Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч Д.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Чандмань Өлзийт овгийн Дашдондовын Намжилцэрэнд холбогдох эрүүгийн 201625022644 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, халх, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл-4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Цэргийн их сургуулийн гудамж 03 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урд ял шийтгэлтгүй, Чандмань Өлзийт овгийн Дашдондовийн Намжилцэрэн, /РД:ИЭ82090111/,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Намжилцэрэн нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ариунболдын Айфоне-6 маркийн гар утсыг нь таксины 40.000 төгрөгийн барьцаанд авч үлдээд “Монтел” төв дээр үл таних хүнд 120.000 төгрөгөөр зарж борлуулан завшиж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Намжилцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч “Минт” баарнаас такси бариад миний машинд суусан. Тухайн үед хохирогч Оргилсайхан гэдэг хүнтэй хамт явж байсан. Тэгээд би тэр 2-ыг Паркын хажууд буулгаад хөдлөх гэсэн чинь байж бай, дахиад цаашаа явъя гээд машинд орж суусан. Тэгээд 13-ын “Жулиа” гэдэг дэлгүүрээс архи аваад 13 дугаар хорооллын “Рояал” гэдэг баарны зогсоол дээр зогсоод архи уусан. Тэд нар 4 цаг 30 минутаас 5 цаг хүртэл таксигаар явж байгаад 5 цагаас 8 цаг хүртэл миний машинд архи уусан. Тэгээд архиа ууж дуусахаар нь би явъя таксиныхаа мөнгийг өгчих гэхэд таксины мөнгө байхгүй байна, чи миний утсыг авчих гээд утсаа өгсөн. Тэгээд би утсыг нь аваад явж байхад утас руугаа залгаад чи буцаад хүрээд ир, ах нь АТМ-ээс мөнгө аваад өгье, мөнгөтэй болчихлоо гэхээр нь буцаад очиход Сансарын АТМ дээр ирэхэд мөнгөгүй байхаар нь чи миний утсыг авч яв, би чам руу өөрөө залгаж байгаад утсаа авна гэсэн. Тэгээд би өөрийн 80818284 гэсэн дугаараа бичиж өгөөд 2 сар хүлээхэд над руу залгаагүй, холбоо бариагүй. Би машинаа лизингээр авсан учир зээлээ төлөх мөнгө маань дутсан байсан болохоор нь зарсан гэв.

  Шүүгдэгч Д.Намжилцэрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “....2016 оны 10 дугаар сарын 05-06нд шилжих шөнө би эхлээд 13 дугаар хорооллын халдвартын орчим архи уусныхаа дараа 40.000 төгрөгийн барьцаанд гар утсыг нь авсан. Миний утасны дугаарыг бас авсан... Ариунболдыг ярих байх гээд 2 сарын хугацаанд гар утсыг нь өөр дээрээ байлгасан. Гар утас цэнэг нь дуусаад унтарчихсан, би асааж чадахгүй, пин кодыг мэдэхгүй, над руу огт яриагүй болохоор нь гар утсыг нь Монтел дээр 120.000 төгрөгөнд зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37, 38-39, 63 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Ариунболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 06-ны үүрээр 04:20 цагийн үед би Ганцаараа Хан-Уул дүүргийн МИНТ баарнаас гараад такси бариад таксинд суусан чинь жолоочоос нь гадна нэг хүн урд сууж явсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ТЕМПЛЕ баар орно гээд хүргүүлэх гэсэн чинь ийм ойрхон бол явахгүй гэсэн чинь урд сууж байсан залуу хоёулаа хамт буугаад алхаад явчихья гээд надтай хамт буугаад төмөр замын призмийн орчимоос надтай хамт явган алхаад очсон. Надтай хамт явж байсан залуу энэ бааранд ажилладаг Тулгаа гэх залууг би танина утсаа өгч бай утсаар чинь Тулгаа руу яръя гээд гуйхаар нь би өөрийн Айфонэ 6 голд маркийн гар утсаа гаргаж өгсөн. Тэр залуу миний утсаар хүнтэй ярих шиг болоод халаасандаа хийгээд зам хөндлөн урагшаа гараад улаан өнгийн приус-20 машинд гар өргөн суугаад явсан. Би араас нь такси барьж яваад нэг түцэн дээр очоод өөрийнхөө 94014400 дугаар руу түцний утсаар залгасан чинь нөгөө залуу утас аваад миний утсыг одоо өгөхгүй маргааш өгнө энэ тэр гээд байсан. Тэгээд би тэр залууг тоглоод байгаан байх гэсэн чинь тэр залуу маргааш нь ирээгүй. Миний утсыг авчирч өгөөгүй, МИНТ баарны хамгаалагч залуу тэр залууг хараад таньж байсан. камерийн бичлэгээс харчихаад манай энэ хавьд явдаг жолооч нарын нэг нь байна гэсэн. Манай гэрийг ч мэдэж байгаа. Нэрийг нь мэдэхгүй. Мобигоос 2015 оны 07 дугаар сард 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Айфонэ-6 голд 64 гегатай алтан шаргал өнгийн гар утас байсан. Утсаа би 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан утсаа олж авмаар байна. Тухайн үед би Оргилсайханд гар утсаа өгсөн. Оргилсайхан ярьчихаад өгье гээд авсан. Харин сүүлд болсон асуудал нь би Оргилсайханд гар утсаа алдаагүй харин тухайн үед таксины жолоочоор явж байсан Намжилцэрэнд таксины мөнгөний барьцаанд үлдээчихсэн байсан юм байна. Би өөрөө энэ талаараа сайн санахгүй байгаамаа, намайг 40.000 төгрөгийн барьцаанд утсаа үлдээсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх 10-11, 23-24 дүгээр хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

-Айфоне 6” загварын гар утас – 1.000.000 төгрөг...” гэжээ. /хавтас хэргийн 8 дугаар хуудас/

 

Шүүхийн шатанд шинээр нотлох баримт болгон өгсөн хохирлын баримт болон Эвлэрлийн гэрээ. Үүнд “хохирогч Ц.Ариунболд нь Д.Намжилцэрэнтэй сайн дурын үүднээс тохиролцож эвлэрсэн. Хохирлын 1.000.000 төгрөгийг барагдуулсан учир бидний хооронд ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно…” гэжээ.

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 42 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 43 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44 дүгээр хуудас/, хохирогч Ц.Ариунболдын гомдол саналгүй, эвлэрсэн баримт /хх 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Намжилцэрэн нь 2016 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ариунболдын “Айфоне-6” маркийн гар утсыг нь таксины 40.000 төгрөгийн барьцаанд авч үлдээд бусдад 120.000 төгрөгөөр худалдаж борлуулан хувьдаа завшиж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Намжилцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Ариунболдын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Д.Намжилцэрэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц.Ариунболд, шүүгдэгч Д.Намжилцэрэн нараас “хохирогч Ц.Ариунболд нь Д.Намжилцэрэнтэй сайн дурын үүднээс тохиролцож эвлэрсэн. Хохирлын 1.000.000 төгрөгийг барагдуулсан учир бидний хооронд ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн хүсэлт гаргасан хэдий ч уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч Ц.Ариунболдоос шүүгдэгчид гар утсаа өгсөнөөс хойш 6 сар өнгөрсөн хэдий ч шүүгдэгч Д.Намжилцэрэн нь утсыг аваад 1 сарын дараа зарсан учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч Д.Намжилцэрэн 2016 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан таксины төлбөрт барьцаалан гар утсыг нь аваад эргэж холбоо барихгүй, буцаан өгөх арга хэмжээ аваагүйгээс гадна шүүгдэгч тухайн гар утсыг чухам хэзээ, хэнд, яаж худалдсан талаар тодорхойгүй зэргээс үзэхэд шүүгдэгчийн уг гэмт үйлдэл нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төгссөн гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Намжилцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь: 

 

            1. Чандмань Өлзийт овгийн Дашдондовын Намжилцэрэнг бусдын эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Намжилцэрэнд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Намжилцэрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.Намжилцэрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Намжилцэрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Намжилцэрэнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН