Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Хохирогч М.Мөнхчулуун, 

Шүүгдэгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Баасанжавын Солонгод холбогдох эрүүгийн 201725020015 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 50-7 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн 16-р дунд сургуульд үйлчлэгч ажилтай байсан, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Баасанжавын Солонго /РД: МО83121107/

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Солонго нь2016 оны 12 сарын 13-14-ний өдрийн шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, "Хөөрхөн" хуушуурын газар иргэн М.Мөнхчулууныг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Солонго нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг бүртгэлтийн шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Солонго нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн өглөө манай нутгийн Алгирмаа “хуушуурын газар ажиллаач” гэхээр нь за гээд маргааш нь долоон буудлын эцэст “Хөөрхөн” нэртэй хуушуурын газар очсон. Тэнд Алгирмаа болон хамт ажилладаг М.Мөнхчулуун гэдэг эгчтэй цуг ажилласан. Тэгтэл Алгирмаа “өнөөдөр ажиллахгүй хаалаа төрсөн өдрөөр чинь юм өгч чадаагүй гээд тэмдэглэе” гээд 0.5 граммын архи, 0.33 граммын архи зэргийг бид 3 хувааж уусан. Тэгээд би ус уух гээд зааланд сууж байгаад гал тогоонд ороод байж байтал миний араас Мөнхчулуун ирсэн. Тэгээд миний хойно хүрч ирээд нэг юм хэлэхээр нь би Мөнхчулуун эгчийг түлхэж унагасан. Би энэ талаар сайн санахгүй байгаа тухайн үед маш их согтсон байсан. Ямар ч байсан Мөнхчулуун эгчтэй зодолдсон гэдгээ мэдэж байна. Би Мөнхчулуун эгчийн толгой руу нь таягаар цохисоноо хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөнхчулууны эмчилгээний төлбөрийг төлж барагдуулна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

Хохирогч М.Мөнхчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би зарын дагуу Алгирмаагийн “Хөөрхөн” гэдэг нэртэй хуушуурын газарт ганцаараа ажиллаж байсан. Тэгээд би ажлаа барахгүй байсан учир “нэмж хүн олж өгөөч” гэхэд Алгирмаа зөвшөөрч тэр оройн 17 цагийн үед Солонгоог дагуулан хүрч ирсэн. Тэгснээ Алгирмаа хаалгаа хаагаад архи уухаар болсон. Би тэндээс явлаа гэхэд “та байж бай” гээд байсан. Тэгээд архи ууж байхад Алгирмаагийн хүүхэд нь өлссөн учир би хуушуур хайрсан. Тэгэхэд Алгирмаа “таны хуушуур хатуу болж байхад Солонгын хуушуур зөөлөн болоод байна. Юундаа байдаг юм бол” гэж байсан. Тэгэхэд Солонго “би адилхан материалаар нь хайрсан” гэж хэлж байсан. Би буруу хараад сууж байхад гэнэт толгой дундуур тас хийсэн. Тэгээд дахин таягаар цохисон. Тэгээд Алтаншагайн хуурай дүү нь түргэн дуудаад би гэмтлийн эмнэлэг рүү явж, оёдол хийлгэсэн. Их цус алдсан учир намайг эмнэлэгт хэвт гэж байсан боловч би хэвтэлгүй дүүргийн эмнэлгээрээ боолт хийлгэж байсан. Тариа хийлгэ гэсэн боловч мөнгө байхгүй байсан учир таньдаг хүнийхээ эмнэлэгт 5 хоног хэвтэж байсан. Байцаагч “Солонгоог дуудахад ирэхгүй байна” гэж надад хэлж байсан. Одоо миний биеийн байдал гайгүй байна. Би эмчилгээнд 267.000 төгрөг зарцуулсан. Мөн Солонгоо нь имра зурагний 150.000 төгрөгийг өгсөн байсан. Энэ 150.000 төгрөг нь 267.000 төгрөгөөс хасагдахгүй. Би одоо 267.000 төгрөгөө нэхэмжилж байна. Имра зураг нь 350.000 төгрөгөөр авахуулах байсан боловч 150.000 төгрөг нь хүрээгүй. Одоо нарийвчилсан имра зураг авахуулах шаардлагатай гэв.

Хохирогч М.Мөнхчулуун нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 12 сарын 10-ны өдрөөс 7 буудлын эцэс дэх "Хөөрхөн" хуушуурын газар тогоочоор ажилд орсон юм. Тэгээд 2016 оны 12 сарын 13-ны өдөр тус хуушуурын газрыг түрээслүүлж ажилуулдаг Алгирмаа гэх эмэгтэй Солонго гэх эмэгтэйг надтай хамтран ажилуулахаар 17 цагийн үед дагуулж ирсэн юм. Тэгээд орой 18 цагийн үед намайг харих гэтэл Алгирмаа “Солонгоогийн төрсөн өдөр болж байгаа юм байна дээр нь би бие муутай шинэ оноор ирж чадахгүй учир 3-лаа тэмдэглэе” гээд 1 шил 0,75гр "Ерөөл" архийг авсан юм. Тэгээд уг архийг ууж дуусаад сууж байтал Алгирмаагийн хүүхэд нь “өлсөөд байна” гэхээр нь хуушуур хайрч өгөх санаатай босох гэтэл Солонгоо миний мөрөнд таягаар цохьсон тэгэхээр нь “хүүе яаж байнаа” гэтэл дахиад миний толгойруу таягаар цохьсон юм. Тэгтэл миний толгойноос цус гараад тэнд хамт байсан Алтаншагай гэх хүүхэд түргэн дуудсан юм. Би Солонготой хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй гэнэт л намайг таягаар цохьсон юм. Би нэг их согтоогүй байсан юм. Миний биеийн байдал одоо дунд зэргийн байгаа би "Энхжин" гэж хувийн эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчүүлсэн. Би гомдолтой байна эмчилгээний зардал нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.Алгирмаа хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “…Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд "Хөөрхөн" нэртэй хуушуурын газрыг түрээсэлж ажилуулахаар болсон юм. Тэгээд Мөнхчулуун, Солонго нарыг тогоочоор
авч ажлуулсан юм. 2016 оны 12 сарын 13-ны өдөр 19 цагийн үед тогооч Солонгын төрсөн өдөр мөн Мөнхчулуун Солонго нарыг танилцуулах гээд 1 шил 0,75 граммын Ерөөл архийг авч хувааж уусан юм. Тэгээд нэг хэсэг би ухаангүй согтуу байсан юм. Сэргээд босоод иртэл Мөнхчулууны толгой нил цус болчихсон байхаар нь “юу болсон юм бэ” гэтэл Солонго таягаар толгойд нь цохьсон гэж байсан юм. Би цохихыг нь хараагүй ухаангүй согтчихсон байсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            Гэрч Ч.Алтаншагай хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “…2016 оны 12 сарын 13-ны өдөр 17 цагийн үед манай тэнд амьдардаг Алгирмаа эгч би 7 буудал явах гэсэн юм миний хөл муу явж чадахгүй байна дээр нь жаахан хүүхдээ авч явах гэсэн юм. Надтай цуг хань болоод яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд цуг явсан юм. Тэгээд 7 буудлын эцэс дээрх " Хөөрхөн" хуушуур гэсэн нэртэй жижиг байшинд ирсэн. Бид нарыг очиход Мөнхчулуун гэх тогооч эгч байсан. Тэгээд 19 цагийн үед мөн уг хуушуурын газар тогоочоор ажиллах Солонгоо гэх эмэгтэй ирсэн юм. Тэгтэл Алгирмаа эгч Солонгоогийн төрсөн өдрийг тэмдэглэж чадаагүй нэг шил юм аваад өгчихье гээд 1 шил 0,75 граммын Ерөөл архи авч хувааж уусан. Уг архиа ууж дуусаад дахиад 0,33 граммын Ерөөл архийг авч уусан юм. Тэгтэл Солонгоо нь Мөнхчулуун эгчийг “таны хуушуур чинь амтгүй байна цай чинь онцгүй юм байна” гээд гоочлоод хэрүүл хийх гээд байсан Мөнхчулуун эгч юм дуугарахгүй суугаад байсан. Тэгтэл Алгирмаа эгч чи миний тогоочийг тэгж хэлээд байхдаа яадгийн гээд орилоод босоод ирсэн энэ үед Мөнхчулуун Солонгоод хандаж “чи зүгээр дуугай байж бай” гэтэл Солонгоо “би найзыгаа мэдэж байна чамд ямар хамаатай юм” гээд цайны жижиг аягаар Мөнхчулууны нуруун дундуур нь цохьсон тэгээд эргээд харахад нь Алгирмаа эгчийн таягаар Мөнхчулууны толгойд 2 удаа цохьсон юм. Тэгээд цагдаа дуудсан юм. Мөнхчулуун эгч ширээ мөргөж унасан асуудал байхгүй Солонгоо тэр эгчийг зодчихсон юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт ¹211: “...Дүгнэлт

  1. М.Мөнхчулууны биед тархи доргилт, зулайн язарсан шарх, нурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…шинжээч эмч Б.Ундармаа...” гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шатанд шинээр нотлох баримт болгон өгсөн хохирлын баримт болон эвлэрсэн талаар хүсэлт. Үүнд “шүүгдэгч Б.Солонготой эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно…” гэжээ.

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, захиргааны зөрчил авагдсан хуудас /хх-ийн 34-36 дугаар хуудас/, эмчилгээний баримт /хх-ийн 49-54 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, хорооны тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Солонго нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо "Хөөрхөн" хуушуурын газар иргэн М.Мөнхчулууныг “амтгүй хоол, цай хийлээ” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Мөнхчулуун, гэрч Ж.Алгирмаа, Ч.Алтаншагай нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №211 тоот акт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Солонгод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан гэм хорыг арилгасан, хохирогч М.Мөнхчулуунаас шүүгдэгч Б.Солонготой “сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, түүнийгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Солонго нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

 

            1. Боржигон овгийн Баасанжавын Солонгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Солонгод холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Солонгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Солонго нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Солонгод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Солонгод бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН