Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Ж.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ89082516 регистрийн дугаартай, Ж овогтой Г. Н.

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн нутаг “Дунд нуруу” гэх газраас ховор амьтан болох нэг тооны янгир ямаа /Capra sibirica/-г зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 2 700 000 төгрөгний хохирол учруулсан, улмаар түүхий эд болох нэг хөл махыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг 5-52 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овгийн Г. Н-ыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Н-аас гэм хорын хохирлын үлдэгдэл 3.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 100050000954 тоот дансанд олгож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-ыг цагдан хорьж ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан УА6735И гол төмрийн дугаартай, УА6735 замагны дугаартай, 2.150.000 төгрөгний үнэлгээ бүхий ОП-СКС маркийн ОХУ-д үйлдвэрлэсэн бууг ЦЕГ-002563 дугаартай гэрчилгээний хамт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 5 кг 940 гр янгирын нэг хөл махыг устгаж, Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Н нь шинжилгээний хураамжид 320.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нотлох баримт хэддүгээр хуудсанд авагдсан талаар шинжлэн судлуулаагүй, хэргийн материалд нотлох баримт байхгүй ба амьтны аймагт учруулсан хохирол нь биет байдлаар нөхөн сэргээгдэхгүй хохирол байна гэж дүгнэн 1 жилийн хорих ял оногдууллаа гэсэн байдаг. Хохирлын нөхөн төлбөрөөс шүүх хурлаас өмнө 2.400.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3.100.000 төгрөгийг ямаа самнаж ноолуур түүхий эдийг тушаахаар нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Г.Н нь өөрийн хийсэн үйлдлийг ухамсарлан ойлгож, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд болсон хэргээ үнэн зөвөөр мэдүүлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол нөхөн төлбөр болох 5.400.000 төгрөгийг төлж барагдуулсан, бага  насны 3 хүүхэдтэй, зан араншингийн хувьд төлөв даруу бусдад тусархуу, үг дуу цөөтэй залуу байдаг. Иймд Г.Н-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дахин гэмт хэрэг хийхгүй. Би ийм гэмт хэрэг хийж болдоггүй талаар хүмүүст ярьж ойлгуулна. Намайг нэг удаа өршөөж ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөөч гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан прокурорын тайлбар, дүгнэлт: Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлд нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж чадсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Тийм болохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б: Анхан шатны шүүх Г.Н-д нэг жилийн хорих ял оногдуулсан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны дараа байгальд учирсан хор хохирлыг бүрэн төлсөн. Одоо санал гомдолгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн нутаг “Дунд нуруу” гэх газраас ховор амьтан болох нэг тооны янгир ямаа /Capra sibirica/-г зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 2.700.000 төгрөгний хохирол учруулсан, улмаар уг янгир ямааны  түүхий эд болох нэг хөл махыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг 5-52 тоотод байрлах өөрийн гэртээ хадгалсан байна.

Уг үйл баримт нь: Гэрч Б.Г, Т.Г нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн үед Баяншанд баг 5-53 тоотод хүн агсам согтуу тавиад байна гэх дуудлагаар очсон. Тухайн үед “Галт зэвсэг 2019” арга хэмжээ явагдаж байсан. Гэрийн орны хөндийд Тоз-8 маркийн хоёр ширхэг буу, дээд хөндийд СКС маркийн буу байсан. Бүртгэлтэй эсэхийг асуухад бүртгэлгүй, хөлдөөгчнөөс нь нэг ширхэг тарвага, ангийн мах бололтой нэг ширхэг хөл мах гарч ирсэн” гэсэн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Г.Н-ын: “Би 2019 оны 09 дүгээр сарын эхээр хонь хариулж яваад Говь-Алтай аймгийн Халиун сумын Дунд нуруу гэдэг газраас агнасан. Тухайн үед явган явж байсан учраас нэг хөлийг нь авч гэртээ хадгалсан байсан. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Гэм буруугаа зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь бие гүйцсэн янгир ямааны гуя байна гэсэн дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б: “Манай аймгийн Бугат, Жаргалан, Тонхил сумдад янгир ямаа агнах 12 тусгай зөвшөөрөл гадаадын иргэдэд олгогдсон. Халиун сумд олгогдоогүй. Г.Н нь  Янгир ямааны эр бодгалийн экологи эдийн засгийн үнэлгээ 2 700 000 төгрөг, эм бодгалийнх 3 100 000 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Амьтны тухай хуулийн 37.2 дугаар зүйлд зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөсөн дүнгээр хохирлыг төлөх ёстой” гэсэн мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зэрэг хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч нь ховор амьтны ангилалд хамаарах янгир ямааг зөвшөөрөлгүйгээр агнаж, түүний нэг хөл махыг өөрийн гэртээ хадгалж байсан үйлдэл нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч нь хэн нэгэн хөндлөнгийн хүний албадлага шахалтгүйгээр хэргийн үйл баримтын талаар нотлох баримтын ач холбогдолтой үнэн зөв мэдээлэл өгч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. 

 Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж байсан бөгөөд уг шүүх хуралдааны дараа бүрэн нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж цаашид хууль бусаар ан агнах гэмт хэргийн хор уршгийн талаар хүмүүст ярьж ойлгуулах хүсэлтэй байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.Н-д анхан шатны шүүхээс оногдуулсан нээлттэй хорих байгууллагад 1 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай. Үүнд:

А. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад: Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1, 3 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ өдрөөс хойш 6 сарын хугацаанд Халиун сумын 20 иргэнд хууль бусаар ан агнах гэмт хэргийн хор уршиг, тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага, энэ  төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдсугай” гэж,

В. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Н-аас гэм хорын хохирлын үлдэгдэл 3.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 100050000954 тоот дансанд олгосугай гэснийг “Шүүгдэгч нь нийт 5 400 000 төгрөг төлж гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Н нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

  4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.Б

          ШҮҮГЧИД                                  Т.Ж

                                              Ч.Э