Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Э.Халиун,

Хохирогч Ө.Батмөнх,

Шүүгдэгч Л.Тамир, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн /ҮД: 1043/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эвийн овгийн Лувсандоржийн Тамирт холбогдох эрүүгийн 201725020199 дугаар хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, 4-14 насны 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо бага дарь эх 3-1220 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Эвийн овгийн Лувсандоржийн Тамир /РД:ХК88021712/

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 Шүүгдэгч Л.Тамир нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухар зусланд байрлах хохирогч Ө.Батмөнхийн эзэмшлийн барилгын материалын дэлгүүрт нэвтрэн орж барилгын материал хулгайлж 4.008.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Мөн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидын зусланд байрлах хохирогч Д.Түвшинжаргалын эзэмшлийн гэрээс “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, “Кен” маркийн тасдагч багаж, эрэгтэй хүний 40 размерын гутал, хар өнгийн эрэгтэй хүний хослол зэрэг эд зүйлсийг хулгайлж 670.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, нийт 4.678.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Тамир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг үйлдэхийн өмнө Батмөнхийн гадаа талбайг цутгаж өгч байсан. Архи ууж гэр рүүгээ харих гээд хохирогчийн хашаа орж архи уусан. Хэдний өдөр гэдгээ санахгүй байна. Хаалгыг нь эвдэж ороод өглөө архи гараагүй байсан. Ухаан санаа орж гараад тэндээс барилгын материал болох эд зүйл авсан. Үүнд цайруулсан самар, шалны хулдаас, хөрөө, таслагч, хаалганы нугас, хаалганы цоож, түлхүүр, хаалганы бариул, таслагчны ир, алх, сүх, бахь, ажлын бээлий, шрүп зэрэг эд зүйл авсан. Зарим эд зүйлийг нь санахгүй байна. Такси барьж яваад 7 буудал болон 100 айлд очиж зараад нийт 300 гаруй мянган төгрөг болсон. 3 удаагийн үйлдлээр орсон. Дараагийн үйлдлийн хувьд 12 дугаар сарын 20-ны өдөр Түвшинжаргал намайг гэртээ үлдээгээд явсан. Гэрт нь ганцаараа байхдаа 32 инчийн зурагт, таслагч, эрэгтэй хослол, гутлыг нь авсан. 32-н буудал дээр зурагтыг нь 70.000 төгрөгөөр зарсан. Таслагчийг нь 20.000 төгрөгөөр зарсан. Гутал, хослолыг нь буцааж өгсөн…” гэв.

Шүүгдэгч Л.Тамир нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12-р сард байсан гэж бодож байна. Он сараа сайн санахгүй байна...урьд нь ажил хийж байсан дэлгүүр болох Батмөнх гэдэг айлын дэлгүүрийн хашаанд орж нөгөө авсан архиа уусан юм. Тэгээд архи ууж байгаад уг дэлгүүрт орж унтах гээд хаалгыг эвдэж орсон. Тэгээд тэндээ унтсан юм. Өглөө босоод миний архи гараагүй байсан. Тэгээд тэр дэлгүүр дотор байсан эд зүйлийг нь аваад такси бариад 7-н буудал ороод тэнд самараа зарсан юм...Би барилгын материал авсан. Үүнд: цоож, таслагч, точил, метр, хөрөө, шрүп, хаалганы нугас, өрөм, багс, төмөр шотко, бахь, уртасгагч, залгуур, ацтай лоом, төрөл бүрийн алхнууд, нугас, шалны хулдаас, жин, цайруулсан самар, ажлын бээлий зэрэг эд зүйл авсан. ...Би зуун айлд явуулын хүмүүст зарсан. ...Би эд зүйл хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр...тэгээд би тэдний гэрт хэвтэж байгаад шартсан байсан болохоор тэдний гэрт байсан зурагтыг нь авч орон дээр байсан бүтээлгээр нь боогоод, үүдний амбаарт авдран дотор нь байсан таслагчийг нь авсан. Тэгээд хувцасны шкафанд байсан эрэгтэй хүний хар судалтай костюмыг нь өмсөөд, ширээн доор байсан эрэгтэй хүний хар өнгийн гутлыг нь өмсөж, өөрийнхөө өмсөх байсан шар өнгийн гутлыг үлдээгээд, зурагт, таслагчаа байшингийн баруун талын цонхны салхивчаар нь авч гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 56-59 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ө.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хулгай орсон гэдгийг хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөх Хужиртаас ирсэн. Хэрэг гарахаас өмнө 10 дугаар сарын 27-ны өдөр хот руу нүүсэн. Согтуу байсан гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай дэлгүүр рүү 3 удаа орсон гэж үзэж байна. 108 төрлийн эд зүйлийг үнэлсэн. Би 4.867.000 төгрөгийн хохирол нэхсэн. Циликон 8 ширхэг байсан. Тамир аваагүй гэж байна. Үнэлгээний комиссын дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтээр миний хохирлыг багасгасан байсан. Би хохирлоо хурдан хугацаанд барагдуулах хүсэлтэй байна…” гэв.

   Хохирогч Ө.Батмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны хооронд Хужирт рашаан сувилалд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад ирсэн юм. Намайг хотод ирэхээс 2 хоногийн өмнө манай Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухар зуслангийн задгай тоотод байдаг барилгын материалын дэлгүүрт хулгайч орсон байна гэж манай дохиолол хамгаалалтын хүмүүс надад хэлсэн юм. Тэгээд би ирээд алдагдсан эд зүйлийнхээ тооцоог гаргаад цагдаад хандсан юм..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 31 дүгээр хуудас/

 

               Хохирогч Д.Түвшинжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Намайг гэртээ ороход манай хаалга цоожтой байсан бөгөөд байшингийн баруун талын жижиг салхивч онгорхой байсан. Мөн байшингийн маань хаалгыг дотор талаас нь түгжсэн байсан. Тэгээд хаалгаа хүчтэй татаж онгойлгоод гэртээ ороход хананд өлгөсөн байсан 32 инчийн самсунг маркийн зурагт алга болсон байсан мөн үүдний амбаарт авдранд байсан шинэ таслагчийг авдарны цоожийг эвдээд авчихсан байсан, мөн шкафанд байсан манай ах Нацагнямын костьюмыг, миний өөрийн, зуны, хар өнгийн 1 хос гутал байхгүй байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад хандсан. Тамираа гээд залуу манайхаас ингээд хулгай хийчихнэ гэж бодоогүй юм. Уг зурагтийг манай эгч 1 жилийн өмнө авч өгч байсан. Манай гэрт үлдсэн залуу намхан байсан. Уг хүн өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-106 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 106 дугаар хуудас/

 

Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 90-96 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...108 төрлийн үнэлгээ нийт 4.008.700 төгрөг…” гэжээ. /хх-ийн 12-18 дугаар хуудас/,

                                                                                                                 

Эд зүйлийн үнэлгээ: “...

  • Зурагт 1 ширхэг / марк нь тодорхойгүй/ - 600.000 төгрөг,
  • Гар таслагч 1 ширхэг – 40.000 төгрөг,
  • Гутал 1 хос – 15.000 төгрөг,
  • Костьюм 1 ширхэг – 15.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 107 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч А.Номууны мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/, гэрч С.Мартын мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/, амьжиргааны түвшиний тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 77-82 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

       Шүүгдэгч Л.Тамир нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухар зусланд байрлах хохирогч Ө.Батмөнхийн эзэмшлийн барилгын материалын дэлгүүрт нэвтрэн орж барилгын материалын эд зүйлс хулгайлж, 4.008.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

           

            2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидын зусланд байрлах хохирогч Д.Түвшинжаргалын гэрээс “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, “Кен” маркийн тасдагч багаж, эрэгтэй хүний 40 размерын гутал, хар өнгийн эрэгтэй хүний хослол зэрэг эд зүйлсийг хулгайлж 670.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, нийт 4.678.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Тамирын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ө.Батмөнхийн мэдүүлэг, хохирогч Д.Түвшинжаргалын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Л.Тамирыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Л.Тамирт ял оногдуулахдаа шүүхийн шийтгэх тогтоолоор тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзав.

 

Шүүгдэгч Л.Тамир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйдсэн байх тул сүүлийн буюу энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг нэмж нэгтгэн биечилэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Л.Тамир нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй, өрхийн амьжиргааны доод бүлэгт амьдардаг тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Л.Тамираас хохирогч Д.Түвшинжаргалын хохирлын 30.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний 40 размерын гутал, хар өнгийн эрэгтэй хүний хослол зэрэг эд зүйлсийг хохирогчид буцаан өгсөн ба шүүгдэгчээс 4.648.700 төгрөгийг гаргуулж, 640.000 төгрөгийг хохирогч Д.Түвшинжаргалд, 4.008.700 төгрөгийг хохирогч Ө.Батмөнхөд тус тус олгох нь зүйтэй байна.   

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Тамирын цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ нь: 

 

            1. Эвийн овгийн Лувсандоржийн Тамирт давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Тамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Тамирт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечилэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Тамирын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тамирын цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тамираас 4.648.700 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 44-р гудамжны 6 тоотод оршин суух хохирогч Ө.Батмөнхөд /ХГ46080872/ 4.008.700 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн 1-р гудамжны 06 тоотод оршин суух хохирогч Д.Түвшинжаргалд 640.000 төгрөгийг /ХБ69063072/ тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Тамирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Тамирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН