| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2021/00389/И |
| Дугаар | 148/ШШ2021/00407 |
| Огноо | 2021-08-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 148/ШШ2021/00407
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Э.*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох -ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Орхон 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 012 тоотод оршин суух хаягтай, Лаборатори 4 дүгээр сургуульд багш ажилтай
******* овгийн ******* *******
регистрийн дугаар АР- 94042021
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Энхцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие 2015 онд Энхтайвантай гэр бүл болсон боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Тухайн үед гэрлэлтээ батлуулъя гэхэд ажил төрөл хөөцөлдөхөд хэцүү байдаг чи яагаад батлуулъя гээд байгаа юм гэх чилэн дургүйцдэг байсан учраас гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй юм. 2016 оны 10 сарын 14-ний өдөр хүү ******* төрж мэндэлсэн одоо 4 настай эрүүл саруул бойжиж байна. 2019 оноос хойш бид хоёр тус тусдаа амьдарч байна. Нэгэнт гэрлэлтээ бүртгүүлээгүй учир гэрлэлт цуцлуулах асуудал яригдахгүй юм байна гэдгийг ойлгосон. Харин хүү ******* миний асрамжид өсөж торниж байгаа учраас хүүгээ өөрийн асрамжид авч эцэг Э. Энхтайвангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Миний хувьд Энхтайвантай амьдрах хугацаанд эдийн засгаар хараат, хайр сэтгэл байхгүй ийш тийш ажилд явна гээд олон сар хоногоор явдаг би хүүтэйгээ хоёулахнаа үлддэг бид хоёрыг гэх сэтгэл түүнд байхгүй зөвхөн ирэхээрээ асруулж тэтгүүлж байгаад л явчихна. Сүүлийн үед өөрсдийн амьдрах хугацаандаа бий болгосон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг бүгдийг нь аав ээжийнхээ нэр дээр шилжүүлж хөрөнгөө нууж , үгүй болгож байгаа энэ асуудлыг буюу хөрөнгийн маргааныг явцын дунд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ. Одоо хамгийн түрүүнд нэгэнт сэтгэл холдсон бид хоёрыг гэх сэтгэлгүй болсон тул хүүхдийнхээ асрамжийг тогтоолгож улмаар эцэг Энхтайвангаас хүү *******тээ тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би *******тай 2015 оноос хойш хамт амьдраад Э.******* гэх хүүтэй болсон. Хамт амьдарч байх хугацаандаа ******* 2018 онд Huawei маркийн хүнд оврын ачааны машин худалдаж авсан цагаасаа хойш гэртээ байхгүй, уурхайтай газруудаар ажил хийхээр явсан. Тэр өдрөөс хойш хүү бид хоёр луу ирэх цаг хугацаа богино, бага болж эхэлсэн. Тэрээр гэртээ 5,6 сараар ирэхгүй эсхүл жилд 1 удаа ирж уулзах тохиолдол цөөнгүй байсан. ******* бид хоёр тусдаа амьдраад 2-3 жил болж байна.Энэ хугацаанд хүү маань миний асрамжид байгаа. Сэлэнгэ аймагт ирэхээрээ хүүгийнхээ бүх хувцас болон тоглоомуудыг аваад явчихдаг. Буцаж явахдаа эргээд авчраад өгдөг. Эдгээр байдлуудыг эцэслэн шийдүүлж, хүүдээ тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм...гэх.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 505 тоотод оршин суух, хувиараа ажил эрхэлдэг гэх, Монгол овгийн Энхтүвшингийн Энхтайван /регистрийн дугаар МЭ- 90062012/ шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
... ******* миний бие Э.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Намайг байхгүйд шүүх хурлын хийхэд татгалзах зүйл байхгүй. Хүүхэд ээжийнх нь асрамжид үлдээж тэтгэлгийг хуулийн дагуу төлнө... гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
Үндэслэх нь :
Нэхэмжлэгч Э.******* нь *******д холбогдуулан Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2015 онд танилцан хамтран амьдарч байх хугацаанд 2016 оны 10-р сарын 14-нд хүү Э.******* төрсөн, мөн ******* нь хөдөө гадаа удаан хугацаагаар явдаг, хайр халамж муутай гэх шалтгааны улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүү Э.*******ийг эцэг *******аар овоглосон №4301000397 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч ******* шүүхэд ...******* миний бие Э.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна... Хүүхэд ээжийнх нь асрамжид үлдээж тэтгэлгийг хуулийн дагуу төлнө Би хүүхдэдээ тэтгэлэг төлнө... гэх тайлбар гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж, бага насны хүү Э.*******ийг эх Э.*******ын асрамжид хэвээр үлдээж, эцэг *******гаас тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны хүү Э.*******ийг хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70.200 төгрөг гаргуулан, Э.*******ад буцаан олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж төсвийн орлого болохыг дурдах нь зүйтэй.
Уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигчдод боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хариуцагч ...намайг байхгүйд шүүх хурлыг хийхэд татгалзах зүйл байхгүй байна! гэх хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-дзааснаар бага насны хүү Э.*******ийг эх Э.*******ын асрамжид хэвээр үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 10-р сарын 14-нд төрсөн хүү Э.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Энхтүвшингийн Энхтайвангаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар *******гаас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 34.416 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ