Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1819

 

 

Д.Б, П.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01564 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б, П.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ц-д холбогдох

 

Орон сууцнаас албадан гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 88 116 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

П.А, Д.Б нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би анх зарын дагуу П.А-тай уулзаж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоот, 38.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийж 50 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Эхлээд байрыг үзэхэд Д.Ц өөрөө байсан бөгөөд тэрээр хэлэхдээ бид энэ байранд түр байж байгаа, удахгүй нүүнэ гэж байсан тул би байрны үнийг төлж, уг байрны өмчлөгч болж Ү-2201021653 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан тул хууль ёсны өмчлөгч мөн. Ингээд байрны гэрчилгээгээ аваад очиход Д.Ц хүүхдийнхээ хамт байсан ба би П.А-аас энэ байрыг худалдан авсан, та байраа суллаж өгнө үү гэхэд тэд зөвшөөрөөгүй. Би 2016 оноос хойш жил хагасын хугацаанд эд хөрөнгө мөнгө төгрөгөөрөө хохирч байна. П.А, Д.Ц нарын хооронд ямар асуудал болсныг би мэдэхгүй. Иймд Д.Б намайг уг орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшигч Д.Ц-г орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч, зээлдэгч Д.Ц-ийн хүсэлтээр 2015 оны 5 дугаар сарын 19-нд 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлж, зээлийн барьцаанд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201021653 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Д.Ц нь эхний 2 сарын хүүг төлсөн ба зээлийг эргүүлэн төлөх хугацааг сунгах тухай хүсэлт гаргасны дагуу гэрээг дахин 8 сараар сунгасан боловч 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 19-нийг хүртэлх нийт 10 сарын хүү болон үндсэн зээлийг өнөөдрийг хүртэл төлөлгүй зээлийг эргүүлэн төлөх хугацааг 111 хоногоор хэтрүүлээд байгаа болно. Бидний хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 2.7, Иргэний хуулийн 232.6-д зааснаар алданги тооцвол хэт өндөр дүн гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан заалтыг баримтлан алдангийг 36 000 000 төгрөгөөр тооцсон. Д.Ц нь дээрх гэрээний үндсэн дээр үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 32 000 000 төгрөг, алдангид 36 000 000 төгрөг, нийт 108 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 2016 оны 8 сард 5 000 000 төгрөг, 2017 оны 9 сард 5 000 000 төгрөг тус тус төлснийг алдангиас хасч тооцож 98 000 000 төгрөгийг хариуцагч Д.Ц-с гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ц 9 656 000 төгрөгийг төлсөн тул одоо хариуцагчаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 18 744 000 төгрөг, алдангид 29 372 000 төгрөг, нийт 88 116 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ...Миний бие нь 2015 оны 5 дугаар сарын сарын 19-ний өдөр өөрийн дүү Д.Б-ийн гуйлтаар өөрийн гэр бүлийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2201021653 тоот гэрчилгээтэй байрыг үл таних П.А гэгчийг дагуулан ирж П.А-гаас та мөнгө зээлдэн авч байгаа гэрээ байгуулчих гээд 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь миний байрыг тавиулсан. Ингээд 4 сарын хугацаатай 40 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ гэгчийг байгуулсан боловч би болон миний гэр бүл мөнгө огт хүлээн аваагүй. Ийм баримт ч байхгүй. Зээлдүүлэгч П.А нь зээлийн үнийн дүнг бүгдийг нь эхнэрийн дүү Д.Б-ийн данс руу шууд шилжүүлсэн гэсэн. Д.Б зээлсэн мөнгөө бага багаар нь П.А-д өгч байгаад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй яваад байсныг нь сүүлд буюу 2016 онд мэдсэн. 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр над дээр П.А ирээд ахаа хоёулаа Д.Б-ийг хоёр талаас нь шахах хэрэгтэй байна гэсэн. Би П.Ад тэгээд ах нь яах ёстой юм бэ гэтэл П.А хоёулаа хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хийчихье. Тэгээд тэр гэрээгээр Д.Б-г айлгаж, шахаж байгаад би мөнгөө авчихна. Мөнгөө авангуутаа тэр гэрээг устгачихъя. Таныг надаас нэг ч төгрөг аваагүйг миний дансны хуулга батална гэсэн. Тэгээд би П.А-д итгээд 68 000 000 төгрөгөөр өөрийн орон сууцаа худалдаж байгаа мэтээр дахин хуурамч гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Энэ хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд заагдсан 68 000 000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй.

Хууль мэдэхгүй байдлыг ашиглан эхлээд дүү Д.Б-н өмнөөс П.А-тай 40 000 000 төгрөгийн дүр үзүүлсэн зээлийн гэрээ, дараа нь П.А-ийн үгэнд итгэж, ноцтой төөрөгдөлд орон хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг П.А-тай байгуулсан. Гэтэл хариуцагч Д.Б нь тус шүүхэд 2016 оны 9 сард орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэн Д.Ц надад холбогдуулан гаргасан. Иймд би П.А-д холбогдуулан харьяа дүүрэг болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1513 дугаартай магадлалыг гаргасан. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх хуулийн заалтыг баримтлан Д.Б болон П.А нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг 8 сараар сунгах талаар би хүсэлт гаргаагүй. Намайг согтуу үед ирээд янз бүрийн л бичиг дээр гарын үсэг зуруулаад авдаг байсан. Нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зураад байраа барьцаалаад дүүдээ зээл аваад өгсөн тул шүүхээс гарсан шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг Д.Б-р төлүүлнэ. Намайг зөвхөн байртай минь л үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Миний бие сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оноос хойш хохирч байна. Би П.А-д бэлэн мөнгө болон хөөрөг, мал өгч тооцуулан 50 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан. Анх зарын дагуу очиж үзэхэд Д.Ц ийм асуудалтай байр гэж хэлсэн бол би худалдаж авахгүй байсан. Д.Ц байр зарагдах юм бол байрыг суллаад өгнө гэсэн учир би байрыг авсан. Тиймээс би энэ орон сууцны шударга өмчлөгч тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч П.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Д.Ц нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийг эргүүлэн төлөх хугацааг сунгах хүсэлт гаргаснаар зээлийн гэрээг дахин 8 сараар сунгасан боловч энэ хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй ба цаашид зээлийг эргүүлэн төлөх боломжгүй болсон гэдгээ илэрхийлж уг зээлийн гэрээний үүргийг орон сууц худалдах- худалдан авах гэрээний эрх үүргээр сольж зээлийн гэрээг дуусгавар болгох санал тавьсныг П.А хүлээн зөвшөөрч уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. Ийнхүү уг орон сууцны өмчлөх эрхийн дагуу Д.Б эд худалдсан болно. Гэтэл Д.Ц нь уг орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс гадна шүүхэд хандан П.А-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчлөн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх магадлалд талуудын хэн аль нь хяналтын гомдол гаргаагүй ба уг магадлал хүчин төгөлдөр болсон байгаа болно. Гэвч бид өмнө нь бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбараасаа татгалзаж байна. Д.Б бол шударга өмчлөгч юм. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.Агаас 40 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулах санаачлагыг би гаргасан. Надад барьцаанд тавих зүйл байхгүй болохоор ахынхаа орон сууцыг барьцаалаад зээл авахуулсан. Зээлийн 40 000 000 төгрөгийг би дансаараа 3 хувааж хүлээн авсан. Д.Ц нэг ч төгрөг аваагүй. Зээлийн эхний 2 сарын хүүг төлж барагдуулж байсан. Би увуулж цувуулаад 19 656 000 төгрөгийг П.А-ийн дансаар өгсөн. Энэ дүнд маргаангүй. Энэ зээлийн төлбөрийг би 100 хувь төлж барагдуулна. Д.Ц ахаас байрыг нь намайг мөнгөө өг гэж шахах гэж худалдах-худалдан авах гэрээг хийсэн байдаг. Шүүхээс тогтоосон зээлийн үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Намайг авсныг П.А ч өөрөө мэдэж байгаа. Би зээлийн хугацааг сунгасан талаар мэдээгүй. Ахыг согтууд нь янз бүрийн бичиг дээр гарын үсэг зуруулсан байж болох юм гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.А, Д.Б нарын байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Д.Ц-ийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Д.Б ийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, Д.Ц-ийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц-с зээлийн гэрээний үүрэгт 49 716 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 38 400 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б-ээс урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, нэхэмжлэгч П.А-гаас урьдчилан төлсөн 647 950 төгрөгийг, хариуцагч Д.Ц-с урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэдэн-Ишээс улсын тэмдэгтийн хураамжид 406 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д, П.А, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ц-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх П.А-гаас дээрх орон сууцыг худалдан авсан тухай 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг барьж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон Д.Ц-н сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шударга өмчлөгч миний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Би шударга өмчлөгч гэдгээ тогтоолгох шаардлага гаргаж, шаардлагаа дэмжиж, үндэслэлүүдээ тодорхойлж, баримтаар нотолж мэтгэлцсэн. Нэхэмжлэгч П.А-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч ч үүнийг давхар  нотолдог.   Харин  хариуцагч Д.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шударга өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн энэ хэсэг дээр огт маргаагүй. Өөрөөр хэлбэл энэ талаар мэтгэлцээгүй, харин намайг орон сууц худалдан авснаас хойш бүтэн  1  жилийн дараа гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг дурдаж үүнийг үндэслэн П.А бид хоёрын хийсэн худалдах-худалдан авах хэлцлийг хүчингүй болгуулах санал гаргаж оролцсон. Би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж бичгээр шударга  өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж шүүхэд оролцсон.  Нэмэгдүүлсэн энэ шаардлагад

хариуцагч тал ямар нэг тайлбар өгөлгүй шүүх хуралд орсон. Шүүх нэмэгдүүлсэн тайлбарт хариу өгөх 14 хоногийн хугацааг олгож шүүх хурлыг 2 удаа хойшлуулсан. Дээрх хугацаа дуусгаад шүүх хурлыг зарлаж хуралдсан. Шүүх хурал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмаар явагдах ёстой, шүүх мөн хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу мэтгэлцэх бүх боломжоор талуудыг хангасан хэдий ч нэхэмжлэлийн энэ хэсэгт хариуцагч мэтгэлцэж маргасан зүйлгүй. Шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангахгүй орхиж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

П.А-г өмчлөгч гэж ойлгосон, итгэсний үндсэн дээр түүнтэй хэлцэл хийсэн. П.А нь өмчийг шилжүүлэн авсан хэлцэлтэй, түүний нэр дээр ҮХЭХ-ийн гэрчилгээ гарсан, талууд хүсэл зоригоо илэрхийлж, авах ёстой мөнгөндөө тооцож худалдан авсан нь тодорхой тул П.А ч тухайн үед хууль зүйн дагуу олж авсан өмчөө надад худалдсан гэж үзэж байна. Би Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоод байгаа тэр хэлцэлд оролцоогүй. Шударга өмчлөгчийг хохироох, эрх зүйн байдлыг нь дордуулах эрх хэнд ч байхгүй гэж үзэж байна. Иймд хуулийн зүйл заалтаар миний шаардлагыг хангаж шударга өмчлөгчөөр тогтоож Д.Ц-г албадан гаргаж шийдээгүй нь хууль бус гэж үзэж байна.

Шүүх намайг хууль бусаар өмч олж авсан гэж дүгнэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд өөрсдөө хэлцлийн үр дагавраа хариуцах ёстой. Тийм учраас хохирлоо Д.Ц надаас биш П.А-гаас шаардах ёстой. Энэ талаар шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Д.Ц нь өмчлөгч биш харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй нэхэмжлэгч гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж хүчингүй болгох эсвэл өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж Д.Ц-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх талуудын зээлийг 4 сарын хугацаатай гэж дүгнэн хариуцагчийн төлсөн мөнгийг 4 сарын хүү ба үндсэн зээлийн зарим хэсэгт тооцон 49 716 000 төгрөгийг нэхэмжлэгч П.А-д Д.Ц-с гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт тус тус үндэслэн үүрэг гүйцэтгэгчийн хүү төлөх үүргийг анх гэрээнд тохирсон 4 сар сүүлд тохирч сунгасан 8 сард тооцон нэхэмжилсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлд үндэслэл бүхий няцаалт хийгээгүй атлаа хүүгийн хугацааг 4 сараар тооцсон нь үндэслэлгүй. Зээлдэгч гэрээний хугацааг сунгах хүсэл зоригоо илэрхийлж хүсэлтээ бичгээр гарган өгснийг зээлдүүлэгч хүлээн авснаа нотолж уг бичгийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Уг хүсэлтийг хүлээн авснаа зээлдэгчид хэлж хугацаа өгсөн байхад хангаагүй орхисон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх маргаан бүхий орон сууцыг Б.Б-д худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцон Д.Ц-н өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн нь өмчлөгч Д.Б-ийн эрхийг зөрчснөөс гадна нэхэмжлэгчийг барьцаагүй болгож нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. П.А нэхэмжлэл гаргах үед уг зээлийн барьцаа болох орон сууц Д.Б ийн өмчлөлд шилжсэн тэрээр өөрийгөө шударга өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцнаас Д.Ц-г албадан гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан тул П.А Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоосон хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах өөрөөр хэлбэл барьцаагаа сэргээлэгэхээр нэхэмжлэх боломжгүй байсан. Шүүх нэхэмжлэгч талын үндэслэл бүхий нэхэмжлэлийг бүрэн хангаагүйгээс гадна нэхэмжлэгч талыг ямар ч барьцаагүй болгож хохироосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хянаж хүчингүй болгож эсвэл өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шударга өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг, нэхэмжлэгч П.А хариуцагч Д.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98 000 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн төлбөрөөс төлсөн тул үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 18 744 000 төгрөг, алданги 29 372 000 төгрөг, нийт 88 116 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч П.А, Д.Б нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Ц нь П.Атай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг зээлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц барьцаалсныг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүргээс чөлөөлсөн ба Д.Ц, Д.Ичин, Ц.Очирхүү нар нь П.А-д 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дээрх орон сууцыг 68 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогджээ.                   /1 дүгээр хавтасны 70-84 дэхь тал/

 

Мөн П.А Д.Ц нарын хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1513 тоот магадлалаар хуульд нийцээгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү магадлал хүчин төгөлдөр болсон байна.                                 /1 дүгээр хавтасны 116-123 дахь тал/

 

П.А нь Д.Б-тэй 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан дээрх орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд Д.Б уг орон сууцыг эрхийн улсын бүртгэлд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ү-2201021653 дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.                                                                          

                                                                                                 /1 дүгээр хавтасны 4-6 дахь тал/

 

Нэхэмжлэгч Д.Б нь маргаж буй орон сууцыг худалдан авах үед эрхийн бүртгэлд тухайн орон сууцны өмчлөгчөөр П.А бүртгүүлснийг үндэслэсэн нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасантай нийцсэн байна.

 

Ийнхүү П.А-ийн өмчлөх эрх дуусгавар болсноор хуульд заасан журмын дагуу маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч Д.Б болсон нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн, хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч дээрх орон сууцыг худалдан авах үед улсын бүртгэлд барьцаанд бүртгэгдээгүй, цаг хугацааны хувьд худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш шүүхийн шийдвэр гарсан тул уг орон сууцыг маргаантай байсныг нэхэмжлэгч Д.Б мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв гэж үзнэ. Иймээс худалдах-худалдан авах гэрээгээр хууль ёсны дагуу орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж ирсэн учраас нэхэмжлэгч Д.Б-ийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч гэж үзнэ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Хэргийн үйл баримт болон талуудын тайлбараар хүчин төгөлдөр бус байх хэлцэл дээр үндэслэж П.А Д.Ц нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Ц-ийн хууль бус эзэмшлээс орон сууцаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Ц-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн шударга өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул шийдвэрлэх шаардлагагүй болно. Учир нь Д.Б-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа нөхцөлд тэрээр маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч хэвээр байна.

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн П.А-тай 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Д.Ц-ийн  П.А, Д.Б нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Д.Б-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Д.Ц-тэй 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн нөхцөлд алданги тооцохоор тохирсон бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар мөн өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэж үзнэ. Энэ талаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт  заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Д.Ц зээлийн гэрээгээр үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 12 800 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний хугацааг сунгах талаар бичгээр хүсэлт гаргасан тул 8 сараар сунгасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь гэрээ сунгах бичгийн баримтыг хариуцагч үгүйсгэсэн бөгөөд зээлийн гэрээг талууд сунгахдаа бичгийн хэлбэрээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн  тул  гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талууд 19 656 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргахгүй байх тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг 52 8000 000 төгрөгөөс хасч 33 144 000 төгрөг, үүнээс хугацаа хэтрүүлсэн алдангид 16 572 000 төгрөг, нийт 49 716 000 төгрөг хариуцагч Д.Ц-с гаргуулж нэхэмжлэгч П.А-д олгох, нэхэмжлэлээс үлдэх 38 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгч П.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.      

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч П.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01564 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Ц-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул П.А, Д.Б нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч Д.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид 406 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ад, П.А, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ц-д тус тус олгосугай” гэснийг “хариуцагч Д.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид 406 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А-д, 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.А-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 349 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН      

           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ