Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

                                                                                

 

 

 

 

А.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О

Шүүгдэгч А.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А, Б.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Д.А /онлайнаар/,

Хэлмэрч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Д.А эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газарт багш, дасгалжуулагч ажилтай, Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 11 дүгээр багийн 19-17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, БЮ90021639 регистрийн дугаартай, Ш овогт А. Б.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг спорт цогцолборын Д блок байрны таеквондогийн өрөөнд Т.Б эрүү орчим нэг удаа цохиж улмаар Т.Б-ыг толгойгоор нь цементэн шалан дээр савж унагаан алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт А. Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б-ийг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б-ийн баривчлагдсан 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 литрийн хараа нэртэй архины шил 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, талийгаачийн өмсөж явсан цагаан цамц 1 ширхэг, гутлын цагаан өнгийн үдээс 1 ширхэг, гар нүүрийн цоохор өнгийн алчуур 1 ширхгийг тус тус устгаж, хар өнгийн NOKIA 3310 маркийн хөдөлгөөнт утсыг хохирогч Х.Е-д олгож, камерийн бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497.1, 508.1, 505.1, 510.1-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 16.169.389 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн зардлын төсвөөс 60.000 төгрөгийг гаргуулж хэлмэрч Б.Д-нд олгож, Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б хохирогч Х.Е-д 5.700.00 төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үйлдэгдсэн хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Спорт цогцолборт байрлаж  байхдаа А.Б нь М.Т-тай муудалцан зодолдож байгаад цохих явцдаа амь хохирогч Т.Б-ы эрүүн тус газар цохигдож Т.Б газар унаж улмаар тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан гэмт хэрэгт холбогдсон.

Аймгийн Прокурорын газраас А.Б-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанаар 5415074 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай тохирсон дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байгаа учир гомдол гаргаж байна. Учир нь А.Б болон амь хохирогч нарын хооронд ямар нэгэн маргаан, муудалцаан болоогүй, амь хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч болон шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайн үед болсон маргаан зодоон нь А.Б, М.Т нарын хооронд болсон байдаг бөгөөд М.Т-ыг цохих үед хажууд байсан амь хохирогч болох Т.Б цохигдож газар унасан үйл явдал болсон.

Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ гэмт хэргийн шалтгаан нөхцөл болж байгаа гэрч М.Т-ын өөрийгөө хамгаалсан өмгөөлсөн мэдүүлгийг гол нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. Бусад гэрч нарын хувьд А.Б, М.Т нар л муудалцаж маргалдаж байсан гэнэт л Т.Б газар унасан талаар мэдүүлгүүдийг өгдөг.

М.Т-ын хувьд мөрдөн байцаалтад хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн удаа байхгүй болсон үйл явдлыг тойруулсан, зарим үйл явдлыг үлдээсэн мэдүүлэг өгч байсан байдаг. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгт шүүгдэгч А.Б, гэрч М.Т, амь хохирогч Т.Б нарын А зааланд болсон бүхий л үйлдэл дүрслэгдсэн байдаг боловч энэ талаар огт дэлгэрэнгүй үнэн бодитоор яриагүй, мэдүүлээгүй байдаг. Харин шүүгдэгч А.Б-ын хувьд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө бүхий зүйлийг санаж өөрийн мэдэх зүйлүүдээ дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг нь дүрс бичлэгээс зөрөөгүй, бусад гэрч нарын мэдүүлгээс ч зөрөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд уналт таталт өгдөг эппилеси өвчтэй болох нь оношлогдсон энэхүү өвчний улмаас анхан шатны шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулж байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо ч тайвшруулах тариа хийлгэж шүүх хуралдааны үйл процессыг хагас дутуу ойлгосон аястай хуралд орсон. А.Б-ын хувьд амь хохирогчтой багш шавийн харьцаатай их дотно байсан. Энэхүү хэрэг болсноос хойш шокын байдалтай уналт таталт өгч сар гаруй явсан. Шүүх хурал болох дөхөхөөр л өвчин нь сэдэрч сэтгэл санаагаар хямарч нойр хоолноос гарч маш гэмшиж хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзахаас айж цэрвэж уналт нь улам ихсэж байснаас шүүх хуралдаанд өөр танхимаас онлайнаар оруулсан. Эцэст нь дүгнэхэд А.Б нь амь хохирогч руу чиглэсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй, түүний амь насанд халдах шалтаг шалтгаан, сэдэлт зорилго байгаагүй байсан болох нь хамт байсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл хоорондоо харьцаа сайн байсан. Багш шавь гээд их дотно байсан. Хэрэг үйлдэгдэх үед тэр хоёр хоорондоо муудалцаагүй байсан гэх мэдүүлгүүдээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэргийн нөхцөл байдлыг хангалттай тогтоож дүгнэлгүйгээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-т ... хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй хэрэгт тооцохоор хуульчилсан. А.Б нь амь хохирогч руу чиглэсэн үйлдэл хийгээгүй харин гэрч М.Т-ыг цохих гэж байгаад Т.Б-ыг цохиж байгаа үйлдэл, хохирлын хоорондох шалтгаант холбоо харилцан хамааралд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар гомдол гаргасан гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. М.Т гэдэг хүнтэй муудалцаад хамраас нь цус гараад, амралтын өрөөнд М.Т нь цусаа гоожуулаад зогсож байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. М.Т-ыг хаана байсныг нь асуухаар унтах гээд орны хажууд байсан гэдгээр тайлбарладаг. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл дээр шалан дээр цус мэт зүйл дуссан нь М.Т-ын зогсож байсан газраас шал өөр газар байдаг. М.Т-ын мэдүүлгээр А.Б учиргүй гүйж ирээд амь хохирогчийг цохиод амь хохирогч шалан дээр савж унаад нас барсан гэдэг. Нас барах хүртэл нилээд хугацаа өнгөрсөн байдаг. М.Т-тай муудалцаж байгаад А.Б нь зүүн гараараа цохисон байдаг. А.Б М.Т хоёр өөд өөдөөсөө харсан амь хохирогч баруун гар талд нь зогссон байдалтай байсан. А.Б бол баруун буюу зөв гартай. М.Т-тай муудалцаад зүүн гараараа цохиход М.Т бултаад хажууд нь зогсож байсан амь хохирогчийн баруун талын шанаанд оносон байдаг. Цохиулаад савж унасан гэдгийг хамт байсан гэрчүүд мэдүүлдэг. А.Б цохих шиг болсон амь хохирогч шалан дээр савж унаад бид нар орон дээр хэвтүүлсэн гэдэг. Амь хохирогч шөнө дунд босож ирээд М.Т-тай яридаг. Энэ миний шавь, өглөө надтай уулзаад нэг шил архи хувааж уугаад бид хоёр эвлэрнэ гэж ярьж байсан талаар мэдүүлдэг. Үйл явдал болсноос 7-8 цагийн дараа эмнэлэгт дуудлага очиж амь хохирогч амьсгал хураасан байдаг. А.Б-ийн шууд санаатай үйлдэл тэнд байсан уу? гэвэл эргэлзээтэй. Амь хохирогчтой ямар нэгэн өс хонзонгийн болон хувийн таарамжгүй харилцаа байсан уу? гэхээр тийм зүйл байдаггүй. Бага наснаасаа багш шавь болсон хүмүүс. Багш шавийн хувиар нэг нэгнийгээ хүндэлдэг байсан хүмүүс. Гэвч тэр нэгэн өдөр ийм золгүй явдал болсонд хэн бүхэн харамсаж байгаа. Анхан шатны шүүх хор уршиг арилаагүй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзээд хэрэглэхээс татгалзсан. Хохирогч талаас нотлох баримт гаргаж өгсөн. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхсэн байдаг. Гэвч хэргийн материалд яг тэр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаар нотлох баримт байгаагүй. Байгаагүй учраас анхан  шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Гэтэл үүнийг хор уршиг арилаагүй байна гэж үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар тогтоосон хохирлыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар завсарлага аваад төлсөн. А.Б нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцаас эхлээд өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээдэг. Хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж А.Б-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү? Мөн нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, хаалттай хорих ангид ял эдүүлэх нь зөвхөн шүүхийн эрх хэмжээний асуудал. Тийм учраас А.Б-ийн хувийн байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хор уршиг, шинж байдлыг нь харгалзаад түүнд оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү? гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч А.Б-д холбогдох хэрэг бүрэн шалгагдсан. Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэрчүүдийн мэдүүлгээр амь хохирогчийн амь насанд хүрсэн гэдэг нь тогтоогдсон. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгахад бүх хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн гэж үзэж байгаа. Харин хохиргчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой байгаа. Хохирогч амьд байхдаа цалингийн зээл авсан байсан. Уг зээл нь одоо хүртэл төлөгдөөгүй. Анхан шатны шүүхээс энэ цалингийн зээлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Харин ял оноохдоо бага ял оноосон гэж бид нар үзэж байгаа. Хохирогч маань гомдолтой байгаа. Цалингийн зээл нь төлөгдөөгүй, дарамтад байгаа. Энэ асуудлыг бас харгалзаж үзнэ үү? Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч А.Б нь миний хохирлыг бүрэн барагдуулаагүй ба анхан шатны шүүх А.Б-д яд оногдуулахдаа хамгийн бага ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Иймд өмгөөлөгч Д.А-ийн гаргасан гомдлыг эс зөвшөөрч байна. Тархи толгойдоо маш их гэмтэл авсан байсан. А.Б зодоогүй байсан бол миний нөхөр амьд байх байсан. Тэр явдалд маш их сэтгэл өвдөж байгаа. Нэг жилийн хугацаанд А.Б чөлөөтэй явж байсан. Тэр хугацаанд надаас уучлалт гуйгаагүй. Хүний хувьд уучлалт гуйгаад ирсэн бол би уучлах байсан. Энэ хүнийг би зодоогүй, хараалын үг хэлээгүй. Ар гэрийн хүмүүс нь учир байдлаа хэлэхэд нь би хүлээж авсан. Надад тодорхой хэмжээгээр мөнгө өгсөн. Түүнийг би үгүйсгэхгүй. Юунд зовоод байна гэхээр талийгаачийн зээл одоо болтол төлөгдөхгүй байгаа. Банк намайг зээлээ төл гээд өдөр болгон дарамталж байгаа. Тийм болохоор би маш их сэтгэл санааны дарамттай явж байгаа. Оюутан хүүхдээ төгсөх жил нь хичээлд нь явуулж чадаагүй. Миний биеийн байдал тогтворгүй, даралт ихэддэг болсон. Гурван хүүхдээ яаж хүний зэрэгт хүргэх тухай бодохоор маш их сэтгэл санаагаар унадаг. Надад хэцүү байна. Цалингийн зээлийг төлсөн бол уучлах байсан. Би бүгдийн ойлгож байна. Багш шавийн харилцаатай гэдгийг хүүхдүүдээсээ сонссон. Хоёр талын аав, ээж нь байхад надад яагаад цалингийн зээлийг төлж өгөхгүй байгаа юм бэ? Амьд байсан бол зээлээ төлөөд хүүхдээ асраад явж байх байсан. Дарамтад орохгүй сайхан амьдраад явдаг байсан. Нөхрөө маш их өрөвдөж сэтгэлээр унаж байна. Дотроо маш их шаналгаатай явж байгаа. Өдөр ирэх тусам би ганцаардаж байна. Анхан шатны шүүх миний нэхэмжилсэн 16.139.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг нь эс зөвшөөрч байна. Миний нөхрийн шавь байсан нь үнэн. Энэ мөнгийг надад төлсөн байсан бол би уучлах байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа нь үнэн. Миний нөхрийн цалингийн зээлийг төлсөн бол би уучлах байсан. Ялыг доод хэмжээгээр өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүгдэгч А.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм нөхцөл байдал үүссэнд туйлын их харамсаж байна. Яагаад гэвэл тухайн амь хохирогч бид хоёр багш шавийн харилцаатай хүмүүс байсан. Багшийгаа ийм байдалд хүргэсэндээ маш их харамсаж байна. Багштайгаа маш сайн харилцаатай байсан. Багаасаа багшаасаа их зүйл сурч, маш сайн харилцаатай байсан. Багшдаа санамсаргүй гар хүрээд ийм зүйл болсныг хүлээн зөвшөөрч байна. Энэ зүйл бол болгоомжгүйгээр болсон. Би туйлын их харамсаж байна. Уучлаарай. Би өөрийн буруугаа бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү? Хохирогч талын Х.Е эгчээсээ уучлалт гуйж байна. Би ял аваад явсан ч буцаж ирээд таныг харж хандаж байх болно. Түүнийгээ амлаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрхэм шүүгч, прокурор та бүхнээс надад өгөх ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү? гэж хүсэж байна. Та бүхнээс бүгдээс нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Ийм нөхцөл байдалтай учирсандаа туйлын их харамсаж байна. Надад хэлэх үг маш их байна. Биеийн байдал таагүй байна. Х.Е эгч та намайг уучлаарай багштайгаа ямар харилцаатай байсныг, хоорондоо ямар байдгийг та болон танай хүүхдүүд бүгд мэдэж байгаа. Би тусалж дэмжиж байх болно. Би таныг болон танай хүүхдүүдийг харж хандаж явах болно. Намайг уучлаарай. Бүх зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Бүгдээс нь уучлалт гуйж байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдэж өгч туслана уу? гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ:

       Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

       Шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг спорт цогцолборын Д блок байрны таеквондогийн өрөөнд хохирогч Т.Б-тай маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн эрүүнд нь гараараа цохисны улмаас Т.Б цементэн шалан дээр толгойгоороо унаж нас барсан байна.

       Энэ үйл явдал нь гэрч Б.С: “М.Т-ын хамраас цус гоожсон А.Б-тэй маргалдсан, хараалын үг хэлэлцсэн байдалтай гаднаас орж ирсний дараа тэдний араас Т.Б орж ирээд А.Б-тэй маргалдаж байх үед А.Б  нь талийгаачийн эрүүн тус газарт нь нэг удаа цохиход талийгаач газарт унасан бөгөөд хоёр талаас нь түшиж орон дээр нь хэвтүүлэхэд хурхирч унтсан тул архи их уусны улмаас тасраад унтаж байна гэж бодсон боловч өглөө 07 цагийн үед талийгаачийг сэрээх гэхэд босохгүй хэвтээд сонин байсан тул түргэн тусламж дуудаж үзүүлэхэд анхны тусламж үзүүлсэн эмч энэ хүн нас барчихлаа гэж хэлсэн тухай мэдүүлэг,

      Гэрч Х.Н: “М.Т нь А.Б намайг цохьлоо гээд хамраа бариад орж ирсний дараа А.Б нилээн согтуу орж ирээд уурлаад, пизда М.Т над руу хутга гаргаж дайрсан тул би цохьсон гэж хэлсэн бөгөөд тэр үед гаднаас орж ирсэн Т.Б нь А.Б-д “Чи миний найз М.Т-тай хэрэлдэж дарамталлаа. Чи яагаад миний найзыг зодож байгаа юм бэ? Чи М.Т-тай маргалддаг хэн юм бэ? гэх зэргээр А.Б-ийг загнахад А.Б “Чамд ямар хамаатай юм бэ? гээд түүний баруун шанааны эрүү хэсэгт зүүн гараараа нэг удаа цохиход талийгаач газарт унасан ба эмч, цагдаа дуудах гэхэд А.Б миний шавь өглөө бид хоёр учраа олчихно. Янз бүрийн газарт мэдэгдэх хэрэггүй гэж хэлсэн, өглөө нь 07 цагийн үед Т.Б сэрэхгүй, босохгүй, царай нь цонхийсон байхаар нь судсыг нь барьж, цээжний хөндийг нь ажиглахад зүрх нь цохилж байсан боловч зовиур ихтэй байхаар нь түргэн тусламж дуудахад түргэн тусламж ирээд зүрхний массаж хийсэн боловч амь насыг нь аварч чадаагүй” тухай мэдүүлэг,          

       Гэрч Б.Ж: “М.Т-ын хамраас цус гоожчихсон байдалтай “А.Б намайг цохьчихлоо” гэж хэлээд орж ирсэн бөгөөд түүнийг ороо засч байхад зүүн талд нь Т.Б бөгсөөрөө сууж, хойшоо унахыг харсан, харин яаж цохьсоныг нь хараагүй ба нилээн согтуу ирсэн болохоор архи уугаад тасарсан гэж бодоод,  түшиж оронд нь оруулж хэвтүүлсэн боловч өглөө нь 08 цагийн үед түргэн тусламжийн эмч Б-д анхны тусламж үзүүлээд болохоо байлаа гэж хэлсэн” тухай мэдүүлэг,

        Гэрч М.Т-ын: “А.Б, Т.Б-ыг эрүү орчимд нь хүчтэй цохиход бөгсөөрөө суугаад арагшаа савж толгойгоороо унасан бөгөөд энэ үед А.Б-ийг барьж авч дарж унагахад нь нүд рүү нь хуруугаараа хатгасан ба хүмүүс тэднийг салгаж А.Б-ийг унтуулсан энэ үйл явдал болохоос өмнө спорт цогцолборын А зааланд гэрчийг Т.Б-ы хамт каз идэж байхад А.Б ирж тэр хоёрыг боов, ална, тална гэх зэргээр муу үгнүүд хэлээд зодолдохоор дайрч ирэхэд нь гэрч М.Т түүнийг цээж рүү нь түлхэж шатнаас унагахад А.Б босч ирээд М.Т-ын хамар руу цохиж цусыг нь гаргасны улмаас хамраа дараад амрах байрруугаа орж байсан, А.Б-д цохиулсны хойш оронд нь оруулж хэвтүүлснээс 40 орчим минутын дараа Т.Б өндийж суухад бие нь зүгээр эсэхийг асуухад Би зүгээр, А.Б миний шавь. Маргааш өглөө надаас уучлалт гуйна гэж хэлж байсан ба өглөө нь талийгаачийн хамарнаас цус гарсан, эрүүний хэсэгт хөхөрсөн бие нь сонин байсан тул түргэн тусламж дуудаж үзүүлээд удаагүй байтал талийгаач нас барсан тухай мэдүүлэг,

Гэрч Х.У: “Өглөө эмч ирж талийгаачийг үзэж зүрхэнд нь массаж хийж, тариа хийгээд удалгүй өнгөрчихсөн байна гэж хэлсэн бөгөөд М.Т нь А.Б-д чи цохьсоноос ийм асуудал боллоо гэж хэлж байхыг сонссон тухай мэдүүлэг,

Гэрч С.Н: “А.Б архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай унтах гэж байсан хүмүүстэй маргалдаж талийгаач Т.Б-ыг цохих шиг болоход Т.Б унаж байхыг харсан, хаана нь цохьсоныг хараагүй” тухай мэдүүлэг,

Гэрч Б.Б: 2019 оны 04 дүгээр сарын 25-нд хүлээн авалтнаас гараад явган алхаж зааланд ирээд унтах гэж байхад нь М.Т хамраас нь цус гарсан орж ирээд араас нь А.Б орж ирээд тэр хоёр маргалдаж байсан бөгөөд А.Б зогсож байгаад зүүн гараараа эрүүнд нь цохиход талийгаач савж унасан. Т.Б-ыг уначихлаа гэж хүмүүс орилолдоод талийгаачийг орон дээр нь хэвтүүлсэн тухай” мэдүүлэг,

Гэрч Б.М: “2019 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө А.Б Ентүм зочид буудлын гадаа байна хүрээд ир гэсний дагуу очиж түүнийг авч спорт цогцолборын гадаа машинд нэг шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи гурвуулаа уусан бөгөөд Т.М хамт А.Б-ийг оруулж өгөхөд заалны зочид төлөөлөгч нар суудаг сандлын ард сууж байсан хүмүүстэй А.Б маргалдаж, хагас ханцуйтай цагаан цамцтай хүн А.Б-д “Чи энд л бид нарыг зодож, дээрэлхэж, дарамталхаас казакад очвол очоод чи гөлөг болно шүү дээ” гэж үг хаяж, А.Б тэр  цагаан цамцтай 50 орчим насны туранхай казак согтуу хүнийг болон хажууд нь байсан хүндийн өргөлтийн багшийг цохиход хүндийн өргөлтийн багш А.Б-ийг тус тус хоёр удаа түлхэж унагаасан ба хүндийн өргөлтийн багшийн хамраас цус гарсан байсан бөгөөд А.Б-ийг өрөөнд нь оруулж өгөөд гэрлүүгээ явцгаасан тухай мэдүүлэг,

Гэрч Т.М: “Спорт цогцолборын заалны зочид төлөөлөгчид суудаг сандал дээр сууж байхад нь нэг цагаан цамцтай, 50 орчим насны,  туранхай, казак согтуу хүн А.Б-ийг ална шүү нусгай бацаан, пизда гэж хэлэхэд А.Б тэр хүнийг нэг цохиход, хажуу тийш унаад босч ирсэн ба хажууд нь сууж байсан хүндийн өргөлтийн багшийг бас цохиход хамраас нь цус гарсан ба хүндийн өргөлтийн багш А.Б-ийг хоёр удаа хашлага давуулж унагаасан бөгөөд А.Б-ийг өрөөнд нь оруулж өгөөд М-ын хамт гэрлүүгээ явцгаасан” тухай мэдүүлэг,

Гэрч Г.Н: “2019 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цаг 23 минутад спорт цогцолборт хүн ухаангүй байна гэсэн дуудлагын дагуу очиход Т.Б гэдэг хүн ухаангүй, амьгал зүрх судас, зогссон байсан бөгөөд сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн боловч амьсгал зүрх судасны үйл ажиллагаа сэргээгүй” тухай мэдүүлэг,

Гэрч С.М: “А.Б нь боксын спортын мастер цолтой, өсвөрийн, насанд хүрэгчдийн, улсын аврага шалгаруулах тэмцээнээс удаа дараа медаль авч байсан, олон улсын А зэрэглэлийн дасгалжуулагч юм” гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн: Талийгаач Т.Б-ы биед суурь ясны хугарал, тархины эдийн дарагдал, хатуу хальсан дээрх цочмог цусан хураа /40гр/, аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйханд цус хуралт, эрүү, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Гавал тархинд үүссэн гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ. Талийгаачийн Т.Б-ы цусанд 2.4% промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэсэн” дүгнэлт,

       Талийгаач Т.Б-ы цогцосонд гадна үзлэг хийхэд эрүүний ооч хэсгийн баруун талд 5х0,5 сантиметрийн хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт, баруун эрүүнд 11х7 сантиметр бүдэг хөх өнгийн цус хуралттай байсан тухай тэмдэглэл,

        Шинжээч Д.Д: “Талийгаачийн эрүү, баруун нүдэнд үүссэн цус хуралт нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн нүдэнд үүссэн цус хуралт нь цохилтын улмаас үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “Цагаан өнгийн срочкин цамцанд илэрсэн цус нь Т.Б-ы гэх цусны ДНХ-тэй тохирч байна” гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

А.Б нь Т.Б-тай маргалдаж түүнийг гараараа цохьсоны улмаас Т.Б цементэн шалан дээр унаж амь насанд нь аюултай, хүнд гавал тархины битүү гэмтлүүд авч, тархи нь хавагнаж нас барсан тул А.Б-ийн  үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч А.Б-ийн гараараа Т.Б-ыг цохьсон үйлдэлийн улмаас биед нь учирсан гэмтэл нь хохирогч Т.Б-ыг үхэлд хүргэсэн шууд шалтгаан болсон байна.  Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэлийн улмаас хүний амь нас хохирсноор төгссөнд тооцогдох бөгөөд үхэл тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа болсон нь ач холбогдолгүй.  Тиймээс шүүгдэгч А.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд буюу шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг нөхөн төлүүлэхтэй холбогдуулж гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 2 000 000 төгрөгийг хохиролд нэмж төлсөн бөгөөд зөвхөн талийгаачийн сард авч байсан цалингийн тухай байгууллагын тодорхойлолтоор түүний цалин хөлс, орлогын дундажийг тогтоох боломжгүй тул хохирогчийн 15 настай хүүхдэд тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой бөгөөд шүүгдэгч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдээлэл өгч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилсөн тохиолдолд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үздэг. Харин шүүгдэгч А.Б нь хохирогч Т.Б-ыг болгоомжгүйгээр цохьсон гэж мэдүүлж байгаа бөгөөд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар энэ байдал нь үгүйсгэгдэж байна.

        Тиймээс шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх буюу шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Д.А-ний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон баривчлагдсан нийт 49 хоногийг эдлэх ялаас нь хассугай.

       3. Шүүгдэгч А.Б-д урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1.        Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

   ШҮҮГЧИД                             Т.Ж

                                  Ч.Э