Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/03607

 

 

 

 

 

 

2021 11 09

101/ШШ2021/03607

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сум, 9 дүгээр баг, 13 дугаар гудамж 24 тоот хаягт оршин суух, Булгадар овогт Тогмидийн ******* /РД:ОО84111572/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Парксайд резиденс хотхон 823, Монос эмийн сангийн хаалга, 2 давхарт байрлах******* ХХК /РД:6215297/-нд холбогдох,

Тээврийн хөлс 8,557,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Т.******* нь зарын дагуу******* ХХК-д ажиллаж байсан Батпүрэв гэж хүнээс 8217УНЭ улсын дугаартай машиныг 03-р сарын 18-нд худалдаж авсан. Цар дахалтай холбоотойгоор хотод ирж чадахгүй тээврийн хэрэгслийг гэрчилгээг эгч Т.Цэрэнгийн нэр дээр гаргасан. Тухайн үед энэ машин Батпүрэв гэх хүний машин байсан бөгөөд машин нь******* ХХК-ийн нэр дээр байсан ба энэ машинаараа ажил хийж байсан. Учир нь байгууллагын нэр дээр машинаа шилжүүлж байж ажил хийдэг. Миний бие энэ машиныг худалдаж авсныг хариуцагч тал мэдэж байсан бөгөөд би 2021 оны 3 сарын 22-ны өдөр******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, энэхүү машинаар 3-р сарын 18-ны өдрөөс 4-р сарын 06-ны өдрийн хооронд 6 удаагийн 270 км тээврийг хийж 8,557,210 төгрөг хөлс авахаар болсон. Цалин тооцоогоо удаа дараа нэхэмжилсэн боловч өгнө гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ.

Энэ машиныг өмнө нь эзэмшиж байсан хүнд олгосон илүү цалингаа миний цалингаас тооцож хасаж суутгана гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед цар тахалтай холбоотойгоор зам хаасан байсан учир Төв салбар дээр очиж гэрээ хийх боломжгүй байсан бөгөөд бид Хулан гэж компанийг төлөөлсөн хүнтэй гэрээ хийсэн. Хулан нь энэ компанийн захирал байсан. Хөдөлмөрийн гэрээн дээр тамга нь дарагдах ёстой юу эсвэл тэмдэг дарагдах ёстой юу гэдгийг би мэдэх боломжгүй. Энэ байгууллагын дотоод асуудал байх. Иймд 2021 оны 3 сарын 18-ны өдрөөс 2021 оны 4 сарын 06-ны хооронд ажилласан тээврийн хөлс болох 8,557,210 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* нь тус байгууллагын гэрээт тээврийн хэрэгсэл болох 8217УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 6 удаагийн рэс хийсэн болох ажлын хөлс нь 8,557,210 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч байгаа.

Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрс худалдагч авагч талаас гэрээний үлдэгдэл төлбөрөө авч чадаагүйн улмаас жолооч нарын хөлсийг тавьж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Одоо манай компани дээр Нийслэлийн татварын газрын дөрөв дүгээр шалгалт орж байгаа бөгөөд 2017 оноос хойш татвар төлөх санхүүгийн үйл ажиллагааг шалгуулах явцад тээврийн жолооч нарт цалин хөлс олгохдоо хүн амын орлогын албан татварыг суутгаж аваагүй гэх зөрчил манай байгууллагад ноогдсон байгаа. Энэ нь 2020 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар жолооч нарт олгосон цалин хөлснөөс 10 хувийг суутгаж татварын байгууллагад олгох ёстой байсан боловч хууль зүйн мэдлэггүй улмаас шууд цалинг олгож байсан. Тиймээс Т.*******ээс өмнө уг 8217УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ө.Батпүрэв гэж хүн эзэмшиж байсан бөгөөд тээвэр хийж байсан хугацаанд нийт 56 рэс хийсний төлбөрт 73,186,656 төгрөгийг хүн амын орлогын албан татварыг суутгахгүйгээр олгосон тул 7,318,665 төгрөгийг татварт нөхөн суутгаж аваад үлдэгдэл 1,235,535 төгрөгөөс ахин татварын 10 хувь буюу 123,853 төгрөгийг суутгаж авч үлдэгдэл төлбөр 1,114,694 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь манай байгууллагад нүүрс тээвэрлэж байсан хэдий ч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд манай байгууллагын тамга дарагдаагүй салбарын тэмдэг дарагдсан байсан. Байгууллагыг төлөөлж захирал Б.Хулан гэж хүн гэрээ байгуулах эрхтэй хэдий ч түүний гарын үсэг нь биш байсан. Бид нар ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээг төв дээрээ байгуулж, нийгмийн даатгалыг нь төлдөг байсан. Иймд Т.*******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэв.

 

Зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь ажлын хөлс 8,557,210 төгрөгийг хариуцагч******* ХХК-с гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас 1,114,694 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд тээвэр хийсэн ажлын хөлс болох 8,557,210 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Нэмэх тээвэр ХХК болон иргэн Т.******* нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 3-5 дугаар тал/

Энэ гэрээгээр ажиллах байр буюу албан тушаалын нэр нь жолооч, ажиллах хэлтэс, нэгж нь******* ХХК, гэрээний хугацаа 1 жил, үндсэн ажлын байр гэж тодорхойлсон байх бөгөөд үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцлийн талаар тохиролцоогүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Т.*******ийг******* ХХК-нд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртлэх хугацаанд 82-17 ӨМЭ улсын дугаартай Норд бенз маркын машинаар 6 удаагийн тээврийн ажил хийж ажлын хөлс нь 8,557,210 төгрөг болсон талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр байгууллагын тамга биш тэмдэг дарагдсан. Байгууллагыг төлөөлж гэрээ байгуулсан хүн болох Б.Хулан гэх гарын үсэг түүний гарын үсэг биш тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж маргасан.

Зохигчдын хэн алиных нь тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 3 сарын 22-ны өдөр талуудын хооронд гэрээ байгуулагдаж, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртлэх хугацаанд Т.******* нь 8217ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 6 удаагийн тээвэр хийж, энэ хугацааны ажлын хөлс нь 8,557,210 төгрөг болсон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 30, 33-35 дугаар тал/

Нэг талаас тохиролцсон ажил үүрэг гүйцэтгэх, нөгөө талаас тухайн ажил үүрэгт тохиролцсоны дагуу хөлс төлөх үүргийг талууд харилцан тохиролцож хийсэн гэрээ нь агуулгаараа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар, хөлсөөр ажиллуулах гэрээний агуулгад нийцэж байна гэж үзэв.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Тодруулбал талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан хэдий ч гэрээний зүйл нь тодорхой ажлын үр дүн биш байх бөгөөд ажил үйлчилгээний хэлбэрээр тодорхой цаг хугацаанд үргэлжлэх шинжтэй, ажиллагч зөвхөн өөрөө /тээврийн хэрэгслээ ажиллуулагч талын нэр дээр шилжүүлж, тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж, том оворын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх бүхий этгээд байх/ хийж гүйцэтгэх агуулгын хувьд Хөлсөөр ажиллах гэрээний агуулгад нийцэж байна.

Хэдийгээр хариуцагчаас гэрээнд байгууллагын тамга биш тэмдэг дарагдсан, байгууллагыг төлөөлж гэрээ байгуулах эрх бүхий этгээдийн гарын үсэг биш гэж тайлбарлаж байх хэдий ч энэ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийн нэгдэл, тэдгээрийн хооронд үүссэн харилцааг үгүйсгэх, гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл биш бөгөөд талуудын хоорондох харилцааг энэ гэрээгээр зүйлчлэн зохицуулахад саад болохгүй байна.

Нөгөө талаас эл харилцааг хөдөлмөрийн гэрээ байгуулж, зохицуулаагүй нь талуудыг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын агуулгад нийцэж байна гэж үзэв.

Хариуцагчийн Т.******* нь 8217 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 6 удаагийн тээвэр хийж, энэ хугацааны ажлын хөлс нь 8,557,210 төгрөг болсон хэдий ч тухайн тээврийн хэрэгслийг өмнө нь эзэмшиж байсан этгээдэд хүн амын орлогын албан татварыг суутгалгүй 73,186,656 төгрөгийн цалин, хөлс олгосон тул түүнд ногдох татвар 7,318,665 төгрөгийг суутгаж үлдэх 1,238,535 төгрөгийг төлнө гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь бусдад илүү төлсөн гэх ажлын хөлсийг өөр этгээдийн ажлын хөлснөөс тооцон суутгаж байгаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэсэн тохиолдолд ажиллуулагч түүнд хөлс төлөх үүрэгтэй гэх заалтад нийцэхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-иас 8,557,210 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 8,557,210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 115,865 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА