Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/227

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001540252 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг 4-58 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны шөнө согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Шүр худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Жаргалан дэлгүүрийн касснаас хохирогч 550,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

        Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны шөнө согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Шүр худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Жаргалан дэлгүүрийн касснаас хохирогч 550,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын сүүл үеэр байх тухайн үед эхнэртэйгээ гэр бүлийн маргаанаас болж маргалдаж гэрээсээ явж гадуур архи ууж хэсэг явсан. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр , , гэх найзуудын хамт ******* сумын 11 дүгээр баг Солонго хотхонд архи уусан. Ингээд орой нь хонох газар байхгүй буудал авахаар болсон боловч мөнгөгүй байса...Хадам ээж эзэмшлийн гэр ахуйн барааны дэлгүүр рүү очиж мөнгө авах санаа төрсөн. Хадам ээж эзэмшлийн дэлгүүр нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Шүр захын үүдэнд байрлах Жаргалан гэх нэртэй дэлгүүр юм. ...би ганцаараа гарч Жаргалан дэлгүүр рүү нэвтэрч нэгж зардаг кассан дээрээс нэгж борлуулсан дэвсгэртүүдээс 550,000 төгрөгийг бэлнээр авч буцаж гарсан. Жаргалан дэлгүүр рүү орохдоо ямар нэгэн эд зүйл эвдэж нэвтэрсэн зүйл байхгүй. Хадам ээж нь надаар бараа буусан үедээ ачаа бараа зөөлгөдөг, дэлгүүрийн ажилдаа туслуулдаг байсан учраас дэлгүүрийнхээ хаалганы түлхүүрийг надад өгсөн. Ийм учраас би тухайн түлхүүрээр хаалга онгойлгож дотогш орсон. ...Би дэлгүүр рүү нэвтрэх үедээ хадам ээж ад хэлж мэдэгдсэн зүйл байхгүй нууцаар орсон...” гэх мэдүүлэг, хохирогч "...2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим дэлгүүр дээрээ очоод байж байхад манай худалдагч надаас "та касснаас мөнгө авсан юм уу" гэж асуусан. Тэгэхээр нь би "яасан юм бэ, хэдэн төгрөг байхгүй байгаа юм бэ" гэж асуусан чинь надад "тооцоо хийгээд 550,000 төгрөг дутаж байна" гаж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрэв хулгай орсон бол бүх мөнгийг нь аваад явмаар юм, наадах чинь дотроосоо авсан байх гэж бодоод хяналтын камераа шүүж үзсэн. Манай дэлгүүр хаахдаа дотор хяналтын камераа унтраагаад явчихдаг юм. Тэгээд Шүр зах дотор болон гадна байдаг хяналтын камерын бичлэгийг шүүгээд үзсэн чинь манай хүргэн шөнө буюу 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00 цаг 50 минутын орчим манай дэлгүүр рүү ороод гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Манай дэлгүүр 2024 оны 01 дүгээр сард бараа буулгасан юм. Тэр үед манай охин , хүргэн нар бараа буулгалцсан. Тэр үед дэлгүүрийн илүү түлхүүрийг ******* өгч, түлхүүрээ буцааж аваагүй байсан. Манай дэлгүүрийн кассанд байсан 550,000 төгрөг байхгүй болчихсон байна. Одоогоор өөр мэдэгдэх зүйл байхгүй байна. нь манай дэлгүүрээр дураараа орж гарах эрх бол байгаа. Зарим үед бараа буух үеэр ******* түлхүүрээ өгөөд бараа буулгаад ир гээд явуулдаг. Харин хулгай хийх эрх байхгүй. ...Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Хүргэн нь миний 550,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан учир энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.ийн “...Би өнөөдөр 10 цагт ажил дээрээ буюу Жаргалан гэр ахуйн барааны дэлгүүрт очсон. Дэлгүүр дээр очоод кассаа онгойлгосон чинь дотор нь байсан мөнгө эмх замбараагүй болчихсон боодолтой байсан мөнгө задарчихсан байсан. Тухайн үед би захирал ыг шөнө ирээд мөнгө авсан байж магадгүй гэж бодоод орхисон. Үдийн дараа 17 цагийн орчим захирал ажил дээр ирэхээр нь "та касснаас мөнгө аваа юу, 550,000 төгрөг дутаад байна" гэж хэлсэн. Тэгсэн захирал "би аваагүй ш дээ, авсан бол чамд хэлнэ” гэж хэлсэн. Тэгээд захирал охин гаа дуудаад удахгүй ирсэн. ирээд ганцаараа Шүр захын камер шүүхээр орсон. Би удалгүй араас нь очсон чинь олчихлоо гээд зураг дараад зогсож байсан ба надад харуулаад дэлгүүр рүү орж байгаа хүн манай нөхөр байна гэж хэлсэн. Мөнгөний касс гэх нь хаашаа юм модон шургуулгатай шүүгээ байдаг юм. Шүүгээний дээд талын шургуулгад мөнгөө хийж орхидог ба цоожгүй шургуулга байдаг. Намайг өглөө очиход хаалттай байсан. Хүн явсан гэхээр ул мөр байсан эсэхийг сайн ажиглаж хараагүй, өглөө дэлгүүрээ түлхүүрээр онгойлгож орсон болохоор юм бодоогүй орсон. Хүн явсан гэхээр шавар шалбааг байгаагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ад 550,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан тул гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА