Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

Улсын яллагч М.Гантулга,

Шүүгдэгч Т.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн овгийн Тулгабатын Дашнямд холбогдох эрүүгийн 201725020384 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мах махан бүтээгдэхүүний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 35 дугаар гудамжны 538 тоотод оршин суух , урьд ял шийтгэлгүй, Түмэн овгийн Тулгабатын Дашням /РД: УХ94051852/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Дашням нь 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.Ууганбаяртай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Дашням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.

 

Шүүгдэгч Т.Дашням нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Өмнө би Дашням гэдэг найзтайгаа маргалдаж зодолдоод найз нарыгаа жаахан гомдоочихсон байсан юмаа. Түүнээс болж Ууганбаяр бид 2 маргалдаад надад уурлаад надтай зодолдоё гээд хэл амаар доромжлоод байсан....Ууганбаяр гараараа намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад зөрүүлээд Ууганбаярыг хацар луу нь гараараа нэг удаа цохисон Тэгтэл Ууганбаяр газарт унасан ба унахаар нь би дээрээс нь нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиод хоёр удаа алгадсан. Тэгээд би гараад явсан. Би Ууганбаярыг гараараа л цохисон өөр юмаар цохиогүй. Ууганбаяр бид хоёр багын найзууд байсан.. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Ууганбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн орчим би найз болох /том/ Дашням, /жижиг/ Дашням, Бат-эрдэнэ нарыг утсаар гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгтэл Дашням түрүүлж манай гэрт ирээд намайг “хамт пиво ууя” гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 гарч дэлгүүр ороод 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад эргээд манай гэрт орсон. Тэгтэл араас Дашням, Бат-Эрдэнэ 2 орж ирээд ажилтай болчихлоо гээд эргээд гарцгаасан. Тэгээд Дашням бид 2 пиво хувааж ууж байгаад 21 цагийн орчим яагаад маргалдсан талаараа сайн санахгүй байна намайг гараараа нүүрэн тус газарт цохиод авсан. Тэгээд би ухаан алдаж унаад шөнийн 03 цагт сэрсэн. Тэгээд миний бие маш хүндүүр болсон байхаар нь цаг харчихаад эргээд унтсан. Тэгээд маргааш өглөө нь нүүрээ толинд харсан чинь миний нүүрний эрүүний хэсэг битүү хавдар болсон байхаар нь ээж рүүгээ залгасан тэгэхэд ээж эмнэлэгт хэвтэж байсан болохоор 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ээж эмнэлгээс гарч ирээд бид 2 эмнэлэгт очиж үзүүлсэн чинь миний эрүү хугарчихсан байсан. Дашням бид 2 багаасаа найзалсан найзууд гэхдээ Дашням нь манай найзуудтай харилцаа жаахан муутай. Т.Дашням бид хоёроос өөр хүн байгаагүй … Т.Дашнямаас эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг бэлнээр авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй….” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 57 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Ууганбаярын гэрт ороход том Т.Дашням тэр хоёр ширээн дээр нэг пиво тавьчихсан сууж байсан. ...Тэгээд би урьд өмнө нь том Т.Дашнямтай муудалцаж байсан болохоороо уур хүрээд буцаад гараад явсан. Тэгтэл миний араас жижиг Дашням гарч ирээд бид 2 цуг явцгаасан. Тэгээд маргааш нь бил үү нөгөөдөр нь бил үү Н.Ууганбаяртай ярьсан чинь том Дашнямд зодуулсан талаараа надад хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

                                                                                                                                                                    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹2269:

1. Н.Ууганбаярын биед эрүүний зүүн булангийн холимог хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэхийг мэс заслын тэмдэглэл болон рентген зургийг ирүүлсний дараа шүдний гэмтлийг тодруулсны дараа тогтоох боломжтой …”  Шинжээч эмч: Г.Ханхүү…” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹451: “…Дүгнэлт

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Мэс заслаар Н.Ууганбаярын 3, 8-р шүдийг авсан нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна…” гэжээ /хх-ийн 50 дугаар хуудас/,

   Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...хохирогч Н.Ууганбаярын нүүрний томографийн авахуулсан зурагтай 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 49 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогч Н.Ууганбаярын эмчилгээний карт, өвчний түүх /хх-ийн 16-17, 51-56 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Дашнямын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэл шалгасан хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 29-44 дүгээр хуудас/, хохирогч Н.Ууганбаярын “Т.Дашнямаас хохирлоо авсан, гомдол саналгүй, нэхэмжилэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Дашням нь согтуурсан үедээ 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11б байрны 10 тоот буюу хохирогч Н.Ууганбаярынд түүний зүй бус харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Дашнямын “...Ууганбаяр бид 2 маргалдаад надад уурлаад надтай зодолдоё гээд хэл амаар доромжлоод байсан....Ууганбаяр гараараа намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад зөрүүлээд Ууганбаярыг хацар луу нь гараараа нэг удаа цохисон, нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиод, 2 удаа алгадсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Н.Ууганбаярын  “...Тэгээд Дашням бид 2 пиво хувааж ууж байгаад 21 цагийн орчим яагаад маргалдсан талаараа сайн санахгүй байна намайг гараараа нүүрэн тус газарт цохиод авсан. Тэгээд би ухаан алдаж унаад шөнийн 03 цагт сэрсэн....” гэсэн мэдүүлгээр, гэрч Э.Бат-Эрдэнэ “...Н.Ууганбаяртай ярьсан чинь том Дашнямд зодуулсан талаараа надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹2269: “…Н.Ууганбаярын биед эрүүний зүүн булангийн холимог хугарал ,эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Дашням хохирогч Н.Ууганбаяр нар найз нөхдийн холбоотой байх ба хэрэг болох үед хохирогч нь шүүгдэгчийг гэртээ дуудан хоорондоо нийлж архидан согтуурч сэтгэл хөөрлийн үедээ хохирогч зүй бус харьцаж шүүгдэгчтэй маргалдсаны улмаас шүүгдэгч Т.Дашням нь хохирогч Н.Ууганбаярыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулжээ.

Иймд шүүгдэгч Т.Дашнямыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Дашнямд ял оногдуулахад согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн /хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч Н.Ууганбаяраас гаргасан хүсэлтдээ “...хохирлын төлбөрт 600.000 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Н.Ууганбаярын нүүрний томографийн зураг бүхий 1 ширхэг сидиг хохирогч болох хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Дашням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

            1. Түмэн овгийн Тулгабатын Дашнямыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Т.Дашнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дашнямд оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Дашням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.Ууганбаярын нүүрний томографийн зураг бүхий 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Ууганбаярт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Дашнямд оногдуулсан 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцуулсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Дашнямд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН