Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0093

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга д*******ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О, нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, гуравдагч этгээд Ц.Н, гуравдагч этгээд Ц.Н өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан, Л.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Б би 1998 онд хэн ч амьдардаггүй эзэнгүй газарт өөрийн төрсөн эх М агсан, төрсөн дүү Л.Ү, хүргэн дүү Ц.Н нарын хамт нүүн ирж, хүргэн дүү тусдаа хувийн сууц, би ээжийн хамт хувийн сууц барин, хоёр тусдаа хашаатай айл, хөршөөр амьдарч ирсэн бөгөөд уг газрыг тухайн үед хорооноос Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Тахилтын задгай гэх хаяг олгож, дараа нь манай энэ газрыг шинээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо болгож, оршин суух хаяг маань дээрх байдлаар өөрчлөгдсөн.

Би төрөлхийн зүрхний хүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай оношлогдож, одоог хүртэл хүний асрамжид, гэртээ байдаг бөгөөд ээж маань өндөр настай, асрамжид байгаад 2006 онд нас барсан болно.

Иймд бид хоёр өвчтэй байдгийн улмаас өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээгээ хөөцөлдөж авч чадаагүй бөгөөд хүргэн дүү Ц.Н “өөрийн өмчлөлийн газрын гэрчилгээгээ гаргуулчихлаа. Танайх гэрчилгээгээ гаргуулаарай" гэсэн тул хөрш хашаанд байгаа юм чинь манай газар байж байгаа гэж ирсэн юм.

Хүргэн дүү Ц.Н 2012 онд орон сууцанд орж, шилжиж явахдаа өөрийн хашаа байшинг холын худ ураг болох Д.У-т худалдсан байсан.

Гэтэл 2018 оны 9 сард Д.У нь манай газрыг өөрийн өмчийн 700 метр квадрат газар гэж үзэн чөлөөлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гэнэт гаргасан байдаг.

Би өмгөөлөгчөөр Ж.Б гэгчийг авч уг хэрэгт миний эрхийг хамгаалж оролцуулсан. Ингээд гэртээ байж байхад 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай гэрт ирж, намайг орон гэрээс минь хөөж, албадан нүүлгэх болсноо мэдэгдсэн.

Би шүүхэд маргаан маань хэрхэн дууссаныг мэдээгүй бөгөөд манай өмгөөлөгч байсан Ж.Б нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гарсан талаар, улмаар Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эсэх талаар надад мэдэгдэхгүйгээр хяналтын гомдол гаргах хугацааг дуусгавар болгосон байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр манай газар дээр давхцуулан хүргэн дүү Ц.Н газар эзэмших, өмчлөх гэрчилгээг гаргуулж, улмаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байжээ.

Ингэж миний 1998 оноос хойш амьдарч ирсэн газрыг маань Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь давхцуулан Ц.Н-ийн газар болгож эзэмшүүлсэн болох нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр тус албанаас хүмүүс ирж, намайг орон гэрээс минь хөөхөд л ойлгож мэдсэн бөгөөд манай өмгөөлөгч нөгөө талтай хуйвалдан шүүхийн шийдвэрийн талаар надад мэдэгдээгүй, мөн энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой болохыг шинэ өмгөөлөгч авснаар ойлгож мэдсэн.

Ц.Н болоод Л.Б миний амьдардаг, хувийн өмчлөлийн орон сүуц байгаа газрууд нь 1998 оноос хойш тусдаа хашаатай явж ирсэн байхад Чингэлтэй дүүргийн газрын алба манай хашаа руу оруулж Ц.Н-т газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчиж байна.

Би 1998 оноос үл хөдлөх хөрөнгөө барьж, амьдарч байсан газраа эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй боловч уг газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол үүссэн байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Газрын алба ийнхүү уг газрын төлөв байдлыг шалгаж тогтоогоогүй буруутай ажиллагааны улмаас миний өмч хөрөнгийн эрхийг хөндөж, газрыг давхардуулан олгож хууль зөрчсөн байна. Энэхүү хууль бус Чингэлтэй дүүргийн Засаг дарга, түүний Газрын албаны үйл ажиллагааны улмаас газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг дарга. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр хууль бус гэж үзэж байгаа тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-******* тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамж, Нийслэлийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-******* тоот газрын гэх 700 метр квадрат газар өмчлүүлсэн захирамж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ц.Н-ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, ******* тоот газрыг өмчлөгчөөр бүртгэсэн Г-220..... дугаар бүртгэл, өмчлөх эрхийг Д.У-т шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 52 дугаар захирамжаар Ж- асанд 300 метр квадрат газрыг эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар газрыг үндэслэлгүйгээр “газрын хэмжээг 700 метр квадрат болгож нэмэгдүүлж” өмчлүүлсэн нь манай ашиг сонирхол бүхий буюу өөрийн ашиглалтанд байлгаж, үл хөдлөх хөрөнгөө байршуулсан газартай давхцуулж олгосон байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т ”энэ хуулийн 5.1.5.2-т заасан газрыг тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах”, мөн зүйлийн 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” эрхтэй гэж заасан байна.

Ж******* нь газрыг анх 300 метр квадратаар эзэмшиж ирсэн нь зөв байсан гэж үзэхээр байгаа бөгөөд 2005 онд уг газрынхаа хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 700 метр квадрат болохоор хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг дарга нь Ж-д газрыг өмчлүүлэхдээ газрын хэмжээ, бусадтай давхцалтай эсэхийг хянаж тогтоохгүйгээр шийдвэрлэж, миний амьдарч байгаа газартай давхцуулж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 19 т заасны дагуу миний бие нь өөрийн амьдарч байгаа газрыг өмчлөх эрхтэй бөгөөд эрх, хууль ёсны үл хөдлөх хөрөнгө болох орон сууцаа өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжийн Ж асанд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “....Эрхийн улсын бүртгэлийн Г-2202..... дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4 дүгээр гудамжны 1.... тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Б.Ж /ХК250..../-ын 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гаргасан мэдүүлэг, хүсэлт, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 тоот захирамжаар олгосон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг үндэслэн өмчлөлд нь бүртгэсэн байна.

Улмаар 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.Н /ОЭ720..../-ийн өмчлөлд бүртгүүлсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Н нь бусдын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна. Иргэн Н нь уг газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилсөн мэдээлэл өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд байхгүй байна.

Дээр дурдсан бүртгэлийн нотлох баримт бичгээс үзэхэд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэхээс татгалзаж буцаах үндэслэл байгаагүй бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.8-д заасны дагуу бүртгэлийг хийсэн нь хуулийн дагуу үйлдэл болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын 3-16... тоот хаягтай иргэний ахуйн зориулалт бүхий 300 мкв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын ! 2003 оны 52 дугаар захирамжаар иргэн Базарын Ж*******д эзэмшүүлсэн. Улмаар иргэн Б.Жд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар 700 мкв талбай бүхий газрыг өмчлүүлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд дүүргийн Засаг дарга иргэн Б.Ж-д газар эзэмшүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын 3 дугаар гудамжны 1.... тоот хашааны газрыг иргэн Б.Ж-д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны А/52 дугаар захирамжаар эзэмшүүлж улмаар нийслэлийн Засаг даргын 2005 оны А/330 дугаар захирамжаар Б.Ж-д өмчлүүлжээ.

Үүнийг улсын бүртгэлд бүртгэсэн. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар иргэн Б.Ж-д олгосон газар өмчлөлийн захирамж нь нэхэмжлэгч талын хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй. Үл хөдлөхөд бүртгүүлснээр газар өмчлөлийн асуудлыг Нийслэлийн Засаг дарга харьяалж шийдэхгүй. Зөвхөн улсын бүртгэлд хүсэлтээ гаргах асуудал яригддаг.

Нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг уг захиргааны акт хөндөхгүй байна. Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай Е захирамж гаргана” гэж заасны дагуу өмчлүүлсэн, ийнхүү өмчлүүлсэн нь иргэн Б.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол, 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийн хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч Д.У шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар иргэн Б.Ж-д 69 м.кв газар давхцаж байна, Д.У-т, Л.Ү-д мөн газар давхцаж байна гэж байгаа юм. Харин албан бичигт дурдсан Л.Б-ын кадастрын зураг ирээгүй байгаа тул Нийслэлийн кадастрын мэдээллийн сангаас Л.Б-ын регистрийн дугаартай хайлт хийхэд эрх зүйн харилцаа үүссэн газар бүртгэгдээгүй байна гэсэн байдаг.

Би тухайн газрыг Ц.Н гэж хүнээс авсан. Өмнө нь Б.Ж гэж хүн байсныг мэдэхгүй. Л.Ү гэдэг хүн бол энэ Ц.Н гэж хүний эхнэр нь юм. Харин Л.Б бол Л.Ү-ын төрсөн дүү нь юм. Энэ хүн хууль ёсны газраа зарчхаад намайг хөдөө байх 3 жилийн хугацаанд дундуур нь хашаа барьсан байсан. Ингээд газраа зарсан мөртлөө одоо буцаагаад авах гээд байгаа юм.

Надад тухайн үед хийж өгч байсан кадастрын зураг зэрэг бүх зүйл байна. Энэ хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдэгдсэн. Уг маргаан бүхий газартай холбоотой иргэний хэрэг нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр тус тус хянан хэлэлцэгдэж, улмаар давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хэргийг шат шатны шүүхээр хянан хэлэлцэх явцад шаардлагатай бүхий л нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж, шинжээчээр дүгнэлт гаргуулж, талууд болон гэрчүүдийн тайлбар мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн байдаг бөгөөд энэ явцад иргэн Л.Б уг газрын хууль ёсны шударга эзэмшигч биш, маргаад байгаа газар нь иргэн Д.У миний газар болох нь нотлогдсон байдаг.

Иймд шүүхээс иргэн Л.Б-ын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу маргаан бүхий газрыг, шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан чөлөөлөх болоход Л.Б-ын хувийн байдал, аж амьдралыг х*******зан үзээд, харилцан тохирч албадан чөлөөлүүлэх ажиллагааг хойшлуулах явцад ийнхүү Захиргааны хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байна.

Улмаар хуулийн дагуу газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, түүний үндсэн дээр тухайн газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжууд мөн хуульд заасны дагуу уг газрыг худалдаж худалдан авсан бүртгэлийг хийсэн Эд хөрөнгийн бүртгэлийн газрын бүртгэл зэрэг нь хууль ёсны, үнэн зөв байх тул иргэн Л.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Н, түүний өмгөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ж гэдэг хүн бол манай ээжийн эгч нь юм. Намайг оюутан болж ирэхэд л надтай хамт амьдарсан. Тэгээд хань ижилтэй болж 1999 онд газар аваад байшин барьж, нэг өрөөг нь гаргаж өгсөн. Намайг сургуульд ажилладаг байхад Чингэлтэй дүүргийн газрын албаны н.Б гэж хүн голд нь ганцхан кадастрын зураг хийсэн юм байна. Сүүлд нь н.Б гэж хүн нас барсан байсан. Намайг Д.У та энэ хашаандаа байхгүй юм чинь зарчих гэсэн. Тэгэхээр нь зарсан. Би зарахдаа энэ газрын урд талынх нь Л.Б-ынх, 1.... тоот нь минийх, газрын зураг нь ингээд гарчихсан юм, 1....тоот нь зөвшөөрөлгүй гэж хэлж байсан. Тэгээд хэдэн жилийн дараа Л.Б-ын газрыг миний газар гээд байгаа юм. Гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Тэгэхээр энэ хууль зүйн агуулгаараа Ц.Н нь энэ хэрэг яаж шийдвэрлэгдсэн ч миний эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй гэдэг агуулгын байр суурьтай оролцож байгаа байх.

Цаашдаа энэхүү хэрэг маргаан энэ захиргааны хэргээр хязгаарлагдахгүй байх. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байна гэж харж байна. Харин захиргааны байгууллага эзэмшүүлж, өмчлүүлж, цааш нь дамжуулж улсын бүртгэлд бүртгэхдээ тодруулаагүй нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед харагдаж байна. 2002 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ц.Н, Д.У гэх 2 хүний хувьд газар худалдах, худалдан авах гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаад үүнийг үндэслэн улсын бүртгэлийн акт Д.У-т өмчлүүлсэн учраас Ц.Н-аас Д.У-т шилжүүлсэн бүртгэл хийгдсэн юм. Үүнд бүртгэл үнэн байх гэх зарчим зөрчигдсөн байж болзошгүй. Захиргааны байгууллагын зүгээс нөхцөл байдлыг бүрэн харж үзээгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх байдал байхыг үгүйсгэхгүй.

Иргэн Л.Б-д хүчин төгөлдөр гэрчилгээгүй ч гэсэн 72 м.кв сууцыг 2011 оноос ашиглалтад оруулаад амьдарч байсан үйл баримт тогтоогддог. Улсын бүртгэлээс тал нь өмчлөлийнхөө газар дээр, ихэнх хэсэг нь бусдын өмчлөлийн буюу төрийн өмчлөлийн газар дээр байгаа энэ үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр иргэд хүсэлт гаргасан байхад үүнийг шалгалгүйгээр шууд бүртгэсэн нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд улсын бүртгэлээс үл хөдлөх хөрөнгийнх нь доорх газар бусдын өмчлөлд байхад улсын бүртгэлийн мэдүүлэг өмчлөгчийн зөвшөөрлийг авна гэх мэт процесс ажиллагаа дутуу хийснээс өнөөдрийн нөхцөл байдал гарсан байх” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б-оос тус шүүхэд хандан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-1... тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжийн Б.Ж-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-1... тоот 700 метр квадрат газрыг өмчлүүлсэн захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Н-ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 1.... тоот газрын өмчлөгчөөр бүртгэсэн Г-220....... дугаар бүртгэл, өмчлөх эрхийг Д.У-т шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч Л.Б-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “уг газарт 1998 оноос хашаа, байшин барьж амьдарсан. Газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй боловч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, газрын алба нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүй газрыг бусдад эзэмшүүлсний улмаас миний өмчлөх эрх, газар эзэмших эрх хөндөгдөж орон гэрээсээ албадан нүүхдээ хүрч байна” хэмээн тайлбарлан маргаж байна.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд:

            Нэгж талбарын 186......... дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 1... б тоот хаяг бүхий 300 м.кв талбай бүхий газрыг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны А/52 дугаар захирамжаар иргэн Б.Ж-д эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны А/330 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 700 м.кв газрыг түүнд өмчлүүлж, улмаар Б.Ж-аас 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ хандан гаргасан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт болон холбогдох бусад баримтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар Б.Ж-ын газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Г-220..... дугаарт бүртгэж, 0000366.... дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

            Улмаар Б.Ж-аас 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноо бүхий бэлэглэлийн гэрээгээр тухайн газрыг Ц.Н-т бэлэглэсэнтэй холбогдуулан Ц.Н-аас 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг холбогдох бусад баримтын хамт гаргасныг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Н-ийг нэгж талбарын 186.....2 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 1... б тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Г-220..... дугаарт бүртгэж, 000067... дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг түүнд олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны А/52 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны А/330 дугаар захирамж, газар эзэмших эрхийн болон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220.... дугаар бүртгэлтийн хувийн хэрэг, холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

            3. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 2/2157 дугаар албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 141 дүгээр албан бичиг болон 19 дүгээр хорооны Засаг даргын 2012 оны болон 2019 оны 134 дүгээр албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220.... дугаар бүртгэлтийн хувийн хэрэг холбогдох бусад баримтаар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороог 18 болон 19 дүгээр хороо болгон 2 хувааснаар маргаан бүхий газар болох нэгж талбарын 186... дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 1...б хаяг бүхий газар нь Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Тахилтын 4 дугаар гудамжны 1... тоот болж өөрчлөгдсөн.

            Гуравдагч этгээд Ц.Н 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр гуравдагч этгээд Д.Ут нэгж талбарын 186.... дугаар бүхий, Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Тахилтын 4 дугаар гудамжны ******* тоот хаяг бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлсэнтэй холбоотойгоор гуравдагч этгээд Д.У-аас 2012 оны 6 дугаар сарын 18-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан хүсэлт гаргасныг хариуцагч 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, ******* тоот” гэсэн хаягаар бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000084... дугаар гэрчилгээг олгосон.

            Д.У-аас 2012 оны 7 дугаар сарын 26-ний өдөр хаягыг зөвтгөн бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу улсын бүртгэлд хаягийг нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж, 1... тоот болж зөвтгөн бүртгэгдэж, 000115.... тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон болох нь тус тус тогтоогдож байна.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасанчлан тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны / хуулийн 15 дугаар зүйлийн 15.2. “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна”, 19 дүгээр зүйлийн 19.1.1 “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”  тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна, 24 дүгээр зүйлийн 24.1. “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 24.3. “Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй”, 24.8. “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгонохэмээн тус тус хуульчилжээ.

            Үүнтэй холбогдуулан шүүх, нэгэнт хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгч Л.Б болон газрын кадастрын зургийн мэдээллийн санд нэр тэмдэглэгдсэн Л.Ү хэмээх нэр бүхий иргэдээс 2019 оныг хүртэл хугацаанд дүүргийн Засаг дарга болон Газрын албанд хандаж газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд Л.Б /РД:НС71........./-ийн нэр дээр эрх зүйн харилцаа үүссэн бүртгэл байхгүй, нэхэмжлэгч Л.Б-ын өмчлөлд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж, 1... тоот хаяг байрлах хийгээд өөр бусад газарт байрлалтай ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нараас маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Ц.Н-т эзэмшүүлж, өмчлүүлсэн захирамжийг гаргаж байгаагүй, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/01774 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд Л.У-ын өмчлөх эрх бүхий 700 м.кв газраас 432.05 м.кв газрыг нэхэмжлэгч Л.Б хууль бусаар эзэмшин ашиглаж байгаа болохыг тогтоож, тус газрыг Л.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 3/1654 болон 3/1809 дүгээр албан бичиг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 15/1827 дугаар албан бичиг, 2021 оны 15/36 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 2/2157 дугаар албан бичиг, 2020 оны 1/1586 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2018 оны А/93 дугаар дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын  2021 оны 7/469 дүгээр албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй хэмээн үзлээ.

    Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.   Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Б-оос Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжийн Б.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-******* тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Ц.Н-т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-******* тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Н-ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, ******* тоот газрын өмчлөгчөөр бүртгэсэн Г-220..... дугаар бүртгэл, өмчлөх эрхийг Д.У-т шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА