Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О

Шүүгдэгч Д.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э, Б.А

Хохирогч А.М, түүний өмгөөлөгч Ж.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э-ийн гаргасан гомдлоор, эрүүгийн 2016000150007 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 01-нд Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ДП87070113 регистрийн дугаартай, Ө овогт Д. А.

 

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 2-31 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.М-ыг "мөнгө олж өгсөнгүй" гэж модон сандлаар дал, бэлхүүс, биеийн дээд хэсэгт цохиж дэлүүний үүдэвчний язрал, дотуур цус алдалт гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Д. А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.А-ийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Д.А-д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг бүтүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж...шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн. Эхнэр А.М хэрэгт шалгагдаж байх үедээ эвлэрч, 3 хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан. Гэр бүл үр хүүхдүүдээ харж хандаж, тэжээн тэтгэж авч явдаг өрхийн тэргүүлэгч нь байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 7 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр зүйлчлэлд заасан ялын доод хэмжээгээр хөнгөрүүлж, дэглэмийг нь өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр Д.А нь гэмт хэрэг үйлдсэн ч гэр бүлийн гишүүний хувьд амьдрал ахуйгаа аваад явдаг байсан. Мал ахуй маллаад эхнэр хүүхдээ тэжээн тэтгээд явдаг байсан. Үйлдсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байгаа учир ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ар гэрийн байдал ахуй амьдралыг маань харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүх хуралд өмнө гомдол саналгүй гэсэн. Ял шийтгэлийн нь хөнгөрүүлж өгөөч гэж хүсч байна. 3 хүүхдээ тэжээх үүргийг нь энэ хүнд хүлээлгэж өгөөч гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн зүгээс гомдол саналгүй. Эхнэр нь ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй. Нөхөр нь шоронд явчихаар 3 хүүхдээ хэн тэжээх вэ гэдэг асуудал үүсч байгаа. Үр хүүхдээ харж хандах, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжоор нь хангаж өгөөч гэсэн санал гаргаж байгаа гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 2-31 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.М-ыг "мөнгө олж өгсөнгүй" гэж модон сандлаар дал, бэлхүүс, биеийн дээд хэсэгт цохиж дэлүүний үүдэвчний язрал, дотуур цус алдалт гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлджээ.

 

Уг үйл баримт нь хохирогч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2010 онд гэр бүл болсон, албан ёсоор батлуулсан, манайх 3 хүүхэдтэй....гэр бүл болсны дараа 1-2 жил бид хоёрын гэр бүлийн харилцаа хэвийн байсан, 3 дахь жилээс эхлэн цохиж зодож, гар хүрч ширүүн харьцдаг болсон, эрүүл согтуу ялгаагүй цохиж зоддог, согтуу үедээ бол бүр их ширүүн харьцдаг болсон...2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өглөө босоод галаа түлээд зуухны аман дээр сууж байтал нүүр лүү өшиглөж унагаагаад уурласан. Тэр үеэр манай авга ах С гэж хүн яриад “мартын-8, болж байна. Ах нь эмэгтэйчүүдээ баярлуулж байна чи хүрээд ир” гэхээр нь би очиж чадахааргүй байна гэсэн чинь хүргэн Ж.Б ирж гэрээс авсан...Надруу утсаар яриад гэр орондоо ир гээд дарамтлаад байсан. Би эмээгийндээ очоод байж байтал мотоциклтэй ирж аваад буцах замдаа намайг цохиж зодож эхэлсэн. Сүүлдээ хутга гаргаж ирээд алхаад ирж чаддаггүй юм бол 2 хөлийг чинь тайрч хаяна гэж дайраад би хутгатай гараас нь бариад би дахиж явахгүй гэж уйлаад гуйсан. Тэгсэн холдохоор нь бага хүү А.Г бие засуулах гэж авч гараад тэндээсээ шууд зугатаад эмээгийнхээс 2 охиноо аваад хойд толгойд байдаг Э гэдэг хамаатны ахындаа очиж байсан....А.Г охины ангийн багш Н ирж уулзан хүүхдийн байгууллагын хамтарсан багт мэдэгдэн хүмүүс ирж уулзаад хамгаалах байранд 3 хоног байлгасан....Тайшир сум руу өөрийн төрсөн ах А.Н гэрт очин 1 сар орчим амьдарч байхад Д.А ирж гуйгаад авч явсан...2020 оны 1 дүгээр сарын 06-ны шөнө унтаж байхдаа “ чи надад мөнгө олж өг, би хөдөө ажлаар явах хэрэгтэй байна” гээд цохиж зодсон....Орж ирээд “мөнгө олж чадахгүй арчаагүй пизда вэ” гэж уурлаад намайг баруун орон дээрээ гурил хавтгайлаад сууж байтал надруу жижиг модон шар сандал аваад шидсэн. Миний ар дал хэсэгт цохьсон. Хажууд ирээд нөгөө сандлаа бариад энд тэндгүй балбаж байгаад холдсоноо сандлаа дахиад шидсэн. Тэр үед бэлхүүсний зүүн хэсэгт сонин болоод гэрээс гараад ухаан алдсан. Нэг мэдсэн Д.А гараад ирсэн намайг чирээд “бос пизда минь наад боорцогоо хурдан хийгээдэх” гээд байсан.....Ер нь бол шөнө оройн цагаар голдуу намайг зоддог, би хүнд хэлээд байдаггүй учраас нэг их олон хүн мэдэхгүй нуугдмал байдалтай олон жил болсон.....хэрэлдэж маргалдах болгондоо “танайхан удмаараа гуйлагчин, гичий жингэр” гэх мэтээр муу муухай үгнүүдийг хэлдэг. Тэгээд “чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлдэг...” гэх мэдүүлэг /1ХХ 23-25, 28, 32/,

Гэрч А.Н мөрдөн байцаалтад өгсөн “...Миний мэдэхийн 2015 оноос хойш зоддог болсон....2018 оны 3-р сарын 10-ны үеэр байх миний дүүг зодоод үүдэн шүдийг нь сэтлээд, нүүр нүд нь хөх няц болсон байсан. Тэр үед нь би Тайшир сумаас ирж хамгаалах байранд байхад нь авч байсан....зодуулсан үедээ бид нарт хэлдэггүй, эмнэлэг, цагдаад ханддаггүй учир бид нар өнгөрсөн хойно нь мэддэг байсан....А.М өчигдөр Д.А-д зодуулаад эмнэлэг дээр ирсэн байсан ... Дэлүүний хагалгаанд орсон. Дэлүүг нь авсан гэж надад эмчлэгч эмч нь хэлсэн.. Тэгээд дахиад Тайшир сум дээр ирээд гэртээ ганцаараа гэмтэж бэртсэн асрах хүн байхгүй гээд байхаар нь А.М-ыг цуг явуулж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ37-38/,

Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...А.М-ын бие нь өвдөөд байгаа бололтой гэдсээ тэврээд байхаар нь чиний бие зүгээр үү гэхэд Д.А намайг зодчихлоо гэж надад хэлсэн. Яаж зодсон гэж асуухад М надад хэлээгүй ... эмнэлэг дээр очиход эмч нар үзээд дэлүү гэмтсэн юм шиг байна. ЭХО-д харуулна гээд харуулахад дэлүү бяцарсан байна гээд яаралтай хагалгаа хийсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ43/,

Гэрч Р.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 18 цаг 10 минутанд Сутай хороо 2-31 тоотод хүний бие өвдөөд байна гэсэн дуудлага ирээд би яаралтай тусламж дээр жижүүр эмчээр ажиллаж байсан тул хаягаар нь очсон. А.М гэх эмэгтэй цээж, хэвлий хэсгээр хүчтэй өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Надад ямар шалтгааны улмаас бие нь өвдсөн талаар хэлээгүй, би яасан юм, юмнаас унасан юм уу, хүнд зодуулсан юм уу гэж асуухад нэг их дуугарч чадахгүй нөхөр нь бололтой гэрт нь байсан эрэгтэй хүн рүү зааж байсан. Тэгээд эмнэлэг рүү авч явна, гэмтлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэхэд нөхөр нь явуулахгүй гээд байхаар нь би эмчилгээ үйлчилгээнээс татгалзсан хуудсан дээр гарын үсгээ зурж өг гэхэд нөхөр нь гарын үсэг зураагүй, тэгээд намайг яв гээд хөөгөөд байсан. Тэгээд би явсан. Хэсэг хугацааны дараа 22 цаг 30 минутад Баянхайрхан багийн 7-20 тоотод дахин дуудлага ирэхэд нөгөө М гэх эмэгтэй айлд очсон байсан. Тэгээд эмнэлэг рүү авч явахаар болоход машинтай садан төрлийн болох хүмүүс нь ирсэн байсан, тэд нар нь аваад эмнэлэг дээр ирээд би гэмтлийн эмчид үзүүлж, гэмтлийн эмч ЭХО, рентгенд шинжилгээ хийж гэмтлийн тасагт хэвтүүлж, шууд хагалгаанд оруулсан. Дэлүү нь задарсан онош тогтоогдсон…” гэсэн мэдүүлэг /1-р ХХ54-55/,

Гэрч А.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний эгчийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ зодож биед нь хүнд гэмтэл учруулсан. Миний эгчийн дэлүү задарч хагалгаанд орж дэлүүгээ авахуулсан. Маш их дотуур цус алдсан, амь насаа алдах шахсан ... Мөнгө олж ир гээд уурлаад байдаг. Өөрөө хөдөө байдаг, хөдөөнөөс ирэх болгондоо зодоод архи, тамхи олж ир гээд дарамталдаг гэсэн ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ56-57/,

Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “....2018 оны 3 дугаар сарын 08-нд А.М-ыг би гэрээс нь очиж авахад нөхөртөө зодуулсан байдалтай байсан, яг ямар гэмтэлтэй байсныг одоо санахгүй байна. Ямар ч байсан уйлаад Д.А зодоод байна гэж хэлээд 3 хүүхэдтэйгээ хамт байж байсан...2016 он билүү 2017 он билүү бас нөхөртөө зодуулаад Д.А цагдаагаар яваад байсан, өөр бусад цохиулж зодуулсан асуудлыг нарийн сайн санахгүй байна. Зодуулсан байна л гэж байдаг...”/1ХХ 60-61/,

1. Шинжээч эмч Т.А-ын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн: “1. А.М-ын биед хэвлийн битүү гэмтэл: дэлүүний үүдэвчний язрал /дэлүүг авах мэс ажилбар хийлгэсэн/, дотуур цус алдалт /1,5 литр/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг 30 хувь алдагдуулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь

насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг үйлдэгдсэн цаг

хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /1-р ХХ89-90/,

 

А.М-ын өвчний түүхийн хуулбар /1ХХ100-125/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1ХХ175/, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсын хуулбар /1ХХ206-207/, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /1ХХ17/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхэд хохирогч А.М-ын зүгээс гомдол саналгүй, цаашид 3 хүүхдээ тэжээн тэтгэх боломжийг олгож нөхөр Д.А-ийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал, хүсэлт гаргасан байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.А-д анхан шатны шүүхээс оногдуулсан хаалттай хорих байгууллагад 7 жилийн хугацаагаар хорих ялыг, нээлтэй хорих байгууллагад 5 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 2  дахь заалтад “7  жил ” гэснийг  “5 -н жил “ гэж,

 3 дахь заалтад “7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “5-н жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар ялтан Д.А-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, цагдан хоригдсон 1 хоногийг хорих ял эдэлсэн 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 35 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.Ж

ШҮҮГЧИД                              Ч.Э

                                                     Ш.Б