Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2017/0852

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Д ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О, Ж.З

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжийн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О нарт холбогдох хэсэг, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжийн Ж.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Д ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.Э, гуравдагч этгээд Л.Н, гуравдагч этгээд Ж.З, гуравдагч этгээд Л.Н-ийн өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК-ийн ерөнхий захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 505 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хотын зүүн хойд талд 20000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр болсон.

Анх газрыг эзэмшихдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар, анхны үнэ 8800000 /найман сая найман зуун мянган/ төгрөгийг 2012 оны дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албаны ....... дугаар дансанд тушаасан болно. Баянзүрх дүүргийн Засаг даргын 505 дугаар захирамжаар Д XXК-д эзэмшүүлсэн газрын гэрчилгээ нь 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гарсан юм. Тус 20000 м.кв газрыг эзэмшиж авснаас хойш тус компанийн өөрийн эзэмшлийн газраа, бусад газраас зааглаж шон түгжиж, намхан хайсан хашаа татсан бөгөөд иргэд хашааг нь буулгаад авчихсан, харин түгжсэн шон болон тэмдэглэгээ нь байгаа болно. Манай компани эзэмшил газартаа сувиллын газар байгуулах зорилготой төсөл хөтөлбөрт хамрагдах болсон төдийгүй газрын төлбөрийг эзэмшиж эхэлсэн үеэсээ тогтмол төлж байсан тухай нотлох баримтууд байна.

Манай компанийн газар эзэмших эрхийн хугацаа 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан учраас газар эзэмших хугацаагаа сунгуулахаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б нарт хүсэлт өгсөн бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга н.Ундрах 2017 оны 01 дүгээр сарын 04-ний 10/42 дугаар албан бичгээр хариу өгөхдөө: Бусад газраас заагласан хил хязгааргүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн дараалан ашиглаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжид 452 иргэнд газар эзэмших эрхийг олгож баталгаажуулаад, гэрчилгээжүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавихыг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд үүрэг болгожээ. Харин Д ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай заалт уг захирамжид байхгүй байхад нэр бүхий 16 иргэнд тус компанийн эзэмшлийн гэрчилгээтэй газрыг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Энэ захирамжийн заалт нь тухайн компанийн эрхийг, зөрчиж газрыг давхарлан олгосон байх тул Баянзүрх дүүргийн засаг даргын А/38 дугаар захирамжийн иргэн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О нарт газар эзэмших эрх үүсгэж гэрчилгээжүүлэх тухай 2 дахь заалт, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжийн иргэн Ж.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хуулийн дагуу сунгахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү. Д ХХК-ийн эзэмшлийн газрыг бусдад давхардуулан олгосноор тухайн компани эзэмшил газар дээрээ тодорхой үйл ажиллааа явуулах эрх зөрчигдөж байна гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Д ХХК-иас 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж газар олгуулахаар өргөдөл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 505 дугаар захирамжаар 11 дүгээр хороо, Хонхорын зүүн хойд талд 20000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар аж ахуйн зориулалтаар эзэмших эрх олгосон байна.

Гэвч нэхэмжлэгч нь эзэмшил газар дээрээ бусад газраас заагласан хил хязгаар байгуулаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Хүчингүй болгуулах шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг заасан ба захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэж заажээ. Үүнээс үзэхэд тухайн захиргааны акт хууль бус захиргааны акт байх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна.

Дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжаар Н-ын Б, Я-ны О, Э-ын У, Л-ны Н, А-ын Б, Б-ын Н, И-ийн Б, Э-ын А, Т-ын О, Т-ийн Б, Б-ын Э, Б-ийн Х, Б-ын О, Н-ийн Л, И-ийн О нарт дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт 700 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай, дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжаар Ж-ийн З-д 11 дүгээр хороо, Хонхорт 700 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна.

Иргэдийн гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д тус тус заасны дагуу газар эзэмших эрх олгосон тул холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй.

Гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг ойлгоно., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргана гэж заасны дагуу хуулиар хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байх, тус эс үлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхыг шаардаж байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба бүртгэнэ. гэж заасны дагуу Газрын албанаас эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж үзсэний үндсэнд хугацаа сунгахаас татгалзсан тул даалгах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.З шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж овогтой З Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлт удаа дараа гаргасны эцэст 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв газар эзэмших эрх олгож, 15 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон.

Газар эзэмших зөвшөөрөл гаргахын өмнө кадастрын зураг хийлгэсэн бөгөөд энэ үед газрын давхцал гараагүй. Мөн газар эзэмших захирамж гарсны дараа газрын гэрчилгээ авч гэрээ хийх үед эзэмшил газраа бүртгэлд оруулахад давхцал гараагүй болно.

Хэрэв ямар нэгэн компанийн эзэмшил газарт давхацсан байсан бол газрын бүртгэл хийх үед болон кадастрын зураг хийлгэх үед давхцал нь гарах ёстой.

Иймд миний эзэмшихээр авсан газар нь аль нэгэн компанийн эзэмших газартай давхцаагүй бөгөөд би өөрийгөө хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэж байна.

Миний эзэмшил газар цахилгааны шугамд холбогдвол амины орон сууц барьж амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд 2015, 2016 оны газрын төлбөрөө бүрэн төлсөн гэжээ.

Гуравдагч этгээд И.О, И.Б, А.Б, Т.О, Л.Н, Э.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2015 оны А/38 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхорт 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон юм. Засаг даргын захирамжийн дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, байршлын кадастрын зураг хийлгэн, газрын бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлсэн юм.

Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ... удаа дараа гэдгийг 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно, мөн хуулийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчдээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга холбогдох хууль, тайлбарын дагуу Д ХХК нь эзэмшсэн газраа 4 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийг 2015 онд хүчингүй болгож, иргэдэд газар олгосон зөв зүйтэй бөгөөд иргэдэд уг газрыг хуваан эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэстэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, И.О, И.Б А.Б, Т.О, Л.Н, Э.А нарын хууль ёсны дагуу авсан газар эзэмших эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний охин Б.О нь 2015 онд Баянзүрх дүүрэгт газрын гэрчилгээ гаргуулахаар өргөдөл гаргасны дагуу газрын гэрчилгээ авсан. Д ХХК-ийн газар эзэмших захирамж 2012 онд гарсан байна. Гэтэл энэ газар олголтыг зогсоосон байсан. Мөн газрын кадастрын зураг байхгүй байна. гэжээ.

Гуравдагч этгээд Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ... Д ХХК-ийн эзэмшиж буй гээд байгаа газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа учир иргэдэд олгосон газар давхацсан гэсэн ойлголт байхгүй. Газрын төлбөрөө төлдөггүй, 2 жилийн хугацаанд газраа ашиглаагүй Д ХХК-ийн эзэмшиж байсан газарт иргэдэд газар олголт хийсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын хууль ёсны шийдвэрийг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Гуравдагч этгээд Л.Н-ийн өмгөөлөгч А.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргаж байгаа хариу тайлбарыг дэмжиж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэр бүхий 16 иргэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж, холбогдох материалын бүрдүүлбэрийг хангаж, мөн хуулийн 33, 34 дүгээр зүйлүүдэд зааснаар Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших газарт тус бүрт нь 0,7 га газрыг эзэмшүүлсэн. Энэ захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, газрын кадастрын зураг хийлгэж, газрын бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлсэн.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн нэр заасан иргэдэд газар олгох шийдвэр гаргасан асуудал нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч компани нь 6 жилийн өмнө буюу 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 505 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 000 мкв газар эзэмших эрх олгосон нөхцөлд дээр дурдсантай адил газрын кадастрын зураг хийлгэж, нэгдсэн санд бүртгүүлж, баталгаажуулж, албажуулах үүрэгтэй байсан. Энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байгаа нь баримтаар нотлогдож байна.

Мөн компани нь газрын байршил, кадастрын зураг гаргуулаагүй нь тухайн газар гуравдагч этгээд нарын газрын байршилтай давхацсан гэсэн асуудлыг хэлэлцэхэд хүндрэлтэй, тодорхойгүй болгож байна. Гуравдагч этгээдүүд тухайн газарт кадастрын зураг хийлгэхэд ямар нэгэн давхцал гараагүй гэдгийг дахин давтан хэлье. Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Нэхэмжлэгч компани нь эзэмших эрхийн гэрчилгээ гарснаас хойш 4 жилийн хугацаанд газраа ашиглаагүй, бусад газраас заагласан хил хязгаар бариагүй гэсэн асуудлууд тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө газар эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана гэж заасан байдаг.

Д ХХК-ийн хувьд тухайн газрыг эзэмших зөвшөөрөл 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гарсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хугацаа сунгуулах тухай өргөдлөө өгөх ёстой байсан ч хугацаа хэтрүүлэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүсэлтээ гаргасан нь хуульд заасан хугацааг зөрчсөн байна.

Хүндэтгэн үзэх шалтгааныг Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд тодорхой зааж өгсөн. 2 жилийн хугацаанд газар дээрээ ямар нэгэн зүйл хийсэн хийгээгүй гэж маргах зүйл байхгүй. Энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон асуудал юм. 6 жил хугацаанд анх олгогдсон зориулалтын дагуу юу ч хийгээгүй байна. Хэрвээ ямар нэгэн зүйл хийсэн бол түүнийгээ баримтаар нотлох хэрэгтэй.

Нэр бүхий 16 иргэн нь тухайн газрын шударга эзэмшигч бөгөөд, дүүргийн Засаг даргын гаргасан захирамж нь хуульд заасны дагуу гарсан гэдгийг анхаарч шийдвэрлэнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Д ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжийн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О нарт холбогдох хэсэг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжийн Ж.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Д ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3266, мөн оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3399 дүгээр захирамжуудаар Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О, Ж.З нарыг гуравдагч этгээдээр татжээ.

Дээрх иргэдээс Б.Х 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр, Б.Н 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тус Монгол Улсын хилээр гарсан бүртгэл авагдсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7-2/4605 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Н.Б, Я.О, Э.У, А.Б, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.О, Н.Л, И.О нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар хүсэлтээ гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар гуравдагч этгээд Н.Б, Я.О, Э.У, А.Б, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э Б.О, Н.Л, И.О, Б.Х, Б.Н нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, баталгаажуулах тухай 505 дугаар захирамжаар Д ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын зүүн хойд талд аж ахуйн зориулалтаар 20000 м.кв газар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд хугацаа нь 2016 оны 11 дугаар сарын 21-ний өдрөөр дуусах байжээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; гэж заасан эрхийнхээ хүрээнд газар эзэмшигч Д ХХК мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 07, мөн оны 12 дугаар сарын 05, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Газрын албанд хугацаа сунгуулах, газрын давхцал шалгуулахаар өргөдөл гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Газрын албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10/42 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид ... Танай компани эзэмшил газар дээрээ бусад газраас заагласан хил хязгаар байгуулаагүй мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-ыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн нөхцөл бүрдсэн байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. гэж хариу өгчээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ... 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй., мөн зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж зааснаас үзвэл газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдвол дүүргийн Засаг дарга гэрчилгээг хүчингүй болгож захирамж гаргах учиртай.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Д ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаагүй болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2/1231 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ., Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйлийн 27.3-д Сонсох ажиллагааны мэдэгдэлд дараах зүйлсийг тусгана: ..., мөн зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш гэрчилгээ эзэмших нөхцөл шаардлагыг хангаж ажилласан эсэхийг хянаж үзэх бөгөөд ийнхүү хянахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах учиртай байжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Д ХХК-ийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшиж байсан бөгөөд эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжаар Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О нарт, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжаар Ж.З-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасныг зөрчжээ.

Гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч Д ХХК-ийн эзэмших эрх бүхий газартай давхацсан болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/2070 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх; гэж, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 9.7-д Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн ажлыг мэдэгдэл өгсөн албан тушаалтан шалгаж Газрын кадастрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулна. гэж тус тус кадастрын зургийг улсын бүртгэлд бүртгэх нь Газрын албаны эрх болохыг заасан байна.

Д ХХК нь П ХХК-иар эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг хийлгэсний дагуу Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалт болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 9.1, 9.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд Д ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын нэгж талбар, эргэлтийн цэгийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Д ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байхад гуравдагч этгээд нарт давхцуулан газар эзэмшүүлсэн, эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хуульд заасан журмын дагуу хянаагүй Баянзүрх дүүргийн Засаг даргын үйлдэл нь Газрын тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжийн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О нарт холбогдох хэсэг, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжийн Ж.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Д ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн

114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН