Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2024/00232

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02  дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00946 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01134 дүгээр магадлалтай,

Д.Г-ын нэхэмжлэлтэй,

П.Г, П.Гэ нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч П.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагч П.Г-ийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч П.Г, П.Гэ нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00946 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2200000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, БАА-2 дугаар гудамж, 00  тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг П.Г, П.Гэ нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Г, П.Гэ нараас 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г, П.Гэ нараас 70,200 төгрөг гаргуулж Д.Г-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01134 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00946 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт "Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх" гэснийг "Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх" гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтад "эрхтэй" гэснийг "эрхтэйг дурдсугай" гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч П.Г-ийнхяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 210/МА2024/01134 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасны дагуу гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 2 орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул хариуцагч нараас Баянгол дүүргийн 7 дугаар хороо, БАА-2 дугаар гудамж, 00  тоот байр, 7 дугаар давхар хаягт байрлах, 107.26 м.кв, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхтэй.” гэж дүгнэсэн. Хариуцагч нарын гаргасан “Нэхэмжлэгч нь үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг олж аваагүй.” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Д.Г нь 2023.03 сард П.Гтай тохиролцон Баянзүрх дүүрэг, цайз захын ойролцоо 2 орон сууцыг байрлал сайтай газарт 2 өрөө орон сууц болгох зорилгоор П.Гэ-тэй уулзсан. Д.Г, П.Г нар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, БАА-2 дугаар гудамж, 00  тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалтай 107.26 м.кв, дуплекс загварын П.Г-ийнөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түр барьцаалах санал тавьсны дагуу П.Гэнь Д.Г-, П.Гэ нартай 2023.03.15-ны өдөр ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Дээрх гэрээний дагуу Д.Г- нь өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг нийт 200,000,000 төгрөгт тооцон П.Г-ийннэр дээр шилжүүлсэн. Д.Гэ нь Д.Г-д уг хэлцлээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг баталгаа болгон барьцаалсан. Гэтэл Д.Г- нь П.Гаас авахаар тохирсон орон сууц нь ашиглалтад орохгүй хугацаа алдсан гэж арилжааны гэрээ байгуулаад баталгаа болгон барьцаалсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түр шилжүүлэн авсан. Д.Г-ын өмчлөлд түр шилжүүлсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бол тус хэлцлийн үнэнд харьцуулахааргүй үнэ ханштай буюу 800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барьсан. Гэтэл Д.Г нь маргаан бүхий хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй атлаа төлсөн мэт, их хэмжээний хохирол учруулаад байна. Д.Г-, П.Г нарын байгуулсан хэлцлийн баталгаа болгосон хөрөнгөөр Д.Гэ-ийн хохироож байгаад гомдолтой байна.

Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3-т “Д.Г-од П.Г, П.Гэ нарын баталгаа болгож шилжүүлсэн БГД, 7 дугаар хороо, БАА-2 дугаар гудамж, 00  тоот, 7 давхарт байх 107.26 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад өмчлөх, эрх шилжүүлэх, бусдад барьцаалах эрхгүй байхаар талууд тохиролцов” гэж заасан. Гэтэл түр хугацаагаар буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр Д.Г-д баталгаа болгон барьцаалсан байтал уг маргаан бүхий хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй, өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй байтал шүүх өмчлөх эрхтэй гэж дүгнэсэн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 210/МА2024/01134 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч П.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.03-ны өдрийн 001/ШХТ2024/01049 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

7.  Нэхэмжлэгч Д.Г- хариуцагч П.Г, П.Гэ нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ,

“П.Г, П.Гэнартай 2023.03.15-ны өдөр ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэгт байрлах Арцат вилла-2 хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авах, төлбөр тооцоог төлөх тухай тохиролцсоны дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололын өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг нийт 200,000,000 төгрөгт тооцож П.Г-ийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нар баталгаа болгож Баянгол дүүргийн 7 дугаар хороо БАА-2 дугаар гудамж, 00  тоот байр, 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэлээр шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2023.09.19-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, уг 107.26 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Иймд тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, олох байсан орлого 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласныг,

Хариуцагч П.Г нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “…Д.Г-д Хан-Уул дүүрэгт байрлах Арцат вилла-2 хотхонд 50 м.кв орон сууцыг өгөх хүртэл хугацаанд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, БАА-2 дугаар гудамж 00  дугаар байр, 7 дугаар давхарт байрлах П.Г-ийнөмчлөлийн 107,26 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлсэн. Гэтэл П.Гэ-д дээрх үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлж өгөөгүй.” гэж,

Хариуцагч П.Гэ“… Д.Г- болон П.Г нар маргааны зүйл болсон тус үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаанд буюу Арцат вилла хотхонд захиалсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл барьцаа, баталгаа болгон барьцаалсан. Энэ үл хөдлөх хөрөнгө нь Д.Г болон П.Г нарын байгуулсан гэрээний үнэтэй харьцуулахгүй буюу 800,000,000 төгрөгийн ханштай. Гэтэл өөрсдийн байгуулсан гэрээний баталгаа болгож намайг хохироож байна.” гэж тус тус маргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...Талууд арилжааны гэрээ байгуулсан. П.Гэ өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулсан ба олсон мөнгийг энэ сууцны төлбөрт шилжүүлсэн, Хан-Уул дүүрэгт байрлах Арцат вилла-2 хотхоны сууц ашиглалтад орсон үйл баримт тогтоогдоогүй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, БАА 2 дугаар гудамж, 00  дүгээр байр, 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Г нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй, харин Д.Г нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлэх, өмчлөгчөөс хөлс шаардсан нь үндэслэлгүй бөгөөд олох байсан орлого 6,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв үзэж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн тайлбар, хүсэлт тэдгээрийн агуулгыг тодруулаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө 800,000,000 төгрөгийн ханштай, гэрээ байгуулах үед 107.26 м.кв дуусаагүй, 80 хувийн гүйцэтгэлтэй байсан, барилгын зурагт өөрчлөлт оруулж 209 м.кв болгосон гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “...талууд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар маргаагүй, талбайн хэмжээ өөрөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдоогүй.” гэж, хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

11. Мөн зохигчийн хооронд 3 удаа гэрээ байгуулагдсан ба үүнээс сүүлийн 2 гэрээ нь “Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлагын зүйл болох үйлчилгээний талбайг шилжүүлэх тухай гэрээ байна. Шүүхийн дүгнэлтээс эдгээр гэрээний чухам алийг үндэслэж өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар баримтгүй байна.

12. Энэ 3 гэрээний эхний гэрээ буюу 2023.03.10-ны өдрийн Арилжааны гэрээгээр Д.Г-ын өмчлөлийн 2 ширхэг орон сууцыг нийт 200,000,000 төгрөгөөр, П.Г-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр тус тус үнэлж арилжсан ба үнийн зөрүү байхгүй гэж,

Дараагийн 2023.03.15-ны өдрийн Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч талын үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож П.Г-ийнөмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр,

Сүүлийн гэрээ буюу 2023.09.19-ний өдрийн Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Арцат вилла-2 хотхоны орон сууцыг А талд шилжүүлсэн тохиололдолд 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг Б талд буцаан шилжүүлэн өгөх, Арцат виллад байрлах орон сууцны үний зөрүү гарвал төлөх нөхцөлийг тус тус тохиролцжээ.

13. Нэхэмжлэгч нь түүний өмчлөлд Арцат вилла-2 хотхоны орон сууцыг шилжүүлэх үүргийн гүйцэтгэлийн оронд хариуцагч нь өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх агуулгаар гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн хүлээсэн үүрэг биелэгдэх бодит боломжгүй болсон эсэх буюу энэ гэрээний дагуу хүлээх хариуцагчийн үүргийн зөрчил бий болсон эсэх нь тодорхой бус байна. Энэ талаар талууд мэтгэлцээгүй байна. 

Тодруулбал, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан агуулгаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан байж болох хэдий ч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан өмнөх үүрэг дуусгавар болсон эсэх нь тодорхой тогтоогдсон байх шаардлагатай.

Дээрх байдлаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул эрх зүйн уг асуудал тодорхой бус нөхцөлд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01134 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00946 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Д.Гэ нь 2024.07.16-ны өдөр 182,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                                       ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД