Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар  2024/ШЦТ/168 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2430000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ********* оны ******** дугаар сарын ********-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” зоогийн газарт зөөгч ажилтай, ам бүл 8, аав, ээж, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ******** дугаар баг, “*******” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 03 цагийн орчимд Тоёота Приус 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан буюу 0.95 хувийн согтолттойгоор Сүхбаатар аймгийн ******* сумын ******** дугаар багийн нутаг тойргийн урд талын авто замаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед найз ын хамт бааранд бид хоёр 2-3 лааз пиво ууцгаасан. Найз ыг аваад баарнаас 01 цаг өнгөрч байхад гарсан. Би ын Приус-20 маркийн машиныг жолоодоод баарны баруун талд гарч ыг машинд нь хэсэг унтуулах гээд баарны гаднаас хөдлөөд баарны баруун талын засмалаар хойшоо эргээд явж тойргийн урд талын гарцаар баруун гар тал руугаа буугаад явж байгаад зогсоод байж байтал цагдаагийн алба хаагч нар ирээд цагдаагийн байгууллага дээр авч ирж миний согтуурлыг шалгахад 0,95 хувийн согтолттой гэж гарсан” гэх,

гэрч “Миний бие олон нийтийн цагдаа хамт 2024 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад ******* сумын 3 дугаар баг тойрог дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал баарны уулзвараас нэг машин эргээд урдаас  явж байгаад гэнэт замаас гараад зогсохлоор нь очиж шалгахад улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхаар нь тус тээврийн хэрэгслийг зогсоож, олон нийтийн цагдаа О.Отгонбаяр бид хоёр тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтыг шалгахад жолооны үнэмлэх нь байхгүй байсан болохоор регистрийн дугаараар нь шалгахаар асуутал тухайн хүн өөрөө эрхээ хасуулсан болохоо хэлсэн. Ингээд тандагч багажаар жолоочийг үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаагийн газар дээр авчирч Драгер багажаар согтуурлын хэмжээг шалгахад 0.95 хувийн согтолттой гарсан учраас уг асуудлын талаар гомдол гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

гэрч А.ын “2024 оны 05 дугаар сарын 19-ны 00 цагийн үед би найз *******ын хамт бааранд орж лаазтай пиво 2-3 ширхгийг ууцгаасан. Бааранд нэг хүнтэй маргаад байснаа санаж байна, тухайн үед нэлээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд ******* бид хоёр баарнаас гараад ******* миний Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай автомашиныг бариад би хажууд нь суугаад баарны зогсоол дээрээс хөдлөөд явж байсныг санаж байна, тэгээд би хэсэг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн алба хаагч миний машиныг бариад журмын хашаа руу явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, *******ын 0.95 хувийн согтолттойг харуулсан гэрэл зураг/хавтаст хэргийн 3 -4 дугаар хуудас/,

1118 улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн 04652055 дугаартай гэрчилгээ/хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

Стандарт, хэмжил зүйн газрын Физик- химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын № ФХ 001178 дугаартай гэрчилгээ/хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

Драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, Сиди бичлэг/хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/162 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 42-43 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.15-ны өдрийн 2024/ЗШ/162 дугаартай шийтгэвэр, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *******т холбогдох Жолоочийн лавлагаа, мэдээлэл, тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 0.95 хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан”  байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан, 001178 гэрчилгээтэй, зориулалтын Alcotest 6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зураг болон дүрс бичлэгээр баталгаажуулсан баримт зэргээр нотлогдоно.

 

   5. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь  2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 03 цагийн орчимд Тоёота Приус-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан буюу 0.95 хувийн согтолттойгоор Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг тойргийн урд талын авто замаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.

 

7. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ  автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-“оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН