Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 142/2023/01238/И |
Дугаар | 001/хт2024/00231 |
Огноо | 2024-10-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 001/хт2024/00231
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/0501 дүгээр шийдвэртэй,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 207/МА2024/00067 дугаар магадлалтай,
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
Г.Э-т холбогдох
Орхон аймаг, Б сум, Ц баг, “Т” хотхоны 0 дугаар байрны хаягт байрлах 51.62 м.кв талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Э-т холбогдуулан Орхон аймаг, Б сум, Ц баг, “Т” хотхоны 0 дугаар байрны 0 давхрын 00 тоот хаягт байрлах 51.62 м.кв талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/0501 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э-т холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Б сум, Ц баг, “Т” хотхоны 0 дугаар байрны 0 давхрын 00 тоот хаягт байрлах 51.62 м.кв талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 207/МА2024/00067 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/00501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Д.Б би Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.20-ны өдрийн 501 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.13-ны өдрийн 67 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.4-т “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлийн тухай:
Д.Б би Г.Э-тай 2017 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба бид хоёр түрээсийн орон сууцанд орохоор бичиг баримтаа бүрдүүлж, 2020.12.10-ны өдөр орон сууцны түрээсийн гэрээг байгуулах үед би ковидын тусгаарлалтанд сувилагчаар ажиллаж байсан тул Г.Э, ээж Г.Ж-ыг дагуулж очоод гэрээг байгуулсан юм. Би түрээсийн орон сууцанд амьдрах эрх олж авахын тулд Г.Э-тай хамт нэг гэр бүл гэж өргөдөл өгч, болзол журмыг нь хангуулан байж түрээсийн байртай болсон мөртлөө өнөөдөр тухайн байранд амьдрах эрхгүй болох гээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.Э түрээсийн гэрээний хамтран эзэмшигч болох ээж Г.Ж-ыг сольж намайг болгож өөрчлүүлэх хүсэл сонирхолтой байсан ба өөрөө энэ талаар хүсэлт гаргаж байсан нь бид хоёр цаашид энэ байрандаа хамтран амьдрах үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх зорилготой байснаас биш Г.Ж энэ байранд амьдарч байгаагүй, хамтран эзэмших хүсэл сонирхолгүй зөвхөн гэрээнд гарын үсэг зурах өөр хүнгүй байснаас үүдэн гэрээнд түүний гарын үсгийн дууриалган зурсан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газартай байгуулсан түрээсийн гэрээнд Г.Э, Г.Ж нар гарын үсэг зурсан нөхцөл байдлыг үнэлж, энэ гэрээг хүчин төгөлдөр, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.
Учир нь бодит амьдрал дээр Г.Э, Г.Ж нар энэ түрээсийн байранд хамтдаа амьдрахаар материал бүрдүүлж өгөөгүй бөгөөд би Монгол улсад (дэлхий дахинд) үүссэн онц байдлын улмаас дайчилгаанд хамрагдсан, гарах ямар ч боломжгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд нийтэд илэрхий байдлыг заавал нотлох шаардлагагүй байсан. Тиймээс Г.Э ээжийнхээ гарын үсгийг дууриалган зурж гэрээг байгуулсан энэ талаар би шүүх хуралдаан дээр хүсэлт санал гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахгүй татгалзсан мөртлөө шийдвэртээ намайг гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх бид хоёрыг хамтдаа түрээсийн хөтөлбөрт хамрагдахаар материал бүрдүүлж өгч байсан, хамтран амьдарч байсан зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь түрээсийн байранд материал бүрдүүлэн сонгогдох эрхийг миний бүрдүүлсэн материал Г.Э-ын бүрдүүлсэн материалтай хавсарч байж нөхцөл шаардлагыг ханган материалыг хүлээн авсан түүнээс биш Г.Э ээжийнхээ хамт материал бүрдүүлсэн бол төлбөрийн чадваргүй гэж үзэж материалыг авахгүй байх байсан. Тухайлбал хавтаст хэргийн 131 дүгээр хуудаст авагдсан иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах өргөдлийн маягтыг хүлээн авсан хяналтын хуудаст хүсэлт гаргагч 10 хуудас баримт, хамтран түрээслэгч 7 хуудас баримт өгсөн талаар тодорхой дурдсан байгааг анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх намайг нотлох баримтаар нотлож чадаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нь би хүсэлт гаргаж түрээсийн байранд хэнээс ямар баримт бүрдүүлсэн болохыг хавтаст хэрэгт авахуулсан, Г.Э өөрийн гараар бичиж өгсөн бичвэрийг өгсөн, би энэ байранд өнөөдрийг хүртэл охиныхоо хамт амьдарч байгаа. Г.Э БНСУ явчихсан, гэхдээ одоог хүртэл бид хоёр харилцаа холбоотой байгаа зэргээс дүгнэхэд би маргаан бүхий орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг нотлож чадсан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар Г.Э-аас маргаан бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь дээрх хуулийн заалтын дагуу би Г.Э-аас эд хөрөнгийг бүхэлд нь авья гэж шаардаагүй харин түрээсийн гэрээний дагуу намайг хамтран эзэмшигчээр тогтоож өгөөч гэж шаардлага гаргасан байхад намайг бүхэлд нь авахаар шаардаж байгаа мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Би энэ түрээсийн гэрээний хамтран эзэмшигч мөн гэдгээ нотлуулах гээд байгаа болохоос биш уг байрыг Г.Э-аас эд хөрөнгө гаргуулахаар шаардлага гаргаагүй юм.
4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлийн тухай:
Түрээсийн байрны хамтран эзэмшигч болохоор гэр бүл болоогүй ч гэсэн хамтран амьдарч байсан хүмүүс гэр бүлийн гишүүд мэтээр материал бүрдүүлэн хүүхдийн болон өөрсдийн аятай тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд түрээсийн байрны эзэмшигч болж буй бодит үйл явцыг үнэн зөв тодорхойлж, дүгнэлт хийснээр хууль хэрэглээг зөвөөр тайлбарлан хэрэглэх, иргэн хүний тэр тусмаа хүүхдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр болно гэж би үзэж байна. Цаашид анхан болон давж заалдах шатны шүүх бодит нөхцөл байдалд ийм эрсдэлтэй шийдвэрийг гаргаад байх юм бол иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж үзэж байгаа тул хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэж өгнө үү.
Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.20-ны өдрийн 501 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.13-ны өдрийн 67 дугаар магадлалд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.03-ны өдрийн 001/ШХТ2024/01048 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Э-т холбогдуулан анх “охин Э.Гэгээлэнг өөрийн асрамжид үлдээж, эцэг Г.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023.07.20-ны өдөр гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Орхон аймаг, Б сум, Ц баг, “Т” хотхоны 0 дугаар байрны 0 давхрын 00 тоот хаягт байрлах 51.62 м.кв талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох” гэж өөрчилж, шаардлагын үндэслэлээ “...бид хоёр түрээсийн орон сууцанд орохоор бичиг баримтаа бүрдүүлж, сугалаа татахад нь хамтдаа нэрсээ өгч 300 орчим айлаас Г.Э-ын нэр гарч ирсэн тул түрээсийн орон сууцанд орж амьдрах эрхтэй болсон. ... 2020.12.10-ны өдөр орон сууцны түрээсийн гэрээг байгуулах үед би ковидын тусгаарлалтад сувилагчаар ажиллаж байсан тул очиж гэрээнд гарын үсгээ зурж чадаагүй. Би түрээсийн орон сууцанд амьдрах эрх олж авахын тулд Г.Э-тай хамт нэг гэр бүл гэж өргөдөл өгч, болзол журмыг нь хангуулан байж түрээсийн байртай болсон мөртлөө өнөөдөр тухайн байранд амьдрах эрхгүй болох гээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ... Намайг гэрээ байгуулах үед хүндэтгэн үзэх шалтгааны улмаас маргаан бүхий байрны хамтран эзэмшигчээр орох боломжгүй байсан байна гэж үзээд хамтран эзэмшигчээр орохыг өмчлөгч тал зөвшөөрсөн. Гэвч Г.Э хамтран эзэмшигчээр орох бичигт шалтгаангүйгээр гарын үсэг зурж өгөхгүй байгаа.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “…бид хоёр түрээсийн орон сууцанд хамрагдахаар Орхон аймгийн Засаг даргад хандаж, уг хүсэлтийг хүлээн авч сугалаа сугалахад Г.Э миний нэр гарч ирж, түрээсийн гэрээ байгуулах эрхтэй болсон ба хамтран эзэмшигчээр Д.Бийг оруулах хүсэлтийг гаргасан боловч татгалзаж, гэр бүлийн гишүүн болох миний ээж Г.Ж-ыг хамтран эзэмшигч болохыг зөвшөөрсөн. Д.Б-ийг зөвшөөрөөгүй шалтгаан нь та хоёр гэр бүлийн гишүүн байх шаардлагыг хангаагүй байна гэсэн. Мөн анхнаасаа түрээсийн гэрээ байгуулах эрхийг Д.Б аваагүй байна гэх үндэслэлийг зааж зөвшөөрөөгүй. Өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг би, ээж Г.Ж-ын хамт хариуцан төлж ирсэн бөгөөд Д.Б нэг ч удаа түрээсийн төлбөр төлж байгаагүй ... учир хамтран эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Цаашид ч тус тусдаа амьдрах нь тодорхой болсон учир энэхүү түрээсийн гэрээний хамтран хариуцлага хүлээх, хамтран эзэмшигч этгээд болох боломжгүй ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Д.Б нь “Орон сууцны түрээсийн гэрээ”-ний нэг тал болж гэрээнд гарын үсэг зурж, үүрэг, хариуцлага хүлээгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран амьдардаг нь, мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт оролцохоор холбогдох материалуудыг хамт бүрдүүлэн өгч байсан зэрэг нь хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй. Түүнээс гадна гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчдын дундын хөрөнгө буюу эзэмшлийн талаарх маргаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлүүдэд заасан “Гэр бүлийн хөрөнгийн эрх”-ийн зохицуулалт хамаарахгүй, харин мөн хуулийн 89-97 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалт хамаарна. ... Хуульд ийнхүү зааснаар нэхэмжлэгч Д.Б нь тухайн эд хөрөнгийг хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр бий болгосон болохоо болон тухайн эд хөрөнгийг бий болгоход оруулсан хувь хэмжээгээ баримтаар нотолж, хамтран эзэмших эрхтэй болохоо нотолсон байхыг шаардана. Гэвч нэхэмжлэгч Д.Б нь Орхон аймаг, Б сум, Ц баг, “Т” хотхоны 0 дугаар байрны 0 давхрын 00 тоот хаягт байрлах 51,62 м.кв талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцыг хамтран эзэмших эрхтэй гэдгээ баримтаар нотолж чадаагүй, түүнийг уг орон сууцны түрээсийн төлбөр болон холбогдох бусад зардлыг төлж байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, ... харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хариуцагч Г.Э-ыг дээрх маргаан бүхий орон сууцыг хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн хууль ёсны эзэмшигч гэж үзэхээр байна. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч Д.Б нь “...шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна. ... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөрүүгүй дүгнэж, адил шийдэл гаргасан боловч нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу түрээсийн гэрээний оролцогч мөн эсэх, улмаар түрээсийн орон сууцыг эзэмших эрхтэй эсэхийг тогтоох тухай асуудлыг хянан үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлд хамаарах тул гомдлыг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
12. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
13. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.Э нар нь хамтын амьдралтай боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэд хамтын амьдралтай байх хугацаандаа төрөөс хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж, бүрдүүлэх баримт бичгийг хамтран гаргаж өгсөн ба түрээсийн орон сууцыг эзэмших эрхийг тодруулах сугалаанд Г.Э-ын нэр таарч, улмаар Орхон аймгийн Б сумын Ц баг, “Т” хотхоны 0 дугаар байрны 96 тоот, 51,62 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эзэмшихээр болж, 2020.12.10-ны өдөр Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газартай түрээсийн гэрээг Г.Э болон түүний ээж Г.Ж байгуулсан, одоо уг орон сууцанд зохигч амьдарч байгаа болох үйл баримт тогтоогджээ.
14. Нэхэмжлэгч Д.Б нь дээрх маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, хариуцагч Г.Э-ыг түүний энэ эрхийг зөрчсөн буюу түрээсийн гэрээний оролцогч болохыг өмчлөгч Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар зөвшөөрсөн боловч Г.Э зөвшөөрөхгүй байгаа гэж шаардлагаа үндэслэж, түүнийг хариуцагчаар татсан байна.
Гэтэл төрөөс хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар гэрээний нэг тал буюу түрээслүүлэгч бөгөөд нөгөө талаас гэрээнд түрээслэгчээр Г.Э-аас гадна Г.Ж оролцсон ба хэрэгт Г.Э-аас бусад оролцогчдын эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, тэдний маргааны талаарх байр суурь тодорхойгүй буюу маргааны үйл баримт тогтоогдоогүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй.
15. Нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрыг өөртэй нь түрээсийн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гэж тайлбарласан боловч тухайн байгууллагаас гаргасан аливаа тайлбар, тодорхойлолт хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах зорилгоор хариуцагч Г.Э-ын хамт өргөдөл хүсэлт гаргаж, шаардагдах баримт бичгийг бүрдүүлэн өгсөн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу ковид цар тахал өвчний үед ажиллаж эзгүй байсан үед гэрээг зөвхөн Г.Э болон Г.Ж-тай байгуулсан, Г.Ж нь гэрээний оролцогч байх боломжгүй, өргөдөл, хүсэлтээ гаргаагүй байсан гэжээ.
Энэ тохиолдолд буюу гэрээг хэнтэй байгуулах эсэх тухай асуудал нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан төрөөс хэрэгжүүлж байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-аар (Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) зохицуулагдах буюу нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлж байгаа байгууллагын эрх хэмжээний асуудал болно.
Иймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон маргааны үйл баримттай холбогдуулан хэргийн харьяаллыг зөв тогтоох шаардлагатай байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2024/0501 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 207/МА2024/00067 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.08-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН