтээлгээр хучсан байсан. Зурагт нь хайрцаггүй байсан... Маргааш нь Б.Хын хүүгийн гэрт хулгай орсон гэж дуудлага өгсөн. Юу юу алга болсныг асуухад зурагт, адьяал, мөнгөн хазаар, мөнгөн аяга, мөнгөн эмээл алдагдсан байсан гэж хэлсэн. Би урьд шөнийн шалгасан 99-83 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг хулгай хийсэн байна гэж бодсон. Дээрх эд зүйлсийг сайн анзаарч хараагүй. Машины кабины суудлын арыг сайн өнгийг хараагүй. Эмээл, хазаар, аяга, малгай харагдаагүй. Намайг очиход 99-83 УНӨ дугаартай цагаан өнгийн портер л хөдөлсөн. Өөр машин байгаагүй. Ц.О гэдэг хүн намайг машин шалгуулъя 2 машин зогсчихоод цаг гаруй хөдөлсөнгүй гэж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 27-28 тал/
*Гэрч Г.Дгийн дахин өгсөн:
“...Би гаргаж үзээгүй. Хэлбэр зүрсийг нь хараагүй. Гараар барьж үзэхэд орны бүтээлэг шиг зүйлээр ороосон байсан. Би тухайн үед утасны гэрлээр тусгаж харахад адьяал гэж харагдсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 123 дугаар тал/
*Гэрч Г.Дгийн дахин өгсөн:
“...Би тухайн машиныг 10 минут орчим шалгаад явуулсан. Маргааш өглөө би Б.Бг дуудаагүй. Тухайн үед ажиллаж байсан хэсгийн төлөөлөгч дуудаж уулзсан байсан. Би тухайн үед машины бичиг баримтыг өөрийн гар утас дээрээ дарсан байсан учир хэсгийн төлөөлөгчид мэдээллийг нь өгсөн. Хэзээ хэрхэн дуудсан талаар мэдэхгүй байна. Маргааш өдөр нь цагдаагийн кабон дээр ирчихсэн байсан. Энэ хооронд нэлээн цаг хугацаа өнгөрсөн. Нарийн хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед гар утасны урд талын бүдэг гэрлээр тусгаж уг машины кабин доторхыг харахад кабины нугасанд эд зүйл харагдсан. Гараар барьж үзэхэд бүдэг ногоон өнгийн зөөлөн адьяаланд ороосон зурагт тэмтрэгдсэн. Тухайн үед би ногоон өнгийн адьяал гэж харсан. Тухайн ороолттой зурагтыг гаргаж ирж, дэлгэж хараагүй, боодолтой нь тэмтэрч үзэхэд машины арын кабоныг дүүргэж байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 187-188 дугаар тал/
*Гэрч Г.Дгийн дахин өгсөн:
“...Би тухайн үед Б.Б гэх залууг сумын төвийн урд байх Зам зуур клонкийн харалдаа замын эсрэг талд замаасаа гараад шороо хэсэг рүү буучихсан байхад нь очиж уулзаад хаанаас явж байгаа талаар асуухад “З аймгийн Сонгино суманд ажил хийж байгаад дуусаад Улаанбаатар хот руу явж байна” гэж хэлсэн. Тухайн үед ганцаараа явж байсан. Б.Бг юу гэж мэдүүлэг өгснийг мэдэхгүй. Надад дээрх утгыг хэлж байсан. Тухайн үед би гар утасныхаа урд талын дэлгэцийн гэрлийг түгжээ дээр нь дарж асаагаад машины кабинд байх ар хэсэг рүү харахад даавуугаар хучсан зүйл харагдахаар нь гараараа тэмтэрч үзэхэд нимгэн зурагт тэмтрэхэд нь “юун зурагт юм бэ” гэж асуухад “Зд кэмп дээрээ хэрэглэж байсан зурагт байгаа юм аа” гэж хэлсэн. Тухайн үед зурагтыг гаргаж үзээгүй юм. Надад тухайн зурагтыг хаанаас авсан талаараа огт юм яриагүй. Тухайн машины ар хэсэгт нэг зурагт л байсан. Тухайн үед гар утасны бүдэг гэрэл тусгаж харахад бүдэг ногоон өнгийн адьяал байсан. Гараар тэмтэрч үзэхэд адьяаланд боосон зурагт байсан. Хайрцагтай зурагт байгаагүй. Тухайн үед машины кабины арыг гараар тэмтэрч үзэхэд зөөлөн даавуунд боосон зурагт баригдсан. Гар утасны нүүрэн талын бүдэг гэрлээр тусгаж харахад бүдэг ногоон өнгийн адьяал гэж харагдсан. Тухайн адьяалан дотор хайрцагтай зурагт байгаагүй. Гараар тэмтэрч үзэхэд машины кабиныг дүүргэж байсан. Адьяаланд боосон зурагт. зөөлөн даавуу, хөнжилд боосон зурагтыг тэмтрээд болон хараад шууд ялгаж чадна. Би Б.Балжинцэрэнгийн анх шалгахад зогсож байсан газраас Ц.Бын гэр хүртэлх зайг нарийн хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор алхаж явахад 10 орчим минут болох байх л гэж бодож байна. Архангай аймгийн Цэнхэр сумаас буюу Б.Бгийн машинтайгаа зогсож байсан газраас Өвөрхангай аймгийн Хархорин сум хүртэлх ойролцоогоор 90 гаруй км гэж бодож байна. Нарийн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч О.Мын өгсөн:
“...Би тухайн үед буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед Портер маркийн 99-83 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Бгийн утасны дугаарыг олж тогтоогоод залгахад Өвөрхангай аймгийн Хархорин сум дээр явж байгаа талаараа хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн Цэнхэр сумын төвд дуудахад тус суманд үдээс хойш 15 цагийн үед ирсэн санагдаж байна. Намайг дуудсанаас хойш 4-5 цагийн дараа ирсэн. Тухайн үед дахин дахин утас руу нь залгахад дуудаад зарим үед холбогдохгүй байсан, нэлээн удаж ирсэн. Тэгээд унаж явсан машинд нь болон Б.Бгээс мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 192-193 дугаар тал/
*Гэрч О.Мын дахин өгсөн:
“...Би 99-83 УНӨ улсын дугаартай Портер маркийн автомашинд Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг цагдаагийн хэсгийн кубоны байрны урд талбайд 17 цаг 45 минутад үзлэгийг хийсэн бөгөөд оролцогч Б.Бг оролцуулсан бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу үзлэгийг явуулсан. Тухайн үед намайг үзлэг хийхэд машины кабины суудлын ард цаасан хайрцагтай зурагт ил харагдаж байсан бөгөөд ямар нэгэн адьяал болон хөнжилд ороогоогүй байсан. Тухайн хайрцагтай зурагтыг хайрцгаас гаргаж үзэхэд "НКС" гэсэн бичиглэлтэй хар өнгийн ЛСД зурагт байсан. Уг зурагтыг хайрцагнаас гаргаж. гэрэл зургаар бэхжүүлж. үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Зурагтыг хайрцгаас гаргахад ямар нэгэн адьяал болон хөнжлөөр ороогоогүй байсан. Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс Өвөрхангай аймгийн Хархорин сум ороход 95 км орчим зайтай бөгөөд ойролцоогоор 100 км цагийн хурдтай явахад 1 цаг орчим явна. Би тухайн үед Б.Бг 9-10 цагийн хооронд утсаар холбогдож хаана явааг нь асуухад Өвөрхангай аймгийн Хархорин суманд явж байна гэж утасны цаанаас хэлсэн. Тэгээд Б.Бг тодруулах зүйл байна гэж дуудахад тухайн өдрийн 15 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд уулзаад мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 30-31 дүгээр тал/
*Гэрч Б.Хын өгсөн:
“...2020 оны 02 сарын 10-ны шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир
багийн Цахиурын 4-22 тоотод байшиндаа 12 цаг гээд эхнэрийн хамт унтсан. Шөнө
сэрэхэд 03 цаг 14 минут болж байсан тэрнээс хойш миний нойр хүрээгүй өглөө 07
цагт босоод хашаанд байгаа малаа харахаар гарахад миний хүү Булгантамирын 5
ханатай монгол гэрийн цоожийг эвдээд хөшөөд орчихсон байсан. Тэрийг хараад би
цагдаад мэдэгдсэн. Гэрийн хаалгыг онгойлгоод хартал хулгай орчихсон байдалтай
хамаг юмыг нь онгичоод зурагтыг нь аваад явсан харагдаж байсан. Цэнхэр сумын экологийн цагдаа Д ирээд хэргийн газрыг хамгаалаад юманд хүрч болохгүй гэсэн. Дараа ;нь хэсгийн төлөөлөгч ирээд хэргийн газрын үзлэг шинжээчтэй хийсэн. Манай хүүгийн гэрээс 40 инчийн шарф маркийн ЛСД нимгэн хавтгай дэлгэцтэй зурагт, 6 мөнгөн завхайтай ясан хяртай, булгаарин гөлөмтэй хуучны мөнгөн хэрэглэлтэй эмээл, битүү ороолттой мөнгөн хазаар, 11 барим хятад тэнзэн ташуур, 3 мөнгөн аяга, булган лоузан малгай, хурдан морь унаач хүүхдийн
хамгаалалтын өвдгөвч, тохойвч зүүн талын орыг бүтээсэн ногоон өнгийн дээр үеийн
цэцгэн хээтэй адяалан бүтээлэг эдгээр зүйлс алга болсон. Манай арын хашааг давж орж ирээд амбаарын хаалга онгойлгож сүх аваад гэрийн хаалгыг лоомоор хөшиж онгойлгосон байдалтай байсан. Шөнийн 12 цаг гээд би унтсан. 3 цагийн үед сэрчихсэн. Гадаа чимээ
сонсогдоогүй. Шөнийн 00-03 цагийн хооронд хулгай орсон гэж бодож байна. Манай
хүүгийнх манай байшингийн хажууд 3-4 метр орчим зайтай нэг хашаанд байгаа. Надад сэжиг таамаглал байхгүй. Гэрийн ард болон, манай гудамжийг тойрсон мөн хашаа давсан гэхээр нзг арзгар ултай нэг хүний гутлын мөр газар шороон дээр гарсан байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30 дугаар тал/
*Гэрч Ц.Бын өгсөн:
“...Б.Бд Архангай аймагт таних хүн байхгүй байгаа. Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны үед Архангай аймагт хоёрдогч түүхий эд буюу зэс, гууль, хөнгөн цагаан, хайлш зэргийг авахаар ганцаараа ирсэн. Архангай аймаг руу явахдаа гэрийнхэндээ хэлж ярьж гарсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 31-33 дугаар тал/
*Яллагдагч Б.Бгийн өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос ганцаараа өөрийн эзэмшлийн 99-83 УНӨ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Архангай аймагт түүхий эд авах зорилгоор 17 цагийн үед ирсэн Архангай аймаг орох замд Цагаан хаалгаар орж яваад танихгүй эмэгтэй гараа өргөөд зам тосож зогсож байсан бөгөөд хажуудаа суулгаад Архангай аймгийн захын хажууд зогссон, замдаа ойр зуурын зүйл ярьж танилцсан, тэгээд дэлгүүрээс 4 ширхэг 500 граммын савтай пиво аваад буцагд Архангай аймгаас гараад цагаан хаалганы цаана замаас гарч зогсоод машиндаа хамт хоноод маргааш өглөө 10 цагийн үед захын урд буулгаж өгөөд салсан. Тэгээд аймгийн төвөөр хөнгөн цагаан, хайлш, зэс гууль авна гэж цагаан хоолойгоор зарлаж явсан. Тэгээд хүмүүс хэдэн ширхэг тогоо, бетан өгсөн, хүмүүс 2 дахь түүхий эд өгөхгүй байсан, тэгээд зах дээр ирээд цагаан идээ судалсан чинь Улаанбаатар хотоос үнэтэй байсан тэгээд захаас гарч явж байгаа эхнэр нөхөр 2 хар өнгийн НТС гэсэн бичиглэлтэй, гадуураа БСБ гэсэн бичиглэлтэй хайрцагтай 32 инчийн зурагтыг засварт аваачиж өгнө гээд явж байхаар нь зогсоогоод асуусан чинь дэлгэцийг нь хүүхэд цохиод зураас гаргачихсан юм, засуулаад зүгээр болчихно гэж хэлж байсан. хэдээр зарах вэ гэхэд 70.000 төгрөгөөр зарна гэхээр 50.000 төгрөг болгож хямруулаад хотод очиж засуулаад хүүхдүүдийнхээ өрөөнд тавиад өгөх бодолтой авсан юм, тэгээд зурагтаа аваад машин дотороо хийчихээд, махны үнэ асуусан чинь мах лангуун дээр нь байхгүй байсан, орой болтол зах дээр байсан энэ хооронд аймгийн төв болон Булган уулын зогсоол дээр машинтайгаа зогссон Архангай аймагт ах, дүү, найз нөхөд байхгүй байсан. Тухайн үед хүйтэн байсан болохоор машинаасаа буугаагүй, тэгээд дэлгүүрийн гадаа очоод тамхи, ундаа аваад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Энэ үед цаг 00:00 цаг өнгөрч байсан, Тэгээд ямаатай уулын хажууд байх голоос ус аваад Архангай аймгийн Цэнхэр сумын засмал замаас гараад зогссон, тэнд 20-30 минут орчим болсон, миний машины дунд жийрэг нь сэтэрсэн болохоор тос нэмээд байж байтал миний машины ард 10-150 метр зайд жижиг тэрэг зогсож байсан тэгээд би засмал зам дээр цагдаагийн дэслэгч цолтой цагдаа гарч ирээд бичиг баримтаа аваад буугаад ир гэсэн тэгээд бичиг баримтаа шалгуулаад дэвшин дээр зүйл болон кабин доторх зүйлээ шалгуулаад миний бичиг баримтын болон миний зургийг дараад бичиг баримтыг буцаагаад өгөөд болгоомжтой яваарай гэж хэлсэн, тэгээд би Улаанбаатар хот руу хөдлөөд Хархорин сумын петровис колонкын хажууд машин дотроо унтаад өглөө болж байхад утас дугаар авсан чинь Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч гээд нэг залуу ярьсан тэгээд Цэнхэр сумын цагдаагийн кабон дээр явж очсон. Миний өмссөн гутлын мөрийг шалгаж үзээд байсан, тэгээд миний машиныг журмын хашаанд хийсэн. Ийм л зүйл болсон. Миний унаж явсан 99-83 УНӨ улсын дугаартай Портер маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм 2013 онд Фийшн Фанд нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр авч байсан. Фийшн Фанд нэртэй нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг юм. Би эхнэр 4 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 01-05 тоотод амьдарч байгаа, одоо Өмнөговь аймгийн Цогцэций суманд нүүрсний том тэрэг барьж байгаа. 89818636, 88141168 /ээж/ дугаартай байгаа. Би тухайн өдөр Цэнхэр сумын төв рүү ороогүй. Би тухайн үед зурагт авсан гэх эхнэр, нөхрийг танихгүй, нэр усыг нь мэдэхгүй, утасны дугаарыг нь аваагүй. Тухайн эхнэр, нөхөр 2 дээл өмсчихсөн байсан. Би монгол хүн. хаана ч амьдарч, явж болно шүү, Архангай аймагт хоёрдогч түүхий эд авах гэж ирсэн. Архангай аймагт таних ах дүү байхгүй. Тухайн эмэгтэй Чээ гэж танилцуулж байсан. Утасгүй гэж байсан. миний дугаарыг аваад үлдсэн. Би тухайн өдөр нохой гутал гэж нэрлэдэг түрүү хэсгээрээ үстэй, зузаан ултай, арзгар бөөрөнлдүү хээтэй маягын ултай, түрүүтэй гутал байсан 2017 оны намар Улаанбаатар хотын Хар хорин захаас худалдан авч байсан. Тухайн үед миний өмсөж явсан гуталтай адилхан гутлыг олон хүн өмсөж харагдсан, тухайн үед хэсгийн төлөөлөгчид энэ тухай хэлж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 66-70 дугаар тал/
*Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 364 дугаартай:
“...Ногоон өнгийн орны адял 20.000 төгрөг, Шарф брэндийн 40 инчийн зурагтын үнэ 700.000 төгрөг, 6 завхайтай мөнгөн тоногтой эмээлийн үнэ 2.000.000 төгрөг, битүү ороолттой хазаарын үнэ 180.000 төгрөг, булган лоузан малгай 150.000 төгрөг, тэнзэн ташуурын үнэ 700.000 төгрөг, хурдан морины хүүхдийн өвдгөвч, тохойвч 30.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, жижиг мөнгөн аяга 120.000 төгрөг, нийт 5.640.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 37 дугаар тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрний гэрэл зургууд шинжилгээнд тэнцэнэ. Гутлын мөрний сан байхгүй учир уг асуултанд хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр, хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын мөртэй ижил байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 42-43 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт “...2020.03.04-ний өдрийн шинжээчийн 017 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэнд байх зураг 29, зураг 30 гэж дугаарласан гутлын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. Бусад гутлын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэнд байх гутлын мөрүүд шороон хөрсөн дээр үүссэн гутлын мөрүүд байна. Газрын шинж байдлыг тогтоох нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд байх харьцуулах шинжилгээнд тэнцсэн 29, 30 гэж дугаарласан гутлын мөрүүд нь харьцуулах загварт ирүүлсэн зүүн өмсгөлийн гутлын улны хээний дардастай мөрийн нийт урт, өлмий, эсгийн өргөний хэмжээ, хээ хоорондын зай, хээний хэлбэр, хэмжээ, зураглал зэрэг ерөнхий шинж тэмдгүүдээрээ ижил байна. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд байх харьцуулах шинжилгээнд тэнцсэн 29, 30 гэж дугаарласан гутлын мөрүүд нь бүдэг дүрслэгдсэн байх тул хувийн онцлог шинж тэмдгүүд илрэхгүй болно. ... гутлын мөрүүд, харьцуулах загварт ирүүлсэн гутлын зүүн өмсгөлийн улны хээний нийт урт 31 см, өлмийн өргөн 10,5 см, өсгийн өргөн 12 см гэсэн ижил хэмжээтэй байна. Шинжилж буй гутлын мөрүүдэд хувийн онцлог шинж тэмдгүүд илрэхгүй байх тул харьцуулах загварт ирүүлсэн гутлын мөртэй нэг гутлын мөр болохыг тодорхойлох боломжгүй байна..” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 54-57 дугаар тал/,
*2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 15-20 дугаар тал/
*Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эд зүйл... хүлээн авсан тухай тэмдэглэл/1-р хх-ийн 8 дугаар тал/
*2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 35 минутад тээврийн хэрэгсэлд узлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 21-22 дугаар тал/
*Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 132 дугаар тал/
* Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл/3-р хх-ийн 33-37 дугаар тал/
* Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл/3-р хх-ийн 71-75 дугаар тал/
* Үзлэг хийсэн тэмдэглэл/3-р хх-ийн 76-81 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 153 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир багийн .......... тоот иргэн Ц.Бын эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрнаас шарп маркийн 40 инчийн зурагт, 6 завхайтай ясан хяртай, булгааран гөлөмтэй хуучны мөнгөн хэрэглэлтэй эмээл, битүү ороолттой мөнгөн хазаар, булган лоовуузан малгай, 11 барим хятад тэнзэн ташуур, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын өндгөвч, тохойвч, ногоон өнгөтэй орны бүтээлэг /адьяал/ зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх боловч шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Б.Бг дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж тогтоосон баримтуудын хувьд гэрч Ц.О өгсөн “...2020 оны 02 сарын 10-ны шөнө 23 цаг 50 минутад Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиурт буюу сумын төдийн доохон талаас нэг гэрэл гараад ирж байгаад Зам зуур колонийн баруун урд засмал замын баруун талд гэрлээ унтраагаад нэг машин зогссон, удалгүй араас цэнхэрийн гүүрээр цэнхэр гэрэлтэй жижиг тэрэг ирээд уг цагаан өнгийн портер машин дээр ирж хоорондоо уулзаж байсан урд уг 2 машиныг хараад ажиглаад зогсож байсан. Уг 2 машин шөнийн 01 цаг 40 минут хүртэл хөдлөөгүй зогссон газраа л байсан. Би тэр 2 машиныг очиж үзье гээд мотоциклоо асаагаад яваад очиход 9983 унө улсын дугаартай цагаан портер машин нэг жижиг тэрэг зэрэгцээд зогсчихсон байсан. Дотор нь хүн байсан үгүйг хараагүй би алсаас харчихаад цагдаа дуудсан. Шөнийн 2 цагийн орчимд шалгасан. Г.Д цагдаа шалгасан би холоос харж байсан. Сэжигтэй санагдаад байхаар нь цагдаад хэлсэн юм хар зам руу ороод клонкын гэрэлд харахад машины жолооч ганцаараа байсан. Би уг машины дугаарыг харж амжаагүй. Шөнийн 23 цаг 50 минутын үед хоорондоо уулзаад шөнийн 01 цаг 40 минутын үед хоорондоо салсан. Би буцаж очихдоо портерынх нь дугаарыг л харсан. 2 машин зогссон газраа 23 цаг 50 минутаас 01 цаг 40 минут хүртэл зогссон. Би хараа салгаагүй харж байсан. Машинаа унтраагаад зогссон. Ийш тийш хөдлөөгүй харин жолооч нар нь машинаа орхиод явсан байж магадгүй би холоос харсан. Тэрнээс 2 цаг орчим хөдөлгөөнгүй 2 машин уулзсан газраа зогсоод л байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Дгийн “...Би тухайн машиныг 10 минут орчим шалгаад явуулсан. Маргааш өглөө би Б.Бг дуудаагүй. Тухайн үед ажиллаж байсан хэсгийн төлөөлөгч дуудаж уулзсан байсан. Би тухайн үед машины бичиг баримтыг өөрийн гар утас дээрээ дарсан байсан учир хэсгийн төлөөлөгчид мэдээллийг нь өгсөн. Хэзээ хэрхэн дуудсан талаар мэдэхгүй байна. Маргааш өдөр нь цагдаагийн кабон дээр ирчихсэн байсан. Энэ хооронд нэлээн цаг хугацаа өнгөрсөн. Нарийн хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед гар утасны урд талын бүдэг гэрлээр тусгаж уг машины кабин доторхыг харахад кабины нугасанд эд зүйл харагдсан. Гараар барьж үзэхэд бүдэг ногоон өнгийн зөөлөн адьяаланд ороосон зурагт тэмтрэгдсэн. Тухайн үед би ногоон өнгийн адьяал гэж харсан. Тухайн ороолттой зурагтыг гаргаж ирж, дэлгэж хараагүй, боодолтой нь тэмтэрч үзэхэд машины арын кабоныг дүүргэж байсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Бг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй, мөн шүүгдэгчийн машинд байсан гэх бүтээлэг болон зурагтад үзлэг хийж, зургаар бэхжүүлж авсан, уг бүтээлэг, зурагтыг хохирогчид таниулахад өөрийнх нь зурагт, бүтээлэг биш, хохирогчийн алдсан зурагт 40 инчийн зурагт байсан гэх мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгч Б.Бгийн машинд байсан зурагт нь 32 инчийн зурагт байх бөгөөд прокурор шүүх хуралдаанд шүүгдэгчийг уг зурагтыг сольсон гэх тайлбарыг өгсөн боловч шүүгдэгч уг зурагтыг хэзээ хэрхэн сольсон талаар баримт хэрэгт авагдаагүй, прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн туршилт болон гэрч Г.Дгийн мэдүүлгээр зурагт солигдсон гэдгийг нотолж байна гэх боловч гэмт хэрэг гарснаас хойш 3 жилийн дараа буюу 2023 оны 11 сард цагдаагийн албан хаагч Г.Дгээр тухайн машинд байсан зурагт нь мөн эсэхийг тогтоолгохоор хийсэн туршилт болон түүний мэдүүлгээр шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн машинд байсан зурагтыг маргааш нь буюу 2020 оны 02 сарын 11-нд ирэхдээ сольсон гэдгийг нотлох боломжгүй байна.
Мөн хохирогчийн гэрээс 6 завхайтай ясан хяртай, булгааран гөлөмтэй хуучны мөнгөн хэрэглэлтэй эмээл, битүү ороолттой мөнгөн хазаар, булган лоовуузан малгай, 11 барим хятад тэнзэн ташуур, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын өндгөвч, тохойвч, ногоон өнгөтэй орны бүтээлэг зэрэг эд зүйл алдагдсан, хэрэг гарсан шөнө цагдаагийн албан хаагч Г.Д нь Б.Бгийн машиныг зогсоож шалгахад тухайн үед шүүгдэгч Б.Бгийн машинд эдгээр эд зүйл байгаагүй, эдгээр эд зүйлийг хаана байгааг одоо болтол олж тогтоогоогүй байна. Шүүгдэгчийн өмсөж явсан гутлын мөр хэргийн газарт гарсан гутлын мөртэй адилхан боловч хувийн онцлог шинжээр нь тогтоох боломжгүй гэж шинжээч дүгнэсэн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч тухайн гутал нь нийтлэг хүмүүсийн өмсдөг гутал бөгөөд энэ талаар гаргасан тэдгээрийн тайлбар болон баримтыг үгүйсгэх баримт байхгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Бг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж хангалттай нотолж чадахгүй байх ба Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасан тул эрүүгийн 2012001320260 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гутал 1/нэг/ ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Бд буцаан олгож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч Ц.Бын нэхэмжлэлийг хэрэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт Бын Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 2012001320260 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гутал 1/нэг/ ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Бд буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Бын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд энэ тогтоолд, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР