Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2017/0827

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г,

Хариуцагч: Налайх дүүргийн Газрын алба,

Гуравдагч этгээд: Г.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэрээр хууль ёсны эзэмшигчээр тогтоогдсон Б.Г-ын нэр дээр гэрчилгээг бүртгэж, олгохыг Налайх дүүргийн Газрын албанд даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Ч, хариуцагч Налайх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г би Б.Г-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, Хас банкны барьцаанд байсан газрыг 14.000.000 төгрөгөөр худалдан авсан. Ийнхүү уг газар дээр баригдсан 66 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай байшинг үл хөдлөх бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан.

2010 онд Б.Г-тай хамт Засаг дарга н.Б-т газрын эрхийг шилжүүлэх тухай өргөдөл гаргахад хүлээн аваад бидэнд одоо газрын албанаас гэрчилгээгээ авч болно гэж хэлж байсан.

Улмаар уг газрын гэрчилгээ гарчих байх гээд хөдөө өөрийн ажлаа хийж байгаад ирсэн чинь газрын гэрчилгээ маргаантай байгаа тул шилжих боломжгүй, хоёр өөр захирамжтай, Нийслэлийн газрын албанаас мэдэгдэл ирсэн гээд гэрчилгээг маань гаргаж өгөөгүй.

Миний бие Б.Г-г хуурамч бичиг баримт үйлдсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагаар шалгуулсан ч тус баримт бичиг нь хуурамч бус бөгөөд хүчин төгөлдөр гэсэн хариу гарсан. Гэтэл газрын алба маргаан бүхий газар Г.Г гэгч хүний нэр дээр байна та шүүхээр өмчлөгч нь мөн гэдгээ тогтоолго гэхээр нь Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 104/ШШ2016/00434 дугаар шийдвэрээр тус газар, объектын хамт шууд эзэмшигч буюу шударга эзэмшигчээр тогтоолгосон.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш газрын албан дээр удаа дараа хүсэлт өгөхөд газрын албаны тамга тэмдэг хураалгасан, шалгалт ирсэн, дарга солигдох гэж байгаа гэх шалтгууд хэлсээр 2016 он гаргасан.

2017 он гараад гэрчилгээгээ гаргуулахыг шаардахад Б.Г нь эхнэрийн нэр дээр Г.Г-с итгэмжлэл хийлгэн 2015 онд нөхөн гэрчилгээ бичүүлсэн гэсэн хариуг өгснөөр дээрх газрын албаны хууль бус үйлдлийн улмаас миний эрх ашиг сонирхол зөрчигдөн гэрчилгээг нөхөн олгосон болохыг мэдсэн.

Үүнээс өмнө Б.Г-ийн нэр дээр гарсан гэрчилгээг газрын алба хураан авсан, Г.Г-ын нэр дээр гэрчилгээ нь эх хувиараа байхгүй надад гэрчилгээ олгох боломжтой гэж мэдэгдэж байсан.

Дээрх газрын албаны хууль бус үйл ажиллагааны талаар Нийслэлийн газрын албанд гомдол гаргаж тус газрын албанаас ...иргэн Г-ын нэр дээр нөхөн олгосон газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэний шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэн Б.Г-т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах ... талаар тусгасан албан бичгийг Налайх дүүргийн газрын албанд ирүүлсэн. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 16/596 дугаар бүхий Налайх дүүргийн өмч газрын харилцааны албанаас ирүүлсэн бичигт Ү- үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Б.Г-ын нэр дээр гарсан боловч газрын гэрчилгээ Г.Г-ын нэр дээр буюу Б.Г-ын нэр дээр шилжээгүй байх тул тухайн гэрчилгээг давхардуулан олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэрээр хууль ёсны эзэмшигчээр тогтоогдсон Б.Г-ын нэр дээр гэрчилгээг бүртгэж, олгохыг Налайх дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Налайх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Налайх дүүргийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр нэгж талбарын ........ дугаар 588.10 м.кв газрыг иргэн Г.Г-д 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалттайгаар эзэмших эрх олгосон.

Хэдийгээр Б.Г-ын нэр дээр уг газар байрлах 66 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн Ү- дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ........ дугаар гэрчилгээ олгосон ч газар эзэмших эрхийг Б.Г-ын нэр дээр шилжүүлэн, гэрчилгээг давхардуулан олгох боломжгүй байна.

Мөн 2010 оны 02 дугаар сард иргэн Б.Г нь уг газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаж материалыг газрын албанд өгсөн боловч иргэн Б.Г-ийн нэр дээр дүүргийн Засаг даргын захирамж байхгүй байсан тул тухайн үед ажиллаж байсан мэргэжилтэн материалыг хурааж авсан.

2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Г.Г нь гэрчилгээ нөхөн авах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн засаг даргын захирамжаар Г.Г-д нөхөн олгохоор болсон тул 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Г.Г-ын нэр дээр нөхөн олгож бичиж өгсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г-оос Налайх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэрээр хууль ёсны эзэмшигчээр тогтоогдсон Б.Г-ын нэр дээр гэрчилгээг бүртгэж, олгохыг Налайх дүүргийн Газрын албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Г.Г Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3-1/6481 дүгээр албан бичиг[1] болон түүний Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архив, мэдээллийн санд бүртгэлтэй оршин суугаа хаягт амьдарч буй түүний дүү гэх Г.З-ийн Г.Г нь одоогоор Монгол Улсад байхгүй, Англи улсад амьдарч байгаа гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гуравдагч этгээд Г.Г цахимаар ...Г.Г би Англи Улсад амьдарч байгаа мөн дээрх газрыг нэгэнт иргэн Б.Г-д худалдаж надад хамааралгүй болсон тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт[2] ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана гэж заасны дагуу гуравдагч этгээд Г.Г-ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Г Налайх дүүргийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамж[3], газар эзэмших эрхийн .... дугаар гэрчилгээ[4], үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээ[5] зэргийг үндэслэн 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Г-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан Налайх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 дугаар сургуулийн хашаанаас урагш 20 м, дотуур байрны барилгаас баруун тийш 20 м зайд байрлах 588 м.кв газар, уг газарт байрлах 66 м.кв барилгын хамт худалдан авч, улмаар 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр маргаан бүхий газар байрлах 66 м.кв үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн .... дугаар гэрчилгээ[6] авчээ.

Иргэн Б.Г Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ...588 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгож, газар эзэмших эрхийн бүртгэл хийж, уг газрын гэрчилгээ олгохыг Налайх дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 434 дүгээр шийдвэрээр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийн .... дугаар гэрчилгээтэй, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ..... дугаарт бүртгэлтэй, 588.10 м.кв газрын шууд эзэмшигч эрх бүхий этгээдээр тогтоож, газар эзэмших эрхийн бүртгэл хийж, уг газрын гэрчилгээ олгохыг Налайх дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж зааснаар нэхэмжлэгч Б.Г нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийн .... дугаар гэрчилгээтэй, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй, 588.10 м.кв газрын шууд эзэмшигч эрх бүхий этгээдээр тогтоогдсон тул түүний газар эзэмших эрхийн талаар дахин нотлох шаардлагагүй юм.

Дээр дурдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 2017 оны 3 дугаар сарын 22, 3 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн Газрын албанд хандахад тус албаны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 16/312, 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16/324 дүгээр албан бичгээр хариу өгчээ.

Иргэн Б.Г, Б.Г нар Налайх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 дугаар сургуулийн хашаанаас урагш 20 м, дотуур байрны барилгаас баруун тийш 20 м зайд байрлах 588.10 м.кв газрыг Б.Г-ын нэр дээр шилжүүлж өгөх тухай хүсэлтийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний хамт Налайх дүүргийн Засаг даргад гаргасан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасантай нийцэж байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:

38.3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;

38.3.2. шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;

38.3.3. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх., мөн зүйлийн 38.4-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно. гэж зааснаар шилжүүлэх хүсэлт хуулийн дээрх шаардлага хангасан эсэхийг тодруулж, шийдвэр гаргах учиртай.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргах үед иргэн Б.Г-д эзэмшүүлэхээр олгосон 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 588.10 м.кв газрын 15 жилийн хугацаа хугацаа дуусаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар гэрчилгээг хүчингүй болгоогүй байжээ. Мөн тус гэрчилгээг жинхэнэ болох талаар хожим нь шүүх дүгнэсэн байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: ... 23.4.2. Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 7.1-д Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг дараах төрлүүдээр боловсруулна. ..., 8.1-д Шийдвэрийн төсөл дэмжигдээгүй бол үндэслэлийг дурьдан өргөдөл гаргагчид газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загвар Хариу өгөх мэдэгдэл-ээр мэдэгдэж өргөдлийг хаана. гэж зааснаар газар эзэмшүүлэх Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулан, шийдвэр гаргуулж, гарсан шийдвэрийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нь дүүргийн Газрын албаны эрх байна.

Иргэн Б.Г, Б.Г нараас гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй байхдаа иргэн Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-аас 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан гэрчилгээ нөхөн гаргуулах хүсэлтийг үндэслэн Г.Г-ын нэр дээр дахин гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцээгүй гэж үзлээ.

Иймд Налайх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 дугаар сургуулийн хашаанаас урагш 20 м, дотуур байрны барилгаас баруун тийш 20 м зайд байрлах 588 м.кв газрыг Б.Г-ын нэр дээр шилжүүлж бүртгэхгүй байгаа Налайх дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

Харин Газрын тухай хуулийн дээрх заалтад дурдсан Газрын албаны эрхэд халдан хариуцагч дүүргийн Газрын албанд гэрчилгээ бичиж олгохыг даалгах боломжгүй бөгөөд иргэн Б.Г, Б.Г нараас гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-с Налайх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Налайх дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Б.Г, Б.Г нараас гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Налайх дүүргийн Газрын албанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Газрын албанаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН