Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0625

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б*********-ын Б*********,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э*********,

Хариуцагч: М*********банк,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.С*********

Маргааны төрөл: Б.Б*********-ийн нэр дээр 20,250,000 төгрөгийн авлагыг бүртгэсэн нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б*********-с М*********банканд холбогдуулан “Б.Б********* миний дээр бүртгэсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20,250,000 төгрөгийн авлагыг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. К********* банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр тушаалаар ажиллагсдын орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах төсвийн эх үүсвэрийг шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 130 айлын орон сууцны ..... тоотод байрлах 45 м.кв орон сууцыг барьцаалан 58,500,000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр 2037 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 345 дугаар “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г К********* банктай байгуулжээ. 

Харин 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ээр нэхэмжлэгчийн худалдан авч байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,250,000 төгрөгийг банкнаас төлөхөөр зааж, К********* банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар тогтоолоор дээрх урьдчилгааг орон сууц барих “К*********” ХХК-д төлөхийг зөвшөөрсөн байна. 

Б.Б*********, Д.С********* нараас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “К*********” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 809 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэжээ.

3. К********* банкны эрх хүлээн авагч нэхэмжлэгчийн нэр дээр  2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20,250,000 төгрөгийн авлага зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

4. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд К********* банкны эрх хүлээн авагчаас Б.Б*********-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 69,098,512 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”, Б.Б*********-с “”К*********” ХХК, Б.Б********* нарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байрны .... тоотод байрлах 40,59 м.кв орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс 24,337,178 төгрөгийг буцаан гаргуулах” сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 814 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Б*********-с 61,689,100.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, харин Б.Б*********-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1128 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 362 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ. 

5. К********* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Н-17 дугаар албан бичгээр “Ажилчдын орон сууцны урьдчилгаа 30 хувь” гэх дансны гүйлгээг шалгуулах хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд гаргажээ.

6. Нэхэмжлэгчээс “К*********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан “М*********банкны зээлийн мэдээллийн санд 20,250,000 төгрөгийн авлагаар бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 20,250,000 төгрөгийн авлагаар бүртгэсэн бүртгэлийг зээлийн мэдээллийн санд үнэн зөвөөр нийлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4179 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчээс К********* банк дахь М*********банкны эрх хүлээн авагчид 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр М*********банкны зээлийн мэдээллийн санд оруулсан 20,250,000 төгрөгийн авлагыг устгахыг хүсч хандахад эрх хүлээн авагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3342 дугаар албан бичгээр Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу мэдээллийг нийлүүлсэн тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар мэдэгджээ.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1077 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон, нэхэмжлэгчээс дахин 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл ирүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1555 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрий 186 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгосон тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3288 дугаа захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэжээ.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“Б.Б********* миний бие "К*********” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “К*********” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол, 75 дугаар байрны .... тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1.300.000 төгрөгөөр буюу нийт 58,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож уг мөнгийг "К*********" ХХК-иас зээлж авахаар 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 345 дугаартай "Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж гэрээгээр 58,500,000 төгрөгийг жилийн 8% хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлж орон сууцны төлбөрийг “К*********” ХХК-д бүрэн төлж өмчлөгч болсон.

Гэтэл М*********банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.Б********* миний нэр дээр 20,250,000 төгрөгийн авлага бүртгэсэн байгааг олж мэдсэний дагуу "К*********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хандахад орон сууцны төлбөрийн урьдчилгааг банк хариуцан төлсөн, уг төлбөрийг төлөөгүй учраас авлага үүсгэсэн гэсэн тайлбарыг өгсөн.

Мөн миний бие зээлийн мэдээллийн санд ямар үндэслэлээр авлага үүсгэсэн талаар К********* банкны эрх хүлээн авагчид, мөн ямар үндэслэлээр зээлийн мэдээллийн санд намайг өглөгтэй талаар бүртгэсэн, уг мэдээллийг устгаж зөвтгөж өгөхийг хүсч М*********банканд хандсан боловч дээрх 2 байгууллага тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд К********* банкны эрх хүлээн авагч уг төлбөрийг төл гэсэн хариуг ирүүлсэн, М*********банкны зүгээс устгахаас татгалзсан хариуг ирүүлсэн.

Хэдийгээр М*********банк нь банк, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага хэдий ч Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн санг бүрдүүлдэг.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу М*********банкны зээлийн санд бүртгэн авч буй үйлдлийн эх сурвалж тодорхойгүй, зээлдүүлэгч буюу “К*********" ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Б.Б********* нарын хооронд зээлийн болон үүрэг үүсгэсэн аливаа төрлийн эрх зүйн харилцаа үүсээгүй байхад зээлийн мэдээллийн санд бүртгэн авсан нь зээлийн мэдээллийн тухай хуульд нийцэхгүй үзэж байна.

Миний бие "К*********” ХХК-иас аливаа байдлаар 20,250,000 төгрөгийн зээлийг аваагүй бөгөөд уг мөнгийг төлөх, эсхүл бусад байдлаар үүрэг бүхий эрх зүйн харилцаа үүсээгүй байхад надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүйгээр ямар баримтыг үндэслэн 20,250,000 төгрөгийн авлага бүртгэж зээлийн муу түүхтэй болгосон нь банк, санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх, зээл авах боломжийг хааж санхүүгийн хүндрэлтэй байдлыг үүсгэж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хаасан, хязгаарласан үйлдэл болсон гэж үзэж байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.б, 17.2-т  тус тус зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.Б********* миний дээр бүртгэсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20,250,000 төгрөгийн авлагыг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

9. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “”К*********” ХХК-тай байрны урьдчилгаа төлөх тохиролцоо огт байгаагүй. 100 хувь төлбөрийг төлж байрны өмчлөгч болсон байхад 6 жилийн дараа хий авлага үүсгэж өрөнд оруулсан зохисгүй үйлдэл гаргасан. Миний банк болон банк бус санхүүгийн байгууллагад хандах эрхийг зөрчиж, хаасан. Ямар гэрээний үндсэн дээр хэдэн төгрөгийг хаана төлөхөө мэдэхгүй, ийм харилцаа үүссэнийг мэдээгүй. Сүүлд ажиллаж байх явцад тогтвортой ажиллавал ингэнэ тэгнэ гэх баримт дээр гарын үсэг зуруулсан. Нийт 80-аад хүнээр гарын үсэг зуруулсан. Байгаа баримт гэвэл тэр л юм шиг байна. Хүнээс дансаараа мөнгө аваад, байгууллагын данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримт байхгүй. “К*********” ХХК-тай гэрээ байгуулагдах үед А.А********* захирал өөрөө гүйцэтгэх захирлаар нь байсан. Өөрөө өөртэйгөө хэлцэл хийсэн. Мөн хувьцааны 54 хувийг өөрөө эзэмшдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар бүрэн нотлогдож цагдаагийн газар шалгагдаж буй ийм үйл баримт байна. Хэрвээ надаас авлагатай байсан бол А.А********* гэдэг хүнээс тодруулга аваад яваад байгааг ойлгохгүй байна. “К*********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 20,250,000 төгрөгийг надаас нэхэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь орон сууцны маргаан гурван шатны шүүхээр дуусгавар болсон. ” гэв.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн мэдээллийн тухай хууль болон холбогдох журмаар мэлээллийн сангийн мэдээлэл үнэн зөв байх ёстой. Мөн зээлдэгчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зээлийн мэдээлэл үнэн зөв, бодитой, тодорхой, бүрэн гүйцэд, ойлгомжтой байх, 17.1.6-д зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд нийлүүлэх гэсэн шаардлага байна. Үүгээр Б.Б********* гэдэг хүнтэй ямар гэрээ хэлцэл байгуулж, ямар зөвшөөрлийг үндэслээд зээлийн мэдээллийн санд авлага гэдэг зүйлийг бүртгэж байгаа вэ. Энэ авлага нь бодитой юу гэдэг асуудал яригдана. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хориглоно” гэсэн байна. Ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, ямар нэгэн авлагагүй байж авлагатай гэж үзэн мэдээлэл нийлүүлж байгаа нь Зээлийн мэдээллийн тухай хууль болон холбогдох журмыг зөрчиж байна гэж үзэж байна.

Б.Б********* гэдэг хүнээс 20,250,000 төгрөгийг авах ёстой байсан бол яагаад А.А********* гэдэг хүнийг шалгаад байгаа нь ойлгомжгүй. Өмнө нь Б.Б*********-ийн зүгээс “К*********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан уг бүртгэлийг үнэн зөв мэдээллэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ үүнтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх зүйл байдаг. Өнөөдрийн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгах боловч эрх хүлээн авагчаас гаргасан гомдолтой холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэх асуудал маань мөрдөгчийн биш прокурорын байгууллагын хийх ажиллагаа байдаг. Тийм учраас цагдаагийн албан бичгээр шалгаж байгаа гэдэг нь бүрэн гүйцэт ойлгомжтой биш гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагын шалгаж байгаа асуудал нь Б.Б********* болон бусад ажилчдын нэр дээр үүссэн авлага, шилжүүлээд буй 600,000,000 гаруй төгрөгийг эдгээр хүмүүсийн нэр дээр орон сууц авах гэж үүсгэсэн болохоос бодит байдал дээр нэг төгрөг ч шилжүүлээгүй. Нэг төгрөг ч Б.Б*********-ийн данс руу ороогүй. Энэ нь А.А********* гэдэг хүнтэй хамааралтай болж таарч байгаа юм. Ажилчдын нэр дээрх орон сууцны урьдчилгаа гэдэг зүйлийг үүсгэж тухайн мөнгийг өөрийн хамаарал бүхий буюу өөрөө өөртэйгөө хэлцэл хийсэн. Тухайн компанийн нэр дээр “К*********” ХХК-иас мөнгө шилжүүлж аваад өөртөө авсан зүйл. Хувьдаа авсан мөнгөө ажилчдаасаа нэхээд эсхүл ажилчдынхаа нэр дээр авлага үүсгээд явж байна. Тийм учраас Б.Б********* болон “К*********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд 20,250,000 төгрөгийн ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, ямар нэгэн маргаан шүүхэд байхгүй байна. Иймд хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

11. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар "мэдээлэл нийлүүлэгч" нь зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч буюу “К*********” ХХК бөгөөд 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч этгээд нь мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлах үүргийг хуулиар хүлээдэг. Мөн мэдээлэл нийлүүлэгч нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасны дагуу хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх ёстой бөгөөд хэрэв зээлийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүр нь тогтмол шинэчилж байх шаардлагатай. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-д заасны дагуу зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүргийг мэдээлэл нийлүүлэгч хүлээдэг. 

Өөрөөр хэлбэл Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эрхийг мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд олгосон. Харин тус эрх М*********банканд олгогдоогүй бөгөөд М********* нь зээлийн мэдээллийн сантай байх, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна.

М*********банк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх харилцаанд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тус хуульд заасан журам батлах, зээлийн мэдээллийн сантай байх тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэхээр Зээлийн мэдээллийн тухай хуульд заажээ. М*********банк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна. М*********банкны зээлийн мэдээллийн санд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран зээлийн мэдээллийг тогтмол өгдөг. 

Өөрөөр хэлбэл, эдгээр этгээд М*********банкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлдэг болно. Мөн М*********банк өөрийн зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй түүний хүсэлтийг үндэслэн хууль болон гэрээний дагуу харилцан солилцох боломжийг Зээлийн мэдээллийн тухай хуулиар олгосон.

Мэдээлэл нийлүүлэгч буюу М*********банкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл өгдөг этгээдүүд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу М*********банкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээллийг М*********банктай байгуулсан гэрээний дагуу өгч байна. Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлийн мэдээллийн үнэн зөв байдлыг мэдээлэл нийлүүлэгч хариуцах үүрэгтэй бөгөөд мэдээлэл нийлүүлэгч М*********банкны мэдээллийн санд шууд мэдээлэл өгдөг, мөн зөвшөөрөл авсан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд байхгүй тул мэдээлэл нийлүүлэгч М*********банкны зээлийн мэдээллийн санд орсон зээлийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр тус өөрчлөлтийг шууд зээлийн мэдээллийн санд оруулж байна. М*********банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-57 дугаар тушаалаар батлагдсан “М*********банкны зээлийн мэдээллийн сангийн журам”-ын 7 дугаар зүйлд зааснаар мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийг залруулах боломжгүй тохиолдолд М*********банк (Зээлийн мэдээллийн алба) мэдээлэл нийлүүлэгчийн албан хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн тухайн мэдээллийг залруулах ажиллагааг хийдэг бөгөөд энэ нь зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эрхийг хэрэгжүүлж байгаа бус харин М*********банкны зээлийн мэдээллийн санг эрхлэх хүрээнд хийгдэж байгаа техник ажиллагаа болно.

Дүгнэвэл, иргэн Б.Б*********-ийн зээлийн мэдээллийг өөрчлөх, шинэчлэх бүрэн эрх М*********банканд олгогдоогүй, харин М*********банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгдөг, мэдээлэл нийлүүлэгч “К*********” ХХК-д тус эрх, үүрэг Зээлийн мэдээллийн тухай хуулиар олгогдсон. Мөн эрх олгогдоогүй үйлдэл хийх буюу зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах үйлдэл хийхийг М*********банканд даалгаж шийдвэрлэх нь зээлийн түүхээ өөрчлүүлэхийг хүссэн зээлдэгчид хяналт, зохицуулалтын тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг М*********банкийг хариуцагчаар нэрлэж буй нь буруу жишиг тогтоох, ингэснээр Зээлийн мэдээллийн тухай хуулиар ялгаатай зохицуулсан мэдээлэл нийлүүлэх, хяналт тавих чиг үүрэг зөрчигдөх эрсдэлтэй болно.

Иймд иргэн Б.Б*********-ийн нэхэмжлэлийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ””К*********” ХХК-ийн татан буугдахаас өмнө оруулсан зээлийн мэдээллийг одоо ч өөрчлөлт оруулж  засварлах боломжтой. Мбанкны зүгээс зээлийн гэрээ байгуулагдсан байгуулагдаагүй, авлага үүссэн үүсээгүй юу гэдэг дээр ямар нэгэн үнэлт дүгнэлт өгөх боломжгүй. 

Тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд М*********банкнаас зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад татгалзах зүйл байдаггүй. “К*********” ХХК-тай гэрээ байгуулсан, мөнгө өгсөн авсан гэх иргэний эрх зүйн ач холбогдолтой асуудалд М*********банканд үнэлэлт, дүгнэлт хийх эрх байхгүй. Тэр бол эрх бүхий байгууллагаар шийдэгдээд явах ёстой байх. Хариуцагчийн зүгээс Зээлийн мэдээллийн тухай хууль болон журмын дагуу мэдээлэл нийлүүлэгч мэдээллийг хариуцах боломжтой буюу эрх нь нээлттэй байгаа нөхцөл байдалд яагаад М*********банкыг иргэний журмаар биш захиргааны журмаар шүүхэд хандаж байгааг ойлгож байгаа. Тэгэхээр хуулийн дагуу мэдээлэл нийлүүлэгч мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцдаг бөгөөд М*********банкнаас тухай бүрд өөрчлөлт оруул, битгий оруул гэх зөвшөөрөл өгөх боломж байдаггүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаа М********* банк гэж тодорхойлж, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг хянан шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ К********* банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаар оролцуулах хүсэлтийг хавсаргасан бөгөөд тус хүсэлтийн дагуу К********* банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаар оролцуулах боломжгүй юм. 

Учир нь К********* банкны эрх хүлээн авагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага биш бөгөөд тодорхойлох хэсэгт дурдсанчлан түүнд холбогдуулан иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

  1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.”"мэдээлэл нийлүүлэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг;”, 7 дугаар зүйлийн 7.1.”Зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг дараах этгээд магадлана:”, 7.1.1.”энэ хуулийн 6.1, 6.2-т заасан мэдээллийг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч;”, 7.2.”Зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, төрийн байгууллага, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэх, бүрдүүлэх, мэдээлэхийг хориглоно.”, 17 дугаар зүйлийн 17.1.Мэдээлэл нийлүүлэгчээс зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэхэд дараах зарчмыг баримтална:”, 17.1.1.”зээлийн мэдээлэл үнэн зөв, бодитой, тодорхой, бүрэн гүйцэд, ойлгомжтой байх;”, 17.1.6.”зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд нийлүүлэх.”, 17.3.”Мэдээлэл нийлүүлэгч цахим болон бичгийн хэлбэрээр, зөвшөөрөгдсөн компьютерийн программ хангамжийг ашиглан мэдээлэл өгөх, авах гэрээний дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд зээлийн мэдээлэл нийлүүлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1.”Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна.” гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл М*********банк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байх бөгөөд тус сан дахь зээллийн мэдээллийн эх сурвалж нь мэдээлэл нийлүүлэгч буюу “К*********” ХХК дахь эрх хүлээн авагч байхаар байна. 

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар “К*********” ХХК дахь эрх хүлээн авагч нь зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгчийн нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20,250,000 төгрөгийн авлагын талаарх мэдээллийг нийлүүлсэн бөгөөд хуульд заасан зээлдэгчээс зөвшөөрөл авсан байх, мэдээлэл үнэн зөв байх зэрэг үүрэг нь мэдээлэл нийлүүлэгчид хамааралтай гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хуулиар зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрхийг Мбанканд олгоогүй бөгөөд захиргааны хэргийн шүүх мэдээлэл нийлүүлэгч “К*********” ХХК дахь эрх хүлээн авагч нь тус шүүхийн харьяалалд хамаарахгүй хуулийн этгээдийн нийлүүлсэн мэдээлэл хуульд нийцсэн эсэхийг дүгнэж шийдвэрлэх боломжгүй юм.

Энэ нь  нэхэмжлэгчээс “К*********” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан “М*********банкны зээлийн мэдээллийн санд 20,250,000 төгрөгийн авлагаар бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 20,250,000 төгрөгийн авлагаар бүртгэсэн бүртгэлийг зээлийн мэдээллийн санд үнэн зөвөөр нийлүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4179 дүгээр захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр нотлогдож байна.

Нэгэнт хариуцагч мэдээлэл нийлүүлэгчээс нийлүүлсэн мэдээлэлд өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд 20,250,000 төгрөгийн авлагыг мэдээллийн санд бүртгэсэн нь зээлийн мэдээллийн эх сурвалж буруу ташаа, бүрэн бус мэдээлэл агуулж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл “К*********” ХХК дахь эрх хүлээн авагчийн “нууц” албан бичгээр дагуу нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн 20,250,000 төгрөгтэй холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байхад мэдээлэл нийлүүлэгчийн мэдээлэл нийлүүлсэн үйлдэлтэй холбогдуулан хариуцагчийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн “Б.Б********* миний нэр дээр бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20,250,000 төгрөгийн авлагыг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.6, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан иргэн Б.Б*********-с М******************банканд холбогдуулан гаргасан “Б.Б********* миний дээр бүртгэсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20,250,000 төгрөгийн авлагыг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ДАМДИНСҮРЭН