Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/228

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421002410248 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг 209-А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг 24-62 тоотод 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд хохирогч урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний гэрт байх 24 инчийн жижиг хар өнгийн зурагтыг газарт унагаан шидэж, тус тоотын гадна төмөр хаалгыг өшиглөн эвдэж 249,015 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг байрны гадна талд байршуулсан байсан эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэн машины зүүн хойд хаалга зурагдаж халцарч хонхойж хойд гупер зүүн талаасаа зурагдаж халцран 455,400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсний улмаас нийт 704,415 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/


ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг 24-62 тоотод хохирогч урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний гэрт байх 24 инчийн жижиг хар өнгийн зурагтыг газарт шидэж, тус тоотын гадна төмөр хаалгыг өшиглөн эвдэж 249,015 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг байрны гадна талд байршуулсан байсан хохирогч эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэн гэмтээж 455,400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсний улмаас нийт 704,415 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2021 оноос 2024 оны 02 дугаар сар хүртэл хамтран амьдарч байгаад салсан. Тухайн үеэс хойш хэрүүл маргаантай байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын 6 дугаар баг 24-62 тоотод хамт байхдаа хоорондоо дахин  маргалдаж гэрт байсан жижиг хар зурагт, гэрийн гадна хаалга, тээврийн хэрэгсэл зэргийг нь эвдэлсэн. Өөр надад нэмж яриад байх зүйл байхгүй, эд зүйлүүдийг нь эвдэлсэн нь үнэн...” гэх мэдүүлэг, хохирогч “...Би 2024 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цагийн орчим ...ыг авч 24-62 тоотод ирээд хамт хоносон. Бид хоёр урьд хамтран амьдарч байсан хүмүүс байгаа юм. Өнөөдөр өглөө 08 цаг өнгөрч байхад гэнэт чанга орилж босож ирээд тавиур дээр байсан хэвийн ажиллагаатай байсан 24 инчийн жижиг хар өнгийн зурагтыг над руу шидэхээр нь би барьж аваад буцааж байранд нь тавихад дахин зурагтыг аваад шал руу шидсэн. Тухайн үед би ыг гэрээс хүчээр гаргаад хаалга хаахад хаалга өшиглөөд байсан ба удалгүй чимээгүй болохоор нь би араас нь гарахад 24-р байрны баруун талд гартаа чулуу барьчихсан чулуугаараа миний машины зүүн хойд хаалга болон хойд гупер руу чулуугаа шидээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. ...Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Өөрт учирсан бодит хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, гэрч "...Би 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газар жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан. ...миний хувьд эвдэрсэн тээврийн хэрэгсэл болон гэр дотор нь хэргийн газрын үзлэг хийх зорилгоор явсан. Тээврийн хэрэгсэл нь цагдаагийн газрын Б байрны гадаа байсан тул эвдрэл гэмтлийг гэрэл зургаар баталгаажуулж цааш үргэлжлүүлэн ******* сумын 6 дугаар баг 24 дүгээр байр 62 тоотод очиж хэргийн газрын үзлэг хийхэд тус тоотын гаднах хаалга бага зэрэг хонхойсон, дотогш нэвтэрч ороход үүдний хэсэгт ...24 инчийн элэгдэж хуучирсан зурагт газар шалан дээр эвдэрсэн байсныг хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлсэн. Тухайн үед өөр эвдэрсэн эд зүйл байна уу гэж асуухад өөр эвдсэн юм байхгүй зурагт, гаднах хаалгыг хонхойлгосон гэж хэлж байсан. Тухайн үед гэр дотор эд зүйл үүдний хэсгээс бусад хэсэгт эмх цэгцтэй байсан ба зурагт байсан гэх газрын орчимд бор өнгийн шилтэй тариа хагарч бутарсан байдалтай байсан тул асуухад ач холбогдол өгөхгүй байсан ба энэ тариа тавиур дээр байсныг хамтран амьдрагч нь гараараа самардаж шидсэн гэж хэлж байсныг өөрийн санаачилгаар хэргийн газрын үзлэгт дурдаж гэрэл зургаар бэхжүүлж авсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний Бан Хас ХХК-ний зурагт, хаалга, авто тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 704,415 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА