| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2020/02900/И |
| Дугаар | 184/ШШ2021/02903 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2021/02903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, хороолол, тоот хаягт бүртгэлтэй ******* овогт *******ын ******* /РД: *******/ Хариуцагч: дүүрэг, хороо, хороолол, байр, тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/ Хариуцагч: дүүрэг, хороо, хороолол, гудамж, байр, тоот хаягт оршин суух, ******* овогт ын /РД: / Орон сууцны үнэ 100 000 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг нийт 150 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, хариуцагч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагч Ч.н итгэмжлэгдсэн төлөөлөгч М., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.******* нь миний төрсөн ах бөгөөд одоо АНУ-д гэр бүлийн хамтаар амьдардаг. М.******* нь бөөрний дутагдал, сахар хавсарсны улмаас 5-6 жилийн настай гэсэн онош тавигдан эх орондоо эргэн ирэх гэсэн боловч энд амьдрах гэр оронгүй, хөдөлмөрийн чадваргүйн улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Миний ах Солонгос улсад 10 жил хүнд хүчир ажил хөдөлмөр эрхэлж өрөө байрыг худалдаж авсан. Ах маань Солонгосоос Монголд ирээд энэ байрандаа амьдарч байгаад 2014 онд Америк руу явсан. Хариуцагч Д.******* нь С.тэй хамтран хийж байгаа бизнестээ ашиглах зорилгоор миний ахад янз бүрийн нөхцөл санал болгож, гуйж ятгасаар 2014 оны 03 сард бидний бэр эгч Б.ын нэр дээр байсан 15 хороолол, 38а байр, 45 тоот хаягт байрлах, 3 өрөө байрыг өөрсдийн зээлийн барьцаанд тавьж, буцаан өгөх нөхцөлтэйгөөр авсан. Улмаар Д.*******, Ч. нар нь уг байрыг Хаан банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зээлээ 2016 оноос хойш төлөөгүйн улмаас дээрх хэлцэлд тусгагдсан ахын маань 3 өрөө орон сууц одоо тус банкны өрөнд хураагдсан талаар Д.******* бидэнд мэдэгдсэн.
Д.*******тай бид 2016 оноос өнөөдрийг хүртэл эхлэн тасралтгүй уулзаж байраа буцааж авахаар шаардаж, аргадаж гуйж байгаа боловч Ч.тэй харьцах хэрэггүй, би Ч.гээс шүүх прокуророор дамжуулж 1 000 000 000 төгрөг авна, тэр мөнгөө авахаар би байрны чинь асуудлыг шийдэж өгнө, эсвэл тэр хугацааг хүлээхгүйгээр наана нь байрыг чинь юм уу, Сансарт яг адилхан 3 өрөө байр авч өгнө, надад хэд хэдэн том талбайтай газрууд байгаа, тэдгээрээс зараад өгнө гэх мэтээр хойшлуулж өдийг хүргэлээ. Байр буцааж өгөхөөр тохиролцсон тухайгаа баталгаажуулан хариуцагч Д.*******тай 2017 оны 08 сарын 18-ны өдөр хэлцэл байгуулж талууд уг байр зээлийн төлбөрт хураагдах нөхцөл байдал үүссэн тул Д.******* нь М.*******д уг орон сууцыг 2017 оны 12 сарын 30-ны дотор буцааж өгөх эсхүл ижил чанар бүхий өөр орон сууцыг худалдан авч өгөхөөр тохирсон байдаг. Мөн 3 өрөө байрны үнийг тухайн үеийн зах зээлийн ханш 100 000 000 төгрөгөөр тооцон төлбөр авагч М.*******д төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Би Ч.*******г мөнгө өгнө гэж найдаж байсан, учир нь 2019 онд Ч.гээс мөнгө гаргуулах шүүхийн шийдвэр гарсан, Ч.гээс мөнгөө авбал ахын чинь байрны асуудлыг шийдээд 100 000 000 төгрөгөөр тооцоод өгнө, Ч.н асуудал цагдаа дээр явж байна гэж Ч.******* хэлэхээр нь би аавын хамт Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар очиж уулзахад Ч.*******гаас Ч.тэй холбоотой төлбөрийн асуудал прокурор луу шилжсэн гэж тайлбарласан. Хариуцагч Д.*******, Ч. нар орон сууцыг нь Хаан банкны зээлд тавиад 48 000 000 төгрөг, 48 000 000 төгрөг хувааж аваад байрыг буцааж өгөөгүй. Хариуцагч нар миний ахыг Америкт амьдардаг мөнгөтэй гэж сүрхий зүйл бодоод байна. Яаж төлөхөө хариуцагч нар мэдэж байгаа, иймд орон сууцны үнэ 100 000 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.******* нь , байртай холбоотой худалдах, худалдан авах гэрээ болон орон сууцны зээлтэй холбоотой харилцаанд орж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий орон сууцыг 2014 оны 05 сарын 05-ны өдөр М.Гэрэл, Ч. нар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Ч.н өмчлөлд шилжсэн. Ч. урьдчилгаа 20 хувийг төлж үлдэх 96 000 000 төгрөгийг зээлээр төлөх гэрээг Хаан банктай байгуулж, зээлийн төлбөрийг 2014 оны 05 сарын 03-ны өдрөөс 2016 оны 03 сар хүртэл Хаан банканд төлж байсан. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 211 тоот магадлалаар орон сууц нь хариуцагч Ч.н өмчлөлд байсан нь тогтоогддог. Ч.н өмчлөлийн байрыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүнийг оролцуулахгүйгээр М.*******, Д.******* нар хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус юм. Ч. нь орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр М.Гэрэлээс шилжүүлэн авсан тул М.Адьяасамбуу бус М.Гэрлээ нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж бодож байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрлээ гэх хүн хамааралгүй, би төлөөлж байна гээд байгааг ойлгохгүй байна. М.******* нь ямар арга замаар Д.*******тай хэлцэл байгуулсныг мэдэхгүй, хэлцлээрээ дамжуулан дахин мөнгө олох гэсэн санаа зорилготой байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэж байсан М.Гэрлээ гэх хүн яагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирэхгүй байгаа юм бэ, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж бодож байна. Гэрч Б. сая Д.*******, Ч. нар надад өр төлбөргүй гэж хэллээ. Орон сууцны өмчлөгч нь өөрөө байхгүй байхад Д.******* яагаад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь 2014 оны 03 сард Хаан банканд ажилладаг найз Ганбатын хамт тус банкнаас орон сууцны зээл авахаар тохиролцсон, нэр дээр нь зээл авах хүн хэрэгтэй гэж санал тавьсны дагуу Ганбатын хадам дүүгийн , орон сууцыг одоогийн зээлээс нь чөлөөлж, зээлийн барьцаанд тавьж зээл авч, авсан мөнгөө 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Ингээд 2014 оны 05 сарын 05-ны өдөр Хаан банкнаас 96 000 000 төгрөгийн зээл авч, тус бүр 48 000 000 төгрөг хувааж авсан боловч Д.*******, Ганбат нар зээл төлөөгүй, би өөрийн нэр дээр зээл авсан тул 41 596 980.32 төгрөг төлсөн. Д.*******д зээлээ төл гэхээр Ганбатаас авахаараа төлнө, би аваагүй, Ганбатын дүү авч өмнөх зээлээ төлсөн гэсээр 2 жил боллоо. Миний бие эхнэрийн хамт Монгол банканд муу зээлдэгчийн ангилалтай, Хаан банктай шүүх дээр маргаантай, зардал их гарч байна. Нэхэмжлэгч М.******* нь Д.*******тай уулзан 100 000 000 төгрөгийн хэлцэл хийж тохиролцсон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нотлох баримтаар нотлогдож байна. Хэлцэл байгуулах үед орон сууц нь хариуцагч Ч.н өмчлөлд байсан, тэрээр тухайн орон сууцыг 2014 оны 05 сарын 02-ны өдөр М.Гэрлээгээс худалдаж авсан гэрээ нь хүчинтэй байхад М.Адьяасамбуу, Ч.******* нарт Ч.н орон сууцыг шилжүүлэх хэлцэл хийх эрхгүй. Ч. нь орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдаж авахдаа 24 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч, 96 000 000 төгрөгийг зээлээр төлөхөөр авсан, орон сууцны өмчлөгч нь Ч. юм. Хэрэгт авагдсан баримтаар орон сууцны өмчлөгч нь М.Гэрэлцогт, түүнээс Б.д бэлэглэлээр шилжсэн, түүнээс хэнд шилжсэн талаарх лавлагаа байхгүй. М.Гэрэл нь тухайн үед хууль ёсны өмчлөгч байсан учир худалдах худалдан авах гэрээ байгуулсныг банк шалгаж байж зээл олгодог. Зээлдэгч төлбөрөө төлж чадахгүй, эдний хооронд төлбөр мөнгөний асуудал байсан байх, гэхдээ М.******* нь өнөөдөр орон сууцны маргаанд ямар ч хамааралгүй, иймд Ч.гээс нэхэмжлэх эрхгүй. Орон сууц 2008 онд Б.ын нэр дээр шилжсэн баримт байхад гэрч Солонгос улсад ажилласан мөнгөөрөө байр авсан гэж ярьж байна, гэрч Б.ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч өөрөө мөнгөө хуримтлуулаад авсан гэх баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч М.******* нь орон сууцны үнэ 100 000 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг нийт 150 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Д.*******, Ч. нар хүлээн зөвшөөрөхгүй маргана. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж хариуцагч Д.*******, Ч. нар нь хэлцлээр тохирсон Баянзүрх дүүрэг, 7 хороо, 38а байр, 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц эсхүл 3 өрөө орон сууцны үнэ болох 100 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид өгөх үүргээ гүйцэтгээгүй тул орон сууцны үнэ 100 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувиар алданги тооцож 50 000 000 төгрөг нийт 150 000 000 төгрөг гаргуулна гэж,
Хариуцагч Д.******* татгалзлаа дэмжиж Баянзүрх дүүрэг, 7 хороо, 38а байр, 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 2014 оны 05 сарын 05-ны өдөр М.Гэрэл, Ч. нар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Ч.н өмчлөлд шилжсэн. Ч.н өмчлөлийн байрыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүнийг оролцуулахгүйгээр М.*******, Д.******* нар хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус гэж,
Хариуцагч Ч. татгалзлаа дэмжиж Баянзүрх дүүрэг, 7 хороо, 38а байр, 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц нь хэлцэл байгуулах үед хариуцагч Ч.н өмчлөлд байсан, тэрээр тухайн орон сууцыг 2014 оны 05 сарын 02-ны өдөр М.Гэрэл гэх хүнээс худалдаж авсан гэрээ нь хүчин төгөлдөр байхад М.Адьяасамбуу, Д.******* нарт Ч.н орон сууцыг шилжүүлэх хэлцэл хийх эрхгүй гэж тус тус тайлбарлажээ. М.Адьяасамбуу, Ч.******* нарын хооронд 2017 оны 08 сарын 18-ны өдөр хэлцэл байгуулагдсан ба уг хэлцлээр М.Адьяасамбуу нь бэр эгч Б.ын нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 7 хороо, 15 хороолол, 38а байр, 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаалуулах, хариуцагч Ч.*******, Ч. нар нь 3 өрөө орон сууц эсхүл түүний үнэ 100 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 4 тал/ Хэлцэлд хариуцагч Ч. гарын үсэг зураагүй боловч хэлцлийг ямар нөхцөлөөр тохиролцож байгуулсан талаар мэдэж байсан бөгөөд тухайн хэрэгт хамааралгүй гэх тайлбар нь ...иргэн Д.******* нь Баянзүрх дүүрэг, 7 хороо, 15 хороолол, 38а байр, 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих санал тавьсан, ... тохиролцооны дагуу орон сууц барьцаалж 96 000 000 төгрөгийн зээлийг тус бүр 48 000 000 төгрөгөөр хувааж авсан гэх тайлбараар үгүйсгэгдэж байна. /хэргийн 45 тал/ 2017 оны 08 сарын 18-ны өдрийн хэлцлээр нэхэмжлэгч нь орон сууц барьцаалуулах, хариуцагч нар тогтсон хугацааны дотор орон сууц эсхүл түүний үнийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байгаа нь талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцлийн гол нөхцөлийн талаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр, уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр бус гэж хариуцагч нар маргах боловч энэ талаар ямар нэг шаардлага гаргаагүй байна. Хариуцагч Д.*******, Ч. нар нь хэлцлийн дагуу нэхэмжлэгч М.Адьяасамбууд 3 өрөө орон сууц эсхүл орон сууцны үнэ 100 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн боловч үүргээ гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчсөн гэж үзлээ. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хэлцлээр тохирсон 2017 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохирсон. Нэхэмжлэгч алданги 50 000 000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэж байна. Баянзүрх дүүрэг, 7 хороо, 15 хороолол, 38а байр, 45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц нь бэлэглэлийн гэрээгээр 2005 оны 05 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлцогтод, 2008 оны 04 сарын 10-ны өдөр гэрч Б.ын өмчлөлд, 2014 оны 05 сарын 02-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч Ч.н өмчлөлд тус тус шилжиж, Ч. нь тухайн орон сууцыг барьцаалж Хаан банкнаас 96 000 000 төгрөгийн зээл авсан. /хэргийн 51-58, 156-157 тал/ 2014 оны 05 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хэлцлээр тохирсон нөхцөл болон зохигчдын орон сууц барьцаалахыг зөвшөөрсөн, орон сууц барьцаалж, зээл авсан гэх тайлбарыг давхар нотолж байна. Бэлэглэлийн гэрээгээр Б. өмчлөгч нь болсон орон сууц ямар байдлаар М.Гэрлээгийн өмчлөлд шилжиж тэрээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар зохигчдын тайлбар, гэрч Б.ын мэдүүлэг, хэлцэл, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, зээл, барьцааны гэрээг тал бүрээс нь хооронд харьцуулан дотоод итгэлээр үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Д.*******, Ч. нараас тус бүр 50 000 000 төгрөг, алданги тус бүр 25 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 907 950 төгрөг төлөхөөс 1 065 900 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Д.*******, Ч. нараас тус бүр 453 975 төгрөг нийт 907 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгох үндэстэй байна. Хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчид М.Гэрлээ, Ганбат нар энэ хэрэгт хамааралтай, хэрэгт оролцох ёстой гэх агуулга бүхий тайлбар гаргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар М.Гэрлээ, Ганбат нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал гуравдагч этгээд шүүхэд өөрөө хүсэлт гаргах эсхүл зохигчдын хэн нэг буюу хариуцагч нар хүсэлт гаргаснаар шүүх гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар заажээ. Тодруулбал М.Гэрлээ, н.Ганбат болон нэхэмжлэгч, хариуцагч нараас ийм хүсэлт гаргаагүй, эрхээ хэрэгжүүлээгүй тул шүүх гуравдагч этгээдийг өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Д.*******, Ч. нараас тус бүр 50 000 000 төгрөг, алданги тус бүр 25 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 065 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 157 950 төгрөг, хариуцагч Д.*******, Ч. нараас тус бүр 453 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай. 3.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн 184/ШТ2021/00119 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үйлчлэхийг дурдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР |