Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2021/00388

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ж.*******ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох -ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, 7 дугаар хэсэг, Удирдлагын акдемийн 36 дугаар байр, 01 оршин суух хаягтай, хувиараа ажилладаг гэх

******* овгийн ******* *******

регистрийн дугаар УЖ- *******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Орхон 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 1-р гудамж, 41 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй гэх

******* овгийн *******ийн *******

регистрийн дугаар МЗ- *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Энхцэцэг нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие овгийн Жайяа овогтой ******* нь 2004 онд ******* овогтой *******тэй танилцаж, улмаар 2006 оны 06 дугаар сарын 02-нд гэрлэлтийн 144-р тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү Бат-Эрдэнийн ******* нь 2005 оны 06 дугаар сарын 25-нд төрсөн...2012 оноос хойш бараг 10 жил орчим хугацаанд тус тусдаа амьдарч байна...2014 оны 02 сард гэр бүлээ цуцлуулахаар миний бие өргөдөл өгсөн ба шүүхээс эвлэрлийн 3 сар өгсөн. Энэ хугацаанд Б.******* нэг ч удаа хүү бид хоёртой уулзаагүй. Тусдаа амьдарч буй үедээ эргэж ирэх болов уу гэж хүлээсэн боловч өөр хүнтэй суусан сураг гарч байсан...Иймд бид 2 цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй. Тусдаа 9 жил амьдрах хугацаанд хүүхэдтэйгээ бараг холбогддоггүй байсан.

1.Нөхөр болох Б.*******тэй батлуулсан гэр бүлийн гэрчилгээг цуцлуулж өгнө үү!

2.Бид хоёрын хооронд дундын өмчийн маргаан байхгүй.

3.Хүү Б.*******ыг ээж болох миний асран хамгаалалтад авахыг тогтоож өгнө үү!

4.Хүү Б.*******ын насанд хүрэх хүртэл эцгээс нь авах тэтгэмжийг тогтоож өгнө үү! ...гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2004 онд хариуцагч болох Б.*******тэй танилцаж, улмаар 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Тэгээд хамт амьдрах хугацаанд 2005 оны 06 дугаар сарын 25-нд хүү Бат-Эрдэнийн ******* төрсөн. Ингээд бид хоорондоо таарамжгүй болж, 2012 оноос хойш бараг 10 жил орчим хугацаанд тус тусдаа амьдарч байна. Миний хувьд 2014 оны 02 сард гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл гаргахад шүүхээс эвлэрлийн 3 сарын хугацаа өгсөн боловч энэ хугацаанд Б.******* нэг ч удаа хүү бид хоёртой уулзаагүй. Хүү бид хоёр тусдаа амьдарч байх үедээ эргэж ирэх болов уу гэж хүлээсэн боловч өөр хүнтэй суусан сураг гарсан. Ингээд бүр салж гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Одоо хүү минь 16 нас хүрсэн. Бидний хувьд цаашид эвлэрч хамтран амьдрах ямар ч боломжгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Ийм учраас Б.******* бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.*******ыг миний асран хамгаалалтад үлдээж, Б.*******ыг насанд хүрэх хүртэл эцгээс нь авах тэтгэмжийг тогтоож өгнө үү! ... гэх.

 

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүдээ тэтгэлэг төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж

Үндэслэх нь :

 

Нэхэмжлэгч Ж.******* нь Б.*******д холбогдуулан Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох -ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Зохигчид нь 2004 онд танилцан, хамт амьдарч байгаад 2006 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2005 оны 06-р сарын 25-нд хүү Б.******* төрсөн, хүүхэд 2014 оноос хойш эхийн асрамжид байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Ж.*******, Б.******* нарын гэр бүл болсныг 2006 оны 06-р сарын 02-нд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 144 дугаарт бүртгэж, №0036526, Бүртгэл 103 дугаартай олгосон Гэрлэлтийн баталгааны хуулбар, хүү Б.*******ын №0224541, Г-762 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна. Ж.*******, Б.******* нар нь гэрлэлт цуцлуулах асуудлаар 2021 оны 06-р сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрлийн ажиллагаа амжилтгүй болсон байна.

Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд ...Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүдээ тэтгэлэг төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй... гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү Б.*******ыг эхийн асрамжид хэвээр үлдээж, хуульд зааснаар эцэг Б.*******эс тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох ... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул насанд хүрээгүй хүү Б.*******ыг хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тогтмол хугацаанд төлөгдөх ...тэтгэлэг... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54.771 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлого болговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6 -д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар ******* овгийн ******* *******, ******* овгийн *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүү Б.*******ыг эх Ж.*******ийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2005 оны 06-р сарын 25-нд хүү Б.*******ыг 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг *******ийн *******эс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.*******эс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 54.771 төгрөгийг гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ