Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/150

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/150  

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Хохирогч: Ц.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б  

Шүүгдэгч: Ш.Бэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Шгийн Бэд холбогдох эрүүгийн 2412000840116 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн ......... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж уг ялыг эдэлж дууссан, Б овогт Шгийн Бэ/РД:АО........../

 

                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Бэ нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын ......... хохирогч Ц.Чыг ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр баруун талын нүд рүү гараараа цохиж нүдээ дараад суухад нь толгой руу шууд өшиглөж, түүний биед духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Хохирогч Ц.Чын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Орой хониноосоо ирээд байж байсан чинь согтуу 3 хүн орж ирсэн. Нэг нь машин дотроо унтаж байсан. 2 хүн нь орж ирээд Батцэнгэл явах зам асуусан. Би замыг нь зааж өгөхөд аяга цай уучихаад явъя гэхээр нь цай хийж өгсөн. Тэгээд тэр хоёр хүн 0.5 литртэй архи гаргаж ирээд уусан. Би хонь руугаа гарчихаад орж ирсэн чинь надад нэг татчих гээд 3 хийж өгсөн. Би тухайн гурвыг нь уусан. Тэгээд тэр хоёр хүн явсан. Би явсных нь дараа тэжээлээ зуураад гарч ирэх үед энэ хоёр хүн ирсэн байсан. Гараад очиход малаа буулгахгүй алга болчихлоо гээд уурласан. Тэгээд би хониндоо тэжээл зуурч өгчихөөд гарч ирлээ гэсэн чинь ууртай байхад битгий олон юм яриад бай гээд нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Би нүдээ бариад сууж байсан чинь өшиглөсөн. Тэгээд алсан ч яадаг юм гээд хоолой боосон. Тэгээд цамцны малгайнаас бариад чирсэн. Би зугтаад машиндаа суугаад ойролцоох хүн тавьдаг газар руу зугтаж явсан. Тэгээд тэндээс харж байгаад явахаар нь гэртээ буцаж очсон. Би энэ хүнээс 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр авсан. Одоо ямар нэг нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

                *Эрүүгийн 2412000840116 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ц.Чын өгсөн:

“...Би Цэнхэр сумын Буйлан багийн Өргөөт гэх газар Б гэх айлд мал малладаг юм. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр надтай хамт мал малладаг Даваа гэх залуу “явахгүй байгаа малыг нь ачаад явуулчихлаа шүү” гэж утсаар хэлсэн. Тэгээд малаа тэжээх гээд байж байтал 19 цаг 30 минутын үед 2 залуу өвс, бяруу, ямаа ачиж ирээд гүүзүүгээ буулгаж байхаар нь би тэжээлээ зуураад гараад иртэл пизда минь малаа буулгахгүй юугаа хийгээд байгаа гэхээр нь тэжээлээ зуурчихаад гарч ирлээ гэсэн чинь тэр чинь надад ямар хамаатай юм бэ уур хүрч байхад битгий олон юм яриад бай гээд баруун талын нүд рүү шууд цохиод авахаар нь нүдээ дараад суусан чинь толгой руу шууд өшиглөхөөр нь хойшоо унахад дээр гараад хоолой боогоод пизда минь алчихсан ч яадаг юм гээд боож байгаад цамцны малгайнаас чирээд энд тэндгүй өшиглөөд дахин боох гэхээр нь гарыг нь тавиулаад машин руугаа зугтааж гүйгээд машинаараа зугтаагаад холоос харж байгаад явахаар нь очсон. Тэгээд Б гэх хүн рүү залгаад таны малыг ачиж ирсэн 2 хүний чинь нэг нь намайг зодчихлоо та уурыг нь хүргэсэн юм уу гэтэл зүгээр л явсан шүү дээ гэж хэлсэн. Тэрнээс хойш зодсон хүнтэйгээ уулзаагүй. 16 цагийн үед манайд 3 залуу ирээд нэг нь машиндаа унтаж байсан. Нөгөө 2 нь орж ирээд халуун цай байна уу гэхээр нь цай хийж өгөөд боорцог өгчихөөд малын тэжээлээ өглөө гэхэд хундага байвал өгчихөөч ганц юм уучихъя гээд 0,5-тай архи гаргаж ирэхээр нь хундагаа авч өгчихөөд малынхаа тэжээлийг өгөөд ороод иртэл архи нь талдаа орчихсон байсан. Тэгээд надад 3 хийж өгсөн дахин архи уугаагүй. Би согтоогүй байсан. Тэр 2 эрүүл байсан. Батцэнгэл явж байгаа гээд зам асууж ирсэн хүмүүс байгаа юм би тэр 3 залууг танихгүй. Одоо бол хөхөрч няцарсан юм нь эдгэчихсэн. Миний утсан дээр зураг нь байгаа. Тухайн үед нүд аймар хавдчихсан, толгойноос цус гараад тогтохгүй байсан. Бас газар чирэхэд нь гар шалбарсан. Миний карманд байсан утас руу өшиглөж утасны дэлгэж хагарсан. А10 маркийн гар утас байгаа юм. 2023 оны намар 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэг нь хараад зогсоод байсан намайг нэг залуу нь л зодсон. Би гомдолтой байна. Тэр залууд зодуулснаас болж эмнэлэгт үзүүлсэн 40,000 төгрөг, эм авсан 15,000 төгрөг мөн утасны дэлгэц нь хагарсан тэрийгээ янзлуулмаар байна. Бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр тал/

 

*Хохирогч Ц.Чын дахин өгсөн:

“...Би эмчилгээнд гарсан зардлын баримтыг цуглуулаагүй би өөрийн хувийн зардлаар 65.000 төгрөгийн эм тариа авч, толгойн зураг 45.000 төгрөгөөр авахуулсан. Мөн гар утсаа засуулахаар засварын газарт 100.000 төгрөгөөр янзлуулахаар өгсөн байгаа. Би  маш их гомдолтой байна. Одоо эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 дүгээр тал/

 

 

*Гэрч С.Хгийн өгсөн:

“...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ц.Ч надтай яриагүй. Маргааш өглөө нь залгаад “өвс, мал ачиж ирсэн энэ 2 хүнийг та уурлуулаад явуулсан юм уу” намайг зодчихоод явчихлаа, нэрийг нь хэн гэдэг юм бэ” гэхээр нь “Бэ, А гэдэг юм надад хамаагүй цагдаад өгөөд шалгуул, би уурлуулсан зүйл байхгүй” гэж хэлсэн. Би тухайн үед хамт байгаагүй. Бэ өөрөө над руу утсаар яриад “танай малчин утасны дэлгэц хагалсан, дээлийн энгэр урсан” гэж ярихаар нь цагдаад өгөөд өөрсдөө учраа ол гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 дугаар тал/

 

*Гэрч С.Агийн өгсөн:

“...Тухайн өдөр би Ш.Бийн хамт Бийн хөдөө гэрт Бяруу, хонь, өвс буулгахаар очоод харанхуй болсон байхад хашаанд нь буулгаж байхад нэг хүн гэнэт гарч  ирээд юу хулгайчууд вэ гээд дайраад унасан. Тэгэхээр нь Бийн малыг буулгаж байна гэж хэлтэл Ш.Бэтэй барьцалдаж авч харагдсан. Би машин дээр байсан болохоор ойртоогүй. Тэгснээ дараа нь машинаа асаагаад дайрч ална гээд тойрч давхиж байснаа яваад өгсөн. Тэгээд бид 2-г юмаа буулгаж дуусаад сумын төв рүү хөдлөхөд зам дээр машинтайгаа зогсож байсан. Нэлээн согтуу байсан. Ганцаараа л харагдсан өөр хүн харагдаагүй. Ц.Ч Ш.Бийн дээлийн энгэрийг урсан байсан. Харин Ш.Бэ Ц.Чыг нүүрэн хэсэг рүү нь гараараа түлхэж харагдсан. Тухайн үед харанхуй байсан болохоор зарим зүйл нь сайн тодорхой харагдаагүй. Ш.Бийн биед ямар нэгэн гэмтэл ажиглагдаагүй. Харин Ц.Чыг хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/

 

*Гэрч Д.Пгийн өгсөн:

“...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр санагдаж байна манай нөхөр Ц.Ч над руу залгаад “хүнд зодуулчихлаа” гэхээр нь юу болсон талаар асуухад “Б ахын төрөл авгайнх нь төрөл гэх хоёр хүнд зодуулчихлаа” гэж ярьсан. 03 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн үед “миний нэг талын нүд харахгүй байна, намайг ирээд аваадах” гэхээр нь “зургаа дараад явуулчих” гэж хэлээд би эмнэлгээр явах ажилтай байсан болохоор орой 19 цагийн үед унаа хөлслөөд нөхрийгөө очиж авахад толгой эргээд байна гээд хэвтэж байсан. Нүд нь хөхрөөд хавдчихсан, дух нь халцарчихсан бололтой цус гарчихсан байсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/

 

*Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн өгсөн:

“...Ц.Ч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 114.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/,

 

*Яллагдагч Ш.Бийн өгсөн:

“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-72 дугаар тал/   

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай “...Ц.Чын биед духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-н 28-29 дүгээр тал/

 

*Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар “Сэтгэцэд учирсан хор уршгийг “хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай баримт/хх-ийн 80 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын ........ гэх газарт иргэн Ц.Ч нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Бэ нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын ......... гэх газарт хохирогч Ц.Чыг баруун талын нүд рүү гараараа цохиж нүдээ дараад суухад нь толгой руу шууд өшиглөж түүний эрүүл мэндэд духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Чын”...Би Цэнхэр сумын Буйлан багийн Өргөөт гэх газар Б гэх айлд мал малладаг юм. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр надтай хамт мал малладаг Даваа гэх залуу “явахгүй байгаа малыг нь ачаад явуулчихлаа шүү” гэж утсаар хэлсэн. Тэгээд малаа тэжээх гээд байж байтал 19 цаг 30 минутын үед 2 залуу өвс, бяруу, ямаа ачиж ирээд гүүзүүгээ буулгаж байхаар нь би тэжээлээ зуураад гараад иртэл малаа буулгахгүй юугаа хийгээд байгаа гэхээр нь тэжээлээ зуурчихаад гарч ирлээ гэсэн чинь тэр чинь надад ямар хамаатай юм бэ уур хүрч байхад битгий олон юм яриад бай гээд баруун талын нүд рүү шууд цохиод авахаар нь нүдээ дараад суусан чинь толгой руу шууд өшиглөхөөр нь хойшоо унахад дээр гараад хоолой боогоод пизда минь алчихсан ч яадаг юм гээд боож байгаад цамцны малгайнаас чирээд энд тэндгүй өшиглөөд дахин боох гэхээр нь гарыг нь тавиулаад машин руугаа зугтааж гүйгээд машинаараа зугтаагаад холоос харж байгаад явахаар нь очсон...” гэх мэдүүлэг, гэрч С.Хгийн”...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ц.Ч надтай яриагүй. Маргааш өглөө нь залгаад “өвс, мал ачиж ирсэн энэ 2 хүнийг та уурлуулаад явуулсан юм уу” намайг зодчихоод явчихлаа, нэрийг нь хэн гэдэг юм бэ” гэхээр нь “Бэ, А гэдэг юм надад хамаагүй цагдаад өгөөд шалгуул, би уурлуулсан зүйл байхгүй” гэж хэл...” гэх мэдүүлэг, гэрч С.Агийн”...Ш.Бийн хамт Бийн хөдөө гэрт Бяруу, хонь, өвс буулгахаар очоод харанхуй болсон байхад хашаанд нь буулгаж байхад нэг хүн гэнэт гарч  ирээд юу хулгайчууд вэ гээд дайраад унасан. Тэгэхээр нь Бийн малыг буулгаж байна гэж хэлтэл Ш.Бэтэй барьцалдаж авч харагдсан. ..Ц.Ч Ш.Бийн дээлийн энгэрийг урсан байсан. Харин Ш.Бэ Ц.Чыг нүүрэн хэсэг рүү нь гараараа түлхэж харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Пгийн”...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр санагдаж байна манай нөхөр Ц.Ч над руу залгаад “хүнд зодуулчихлаа” гэхээр нь юу болсон талаар асуухад “Б ахын төрөл авгайнх нь төрөл гэх хоёр хүнд зодуулчихлаа” гэж ярьсан. 03 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн үед “миний нэг талын нүд харахгүй байна, намайг ирээд аваадах” гэхээр нь “зургаа дараад явуулчих” гэж хэлээд би эмнэлгээр явах ажилтай байсан болохоор орой 19 цагийн үед унаа хөлслөөд нөхрийгөө очиж авахад толгой эргээд байна гээд хэвтэж байсан. Нүд нь хөхрөөд хавдчихсан, дух нь халцарчихсан бололтой цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Ш.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ш.Бэ нь хохирогч Ц.Чыг зодож түүний биед духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Бийн хохирогч Ц.Чыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ш.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ц.Чын биед духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч Ц.Ч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан шүүгдэгчээс 1.000.000 төгрөгийг авсан, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 110.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн  байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч Ш.Бэ болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол  төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ш.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Шгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бэ нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Бээс 110.000/нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.М/Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын  хэлтэс/төрийн сангийн 100900020080 тоот данс/-д олгосугай.    

            6. Шүүгдэгч Ш.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР