| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/149 |
| Огноо | 2024-07-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Хохирогч: Б.Э
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: Ж.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Жийн Цад холбогдох эрүүгийн 2312000000209 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ........гэх газар оршин суух, урьд тус аймгийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар прокурорын тогтоолоор Ж.Цад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, улсаас авсан гавьяа шагналгүй, Л овогт Жийн Ц/РД:АН...../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын ........гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч Б.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл, мөн баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Б.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би эхнэрийн хамт Цынд очиж цай уусан. Тэр үед Н болон бусад хүмүүс цай уух гээд ирсэн байсан. Н бид хоёр жаахан маргалдаад барьцалдаж автал Ц Нг өмөөрөөд намайг зодсон. Тэгээд тэнд байсан 3 хүн намайг бүлэглэж зодсон. Нөгөө хүмүүс нь оролцоогүй гэж мэдүүлэг өгч байгаа хэдий ч энэ хүмүүс намайг гадаа гаргаж байгаад бүлэглэж зодсон. Тэгээд миний хуруу хугарсан. Тэгээд би сумын төв орсон. Маргааш нь энэ хүнтэй таараад миний дүү ахынхаа хамрыг ийм болгосон байна гэсэн чинь хамрыг чинь хугалсан нь үнэн буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн. Гарыг маань хэн ингэсэн бэ гэхэд гарыг чинь бол мэдэхгүй байна. Хамрыг чинь бол би хугалсан гэж хэлсэн. Би эхэндээ хуруугаа мултарсан байх гэж бодож байсан ч удаан идгэхгүй байсан. Тэгээд хүмүүст үзүүлэхэд хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд би хугарсан гэдгийг нь сонсоод харамссандаа Цад та нар ахынхаа гарыг хугалчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд үгүй гарыг чинь бол би яагаач үгүй, хамрыг чинь бол би хугалсан гэж хэлсэн. Мөн миний зүү нүдний ухархай цөмрөлтэй гарсан. Одоо хамрын эмчилгээндээ орж амжаагүй байгаа. Орох гэсэн боловч эхнэртэйгээ хоёулаа мал малладаг учир мал идээгээ хаяад явж чадахгүйгээс болоод эмчилгээндээ орж чадаагүй. Энэ өвөл эмчилгээндээ орно. Нүдээ ч гэсэн үзүүлэх шаардлагатай байгаа. Мөн миний бие бүтэн биеийн мэдээ алдуулагчтай хагалгаанд орсноос болоод заримдаа юмаа мартаж сандаг болсон. Би гомдолтой байгаа. Баримтаар авагдсан хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312000000209 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Эын өгсөн:
“...2023 оны 05 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Богино цагаан гэх газарт Ж.Ц гэх айлд Ц.Б, түүний эхнэр Б, Б.Т түүний эхнэр Б.Э, Б.Н түүний эхнэр А, Н нар хамт цай уухаар ирсэн. Хонины хорхог идээд, 0.5 граммын Алтан түрүү нэртэй архи 5 ширхэг, 0.75 граммын экс нэртэй 4 ширхэг архи зэргийг ууж дуусгаад 05 дугаар сарын 10-ны өглөө 04 цагийн үед Ж.Цын гэрт сууж байхад Б.Н миний нүүр хэсэг рүү 1 удаа цохихоор нь би босож ирээд барьцалдаж авсан. Би Б.Нгийн баруун шанаа хэсэгт нь 1 удаа цохиод бид хоёр Ж.Цын гэрээс гараад гадаа маргалдаад байж байхад Ж.Ц 4-5 удаа цохисон. Б.Н Ж.Цыг өмөөрч намайг газарт миний дээр сууж миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон, манай эхнэр Нг татаад намайг босгож авсан. Нг миний дээр дараад сууж байхад Ж.Ц хэсэг зуур алга болсон. Эхнэр надад хэлэхдээ хутга хайгаад чамайг ална гээд байхаар нь манай эхнэр Д.О, Ж.Цын эхнэр Б.Э А нар хутга нуусан байсан. “Би зодуулж байхад чи яагаад өмөөрдөггүй юм бэ” гэж эхнэртээ хэлэхэд уурлаад гэр рүүгээ явсан. Дахин Н намайг газарт татаад унагаад Ж.Ц, Б.Н, Н 3 миний нүүр хэсэг рүү учир зүггүй цохиод байсан. Би хэсэг зуур ухаан алдсан байсан. Би сэргээд Ж.Цын гэрт яваад ортол намайг гэрээсээ хөөхөөр нь би гэр рүүгээ харьсан. Гэртээ яваад ортол манай эхнэр Д.О гэртээ байхгүй байсан. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Шилийн толгой гэх газарт байх Э.Чийнд 11 цагийн үед очиход гэртээ Э.Ч ганцаараа байсан. Би хэсэг сууж байгаад унтаад өгсөн. Би 13 цагийн үед унтаж сэрээд нүүрнийхээ цусыг угаагаад шартаад байхаар нь дэлгүүрээс 0.75 граммын экс нэртэй архи аваад Э.Чийн гэрт нь буцаж очоод бид 2 архиа талд нь ортол уугаад Э.Ч “манай үхрийг хараад ирье” гэж хэлэхээр нь Манхан толгой гэх газар руу бид хоёр үхрээ харчхаад Долоон мод гэх газарт байх Аын гэрт ороод А бид 3 үлдсэн архиа ууж дуусгаад, бид 3 сумын төв рүү ороод 0.75 граммын экс нэртэй архийг аваад Э.Чийн гэрт очоод уугаад сууж байтал гаднаас Аын дүү Эрхэмбаяр орж ирээд ахтайгаа маргалдаад ах Аыгаа дагуулаад явсан. Би найз Батмөнхийн гэрт нь очоод унтаж амраад өглөө эрт гэр рүүгээ харьсан. Намайг Ж.Цын гэт сууж байхад миний нүүр хэсэг рүү Б.Н 1 удаа баруун гараараа цохисон. Ж.Ц миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Н намайг газарт татаж унагаан миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон. Намайг урьд өмнө Б.Н, Н хоёр зодож цохиж байгаагүй. 2018 онд Ж.Ц намайг зодож байсан. Бид дөрвийн хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би гомдолтой байна. Надаас гарсан эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-8 дугаар тал/
*Хохирогч Б.Эын дахин өгсөн:
“...Намайг 2023 оны 05 сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газар Ж.Ц гэх айлын гэрт Б.Н нь зүүн талын нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон тухайн үед Ж.Ц нүүр хамар нүд хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон ингээд байж байтал И.Н гэх хүн миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон гэрээс гараад байж байтал И.Н гэх хүн намайг газар унагаж байгаад миний дээрээс толгой руу хэд хэд цохисон тухайн үед манай эхнэр намайг тэр хүнээс салгаж авсан би эхнэрээ намайг өмөөрсөнгүй гээд уурлахад манай эхнэр яваад өгсөн үүний дараа Б.Н, Ж.Ц, И.Н гурав нийлж байгаад намайг татаж унагаагаад тал талаас өшиглөж мөн цохиж байсан тэр үед би толгой хамгаалаад хэвтсэн. Тухайн үед хэн нь хаана хаана цохиж зодож байгаа нь мэдэгдээгүй 5 минут орчим нүдсэн ингээд тэр хүмүүс Ж.Цын гэр рүү орсон би тэндээс гэртээ харихад эхнэр байхгүй байсан тул сумын төв рүү хөдөлсөн. Миний толгой болон цээж хэсэг рүү л цохиж өшиглөсөн. Тухайн үед хоёр нүд хөхөрч хамар хавдсан байсан толгойны ар хэсэг хоёр гурван газар хавдсан байсан одоо бол хавдар нь буусан. Манай эхнэр Д.О, Ж.Ц болон түүний эхнэр, Б.Н болон түүний эхнэр, Ц.Б болон түүний эхнэр байсан. Мөн И.Н гэх хүн байсан өөр хүн байгаагүй. Манай эхнэр явчихсан байсан. Хэн миний баруун гарын эрхий хурууг хэн гэмтээсэн талаар би мэдэхгүй. Би тухайн үед архи уусан байсан боловч өөрийгөө хянах чадвартай байсан. Эхлээд Б.Нгийн эхнэр намайг цай уу гэж хэлээд надад аяга авч өгөхөөр нь би тэр эмэгтэйд хандаж тоглоом маягаар чи намайг цай уу гэж хэллээ хэмээн өгсөн аягыг нь өөдөөс нь далайсан гэтэл Б.Н намайг цохиж эхэлсэн үүнээс л маргаан эхэлсэн. Миний хамрыг бол Ж.Ц гэмтээсэн гэрт нь байхад хэд хэдэн удаа миний нүүр нүд хамар хэсэгт цохихдоо гэмтээсэн. Би тухайн үед би ингэж гэмтсэн гэж бодоогүй хөнгөн гэмтсэн байх бодсон. Тэгээд 10-аад хоноод хавдар нь буусны дараа гар болон хамраа хугарсныг мэдсэн. Эхэндээ би гарынхаа махыг тасарчихлаа гэж бодоод байсан юм гэтэл хугарсан байсан. Ингээд мэдсэн үедээ Ж.Ц дээр очиж та нар миний хамар болон гарын хурууг хугалсан байна гэхэд би хамрыг чинь хугалсан эмчлүүлж өгье харин гарын хурууг чинь бид нар хугалаагүй эмчлүүлж өгч чадахгүй гэж хэлсэн. Ингээд 2023 оны 06 сарын 05-ны өдөр Б.Н түүний эхнэр, Ж.Ц түүний эхнэр бид тав Хөвсгөл аймгийн төв орж хамрын зураг болон гарынхаа зургийг авхуулсан энэ үед миний хамар болон баруун гарын эрхий хуруу хугарсан нь болох нь тодорхой болсон. Тухайн үед Ж.Цын эхнэр болон Б.Нгийн эхнэр нар намайг Хөвсгөл аймагт хувийн эмнэлэгт хэвтээд хамраа эмчлүүлчих гэж хэлсэн би тэр үед нь та нар миний гарын эрхий хурууг хугалсан нэг мөсөн хамт эмчлүүлнэ гэхэд тэдгээр хүмүүс миний баруун гарын хурууг хугалаагүй гээд бид нар тохиролцоонд хүрэлгүй буцаад ирсэн. Эргэж ирээд хэд хоног тэдгээр хүмүүсийг миний биеийг эмчлүүлж өгөхийг нь харж хүлээгээд ирэхгүй болохоор нь би сумынхаа хэсгийн төлөөлөгчид хандсан. Миний бие одоо хамар битүүрээд толгой байнга өвдөөд байгаа баруун гар хагалгаанд орсон гипстэй байгаа баруун гарын эрхий хуруу ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байгаа. И.Н гэх хүний нэрийг би сайн мэдэхгүй учир Н гэж мэдүүлсэн байсан. Ж.Ц гэх айлаас явах үед жаахан өвдөлттэй байсан тэдний гаднаас хөдлөөд ойролцоогоор 6-7 километр орчим яваад баруун гар хавдсан байсан ингээд явж байхад Цэцэрлэг сумын Туулант багийн иргэн Б.А, Н.Э нартай тааралдаж Ж.Цын гэрт болон гадаа нь зодуулсан талаараа хэлсэн тухайн үед миний гар болон хамар нүд ямар болсон явсныг тэдгээр хүмүүс мэдэж байгаа. Ж.Цын гэрээс гарах үед миний баруун гар зүгээр байсан харин гэрийн гадаа маргалдаж газар унаж зодуулах үедээ гэмтсэн гэж бодож байна. Би гомдолтой байна олон сар эмчилгээ хийлгэнэ ажил хийх чадвар байхгүй байна эмчилгээний зардал мөнгөө баримтаар нэхэмжлэх болно. Би тэр үед толгойгоо хоёр гараараа дараад хэвтсэн тэр үед хэн нэгэн нь миний толгой руу өшиглөхдөө миний баруун гарын эрхий хурууг гэмтээсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 91-94 дүгээр тал/
*Гэрч Д.Огийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Богино цагаан гэх газарт Ж.Ц гэх айлд би нөхөр Б.Эын гэрт нь цай уухаар ирсэн. Удалгүй Б.Т түүний эхнэр Б.Э, Ц.Б түүний эхнэр Г.Ба, Б.Н түүний эхнэр А, Н нар ирсэн. Хонины хорхог идээд архи уугаад байж байтал манай нөхрийг Ж.Цын гэрт нь сууж байхад Б.Н манай нөхрийн нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Ж.Цын гэрийн гадаа Б.Н манай нөхөр Б.Э хоёр маргалдаад байж байхад Ж.Ц манай нөхрийн нүүр хэсэг рүү нь цохиод автал Ж.Ц манай нөхөр Б.Э хоёр хоорондоо зодоон хийж харагдаж байсан. Ж.Ц гэр рүүгээ гүйж ороод хутга хайгаад байхаар нь Б.Э бид хутгануудыг нуусан. Н манай нөхрийг татаж унагаан дээр нь гарч суугаад зодоод байхаар нь би Нг нөхрөөсөө татаад салгасан. Манай нөхөр Б.Э над руу дайраад байхаар нь би зугтааж урд уулын мод руу орсон. Манай нөхөр Б.Э нь Ж.Ц, Н, Б.Н нарт зодуулсны улмаас хоёр нүд нь хөхөрч хавдаж, хамар нь хоёр хугарч, баруун гарын эрхий хуруу нь хугарсан. Тухайн үед Ж.Ц, Б.Н, Н, Б.Э нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Өөрийгөө ямар ч байсан хянах чадвартай харагдаж байсан. Өөрсдийгөө хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-12 дугаар тал
*Гэрч Д.Огийн дахин өгсөн:
“...Тухайн үед бүгд архи уучихсан эрчүүд нь илүү согтуу байсан хүүхнүүд гэрийн зүүн хэсэгт эрчүүд баруун хэсэг юм яриад байж байсан тухайн үед манай нөхөр Б.Э нь Б.Нгийн эхнэр рүү аяга шидэх гээд далайсан тэрнээс болоод Б.Н уурлаж хэрүүл маргаан эхэлсэн. Манай нөхөр Б.Э эхлээд Б.Нтай маргалдсан дараа нь Н гэх залуутай маргасан дараа нь Ж.Цтай маргалдсан. Гэр дотор Б.Н нь манай нөхөр Б.Эыг нэг удаа толгой хэсэг рүү нь цохисон тэрнээс хойш гэр дотор дахин манай нөхөрт гар хүрсэн эсэхийг би сайн санахгүй байна. Гэрийн гадаа болсон асуудлыг нь би мэдэхгүй байна би гэрээс гарч хараагүй учраас мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр Ж.Цын гэрт хэрүүл маргаан хийж байхдаа ширээг нь өргөж унагаасан асуудал болсон яагаад өргөж унагаасан гэдгийг нь би мэдэхгүй байна гарт нь таарчихсан байх л гэж бодож байгаа. Гэрийн гадаа Ж.Цыг хэн хэнтэй маргаж зодолдсон талаар би мэдэхгүй гэхдээ Ж.Ц гаднаас орж ирээд тогооны шүүгээндээ хутга хайгаад байсан би гэрээс гараагүй учир гадаа юу болсныг мэдэхгүй байна. Гэрийн гадаа би байгаагүй учир мэдэхгүй харин гэр дотор бол Н гэх залуу Б.Эыг орон дээр унагаагаад доороо хийгээд толгой хэсэг рүү нь цохиод байсан тэр үед нь би салгасан. Гэрийн гадаа эрчүүд бүгд гарсан яг нэгэн доор Б.Эыг зодсон эсвэл ганц нэгээрээ цуварч зодоон хийсэн эсэхийг би мэдэхгүй харин гаднаас орж ирэхдээ манай нөхрийн нүүр ам цус болчихсон орж ирсэн гадагшаа гарахдаа нүүр ам нь цус болоогүй байсан. Гадаа хэн хэнтэйгээ хэрхэн зодолдсон талаар би мэдэхгүй байна. Гэрээс гараад гадаа маргаан болсны дараа эргэж орж ирээд чи намайг энэ хүмүүсээс салгасангүй гээд надад уурлаад байхаар нь би Ж.Цын гэрээс гараад хойшоо мод руу алхаж яваад тэндээ нэлээд хугацаанд байж байгаад эргээд Цын гэрт очиход манай нөхөр харина гээд явсан байсан. Ямар ч гэсэн Б.Нтай эхэлж маргаад тэрнээс хойш согтуу хүн болсон хойно шаралхаад хүн хүн рүү дайраад байсан байх гэж бодож байна. Би үүрээр ойролцоогоор 6 цагийн орчимд Ж.Цынхаас гарч яваад модон дундуур яваад гэрийнхээ урд очиж харахад манай нөхөр ирээгүй байсан учир эргэж модон дундуур алхаад Ж.Цын гэрт очоод Ж.Цын эхнэрээр гэртээ хүргүүлсэн гэртээ харих үед өдрийн 15 цаг орчим болсон байсан. Би Ж.Цын гэрт буцаж очоод удаагүй гэртээ хүргүүлсэн. Гадаа маргаж байгаад орж ирэхэд нь харахад нүүр ам нь цус болсон байсан тэрнээс би гарыг нь анзаараагүй юм гар нь яг ямар байдА болсон байсныг би хараагүй. Ж.Цын гэрээс хэдэн цагийн үед явсныг нь би мэдэхгүй ямар ч гэсэн би тухайн өдрийн орой сумын төвөөс өөрийн хүүгээрээ машинаа авхуулсан. Тэр үед манай нөхөр айлд унтаж байсан гэсэн ингээд маргааш нь мотоциклоор хүнээр хүргүүлж гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 48-50 дугаар тал/
*Гэрч Э.Чийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Толгойн шил гэх газарт гэртээ байж байхад Бөндөөн овогтой Э нь манай гэрт машинтай согтуу ирсэн. Б.Эын хамраас нь их хэмжээний цус гараад нүүр хэсэг нь цус болсон байсан. Хамар хэсэг нь хавдаж улайсан байсан. Баруун гарын бугалаг хэсэг нь нилэнхүйдээ хавдаж улайсан байсан. Миний эрхий хуруу мултарсан юм шиг байна. Татаад өгөөч гэж хэлэхээр нь би чадахгүй чи эмнэлэг яваад үзүүл гэсэн. “Яах юм бэ нүүр гараа угаачихъя” гэсэн. Тэгээд манай орон дээр унтсан. 16 цагийн үед Б.Э унтаж сэрээд харилаа гэхээр нь би “миний тэжээлийн үхэр байхгүй байна хоёулаа ойрхон яваад харчихаад ирье” гээд Б.Э бид хоёр Хуслуурт гэх газар руу үхэр үзэхээр явсан. Б.Э мөн адил гэртээ харилаа гээд явсан. Ж.Цынд цай уух гэж очоод зодуулчихлаа л гэж хэлсэн. Яг хэн хэнд зодуулсан талаараа тодорхой яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/
*Гэрч Э.Чийн дахин өгсөн:
“...Би тухайн үед яг хэдийн үед гэдгийг нь тодорхой санахгүй байна ойролцоогоор 10 болж байсан байх гэж бодож мэдүүлсэн юм би тухайн үед Б.Эыг манайд ирэх үед малдаа тэжээл өгөөд гадуур байсан цаг яг хэд болж байхад ирсэнийг нарийн хэлж мэдэхгүй ойролцоогоор л 10 цагийн үед гэж бодож байгаа юм. Тухайн үед Б.Э нь манайд ирэхдээ өөрийн эзэмшлийн яг ямар загварын машин гэдгийг нь болон улсын дугаарыг нь мэдэхгүй байна хар өнгийн суудлын машинаар ганцаараа ирсэн өөрөө жолоодож ирсэн. Тухайн үед Б.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан жаахан халамцуу байсан гэж хэлж болно. Ж.Цынд цай уух гэж очоод зодуулчихлаа гэж хэлсэн яг хэн хэнд хэрхэн зодуулсан талаараа тодорхой яриагүй. Манайд ирэхээсээ өмнө хаагуур явсан талаараа ч яриагүй. Гар хавдчихсан байна хөгшөөн гэж хэлж байсан нүүр ам нь бол цус болчихсон байсан тэрийг нь би угааж цэвэрлэж өгсөн Ж.Цтай зодоон хийгээд гэмтээсэн мөн өөр хоёр хүн байсан гэж хэлж байсан. Яг хэрхэн хэн нь гэмтээсэн талаар хэлээгүй. Би болсон асуудлыг хараагүй би Б.Эаас өөрөөс нь сонссон зүйлээ хэлж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 73-74 дүгээр тал/
*Гэрч Б.Тын өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газарт байх найз Ж.Цынд цай уухаар Б.Н түүний эхнэр Э.А, Ц.Б түүний эхнэр Г.Ба нарын хамт цай уух гээд иртэл Б.Э ах эхнэртэйгээ хамт ирсэн байсан. Бид нар хонь хорхоглож идээд ганц 2 шил архи уусан. Хууч хөөрөөд сууж байхад Б.Э ах бид нар руу агсам тавих янзтай байхаар нь би 04 цагийн үед эхнэр Б.Эийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Шанд гэх газар байх гэр рүүгээ явсан. Би Н гэх хүнийг танихгүй. Ж.Цын гэрт Архангай аймгийн Булган сумаас туслахаар ирсэн гэсэн. Ж.Ц, Б.Н 2-той олон жил нөхөрлөж байгаа болохоор сайн мэднэ. Зан байдал нь төлөв даруухан, тусархаг хүмүүс байгаа. Б.Э ах архи уухаараа догшин араншинтай, архи уусан үедээ хүнтэй таарахгүй байнга маргалдаж явдаг хүн. Ж.Цыг Б.Э нь байнга ална гэж өс санаж явдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 31-32 дугаар тал/
*Гэрч Ц.Бийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газарт найз Ж.Цын гэрт нь цай уухаар Б.Т, Б.Э, Б.Н, Э.А, манай эхнэр Г.Ба бид нар хоорондоо ярилцаж байгаад очсон. Очсон айл болгон 1 шил архитай ирсэн. Б.Т эхнэрийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хануйн шанд гэх газарт байдаг гэр рүүгээ яваад өгсөн. Архи ууж байгаад Б.Э ах Б.Нгийн эхнэр Э.А рүү аяга шидэх гээд байхаар нь Б.Н, Б.Э ахыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нэг удаа алгадсан. Б.Э ах Ж.Цын ширээн дээр байсан юмнуудыг унагаад, гадаа гараад Б.Нтай барьцалдаад авсан. Ж.Ц бид 2 Б.Э, Б.Н 2-ыг салгасан. Ж.Ц, Б.Э ахын хамар, нүд рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Б.Н бид зодооныг салгасан. Б.Э ах Ж.Цын гэрт нь ороод хоол идээд гэр рүүгээ харилаа гээд эхнэрээ орхиод явсан. Б.Н, Э.А манай эхнэр Г.Ба бид 4 гэр рүүгээ харихаар хөдөлсөн. Тухайн үед Б.Э ахын хамраас цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тухайн үед Б.Э ах Э.А рүү аяга шидэх гэхээр нь түүний нөхөр Б.Н, Б.Э ахыг нэг удаа алгадсан. Ж.Ц, Б.Н, Б.Э 2-ын зодооныг салгах гэж байгаад Б.Э ахын нүүрэн хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35-36 дугаар тал/
*Гэрч Б.Нгийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус багийн Тэрхийн ар гэх газарт байх гэрээсээ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газарт найз Ж.Цын гэрт нь цай уухаар Б.Т, Б.Э, Ц.Б, Г.Ба бид нар хоорондоо ярилцаж байгаад очсон. 3-4 шил архи хувааж уусан. Би Б.Э ахыг “эхнэртэйгээ хамт манай гэрт очиж цай уугаарай” гэж хэлсэн. Б.Э ах “намайг зодно” гээд дайраад байсан. Б.Э ах манай эхнэр Э.А рүү цайны аяга шидэх гэхээр нь би Б.Эын зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан. Ж.Ц, Б.Э ахыг “та яагаад байгаа юм найзууд цай уух гээд ирсэн байхад ямар зан араншин гаргах гээд байгаа юм” гэж хэлээд Ж.Ц, Б.Э ахын хамар, нүд рүү нь цохисон. Ж.Ц, Б.Э 2-ыг бид нар салгаад Ж.Цын гэрт нь ороод цай хоол идээд би эхнэрийн хамт гэр рүүгээ явсан. ...Н гэх залуу Б.Э ахыг цохиж зодсон зүйл байхгүй. Бид нартай ч юм ярихгүй суугаад байсан. Ж.Цад туслахаар Архангай аймгийн Булган сумаас ирсэн сураг байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 39-40 дүгээр тал/
*Гэрч Э.Аийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус багийн Тэрхийн ар гэх газарт байх гэрээсээ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газарт байх найз Ж.Цынд нөхөр Б.Нгийн хамт ирсэн. Б.Т, Б.Э, Ц.Б, Г.Ба бид нар ирээд цай уугаад сууж байсан. Ц.Б, Г.Ба манай нөхөр Б.Н, Б.Э, Д.О бид нар бууз жигнээд идээд явъя гээд бууз идэх гээд байж байтал манай нөхөр Б.Н, Г.Э ахыг “та эхнэртэйгээ хамт манай гэрт очоод цай уугаарай” гэж хэлэхэд “би чамайг ална” гээд дайраад байхаар нь би “та ахаа согтсон байна, одоо харьж амар” гэж хэлэхэд над руу цайны аяга шидэх гэхээр нь манай нөхөр Б.Н, Б.Э ахын зүүн талын шанаа хэсэгт нь баруун гараараа нэг удаа алгадсан. Манай нөхрийг сандлаас нь түлхэж унагасан. Б.Э ах Ж.Цын гэрээс гартал Ж.Ц, Б.Э ахын нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиод авахаар нь Ж.Цыг гэр рүү нь аваад орсон. Б.Э эхнэр рүүгээ дайраад байхаар нь бид нар Д.О эгчийг гэрээс гаргаад гэрийн хаяанд суулгасан. Б.Э ахыг гэр рүүгээ явлаа гэхээр нь бид нар гэр рүүгээ явсан. Ж.Ц, Б.Эын нүүр хэсэг рү нь 1- удаа цохисон. Н, Б.Э ахыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 43-44 дүгээр тал/
*Гэрч Б.Эгийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газар байж байхдаа найзууддаа цай уулгахаар урьсан. Б.Т, Б.Э, Ц.Б, Г.Ба, Б.Н, Э.А, хажуу талын Б.Э, Д.О нар манай гэрт цай уухаар ирсэн. Хонины хорхог хийж идсэн. Бид нар хөзөр тоглоод архи тойруулаад байж байтал Б.Э ах яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн хүн рүү огшоод байсан. Б.Н, Б.Э ахыг “та тэгж байгаад манай гэрт очиж цай уугаарай” гэж хэлсэн чинь “чи намайг доромжлоод байна уу би чамайг сумаас хүмүүс дуудаж алуулна” гэж хэлсэн. Э.А, “Б.Э ахаа та буруу юм яриад байна. Бүгдээрээ 3, 3 бууз идээд гэр гэр рүүгээ явъя” гэсэн. Б.Э ах Э.А рүү аяга шидэх гэхээр нь Б.Н, Б.Э ахын зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан. Манай ширээг хөмрөөд унагасан. “Та юу болж байна” гэж хэлэхэд намайг газар түлхээд унагасан. Ж.Ц намайг өмөөрөөд Б.Э ахын нүүр хэсэг рүү 1 удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. Б.Э, Ж.Цын нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон. Б.Э ах “эхнэрээ ална” гээд байхаар нь бид нар Б.Э ахыг явуулаад Б.Н, Э.А, Ц.Б, Г.Ба бид 4 гэр рүүгээ харихаар явсан. .Н гэх хүн Б.Э ахыг цохиж зодсон асуудал байхгүй. Харин Б.Э ах Н руу дайраад байсан. Урдаас нь И.Н хариу үйлдэл хийгээгүй сандал дээрээ сууж байсан. Тухайн үед Б.Э ахын хуруу гартай зууралдаж, гэмтээсэн асуудал байхгүй. Би машины түлхүүр булаацалдаад гэрт нь хүргээд өгье гэхэд гар нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 48-50 дугаар тал/
*Гэрч Б.Эийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газар найз Ж.Цын гэрт нь цай уухаар Б.Т, Б.Н, Э.А, Ц.Б, Г.Ба бид нар хоорондоо ярилцаж байгаа очсон. Ж.Цын гэрт нь ороход эхнэртэйгээ хамт хонь хорхоглоод сууж байсан. Тэдний гэрт Б.Э эхнэр Д.Огийн хамт ирсэн байсан. Бид нар хууч хөөрч ганц 2 шил архи уугаад хөзөр тоглосон. Би нөхрийн хамт 04 цагийн үед гэртээ харихаар явсан. Тухайн үед Б.Э ахын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Б.Т бид хоёрыг явснаас хойш зодоон болсон байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 55-56 дугаар тал/
*Гэрч Г.Багийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газарт найз Ж.Цын гэрт нь цай уухаар Б.Т, Б.Н, Э.А, Б.Э, Ц.Б бид нар хоорондоо ярилцаж байгаад очсон. Тэдний гэрт Б.Э ах эхнэр Д.Огийн хамт ирсэн. Бид нар хонины махаар хорхог хийж идээд ганц 2 шил архи хувааж уусан. Б.Т, Б.Э хоёр 4 цагийн үед гэртээ харилаа гээд яваад өгсөн. Бид нарыг бууз жигнэж идээд байж байтал Б.Э ах хүмүүстэй маргалдаад хэрүүл өдөөд байхаар нь Э.А, Б.Э ахыг “эхнэртэйгээ тэгж байгаад манайд очиж цай уугаарай” гэж хэлэхэд “чи намайг доромжлоод байгаарай” гээд Э.А рүү аяга авч шидэх гэхээр нь Б.Н эхнэрээ өмөөрөөд Б.Э ахын зүүн талын хацар хэсэг рүү нь нэг удаа алгадаад авсан. Ж.Ц, Б.Эыг та оройноос хойш хүн өдөөд байх юм. Больсон нь дээр юм биш үү гээд Б.Эын нүүр хэсэг рүү нь Ж.Ц 1-2 удаа цохиж харагдсан. Б.Э нь эхнэр Д.Огээ чи намайг өмөөрөөгүй гээд дайраад байхаар нь бид нар эхнэрийг гэрээс гаргасан. Тухайн үед Б.Эын хамраас бага зэрэг цус гарсан байсан. Тухайн үед И.Н, Б.Э гэх хүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Сандал дээр суугаад байсан. Б.Эын баруун гарын эрхий хурууг гэмтэхээр юм болоогүй. Б.Эын баруун гартай нь хүн зууралдаж харагдаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 59-60 дугаар тал/
*Гэрч И.Нийн өгсөн:
“...Би тухайн цаг хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг суманд байсан. Тухайн өдөр Ж.Ц нь энэ жил цагаан сараар цай уулгаж чадаагүй айлуудаа цай уулгая гээд 1 хонь төхөөрч, хорхог хийгээд өөрийн нутгийн найзуудаа урьсан. Ингээд Ж.Цынд 4 айл гэр бүлээрээ ирсэн. Тэдгээр хүмүүс хонины хорхог идээд, архи ууж, хууч хөөрөөд, хөзөр тоглож байгаад Б.Т гэх залуу эхнэрээ аваад харилаа гээд явсан. Удалгүй Б.Э гэх хүн согтоод нэг эмэгтэй рүү аяга шидэх гээд агсраад эхэлсэн. Гэтэл Б.Н нь Б.Эын зүүн талын шанаа хэсэгт нэг зөөлхөн алгадсан. Гэтэл Б.Э улам агсарч Ж.Цын ширээг баруун гараараа өргөж шидээд ширээн дээр байсан хоол унд бүх зүйлийг тараагаад хаячихсан. Энэ үед би гэрээс гараад гадаа байж байтал гэрт хүмүүс хэрэлдээд дуу шуу болоод Ж.Ц нь Б.Этай барьцалдаад гэрээсээ гарч ирсэн. Ингээд гадаа Ж.Ц, Б.Э нар хоорондоо зодолдоод унасан. Энэ үед нь би салгах гэтэл над руу Б.Э нь “чи юу юм яах гээд байгаа юм” гэх мэтээр над руу уурлах шинжтэй болохоор нь би гэр рүү нь яваад орсон. Б.Э миний араас орж ирээд надад агсраад намайг зодох гээд байсан. Гэтэл тэнд байсан хүмүүс өөр газраас ирсэн хүнийг чи яах гээд байгаа юм гээд болиулсан юм. Б.Н гэрт байхад нь Б.Эын зүүн шанаа хэсэгт нь нэг удаа зөөлхөн алгадсан гэрийн гадаа Ж.Ц нь Б.Эын хамар хэсэг рүү нь 2-3 удаа цохих шиг болсон. Тэр үед Б.Эын хамраас цус гарч байсан өөрөөр хэн нэгэн хүн Б.Э гэх хүнд гар хүрээгүй. Гэрт маргаан болохоор нь би гэрийн гадаа гарсан. Намайг гарсан байхад гэрт Б.Эыг хүн зодсон эсэхийг би мэдэхгүй. Тухайн үед Ж.Цын гэрийн гадаа Б.Эыг газар унагаж байгаад Б.Н, Ж.Ц бид 3 нийлж зодож цохисон асуудал болоогүй. Ж.Ц, Б.Э 2 хоорондоо зодолдсон.Б. Н бид 2 Ж.Цтай нийлж Б.Эыг зодсон асуудал бүр ч байхгүй. Ж.Ц нь Б.Эын хамар хэсэгт 2-3 удаа цохисон. Б.Эын хамраас цус гарсан. Харин Б.Э нь Ж.Цын нүд рүү нь баруун гараараа 1 удаа цохисон. Ж.Цын нүд нь хавдсан байсан. Өөрөөр нэг нэгнээ зодож цохисон асуудал байхгүй. Тэнд байсан хүмүүс салгаад зодоон хийлгээгүй. Тухайн үед Б.Эын баруун гарыг гэмтээсэн хүн огт байхгүй. Тухайн үед Б.Э нь хамрын цусаа гараараа угаахдаа ямар нэгэн байдлаар гэмтсэн гэхээр зүйл огт анзаарагдаагүй. Ямар нэгэн байдлаар зовиургүй нүүр гараа угаагаад өөрийн машинаа жолоодоод явсан. Тэгэхээр баруун гар нь гэмтээгүй байсан гэж бодож байна. Б.Э Ж.Цынхаас хөдлөх үедээ гараа гэмтсэн талаар огт юм яриагүй. Ж.Цаа “чи миний хамар руу цохисон шүү” гэж ярьж байсан. Би Б.Эыг огт зодож цохиогүй. Харин Б.Э нь намайг чи юу юм бид 2-ыг салгаад гээд намайг зодох гээд байсан. Тэнд байсан хүмүүс болиулсан. Б.Э нь нэг эмэгтэй рүү аяга шидэх гээд байсан. Мөн гэрийн гадна өөрийнхөө эхнэрийг зодох гээд байсан. Тухайн хэрэг болсноос хойш 2 хоноод би Архангай аймаг руу явсан. Тухайн үед Цэцэрлэг сумын төвд Б.Э гэх хүн мотоциклтой зогсож байсан. Би баяртай гээд гараараа даллахад миний өөдөөс Б.Э мөн адил баяртай гээд гараараа даллаж байсан. Сүүлд яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй, санахгүй байна. Архангай аймгийн төвд нийтийн худалдааны төвийн хажууд тааралдаад мэнд мэдээд өнгөрсөн. Дахин таараагүй. Тийм ч томгүй, тийм ч жижиг биш 4 хөлтэй модон ширээ байсан. Ширээн дээр нэлээд их идэж уух юм байсан. Тэрийг бүгдийг нь асгаад хаячихсан. Ж.Цын нүд рүү баруун гараараа цохисон. Тэгж бодохоор Б.Эын баруун гар зүгээр байсан юм шиг санагдаад байгаа юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 112-115 дугаар тал/
*Шинжээч Б.Бийн өгсөн:
“...Миний 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 193 дугаартай дүгнэлт үндэслэлтэй 2023 оны 06 сарын 15-ны өдрийн Б.Эын биед үзлэг хийхэд зовуурь, үзлэг хэсэг газрын үзлэг толгойн тодосгогчгүй КТГ-н шинжилгээ, эмчийн үзлэг зэргийг үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаартай дүгнэлтэд баруун талын ухархайн дотор хананы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт нөлөөлөхгүй орхиж бичсэн нь бичиглэлийн алдаа гарсан байна шаардлагатай гэвэл дүгнэлтийн бичвэрийг засаад гаргаж өгч болно. Баруун талын дотор хана хамар ясны хугарал гэмтлүүд нь ...28 хоногийн дотор эдгэрэх боломжтой учир эдгээр гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсноос хойш 25 хоногийн дараа хохирогч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлийн толгойн тодосгогчгүй КТГ-н шинжилгээнд хуучин хугарлуудтай гэсэн онош тавигдсан байсан нь зөв. Яагаад гэхлээр эдгээр гэмтэл нь 28 хоногийн дотор эдгэрсэн байх боломжтой юм. ...Б.Эын биед учирсан Баруун сарвууны далд хугарал нь 28 хонгоос дээш буюу удаан хугацаанд эдгэрэх гэмтэл юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 228-230 дугаар тал/
*Гэрч Б.Аын өгсөн:
“...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.Э гэх хүнтэй тааралдсан. Тааралдах үедээ тус аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Шар даваа гэх газар хөдөө даваан дээр таарсан. .Б.Э ах надад хандаж “хүнд зодуулаад явж байна ах нь гээд” баруун талын эрхий, долоовор хурууны гол хэсгээр нэлээн хавдсан, хамар хавдаж, зүүн нүд хөхөрч хавдсан байдА байсан. Тэгэхээр нь би хэнд зодуулсан бэ гэхэд Ш гэх хүнд зодуулсан гэж хэлсэн. Шомбын бүтэн нэрийг би мэдэхгүй. Б.Э нь бид нараас салаад сумын төв буюу Цэцэрлэг сум руу орно гээд сумын төвийн чигт явсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 90-91 дүгээр тал/
*Гэрч Б.Аын өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сард уулзсан гэхдээ өдрийг санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед бороо орж байсан. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутаг дэвсгэр Хуслуурт гэх газар байдаг манай гэрт Б.Э ах Э.Ч гэх хүнтэй хамт ирсэн. 05 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна. Гэхдээ өдрийг буруу хэлсэн байж магадгүй. Б.Э ах манай гэрт Э.Ч гэх хүнтэй хамт ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу ирсэн. Манай гэрт ирээд бол огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Б.Э ахын баруун талын гар нь тэр чигтээ хавдсан, нүүр хэсэг нэлэнхийдээ хавдаж хөхөрсөн байсан. Миний нүдэнд ил харагдах гэмтэл нь тэр байсан. Намайг асуухад Ш буюу Ж.Ц зодсон гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл яриагүй. Манай гэрт нээх удаагүй цай идээ идчихээд гараад явсан. Манай гэрт ирэхдээ тээврийн хэрэгсэлтэй ирсэн ойролцоогоор манай гэрт 10 минут орчим болоод явсан. Бид гурав хамт манай гэрээс гарч Э ахын машинд суугаад Э.Ч ахын гэр болох Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг Шил гэх газар очсон. Э.Ч ахынд очоод 1 шил 0.75 граммын архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд би гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 96-98 дугаар тал/
*Гэрч Н.Эын өгсөн:
“...Би дээрх цаг хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.Э гэх хүнтэй тааралдсан. Тааралдах үедээ тус аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Шар даваа гэх газар хөдөө даваан дээр байж байхад Б.Э ирсэн. Б.Э ах хүнд зодуулсан гээд явж байсан. Тэр үед баруун гарын эрхий, долоовор хурууны гол хэсгээр нилээн хавдсан, хамар хавдаж, зүүн нүд хөхөрч хавдсан байдА байсан. Тэгсэн ах нь хөрш айлын хүн болох Ш гэх хүнд зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 101-102 дугаар тал/
*Яллагдагч Ж.Цын өгсөн:
“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 72-73 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай “...Б.Эын баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн хх-н 17-18 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очир, Д.Дунгаамаа, Б.Даваасүрэн нарын 2024 оны 01дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай: “...2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Эын баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь удаан хугацааны дараа буюу хоёр сарын дараа ясны бороожилт бүрэн гүйцэт үүсэж эдгэрэх боломжтой. Дээрх гэмтэл нь цохих, цохигдох, дарж унах, мушгих, хөшигдөх гэх мэт үйлдлийн аль алинд нь үүсэх боломжтой. Эрхий хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтлийг авсан даруйдаа өвдөх, хавдах, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэх бөгөөд улмаар тодорхой хугацааны дараа хөхрөлт үүсдэг. Дээрх гэмтлийг авсан үед тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 239-241 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 105 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газарт иргэн Б.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ц нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч Б.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл, мөн баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Эын”...2023 оны 05 сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Богино цагаан гэх газар ... Ж.Ц нүүр хамар нүд хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон. ...Тухайн үед хэн нь хаана хаана цохиж зодож байгаа нь мэдэгдээгүй 5 минут орчим нүдсэн ингээд тэр хүмүүс Ж.Цын гэр рүү орсон би тэндээс гэртээ харихад эхнэр байхгүй байсан тул сумын төв рүү хөдөлсөн. Миний толгой болон цээж хэсэг рүү л цохиж өшиглөсөн. Тухайн үед хоёр нүд хөхөрч хамар хавдсан байсан толгойны ар хэсэг хоёр гурван газар хавдсан байсан одоо бол хавдар нь буусан. ...Эхлээд Б.Нгийн эхнэр намайг цай уу гэж хэлээд надад аяга авч өгөхөөр нь би тэр эмэгтэйд хандаж тоглоом маягаар чи намайг цай уу гэж хэллээ хэмээн өгсөн аягыг нь өөдөөс нь далайсан гэтэл Б.Н намайг цохиж эхэлсэн үүнээс л маргаан эхэлсэн. Миний хамрыг бол Ж.Ц гэмтээсэн гэрт нь байхад хэд хэдэн удаа миний нүүр нүд хамар хэсэгт цохихдоо гэмтээсэн. ...Ж.Ц дээр очиж та нар миний хамар болон гарын хурууг хугалсан байна гэхэд би хамрыг чинь хугалсан эмчлүүлж өгье харин гарын хурууг чинь бид нар хугалаагүй эмчлүүлж өгч чадахгүй гэж хэлсэн. Ингээд 2023 оны 06 сарын 05-ны өдөр Б.Н түүний эхнэр, Ж.Ц түүний эхнэр бид тав Хөвсгөл аймгийн төв орж хамрын зураг болон гарынхаа зургийг авхуулсан энэ үед миний хамар болон баруун гарын эрхий хуруу хугарсан нь болох нь тодорхой болсон. Тухайн үед Ж.Цын эхнэр болон Б.Нгийн эхнэр нар намайг Хөвсгөл аймагт хувийн эмнэлэгт хэвтээд хамраа эмчлүүлчих гэж хэлсэн би тэр үед нь та нар миний гарын эрхий хурууг хугалсан нэг мөсөн хамт эмчлүүлнэ гэхэд тэдгээр хүмүүс миний баруун гарын хурууг хугалаагүй гээд бид нар тохиролцоонд хүрэлгүй буцаад ирсэн. Эргэж ирээд хэд хоног тэдгээр хүмүүсийг миний биеийг эмчлүүлж өгөхийг нь харж хүлээгээд ирэхгүй болохоор нь би сумынхаа хэсгийн төлөөлөгчид хандсан. Миний бие одоо хамар битүүрээд толгой байнга өвдөөд байгаа баруун гар хагалгаанд орсон гипстэй байгаа баруун гарын эрхий хуруу ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байгаа. И.Н гэх хүний нэрийг би сайн мэдэхгүй учир Н гэж мэдүүлсэн байсан. Ж.Ц гэх айлаас явах үед жаахан өвдөлттэй байсан тэдний гаднаас хөдлөөд ойролцоогоор 6-7 километр орчим яваад баруун гар хавдсан байсан ингээд явж байхад Цэцэрлэг сумын Туулант багийн иргэн Б.А, Н.Э нартай тааралдаж Ж.Цын гэрт болон гадаа нь зодуулсан талаараа хэлсэн тухайн үед миний гар болон хамар нүд ямар болсон явсныг тэдгээр хүмүүс мэдэж байгаа. Ж.Цын гэрээс гарах үед миний баруун гар зүгээр байсан харин гэрийн гадаа маргалдаж газар унаж зодуулах үедээ гэмтсэн гэж бодож байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Огийн”...Ж.Цын гэрийн гадаа Б.Н манай нөхөр Б.Э хоёр маргалдаад байж байхад Ж.Ц манай нөхрийн нүүр хэсэг рүү нь цохиод автал Ж.Ц манай нөхөр Б.Э хоёр хоорондоо зодоон хийж харагдаж байсан. Ж.Ц гэр рүүгээ гүйж ороод хутга хайгаад байхаар нь Б.Э бид хутгануудыг нуусан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Чийн”...Би 2023 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Толгойн шил гэх газарт гэртээ байж байхад Бөндөөн овогтой Э нь манай гэрт машинтай согтуу ирсэн. Б.Эын хамраас нь их хэмжээний цус гараад нүүр хэсэг нь цус болсон байсан. Хамар хэсэг нь хавдаж улайсан байсан. Баруун гарын бугалаг хэсэг нь нилэнхүйдээ хавдаж улайсан байсан. Миний эрхий хуруу мултарсан юм шиг байна. Татаад өгөөч гэж хэлэхээр нь би чадахгүй чи эмнэлэг яваад үзүүл гэсэн. “Яах юм бэ нүүр гараа угаачихъя” гэсэн. ...Б.Э мөн адил гэртээ харилаа гээд явсан. Ж.Цынд цай уух гэж очоод зодуулчихлаа л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн ”...Архи ууж байгаад Б.Э ах Б.Нгийн эхнэр Э.А рүү аяга шидэх гээд байхаар нь Б.Н, Б.Э ахыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нэг удаа алгадсан. Б.Э ах Ж.Цын ширээн дээр байсан юмнуудыг унагаад, гадаа гараад Б.Нтай барьцалдаад авсан. ...Ж.Ц, Б.Э ахын хамар, нүд рүү нь гараараа 2-3 удаа цохисон. ... Тухайн үед Б.Э ахын хамраас цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. ...Ж.Ц, Б.Н, Б.Э 2-ын зодооныг салгах гэж байгаад Б.Э ахын нүүрэн хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нгийн”... Б.Э ах “намайг зодно” гээд дайраад байсан. Б.Э ах манай эхнэр Э.А рүү цайны аяга шидэх гэхээр нь би Б.Эын зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан. Ж.Ц, Б.Э ахыг “та яагаад байгаа юм найзууд цай уух гээд ирсэн байхад ямар зан араншин гаргах гээд байгаа юм” гэж хэлээд Ж.Ц, Б.Э ахын хамар, нүд рүү нь цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Аийн”...Б.Э ах Ж.Цын гэрээс гартал Ж.Ц, Б.Э ахын нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиод авахаар нь Ж.Цыг гэр рүү нь аваад орсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эгийн”...Ж.Ц намайг өмөөрөөд Б.Э ахын нүүр хэсэг рүү 1 удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. Б.Э, Ж.Цын нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эийн ”...Би нөхрийн хамт 04 цагийн үед гэртээ харихаар явсан. гэрч Г.Багийн ”...Ж.Ц, Б.Эыг та оройноос хойш хүн өдөөд байх юм. Больсон нь дээр юм биш үү гээд Б.Эын нүүр хэсэг рүү нь Ж.Ц 1-2 удаа цохиж харагдсан. Б.Э нь эхнэр Д.Огээ чи намайг өмөөрөөгүй гээд дайраад байхаар нь бид нар эхнэрийг гэрээс гаргасан. Тухайн үед Б.Эын хамраас бага зэрэг цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч И.Нийн”...Ж.Ц нь Б.Этай барьцалдаад гэрээсээ гарч ирсэн. Ингээд гадаа Ж.Ц, Б.Э нар хоорондоо зодолдоод унасан. Энэ үед нь би салгах гэтэл над руу Б.Э нь “чи юу юм яах гээд байгаа юм” гэх мэтээр над руу уурлах шинжтэй болохоор нь би гэр рүү нь яваад орсон. Б.Э миний араас орж ирээд надад агсраад намайг зодох гээд байсан. Гэтэл тэнд байсан хүмүүс өөр газраас ирсэн хүнийг чи яах гээд байгаа юм гээд болиулсан юм. Б.Н гэрт байхад нь Б.Эын зүүн шанаа хэсэгт нь нэг удаа зөөлхөн алгадсан гэрийн гадаа Ж.Ц нь Б.Эын хамар хэсэг рүү нь 2-3 удаа цохих шиг болсон. Тэр үед Б.Эын хамраас цус гарч байсан өөрөөр хэн нэгэн хүн Б.Э гэх хүнд гар хүрээгүй...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Батцэцэгийн”...Баруун талын дотор хана хамар ясны хугарал гэмтлүүд нь ...28 хоногийн дотор эдгэрэх боломжтой учир эдгээр гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсноос хойш 25 хоногийн дараа хохирогч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлийн толгойн тодосгогчгүй КТГ-н шинжилгээнд хуучин хугарлуудтай гэсэн онош тавигдсан байсан нь зөв. Яагаад гэхлээр эдгээр гэмтэл нь 28 хоногийн дотор эдгэрсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын”...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.Э гэх хүнтэй тааралдсан. Тааралдах үедээ тус аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Шар даваа гэх газар хөдөө даваан дээр таарсан. .Б.Э ах надад хандаж “хүнд зодуулаад явж байна ах нь гээд” баруун талын эрхий, долоовор хурууны гол хэсгээр нэлээн хавдсан, хамар хавдаж, зүүн нүд хөхөрч хавдсан байдА байсан. Тэгэхээр нь би хэнд зодуулсан бэ гэхэд Ш гэх хүнд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын”...Би 2023 оны 05 дугаар сард уулзсан гэхдээ өдрийг санахгүй байна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутаг дэвсгэр Хуслуурт гэх газар байдаг манай гэрт Б.Э ах Э.Ч гэх хүнтэй хамт ирсэн. 05 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна. ...Б.Э ах манай гэрт Э.Ч гэх хүнтэй хамт ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу ирсэн. Манай гэрт ирээд бол огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Б.Э ахын баруун талын гар нь тэр чигтээ хавдсан, нүүр хэсэг нэлэнхийдээ хавдаж хөхөрсөн байсан. Миний нүдэнд ил харагдах гэмтэл нь тэр байсан. Намайг асуухад Ш буюу Ж.Ц зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Эын”...Б.Э ах хүнд зодуулсан гээд явж байсан. Тэр үед баруун гарын эрхий, долоовор хурууны гол хэсгээр нилээн хавдсан, хамар хавдаж, зүүн нүд хөхөрч хавдсан байдА байсан. Тэгсэн ах нь хөрш айлын хүн болох Ш гэх хүнд зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Ж.Цын мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очир, Д.Дунгаамаа, Б.Даваасүрэн нарын 2024 оны 01дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ж.Ц нь хохирогч Б.Эыг зодож түүний баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Цын хохирогч Б.Эыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамаарА, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ц болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтлийг учруулаагүй гэж маргаж байх боловч гэмт хэрэг гарсан цаг хугацаанд дээрх гэмтлийг хохирогч биедээ авсан болохыг шинжээч дүгнэлтдээ дурдсан мөн гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа, тухайн цаг хугацаанд шүүгдэгч Ж.Ц хохирогч Б.Э нар нь хоорондоо барьцалдан авч зодоон хийсэн, өөр хэн нэгэн Б.Эыг зодож цохиогүй талаар гэрчүүд мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Ж.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Эын биед баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөртэй холбогдуулан ирүүлсэн уг баримтуудаас нотлох баримтуудын шаардлага хангасан хохирол хор уршигтай хамаарА хохирол болох нийт 2,202,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор, хохирогчийн нэхэмжлэлээс 197.000 төгрөгийг хохирол, хор уршигт хамааралгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч шүүх хуралдаанаас завсарлага авч дээрх хохирлыг төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Жийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР